Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 1319

 

 “ХХХХ”-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхтөр даргалж, шүүгч Т.Туяа, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 102/ШШ2016/01354 дүгээр шийдвэртэй

 

Нэхэмжлэгч “ХХХХ” нийгэмлэгийн нэхэмжлэлтэй

Хариуцагч “ХХХ” ХХК-д холбогдох

 

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 128 484 000 төгрөг гаргуулах тухай хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Хын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч “ХХХХ” нийгэмлэгийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт:

Тус нийгэмлэг нь 2008 оны 12 дугаар сарын 29-ний өдөр "ХХХ" ХХК-тай төмөр замын р65 маягийн рейлс төмөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, урьдчилгаанд 360 732 ам.доллар, 80 цент шилжүүлсэн. 2009 оны 3 дугаар сард хоёр тал худалдах, худалдан авах гэрээг цуцалж, "ХХХ" ХХК нь урьдчилгаа төлбөрийг буцааж өгөх үүрэг хүлээсэн боловч өнөөдрийг хүртэл үүргээ биелүүлээгүй 64 500 ам.доллар буюу 128 484 000 төгрөгийн өглөгтэй байна. Хариуцагч талаас өгнө гэж явсаар 2014 он гарсан бөгөөд бид арга буюу шүүхэд хандахад валютаар нэхэмжлэл гаргасан гээд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. "ХХХ" ХХК-ийн шинэ захирал нь бидэнтэй тохиролцоё гээд төлбөрт авто сомасваль үзүүлсэн ба тэр нь хуучирч, үнэ нь төлбөрт хүрэлцэхгүй болсон байсан. Анх 65 000 ам.доллар нэхэмжилсэн ба 2014 онд хариуцагч нь 500 ам.доллар төлсөн. Түүнийг нь хасч тооцоод, нэхэмжлэл гаргах үеийн Монгол банкны ханшаар нэхэмжилж байгаа. Хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан, хугацаандаа байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “ХХХ” ХХК-ийн тайлбарт:

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Гэрээг 2008 онд байгуулсан. Тус компанийн үүсгэн байгуулагч нь харвалт өгсний улмаас одоогийн захирал шилжүүлж авсан. Гэрээний төлбөрийн талаар компанид ямар нэгэн баримт байхгүй, компани одоо төлбөрийн чадваргүй болсон. Уг гэрээг 2009 онд 2 талын санаачлагаар цуцалсан. Түүнээс хойш 7 жилийн xyгацаa өнгөрсөн байна. Иргэний хуулийн 75 дугаар зүйлд хөөн хэлэлцэх хугацааг зохицуулсан. Тус зүйлийн 75.2.1-д гэрээний үр дагавартай холбоотой хөөн хэлэлцэх хугацааг 3 жил гэж тодорхойлсон, уг хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 218 дугаар зүйлийн 218.1 дэх заалтыг баримтлан хариуцагч "ХХХ" ХХК-иас худалдах, худалдах авах гэрээний үүрэгт 107 516 500 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч  ХХХХ-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 20 967 500 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилж төлсөн 806 874 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 695 531 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х давж заалдах гомдолдоо:

Хариуцагч "ХХХ" ХХК нь 2008 оны 12 дугаар сарын 29-ний өдөр нэхэмжлэгчтэй р65 маркийн рейлс төмөр худалдах, худалдан авах тухай гэрээ байгуулсан байдаг. Гэтэл “ХХХ” ХХК-ийн үүсгэн байгуулагч, захирал, уг худалдан худалдан авах тухай гэрээ байгуулсан ХХийн даралт 2012 онд харавсан. Одоогийн захирал, хувьцаа эзэмшигч ХХХХХ урьд өмнө бизнесийн хамтрагч байсныхаа хувиар компанийг шилжүүлж авсан байдаг ба шилжүүлж авахдаа ийм өр төлбөртэй гэдгийг мэдээгүй бөгөөд тус болох үүднээс авсан болно. Гэтэл ийм их хэмжээний өр төлбөрт ороод байна. Энэхүү компани огт үйл ажиллагаа явуулдагүй, зүгээр бүртгэлтэй төдий л байдаг. Энэхүү гэрээтэй холбоотой ганц ч баримт бичиг байддагүй бөгөөд компанийн өр төлбөрийг ХХХХХ нь өөрийн хөрөнгөөр хариуцах болоод байгаад гомдолтой байна. Компанийг хариуцагчаар татаж байгаа боловч энэ компани нь үйл ажиллагаа явуулдаггүй бөгөөд харин бодит байдал дээр хувьцаа эзэмшигч ХХХХХ нь анхан шатны шүүхийн шийдвэрээр өөрийн хөрөнгөөр хариуцаж барагдуулах болоод байна. Их хэмжээний эд хөрөнгөтэй компани шилжүүлж авсан бол өөр асуудал, зүгээр цаасан дээр л шилжүүлж авсан. Нэгэнт шүүх компанийг шилжүүлэхдээ, эрх үүрэг, хариуцлага нь шилжүүлж авч байгаа этгээдэд шилжинэ гэж үзэж байгаа юм бол Иргэний хуулийн 218 дугаар зүйлд заасны дагуу гадаад валютаар хийгдсэн тус гэрээний үлдэгдэл төлбөр болох 64 500 ам.долларын үүрэг үүсэх буюу гэрээ байгуулах үеийн ханшаар тооцох хууль зүйн бүрэн үндэслэлтэй тул гэрээ байгуулах үеийн ханш буюу 2008 оны 12 сарын 29-ний өдөр нэг ам.долларын ханш 1248.89 буюу 80 553 405 төгрөг болж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрээс 26 963 095 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүлйин 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангажээ.

 

Нэхэмжлэгч  “ХХХХ”  нь худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 128 484 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч “ХХХ” ХХК эс зөвшөөрч, “компанийн удирдлага солигдсон, энэ гэрээний талаар баримт байхгүй, төлбөрийн чадваргүй, хөөн хэлэлцэх хугацаа дууссан” гэж маргажээ.

           

Зохигчид 2008 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Төмөр замын р65 маркын төмөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, нэхэмжлэгч нь гэрээний үүрэгт 360 732 ам.доллар хариуцагчид шилжүүлжээ. Хариуцагч нь гэрээний үүргээ биелүүлээгүйгээс  2009 оны 3 дугаар сарын 12-ны өдөр хоёр тал уг гэрээг цуцалж, хариуцагч "ХХХ" ХХК нь гэрээний төлбөрийн урьдчилгаанд авсан 360 732 ам.долларыг 2009 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн дотор нэхэмжлэгчид буцаан өгөхөөр тохиролцсон байна.

 

Хариуцагч дээрх худалдах, худалдан авах гэрээний дагуу шилжүүлсэн 360 732 ам.доллароос 295 732 ам.долларыг төлж, 65 000 ам.долларын үлдэгдэлтэй талаар талууд маргаагүй бөгөөд шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш 500 ам.долларыг төлсөн байна.

Хариуцагч тохирсон хугацаанд төлбөрөө бүрэн төлөөгүй болох нь хэрэгт авагдсан “ХХХ” ХХК-ийн 2009 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 16/09 тоот төлбөр төлөх хуваарийн санал, 2009 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 17/09 тоот төлбөр барагдуулах тухай албан бичиг, талуудын 2011 оны 5 дугаар сарын 26, 2010 оны 6 дугаар сарын 21-ний өдрүүдийн уулзалтын тэмдэглэл, 2012 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн "ХХХ" ХХК-ийн “ХХХХ” нийгэмлэгийн худалдан авалт борлуулалтын албанд явуулсан үлдэгдэл төлбөрт бараа нийлүүлэн тооцоог дуусгах санал, нэхэмжлэгчийн үүргийн гүйцэтгэлийг шаардаж байсан албан бичиг зэргээр тогтоогджээ.

 

Нэхэмжлэгч урьдчилгаа төлбөрт төлсөн 360 732 ам.доллароос үлдэгдэл төлбөр болох 64 500 ам.доллар буюу 128 484 000 төгрөгийг хариуцагчаас буцаан шаардах эрхтэй байна.

 

Талууд гэрээг 2009 оны 3 дугаар сарын 12-ны өдөр цуцалсан боловч хэргийн 58 дугаар талд 2012 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн албан бичгээр "ХХХ" ХХК-иас “ХХХХ” нийгэмлэгийн худалдан авалт борлуулалтын албанд явуулсан үлдэгдэл төлбөрт бараа нийлүүлэн тооцоог дуусгах санал, 16 дугаар талд авагдсан “ХХХ” ХХК-ийн 2013 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 06 тоот албан бичиг болон “ХХХХ” нийгэмлэгийн төлбөрөө төлөхийг шаардаж “ХХХ” ХХК-д хүргүүлж байсан албан бичгүүд, төлбөр шилжүүлсэн баримтууд зэргээр хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй, Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт зааснаар тасалдсан гэж үзэх үндэслэлтэй.  

 

Иймээс хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн гэх хариуцагчийн давж заалдах гомдлын үндэслэлийг хүлээн авах боломжгүй.

 

Түүнчлэн компанийн удирдлага солигдсоноор хуулийн этгээд бусдын өмнө хүлээсэн үүргээс чөлөөлөгдөхгүй тул энэ талаар хийсэн шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болно.

 

Шүүх нэхэмжлэгчийн дансны үлдэгдлийн тайланд 64 500 ам.доллар буюу 107 516 500 төгрөгийн авлага гэж бүртгэснийг үндэслэн, 107 516 500 төгрөг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1 дэх хэсэгт “төлбөр гүйцэтгэх хугацаа болохоос өмнө мөнгөний ханш өссөн, буурсан бол үүрэг үүсэх үеийн ханшаар тооцож төлбөрийг төлнө” гэж заасныг зөрчөөгүй байна.  

 

           Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 102/ШШ2016/01354 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 292 800 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

                              

 

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         С.ЭНХТӨР

 

                                             ШҮҮГЧИД                                          Т.ТУЯА

                

                                                                                                       А.МӨНХЗУЛ