Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 226/МА2023/00006

 

 

 

 

 

 

   2023        05           22                                           226/МА2023/00006

 

 

А.*******гийн нэхэмжлэлтэй, С.Н,

Г.Т нарт холбогдох

иргэний хэргийн талаар

 

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ганзориг даргалж, шүүгч Б.Дэнсмаа, Г.Болормаа нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд нээлттэйгээр,  

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б /цахимаар/,

Хариуцагч С.Н, Г.Т,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Отгон нарыг оролцуулан

 

Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 156/ШШ2023/00142 дугаар шийдвэртэй А.*******гийн нэхэмжлэлтэй, хариуцагч С.Н, Г.Т нарт холбогдох “3.882.000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хариуцагч С.Нийн гаргасан давж заалдах гомдлоор 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч шүүгч Г.Болормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч А.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие 2016 оны 6 дугаар сарын 06-ны өдөр Г.Т, С.Н нараас Приус-20 маркийн 83-50 УНА улсын дугаартай автомашиныг 11.500.000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар амаар тохиролцсон. Г.Т, С.Н нар нь уг авто машиныг А финанс ХХК-иас зээлийн гэрээгээр худалдаж авсан байсан бөгөөд миний бие дээрх автомашиныг худалдаж авахдаа урьдчилгаа 5.500.000 төгрөгийг Г.Т, С.Н нарт төлж үлдэгдэл 6.000.000 төгрөгийг А финанс ХХК-д төлөхөөр харилцан тохиролцсон. Энэхүү тохиролцооны дагуу би өөрийн ХААН банкны 5006617261 тоот данснаас 2018.06.16-ны өдөр 4.800.000 төгрөг, 2018.06.18-ны өдөр 200.000 төгрөг, үлдэгдэл 500.000 төгрөгийг бараагаар нийт 5.500.000 төгрөгийг Г.Т, С.Н нарт төлж дуусгасан. Харин 2018.07.12-ны өдөр 700.000 төгрөгийг, 2018.07.19-ний өдөр 600.000 төгрөг, 300.000 төгрөг, нийт 937.000 төгрөг, 2018.08.26-ны өдөр 620.000 төгрөг, 2018.09.20-ны өдөр 605.000 төгрөг, 2018.10.19-ний өдөр 500.000 төгрөг, 2018.11.20-ны өдөр 520.000 төгрөг, нийт 8 удаагийн гүйлгээгээр 3.882.000 төгрөгийг А финанс ХХК болон С.Н нарын хооронд 2017.11.20-ны өдөр байгуулсан 447 дугаартай зээлийн гэрээний кодоор буюу 447 гүйлгээний утгатайгаар Г.Т, С.Н нарын өмнөөс А финанс ХХК-д төлсөн. Гэтэл С.Н нь А финанс ХХК-д зээлийн үндсэн төлбөрийн үлдэгдэл, хүү, алдангид нийт 1.803.553 төгрөг төлөөгүйн улмаас А финанс ХХК нь 2019.05.18-

ны өдөр уг авто машиныг хураан авч, худалдан борлуулсан. Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.05.10-ны өдрийн 156/ШШ2022/00223 дугаартай шийдвэрээр А.******* болон Г.Т С.Н нарын хооронд байгуулсан автомашин худалдах, худалдан авах гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-т зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож шийдвэрлэсэн ба уг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон. Иймээс Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, мөн хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг үндэслэн хариуцагч Г.Т, С.Н нараас 3
.882.000 төгрөгийг тэнцүү хэмжээгээр гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч С.Н, Г.Т шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь бид А.*******гийн нэхэмжлээд байгаа мөнгийг аваагүй гэжээ.

 

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1-д заасныг баримтлан хариуцагч С.Н, Г.Т нараас 1.941.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.*******д олгож, үлдэх 1.941.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 77.100 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 1.941.000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 46.006 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.*******д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч С.Н давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “С.Н миний бие А.*******д 2018 оны 06 дугаар сард машинаа 11.500.000 төгрөгөөр худалдахаар тохиролцож, 5.500.000 төгрөгийг бэлнээр өгч, үлдэгдэл 6.000.000 төгрөгийг зээлийн хувиарын дагуу төлөхөөр тохирч машиныг *******д хүлээлгэж өгсөн. Үлдэгдэл мөнгийг 6.000.000 төгрөгөөр тохирдог учир нь зээлийн эргэн төлөлтийн хувиараас харахад 2018.06.19-ний өдрөөс хойшхи зээлийн үлдэгдэл 5.680.000 төгрөг байсан тул уг үлдэгдэл төлөлтийг ******* төлөхөөр харилцан тохиролцсон байна.

 

Тухайн үед манай хүүхэд зүрхний хүнд өвчтэй яаралтай хагалгаанд явах гээд байсан тул энэ учир байдлаа А.*******д хэлж, өөрийг нь зээлээ асуудалгүй төлчихөөд машинаа өөрийн болгох байх гэж найдаад яваад өгсөн.

А.******* нь надтай тохиролцсон тохиролцоогоо зөрчиж энэ үүргээ биелүүлээгүй, зээлийн төлөлтөндөө асуудал гаргасан. Энэ нь түүний тайлбараас харагддаг. А.******* нь зээлийн төлбөрөө хугацаандаа төлөөгүй,  машинаа дундуур нь өөр хүнд зарсан гэдгийг би тухайн үедээ мэдээгүй. Биднийг шүүхээс дуудахад л мэдсэн. Улаанбаатар хотын шүүхийн 2022.05.10-ны өдрийн 223 дугаартай шийдвэрээр бидний дээрх тохиролцоог хүчин төгөлдөр бус гэж тооцсон. Энэ шийдвэр нь зөвхөн урьдчилгаанд төлсөн 5.500.000 төгрөгийг гаргуулах А.*******гийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр юм.

Гэтэл уг Улаанбаатар хотын шүүхийн шийдвэрт А.******* зөвхөн урьдчилгаанд төлсөн 5.500.000 төгрөгийг л шаардлагаа гаргаж тэрхүү шаардлагын хүрээнд гэрээ хүчин төгөлдөр бусад тооцогдсон байхад одоо гараад байгаа А.*******гийн банк бус санхүүгийн байгууллагад төлсөн 3.882.000 төгрөгийг нэхэмжилсэн нэхэмжлэлд уг шүүхийн шийдвэрийг нотлох баримт болгож байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.

 

Харин Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.10.14-ний өдрийн 4240 дугаартай шийдвэртэй хэрэгт А.******* нь А финанс ББСБ-аас гэм хорын хохиролд 3.882.000 төгрөг гаргуулах тухай гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон байсан ба уг нэхэмжлэлийг шүүхээс өөрийнх  тодорхойлсон шаардлагын хүрээнд шийдэж хэрэгсэхгүй болголоо гэж хэрэгсэхгүй болгосон байсан. Тэгэхээр ******* тэр нэхэмжлэлд нэхэмжлэлийн шаардлагаа буруу тодорхойлсоны улмаас хэрэг хэрэгсэхгүй болсон бөгөөд энэ нь ******* өөрөөр нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлоод А финанс ББСБ-аас мөнгө нэхэмжилж болохгүй гэсэн үг биш. Мөн энэ шийдвэрээр 3.882.000 төгрөгийг С.Н, Г.Т биднээс нэхэмжлэх ёстой гэсэн үг биш юм.

А.******* нь энэ машины худалдааг хийхдээ анхнаасаа энэ машин А финанс ББСБ-ын нэр дээр байгааг мэдэж байсан. А финанс ББСБбайгууллага ч гэсэн уг машиныг С.Н нь А.*******д зарсныг мэдэж байсан. Энэ ч үүднээс тухайн байгууллагаас шүүхэд өгсөн баримтууд дээр Ноос биш *******гаас зээлийг төлөхийг шаардаад явж байсан баримт байдаг. Мөн ******* өөрөө тухайн байгууллагатай холбогдож, тухайн ББСБ нь *******д Нийн зээлээ төлдөг байсан данснаас өөр хувийн данс өгч *******гаас мөнгийг төлүүлж авч байсан. Тэгэхээр А финанс ББСБайгууллага ч гэсэн тухайн үедээ *******тай хүчин төгөлдөр бус хэлцэл хийж *******гаар олон сар зээл төлүүлчихээд одоо болохоор зээлийн бүх төлбөрийг ч өөртөө аваад гэмгүй үлдэж байгаад гомдолтой байна. Тэгэхээр миний үзэж байгаагаар *******, А финанс ББСБ нар хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр 3.882.000 төгрөгийг төлсөн  нь энэ хоёрын хоорондын харилцаа нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж байгаа тул тус хуулийн 56.5-д зааснаар А финанс ББСБ нь хүчин төгөлдөр бус хэлцлээр шилжүүлэн авсан 3.882.000 төгрөгийг *******д буцааж өгөх ёстой гэж үзэж байна.

Мөн уг 3.882.000 төгрөгийг ******* нь А финанс ББСБ-тай хэлэлцсэний дагуу 5043032935 тоот дансанд төлсөн бөгөөд уг данс шүүхийн хэлэлцүүлгийн явцад Баярсүрэн гэдэг хүний хувийн данс болох нь нотлогдсон. Иймд үндэслэлгүйгээр хөрөнгийг буюу 3.882.000 төгрөгийг олж авсан этгээд нь А финанс ББСБайгууллага, эсвэл Баярсүрэн гэдэг хүн аль нь болох нь мэдэхгүй байхад биднээс тус мөнгийг гаргуулсан нь үндэслэлгүй гэж үзэж байна.

 

Нэхэмжлэгч ******* нь нэхэмжлэлийн шаардлагаа Иргэний хуулийн 492.1.1-д зааснаар үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж тодорхойлсон. Үндэслэлгүй хөрөнгөжих гол шинж нь хөрөнгө олж авсан этгээд, үүрэг гүйцэтгэгч этгээд нарын хооронд үүрэг үүсээгүй байх байдаг. Би өөрийгөө 3.882.000 төгрөгийг олж авсан этгээд гэж үзэхгүй байна.

Иргэний хуулийн 493.5-д зааснаар ******* нь уг машиныг А финанс ББСБайгууллагын нэр дээр байгааг мэдэж байгаа, уг машины үлдэгдэл зээлийг төлж байж *******гийн нэр дээр машин ирж *******гийн өмч болохыг анхнаасаа маш сайн мэдэж  байсан тул уг машиныг бүр мөсөн өөрийн болгосон гэж бодох үндэслэлгүй тул уг машинтай холбоотой гаргасан зардлаа нэхэмжлэх эрхгүй гэж үзэж байна.

 

Мөн энэ хэрэгт манай эхнэр Т нь хамааралгүй бөгөөд уг машиныг би *******тай тохиролцож зарсан. Зээл миний зээл байсан байтал эхнэр Тээс



мөнгийг гаргуулахаар шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд 2023.03.21-ний 142 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн. Хариуцагч нар зээлийн үлдэгдэл мөнгөө өгөөгүйн улмаас машин хураагдсан, Г.Т о машины мөнгийг өөрийн дансаар авсан, нэхэмжлэгч хохирсон үйл баримт тогтоогдсон. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

Хариуцагч Г.Т давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А.*******гаас нэхэмжилсэн 3.882.000 төгрөгийг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

         Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч С.Нийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав. 

 

Нэхэмжлэгч А.******* нь “Миний бие 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Г.Т, С.Н нараас Приус-20 маркийн 83-50 УНА улсын дугаартай машиныг 11.500.000 төгрөгөөр худалдан авахаар амаар тохиролцсон. Би автомашиныг худалдаж авахдаа урьдчилгаа 5.500.000 төгрөгийг Г.Т, С.Н нарт төлж, үлдэгдэл 6.000.000 төгрөгийг А финанс ХХК-д төлөхөөр харилцан тохиролцож  3.882.000 төгрөгийг А финанс ХХК-д Г.Т, С.Н нарын өмнөөс төлсөн. Гэтэл С.Н нь А финанс ХХК-д зээлийн үндсэн төлбөрийн үлдэгдэл, хүү, алдангид нийт 1.803.553 төгрөг төлөөгүйн улмаас А финанс ХХК нь 2019.05.18-ны өдөр уг авто машиныг хураан авч, худалдан борлуулсан. Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.05.10-ны өдрийн 156/ШШ2022/00223 дугаартай шийдвэрээр А.******* болон Г.Т С.Н нарын хооронд байгуулсан автомашин худалдах, худалдан авах гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-т зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож шийдвэрлэсэн ба уг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон. Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, мөн хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг үндэслэн хариуцагч Г.Т, С.Н нараас 3.882.000 төгрөгийг төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ. 

  

   Хариуцагч С.Н, Г.Т нар нь “А.*******гийн нэхэмжилж байгаа мөнгийг аваагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй” гэж маргажээ.        

   Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, тал бүрээс нь бодитоор харьцуулан үзэхэд дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

 

 

С.Н А финанс ХХК-тай 2017 оны 11 дүгээр сарын 20 өдөр №447 дугаартай үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээгээр  авсан Приус-20 маркийн 83-50 УНА улсын дугаартай автомашинаа С.Н Г.Т нар нь  2018 оны 06 дугаар сард А.*******д 11.500.000 төгрөгөөр худалдахаар тохирсон, А.******* нь 5.000.000 төгрөгийг бэлнээр, 500.000 төгрөгийг бараагаар төлж, үлдэх 6.000.000 төгрөгийг А финанс ХХК-д зээлийн эргэн төлөлтийг хуваарын дагуу төлөхөөр харилцан тохиролцсон,  А.******* нь уг тохиролцооны дагуу А финанс ХХК-д 2018 оны 07-11 сарын хугацаанд 3.882.000 төгрөгийг шилжүүлсэн /хх-ийн 07-09 хуудас/ байх ба энэ талаар талууд маргаагүй байна.

 

Харин А.******* нь төлбөрийг хуваарийн дагуу төлөөгүй, гэрээ зөрчсөн  үндэслэлээр 2019 оны 05 дугаар сарын 19-ний өдөр А финанс ХХК нь  Приус-20 маркийн 83-50 УНА улсын дугаартай автомашиныг хураан авч, худалдан борлуулсан байна. Иймд А.******* нь А финанс ХХК-д төлсөн 3.882.000 төгрөгийг С.Н, Г.Т нараас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 10-ний өдрийн 156/ШШ2022/00223 дугаар шийдвэрээр А.*******гийн нэхэмжлэлтэй хариуцагч С.Н, Г.Т нарт холбогдох 5.500.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагатай  хэргийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар С.Н, А.******* нарын хооронд хийгдсэн автомашин худалдах, худалдан авах хэлцлийг  хүчин төгөлдөр бус хэлцэл гэж шийдвэрлэсэн, тухайн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр тул А.******* нь хүчин төгөлдөр бус хэлцлийн улмаас гүйцэтгэсэн үүргийн дагуу шилжүүлсэн 3.882.000 төгрөгийг хариуцагч нараас шаардах эрхтэй, түүнчлэн талууд зохих этгээдийн зөвшөөрөлгүйгээр автомашин худалдах хэлцлийг амаар байгуулсан, А.******* нь хэлцлийн дагуу хариуцагч нарын өмнөөс зээлийн төлбөрт 3.882.000 төгрөгийг А финанс ХХК-д төлсөн боловч үлдэгдэл төлбөрийг ямар үндэслэлээр төлөөгүйгээ хариуцагч талд мэдэгдээгүй, улмаар гэрээ зөрчсөн үндэслэлээр маргаан бүхий автомашиныг барьцаалагч тал хураан авсан, энэ байдалд талуудын хэн алины буруутай үйлдэл нөлөөлсөн учир эрсдлийг тэнцүү хэмжээгээр хариуцуулах үндэслэлтэй гэж үзэж хариуцагч С.Н, Г.Т нараас 1.941.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч А.*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг 1.941.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн  анхан шатны шүүхийн  дүгнэлт  үндэслэлтэй байна.

 

Хариуцагч тал  А.*******гаас энэ мөнгийг аваагүй тул төлөхгүй гэж маргаж байх боловч С.Нийн А финанс ХХК-тай байгуулсан 2017 оны 11 дүгээр сарын 20 өдрийн №447 дугаартай үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээний дагуу төлөх зээлийн төлбөрт  А.******* 3.882.000 төгрөгийг А финанс ХХК-д С.Нийн өмнөөс төлсөн болох нь тогтоогдож байх тул хариуцагч нараас буцаан шаардах эрхтэй   байна.

 

Иймд хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

 

   Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт зааснаар хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон тохиолдолд бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс буцаан шаардах эрхтэй  ба  С.Н, А.******* нарын хооронд худалдах худалдан авах гэрээний үүрэг үүссэн боловч хожим нь хүчин төгөлдөр бус болсон байх тул анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж  шүүх бүрэлдэхүүн дүгнэв.    

   Хариуцагч С.Нийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46.000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

   1. Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 156/ШШ2023/00142 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Иргэний хуулийн  496 дугаар зүйлийн 496.1-д...” гэснийг  “Иргэний хуулийн  492 дугаар зүйлийн 492.1.1-д...” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, хариуцагч С.Нийн гаргасан давж заалдах гомдлыг  хангахгүй орхисугай. 

 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-д заасныг баримтлан хариуцагч С.Нийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46.000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                     Д.ГАНЗОРИГ

 

                              ШҮҮГЧИД                                     Б.ДЭНСМАА

                                                                                                            

                                                                                  Г.БОЛОРМАА