| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чойнорын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 105/2019/0031/Э |
| Дугаар | 96 |
| Огноо | 2019-01-09 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | И.Ариунсанаа |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 01 сарын 09 өдөр
Дугаар 96
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Амуундарь,
улсын яллагч И.Ариунсанаа,
хохирогч А.Орхон,
шүүгдэгч Б.Ч, түүний өмгөөлөгч Н.Намжилцогт ҮД:16-97 нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Ч холбогдох эрүүгийн 1806 0585 21900 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Б.Ч
Холбогдсон хэргийн талаар:
Б.Ч нь 2018 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, “Нарта” хотхоны 95/4 дүгээр байрны 87 тоотод оршин суух иргэн А.Орхоныг согтуурсан байх үед нь гэрийнх нь эд хөрөнгийг авахаар хоолойг нь боож, өшиглөж, хүч хэрэглэж довтолсон гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Ч мэдүүлэхдээ: 2018 оны 7 дугаар сарын 8-ны өдөр би Хужирбуланд байдаг эгчийнд хашааг нь янзлах гэж очсон. Тэгээд хашаа эргээд явж байтал хохирогч Орхон ах тааралдсан. Тэгээд ахынх нь дотор муу байна гэхээр нь надад 10000 төгрөг байна гээд бид хоёр 200 грамм архи аваад хувааж уусан. Тэгээд ярьж суугаад хамт гэр ачилцсан. Тэгээд Орхон ах мод өнгөлдөг лак байна. Авах хүн байна уу? гэж асуусан. Тэгээд би цуг ажилладаг эгчээс асуутал авна гэхээр нь хамт очиж зарсан. Зарсан мөнгөө өөрөө авсан. Хохирогч Орхон ах өөрөө манайд оръё гэхээр нь би дагаж орсон. Тэгээд юм ярьж байгаад маргалдаад, намайг доромжилж эхэлсэн. Ажилгүй бол над дээр ирж ажил гэх зэргээр доош нь хийсэн байдалтай яриад байсан. Тэгээд би тэр ярианд нь жаахан бухимдсан. Надад дээрэмдэх санаа байгаагүй. Хэрэв дээрэмдэх санаа байсан бол Орхон ах чи наанаа байж байгаарай би чамайг зодох хүн олж ирнэ гэж хэлээд гарсан. Тэр үед боломж байсан. Гэвч надад тийм санаа байгаагүй учраас би юм аваагүй. Зодсон гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч А.Орхон мэдүүлэхдээ: ...2018 оны 07 дугаар сарын 8-ны өдөр Хужирбулангаас гэрийн мод авч ирэх гээд явж байсан. Гэтэл гудамжинд Б.Ч гээд залуу зогсож байсан. Тэгээд уулзаж танилцахад “ надад 200 грамм архины мөнгө байна гэж хэлсэн. Тэгээд бид хоёр архи аваад хувааж ууж ярилцаж суусан. Би “надад лактай завад” байна. Авах хүн байна уу? гэтэл Б.Чын эгчийнд аваачиж 20.000 төгрөгөөр зарсан. Тэгээд манай гэрийн модыг хамт ачиж буулгачихаад дахин архи авч уусан. Тэгээд би хамт ажиллах санал тавьсан. Гэтэл Б.Ч ус уумаар байна гэж хэлсэн. Би гэртээ оруулсан. Манайд суугаад юм ярьж байтал, Б.Ч шоронд олон удаа орж байсан талаараа яриад байхаар нь ийм зүйл ярих хэрэггүй ахын дүү гэж хэлээд бид хоёр маргалдсан. Маргалдаж байгаад намайг цохиж унагаасан. Тэгээд хаалга түгжиж байгаад хамаг шүүгээ сав ухаад өнгөтэй, шинэ гэх хувцас зэргийг цүнхэлж байсан. Намайг ухаан алдсан гэж бодсон байх. Би сэргээд гарч зугтаагаад, хүмүүс дунд гараад тусламж ирж орилсон. Байрны гадаах камерт бичигдсэн байгаа. Би энэ гэмтлээс болж сар шахам ажлаа хийж чадаагүй. 2, 3 сар ажил хийгээгүй. Би зүгээр хамт өдрийн 50000 төгрөгийн ажил хийе гэж хэлсэн. Би хохирлоо барагдуулмаар байна. Хохирол төлбөрт нийт 1 сая төгрөг нэхэмжилж байна. Энэ хүүхдийн ар гэрийн амьдрал тааруу санагдсан тул их зүйл нэхэмжлэхгүй гэв.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч А.Орхоны: ...Тэгээд тэндээс гэр рүүгээ явсан, нөгөө залуу ч бас манайд орж ус уугаад гаръя гэсэн тэгээд гэрт ортол нөгөө залуу эхнэр чинь хэзээ ирдэг юм бэ гэхээр нь ажилтай байгаа орой л ирдэг юм гэж хэлсэн. Тэгээд сууж байтал мөнгөө гаргаад ир сейф чинь хаана байна гэж хэлээд намайг боосон. Би ухаан алдаад сэргэсэн, тэгтэл дахиад нэмээд нүүр нүдгүй өшиглөж зодоод телевизийг чинь авна гээд арын юмнуудыг нь салгаад байсан тэгснээ намайг чирээд жижиг өрөө рүү орсон тэгээд энд чинь юмнууд байна уу гээд хувцасны шкафнаас юмнуудыг гаргаад цүнхэнд хийж эхэлсэн. Тэгээд цаашаа харж байхад нь би гадагш гараад зугтаасан, шатаар бууж байтал замд жижүүр тааралдсан тэгэхээр нь би ахыг нь дээрэмдээд байна шүү гэж цагдаа дуудаарай гэж хэлээд гараад гүйсэн. Гэрээс алдагдсан зүйл байхгүй байна. Зурагтны суваг татдаг төхөөрөмж алга болчихсон байна гэж бодож байсан чинь ханын тавилга, хана хоёрын завсарт унасан байсныг олсон...гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 дүгээр тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн гэрч Д.Оюунчимэгийн: ...Гэр буулгасан айлтай манайх ойрхон байдаг учир тэр хүн ам цангаад байна гэрт чинь ороод ус уугаад гаръя гэж хэлж гэрт орсон байсан. Тэгээд нөхрөөс эхнэр чинь хаачсан ажлаасаа хэзээ ирдэг талаар асуусан байсан. Тэгж байгаад мөнгө нэхэж цохиж зодсон байсан. Зодуулснаас болоод нөхрийн хамар хуучин хугарал дээрээ шинээр дахин хугарсан гэсэн онош гарсан. Мөн зүүн хөмсөгний дээр арьс язарч оёдол тавиулсан. Тухайн үед цээжээр нь өвдөөд байсан боловч баярын амралтууд таараад эмнэлгээр явж үзүүлж чадаагүй. Толгойны томо графын зураг авахуулсан. Цээжний зураг авахуул гэснийг авахуулж чадаагүй. Мөн манай нөхөр хувиараа гэрийн мод, мужааны ажил хийдэг бөгөөд зодуулснаас болоод сар орчим ажлаа хийж чадаагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 66 дугаар тал/,
- Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 8495 дугаартай шинжээчийн:
1. А.Орхоны биед зүүн нүдний ухархайн дотор, доод хананы цөмөрсөн хугарал, хамрын ясны зүүн хажуу хананы цөмөрсөн хугарал, зүүн нүдний зовхи, хацар, баруун тавхайн эрхий хуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дух, зүүн хөмсөг, хамарт зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Шинэ гэмтэл байна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
5. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Шинжээч эмч Ц.Бадрал гэх дүгнэлт /хх-ийн 19 дүгээр тал/,
- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэлд: ...Хэрэг учрал болсон гэх газар нь Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны зүүн хязгаар дагаж байрлах үерийн усны далангийн ертөнцийн зүгээр баруун талд байрлах Нарт-Өргөө хотхоны 95/4 дүгээр байр гэх ертөнцийн зүгээр зүүн тийш харсан орцтой L үсгэн хэлбэрийн 10 давхар шар байр байна. Уг байрны орцоор орж лифтээр 10 давхарт гарахад зүүн гар тийш эргэж 87 гэсэн дугаартай бор өнгийн төмөр хаалгаар ороход ертөнцийн зүүн хойд зүгт харсан нэг, зүүн зүгт харсан 2 цонхтой бор шаргал өнгийн паркетан шалтай, судалтай цагаан өнгийн обойтой, гал тогоо үргэлж хоёр өрөө байр байна. Байрны баруун буланд ертөнцийн зүгээр урагш харсан цагаан өнгийн модон хаалга байх ба уг хаалгыг урагш түлхэж ороход өрөөний баруун хананд цайвар шаргал өнгийн ханын шкаф түүний урд шалан дээр доторх эд эд зүйлийг гаргаж орхисон байдалтай байна. Уг өрөөний баруун талын хана руу толгой руу харуулж байрлуулсан өргөн ор байна. Орон дээр хувцас хунар эмх замбараагүй байдалтай байна. Орны хойд талд ертөнцийн зүгээр зүүн тийш харуулж байрлуулсан 3 ширхэг шургуулга бүхий модон шүүгээ байна. Шүүгээн доторх эд зүйлийг шалгаж үзэхэд эд зүйл бүрэн бүтэн байна гэв. Уг өрөөнөөс хэрэгт ач холбогдолтой зүйл илэрээгүй тул үзлэгийг том өрөөнд үргэлжлүүлэв. Том өрөөний ертөнцийн зүгээр баруун хананд бор өнгийн савхин бүрээстэй саарал өнгийн зөөлөвчтэй булангийн зориулалттай буйдан байна. Буйдан дээр ямар нэгэн зүйлгүй байна. Өрөөний зүүн хананд хоёр талдаа босоо шилэн хаалгатай ханын тавиур байх ба түүний голд тавиур дээр шар хүрээтэй “Самсунг” гэсэн бичигтэй хавтгай дэлгэцтэй зурагт байна. Зурагтны хажууд байсан AАiSN-ийн олон суваг хүлээн авдаг төхөөрөмж нь байхгүй байна гэсэн. Ханын тавиурууд дээрх бусад зүйлүүд эмх цэгцтэй байх ба тавиур дээр байсан жижиг хайрцаг байрнаасаа хөдөлсөн гэж өгүүлсэн ба уг хайрцаг дээрээс 1 ширхэг гарын мөр илрүүлсэн наалтууранд нааж А4-ийн цаасан дээр бэхжүүлэн авлаа. Цонхны дор ягаан өнгийн хулдаасан бүтээлэгтэй модон ширээ байх ба ширээн дээр буйдангийн дэрнүүд тавиастай байна. Өрөөний урд хананд жижиг ширээ, гал тогооны хэсэг байх ба уг хэсэгт хүрсэн хөндөгдсөн зүйлгүй байна гэснийг тэмдэглэн оролцогч нарт танилцуулахад гаргах санал хүсэлтгүй гэсэн тул гарын үсэг зуруулан дуусгав гэжээ. / хх-ийн 5-7 дугаар тал/
- Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 10-11 дүгээр тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн Б.Чын: ...Би 2018 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо Хужирбуланд айлд хоночихоод буцаж гарч явж байгаад энэ хохирогч Орхонтой таарсан. Ингээд надаас тамхи асуухаар нь би тамхи өгсөн чинь нөгөө залуу дотор муу байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би дэлгүүр орж 1 шил архи аваад уусан. Ингээд Орхоны таньдаг залуу нь портер машинтай гарч ирээд Хужирбулангаас машин дээр нь гэр ачиж өгсөн. Гэр ачиж байх үед Орхон гражаас 25 кг лаак аваад тэрийг нь би ажил ярьсан хүндээ аваачиж зарсан. Тэр мөнгөөрөө нэмж архи авч уусан. Ингээд Өгөөмөр орж ачсан гэрийг нь буулгаж дуусаад Орхоны гэрт би хамт орсон. Ингээд Орхоныг зодсон юм шиг байна лээ. Тухайн үед би болсон асуудлыг одоо сайн санахгүй байна. Би ямар нэгэн дээрэм хийе гэсэн санаа агуулаагүй. Орхонтой танилцаж цааш хамтарч ажил хийе гэж ярилцаж байсан боловч согтууд ийм зүйл болсон байна. Надад дээрэм хийх огт санаа бодол байгаагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 65 дугаар тал/,
- Шүүгдэгч Б.Чын иргэний үнэмлэхний лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, урьд ял шийтгүүлсэн шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 37, 38, 39-40, 43-44, 45-48, 49-50 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Б.Ч нь 2018 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, “Нарта” хотхоны 95/4 дүгээр байрны 87 тоотод оршин суух иргэн А.Орхоныг согтуурсан байх үед нь гэрийнх нь эд хөрөнгийг авахаар хоолойг нь боож, өшиглөж, хүч хэрэглэж довтолсон гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч А.Орхоны “...Тэгээд сууж байтал мөнгөө гаргаад ир сейф чинь хаана байна гэж хэлээд намайг боосон. Би ухаан алдаад сэргэсэн, тэгтэл дахиад нэмээд нүүр нүдгүй өшиглөж зодоод телевизийг чинь авна гээд арын юмнуудыг нь салгаад байсан тэгснээ намайг чирээд жижиг өрөө рүү орсон тэгээд энд чинь юмнууд байна уу гээд хувцасны шкафнаас юмнуудыг гаргаад цүнхэнд хийж эхэлсэн. Тэгээд цаашаа харж байхад нь би гадагш гараад зугтаасан, шатаар бууж байтал замд жижүүр тааралдсан тэгэхээр нь би ахыг нь дээрэмдээд байна шүү гэж цагдаа дуудаарай гэж хэлээд гараад гүйсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 дүгээр тал/,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч А.Орхоны “...манайхаас эд зүйл дээрэмдэх гээд цүнхэнд хийсэн байсан...гэж мэдүүлдэг боловч хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлд эд зүйл дээрэмдэхээр бэлтгэн цүнхэнд хийсэн байсан талаар тусгагдаагүй байх ба хохирогчийн гэрээс нь эд зүйл алдагдаагүй зэргээс үзэхэд шүүгдэгч Б.Чын үйлдэл нь бусдын эд хөрөнгийг дээрэмдэн авах зорилгоор хүч хэрэглэн дээрэмдэхийг завджээ гэж үзэх үндэслэлгүй байна.
Харин шүүгдэгч Б.Ч нь 2018 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хохирогч А.Орхонтой Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр болох Хужир булан гэх газарт тааралдан хамт архи ууж Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, “Нарта” хотхоны 95/4 дүгээр байрны 87 тоотод оршин суух гэрт нь ирж хохирогч А.Орхонтой архидан согтуурч хоорондоо маргалдан түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь шүүгдэгчийн болон хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Б.Чын гэм буруугийн үйлдлийг зүйлчлэн ирүүлсэн хуулийн зүйл хэсгийг зөвтгөн эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Хохирогч А.Орхон нь шүүхийн хэлэлцүүлэгт 1.000.000 төгрөгийг нэхэмжилж байгаа боловч түүнтэй холбоотой нотлох баримтыг хавтаст хэрэгт ирүүлээгүй байна. Харин “Натур” эмнэлэгт томографийн оношлогоонд орохоор төлсөн 120.000 төгрөгийн баримтыг ирүүлсэн тул энэ төлбөрийг шүүгдэгч Б.Чаас хохирлыг гаргуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. /хх-ийн 20 дугаар тал/
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Б.Чд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, шүүгдэгчийн удаа дараа шүүхээр шийтгүүлж байсан хувийн байдал зэргийг харгалзан үзэв.
Шүүгдэгч Б.Чд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Ч нь цагдан хоригдсон хоноггүй байна.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Б.Чын гэм буруугийн үйлдлийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилсүгэй.
2. Б.Чыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Чыг 720 /долоон зуун хорин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Чд оногдуулсан 720 /долоон зуун хорин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Б.Ч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар Б.Чаас 120.000 /нэг зуун хорин мянган/ төгрөгийг гаргуулан хохирогч Амарцогтын Орхонд олгосугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.Чд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.АЛТАНЦЭЦЭГ