Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 143

 

 

 

 

 

 

 

 

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Амуундарь,

улсын яллагч Ч.Батбаяр,

шүүгдэгч Ж.М, түүний өмгөөлөгч М.Батмөнх ҮД:18-28,

хохирогч Ш.Наранцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас:  

            Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.М холбогдох эрүүгийн 1806 0689 32091 дугаартай хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Ж.М,

Холбогдсон хэргийн талаар:

    Ж.Магнайбар нь 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Товчооны 7-204 тоотод оршин суух иргэн Ш.Наранцэцэгийн гэрт нууцаар, хууль бусаар нэвтэрч “Асер” маркийн зөөврийн компьютер, марк тодорхойгүй Жи-Мобайлын гар утас, “Нокиа” маркийн гар утас, үдээсний машин, хүүхдийн төрсний гэрчилгээ зэрэг эд зүйл хулгайлж, 575.800 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

         ТОДОРХОЙЛОХ нь:

    Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.М мэдүүлэхдээ: Би 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Товчооны тэнд самаранд Мэндбаяр, нэг залуутай хамт явж байхад тэр залуу энэ хохирогч айлыг зааж өгсөн. Нэрийг нь би санахгүй байна. Тэгээд би нэг залуутай цуг орж гар утас болон цүнхтэй компьютерийг аваад гарсан. Тэгээд голоо дагаад дээшээ өгсөж яваад голын урд талын айлд компьютерийг нь зарсан. Би архи ууж тасраад голын урд талд явж байгаад баригдсан гэв.

    Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ш.Наранцэцэг мэдүүлэхдээ: 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдөр 10 цаг өнгөрөөд 11-16 цагийн хооронд ач охиныхоо хичээлийн хэрэглэлийг авч өгөхөөр өвгөн бид хоёр зах руу явсан. 16 цагийн тэр хавьд сахиулаар ажилладаг юм. Тэгээд утаа гарч байхаар нь энэ юу болж байна аа энүүгээр хүмүүс гал түймэр тавьж байгаа юм болов уу гээд тэр хавийн хүмүүсээс асуухад мэдэхгүй байна, энэ хавиар танихгүй хүмүүс яваад байсан гэсэн. Тэгээд би яваад очиход энэ одоо харж байхад энэ залуу байсан, нэг таягтай хүн байсан. Тэгээд цаас шатаачихсан сууж байсан. Та нар яагаад гал ил тавиад байна гэхэд уучлаарай эгч ээ, гэж хэлсэн. Тэгээд танихгүй улсууд байхаар би яваад өгсөн. Гэртээ ирэхэд өвгөн өөдөөс юм аваад явчихжээ гэсэн. Юу аваад явсан юм бол доо гэхэд хоёр утас болон хэрэгт алдагдсан гэх зүйлүүд алга болсон байсан. Орой нь би ач охиныхоо даалгаврын дутууг хийлгэх гэтэл нөүтбүүк алга болсон байсан. Цүнхэнд үсний обручка зэрэг бүх юм нь байсан. Тэгээд нөүтбүүк алга болсон болохоор цагдаад мэдэгдсэн. Цагдаа хүрч ирээд шалгаад гар хурууны хээ аваад хоёр хүн орсон, нэг нь мухар хуруутай хүн байна. Бичлэг нь байгаа юм чинь олдох байх гээд гарын үсэг зуруулаад явсан. Тэгээд би дараа хавиар нүүрс мод зардаг хүмүүс энүүгээр ямар, ямар хүмүүс явж байсан бэ гэхэд нэг танихгүй залуу л явж байсан. Тэр согтуу залуу танай тийшээ яваад нилээд удаж байгаад гарч ирсэн гэж байсан. Сандагийг бас явж байсан гэж хэлсэн. Тэгээд би тэр хавийн цайны газар ажиллуулдаг хүмүүсээс манайд хулгай орсон байна. Утас, нөүтбүүк зарна гэж байсан хүн явж байсан уу гэхэд нэг танихгүй залуу орж ирээд Жи-Мобайлын гар утас зарна гэсэн, утсыг үзэхэд гайгүй утас байсан. Утсыг нь авах гэтэл хүмүүс хажуунаас хулгайн утас байвал яах юм гэхээр нь аваагүй гэсэн. Тэгээд тэр залуу гараад явчихсан гэсэн. Би алдагдсан зүйлээс нөүтбүүкээ буцааж авсан. Одоо 65.800 төгрөгийн хохирлоо гаргуулж авах хүсэлтэй байна гэв.

          Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

          Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Ш.Наранцэцэгийн: ...2018 оны 08 дугаар сарын 22-ны өдөр 10 цаг өнгөрөөгөөд Нарантуул зах руу хүүхдийн хичээлийн юм бэлдэх гэж гараад орой 16 цагийн орчим ирэхэд гэрийн хаалганы цоож эвдэн хулгайч орж “Hasee” маркийн 14 инчийн зөөврийн компьютер, жи мобайлын гар утас, марк тодорхойгүй гар утас, хүүхдийн төрсний гэрчилгээ, кадастрын зураг, үсний боолт, үдээсний машин, цагаан будаа 2кг зэрэг эд зүйл алдагдсан байсан...

            ... Хар өнгийн Жи-Мобайлын товчлууртай утас 50.000 төгрөг, Нокиа гар утас товчлууртай 25.000 төгрөгөөр авч байсан. “Насее“ маркийн зөөврийн компьютер 900.000 төгрөгөөр үнэлж байна. Үдээсний машин 4500 төгрөг, хүүхдийн төрсний гэрчилгээ 5000 төгрөг, хүүхдийн үсний боолт 2500 төгрөг, тэгээд кадастрын бичиг зэрэг эд зүйл алдагдсан...гэх мэдүүлэг /хх-ийн 19-20, 21-22 дугаар тал/,

            Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч М.Баасангийн өгсөн: ...Би тухайн өдөр эмнэлэг орчихоод Товчооноос гэртээ ирэхэд манай гэрийн ард байрлах амбаарын ард үл таних хоёр гарын аль талынх нь билээ дээ нэг гар нь хуруугүй, жоохон намхандуу залуу хэвтэж байсан. Би бие өвдөөд гэртээ орж ирээд хэвтэж байтал манай гэрт тэр гаргүй хүн орж ирээд компьютер авах уу та автобус унааны мөнгө байдаггүй, яаралтай хот руу орох хэрэгтэй байна гээд 20.000 төгрөгөөр зарна гэхээр нь би хэсэг бодож байгаад хүүхдүүддээ тоглуулъя гэж бодоод худалдаж авсан. Тэр залуу 20.000 төгрөгөө аваад л яваад өгсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 27-28 дугаар тал/,

            Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Д.Хүдэр-Аврагын өгсөн: ...08 дугаар сарын 21-ний орой Магнай гэх танил залуутай таараад Товчооны урд байрлах хүнсний дэлгүүрээс “Нутаг” нэртэй 0.75 литрийн хэмжээтэй архи авч уугаад Скай хотхоны хамгийн арын байшингийн хашааны гадаа хамт хоноод маргааш өглөө нь буюу 22-ны өглөө хамт түүсэн лааз шилээ тушаагаад дахин архи авч уусан. Тэгээд би товчооны мод зардаг газрын хажууд согтоод унтсан байсан. Тэгээд байж байтал Магнай жижиг хар өнгөтэй Жи мобайлын гар утас барьчихсан би энийг зараад архи аваад ирнэ гэж хэлээд явсан. Тэгээд дахиж ирээгүй би тухайн үед согтолт ихтэй байсан тул сайн санахгүй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 31-33 дугаар тал/,

            Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн Ж.Мын: ...Би 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Товчооны 7-204 тоотод байрлах айлд цагийг нь сайн санахгүй байна, гадаа гэгээ тасарч байх үед ганцаараа хашаанд нь орсон чинь хашаандаа нохойгүй, үүдэндээ цагаан өнгийн модон таамбартай, жижиг 5 ханатай Монгол гэр байсан. Тэгээд гадаа үүдний таамбар цоожтой байхаар нь татаж онгойлгоод гэрийн хаалга онгорхой байхаар нь ороод гэрийн зүүн талд байсан цүнхтэй эд зүйлүүдийг авсан. Дотор нь зөөврийн компьютер, 2 ширхэг гар утас, үдээсний машин, бичиг баримт байхаар нь аваад гарсан. Тэгээд гол дагаж явж байгаад цагдаад баригдсан. Би дээрх хэргийг хийснээ хүлээн зөвшөөрч байна. Дахин ийм хэрэг үйлдэхгүй, бага ял оногдуулж өгнө үү...гэх мэдүүлэг /хх-ийн 66-67 дугаар тал/,

            - Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хх-ийн 5 дугаар тал/,

            - Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 7 дугаар тал/,

            - Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 9-14 дүгээр тал/,

            - “Дамно” хөрөнгийн үнэлгээний байгууллагын гаргасан эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 56-57 дугаар тал/,

           - Шүүгдэгч Ж.Мын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа, урьд ял шийтгэгдсэн шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 45, 71, 73-76, 77-79, 80-81 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

           Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

             Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

            Шүүгдэгч Ж.М нь 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Товчооны 7-204 тоотод оршин суух иргэн Ш.Наранцэцэгийн гэрт нууцаар, хууль бусаар нэвтэрч “Асер” маркийн зөөврийн компьютер, марк тодорхойгүй Жи-Мобайлын гар утас, “Нокиа” маркийн гар утас, үдээсний машин, хүүхдийн төрсний гэрчилгээ зэрэг эд зүйл хулгайлж, 575.800 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Ш.Наранцэцэгийн өгсөн “...2018 оны 08 дугаар сарын 22-ны өдөр 10 цаг өнгөрөөгөөд Нарантуул зах руу хүүхдийн хичээлийн юм бэлдэх гэж гараад орой 16 цагийн орчим ирэхэд гэрийн хаалганы цоож эвдэн хулгайч орж “Hasee” маркийн 14 инчийн зөөврийн компьютер, жи мобайлын гар утас, марк тодорхойгүй гар утас, хүүхдийн төрсний гэрчилгээ, кадастрын зураг, үсний боолт, үдээсний машин, цагаан будаа 2кг зэрэг эд зүйл алдагдсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 дугаар тал/, гэрч М.Баасангийн өгсөн “...Би тухайн өдөр эмнэлэг орчихоод Товчооноос гэртээ ирэхэд манай гэрийн ард байрлах амбаарын ард үл таних хоёр гарын аль талынх нь билээ дээ нэг гар нь хуруугүй, жоохон намхандуу залуу хэвтэж байсан. Би бие өвдөөд гэртээ орж ирээд хэвтэж байтал манай гэрт тэр гаргүй хүн орж ирээд компьютер авах уу та автобус унааны мөнгө байдаггүй, яаралтай хот руу орох хэрэгтэй байна гээд 20.000 төгрөгөөр зарна гэхээр нь би хэсэг бодож байгаад хүүхдүүддээ тоглуулъя гэж бодоод худалдаж авсан. Тэр залуу 20.000 төгрөгөө аваад л яваад өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28 дугаар тал/, гэрч Д.Хүдэр-Аврагын өгсөн “...Тэгээд байж байтал Магнай жижиг хар өнгөтэй Жи мобайлын гар утас барьчихсан би энийг зараад архи аваад ирнэ гэж хэлээд явсан. Тэгээд дахиж ирээгүй би тухайн үед согтолт ихтэй байсан тул сайн санахгүй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 31-33 дугаар тал/, яллагдагчаар өгсөн Ж.Мын “...гадаа гэгээ тасарч байх үед ганцаараа хашаанд нь орсон чинь хашаандаа нохойгүй, үүдэндээ цагаан өнгийн модон таамбартай, жижиг 5 ханатай Монгол гэр байсан. Тэгээд гадаа үүдний таамбар цоожтой байхаар нь татаж онгойлгоод гэрийн хаалга онгорхой байхаар нь ороод гэрийн зүүн талд байсан цүнхтэй эд зүйлүүдийг авсан. Дотор нь зөөврийн компьютер, 2 ширхэг гар утас, үдээсний машин, бичиг баримт байхаар нь аваад гарсан. Тэгээд гол дагаж явж байгаад цагдаад баригдсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 66-67 дугаар тал/, хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 56-57 дугаар тал/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хх-ийн 5 дугаар тал/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 7 дугаар тал/ зэрэг бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч Ж.Мыг гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Хохирогч Ш.Наранцэцэгт 575.800 төгрөгийн хохирол учирсан бөгөөд зөөврийн компьютерийг хохирогчид биет байдлаар буцаан олгосон байна. Үлдэх 65.800 төгрөгийн хохирлыг шүүгдэгч Ж.М шүүхийн шатанд төлж барагдуулсан тул шүүгдэгч Ж.Мыг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв. /хх-ийн 104 дүгээр тал/

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулах талаар:

Шүүгдэгч Ж.Мт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэв.

Шүүгдэгч Ж.М нь Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 1513 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлсэн байна. /хх-ийн 80-81 дүгээр тал/

Шүүгдэгч Ж.М нь Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 1513 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдлээгүй байх ба 240 цагийн ялын үлдэгдэлтэй болохыг  Нийслэлийн  Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх газрын   2019 оны  01 дүгээр сарын 21-ны өдрийн  4 2835 тоотоор тогтоогдож байна. /хх-ийн 102 дугаар тал/

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд зааснаар Ж.Мт өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас эдлээгүй үлдсэн 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногт шилжүүлэн тооцоход 30 /гуч/ хоног болж байх тул нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг оногдуулахаар шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т: ...энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулахаар хуульчилжээ.

Шүүгдэгч Ж.Мт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлснийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан хуулийг хэрэглэн ялыг хөнгөрүүлэх боломжтой гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйл, хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Ж.М нь цагдан хоригдсон хоноггүй байна.

           Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Ж.М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар Ж.М 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ж.Мт энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 240 /хоёр зуун дөчин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаас биелүүлээгүй үлдсэн 240 /хоёр зуун дөчин/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг 8/ найман/ цагийн ажлыг хоногт шилжүүлэн 30 /гуч/ хоног болж байгааг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх хорих ялыг 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай. 

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Ж.Мт оногдуулсан 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

            5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Ж.М нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

            6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж Ж.Мт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

            7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

            8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Ж.Мт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Ч.АЛТАНЦЭЦЭГ