Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 221/МА2019/0221

 

2019 оны 04 сарын 18 өдөр   

  Дугаар 221/МА2019/0221

Улаанбаатар хот

 

 

“С Д Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай                         

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Халиунбаяр даргалж, шүүгч Э.Лхагвасүрэн, Ц.Сайхантуяа нарын бүрэлдэхүүнтэйгээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 128/ШЗ2019/0046 дугаар шийдвэртэй, “С Д Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдох захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор шүүгч Ц.Сайхантуяагийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 128/ШЗ2019/0046 дугаар шийдвэрээр: “...Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6, 27 дугаар зүйлийн 27.3.2, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2-т заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч “С Д Э” ХХК-аас гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн А/113 дугаар тушаалын “С Д Э” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгон” шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Н давж заалдах гомдолдоо: “...холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн болох нь ашиглах талбайдаа аялал жуулчлалын чиглэлээр барилга байшингийн цогцолбор барих төсөл, эскиз зураг гарган барьж байгуулахаар холбогдох байгууллагаар батлуулсан, Туул голын эрэгт байрладаг зэрэг байдлаас тогтоогдож байдаг. Баянзүрхийн товчооноос Яармагийн гүүр хүртэлх Туул голын сав газрын тусгай хамгаалалтын бүсэд газар эзэмших, ашиглахтай холбоотой зөрчлүүд гарч байгаатай холбогдуулан Улсын Их Хурлын өргөдлийн байнгын хорооны 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн хэлэлцүүлгээр Монгол Улсын Ерөнхий сайдын нэр дээр 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 7/4111 албан бичгээр чиглэл ирүүлсний дагуу газар ашиглах эрх дуусгавар болгох захиргааны 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн А/113 дугаар актыг гарсан. Энэхүү нөхцөл байдлыг анхан шатны шүүх буруу дүгнэж заавал дархан цаазат газрын буюу Туул голын байгалийн унаган төрхийг алдагдуулсны дараа зөрчил гэж үзэхээр байна гэж хуулийг буруу хэрэглэж шийдвэр гаргасан. Учир нь маргаан бүхий захиргааны актаар усны нөөцийг бохирдуулж, хомстохоос сэргийлэх, голын бургас мод сүйтгэх, тухайн  орчны төлөв байдал байгалийн унаган төрхийг алдагдуулан дархан цаазат газрын нийтлэг дэглэм горимыг зөрчин хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулах нь тодорхой хуулийн этгээдүүдийн газар ашиглах эрхийг дуусгавар болгосон. Хууль зөрчиж, хот төлөвлөлт эвдэж, ард иргэдийн эрүүл аюулгүй байх нөхцөлд сөргөөр нөлөөлөх, дархан цаазат газрын унаган төрхийг алдагдуулах, хууль зөрчин барилга, байгууламж барьсан өнөөдрийн Зайсан толгойтой ижил хэмжээнд очихуйц нөхцөл байдал бий болсноос дархан цаазат газрын унаган төрх байдал болон тухайн аж ахуйн нэгж байгууллага хөрөнгө оруулалтаар хохирч, нөхөн сэргээлт, нөхөн төлбөр гарч болохыг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзнэ үү.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 0046 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэв.

ХЯНАВАЛ:

Шүүх бүрэлдэхүүн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т заасны дагуу хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад хүчингүй болгож шийдвэрлэлээ.

Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдөр А-222 дугаар тушаалаар[1] “С Д Э” ХХК-д Баянзүрх дүүргийн нутагт орших Богдхан уулын дархан цаазат тусгай хамгаалалттай газарт байрлах “Зүүн богино” нэртэй газарт 0,12 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар 5 жилийн хугацаатайгаар ашиглах эрхийг, мөн оны 06 дугаар сарын 10-ны өдөр улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах эрхийн 2015/105 дугаартай гэрчилгээг[2] тус тус олгосон байна.

Хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайд 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн А/113 дугаар тушаалаар[3] усны нөөцийг бохирдож хомстохоос сэргийлэх, голын бургас модыг сүйтгэх, уул нурааж тухайн орчны төлөв байдал, байгалийн унаган төрхийг алдагдуулан дархан цаазат газрын нийтлэг дэглэм горимыг зөрчиж буй 24 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар ашиглах эрхийг дуусгавар болгосны дотор нэхэмжлэгч “С Д Э” ХХК-ийн дээрх газар багтжээ.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, холбогдох хууль тогтоомжийг буруу тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг зөрчихөд хүрсэн байна.

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 2-т зааснаар хариуцагч нь тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөл олгох, газар ашиглах эрхийг дуусгавар болгох эрхтэй ба нэхэмжлэгчийн газар нь голын хажууд, ойр орчимд нь бургас байгаа нь шүүхийн үзлэг[4], хариуцагчаас гаргаж өгсөн лавлагаа /зураг[5]/-аар  тус тус тогтоогдож байх тул хариуцагчийн гаргасан аж ахуйн нэгжийн газар ашиглах эрхийг дуусгавар болгосон А/113 дугаар тушаалын нэхэмжлэгчид холбогдох хэсгийг хүчингүй болгох үндэслэлгүй юм.

Нэхэмжлэгчээс “маргаж буй газарт үйл ажиллагаа явуулаагүй, хариуцагч тухайн үндэслэлээр газар ашиглах эрхийг дуусгавар болгоогүй, уг газарт хориглох үйл ажиллагаа явуулаагүй байхад ирээдүйд явуулах мэтээр дүгнэж цуцалсан нь хууль бус” хэмээн тайлбарлан маргасан бөгөөд “С Д Э” ХХК нь тухайн газар дээрээ үйл ажиллагаа явуулаагүй нь хэргийн оролцогч нарын тайлбар, газрын үзлэгээр тогтоогдож байгаа ч нэхэмжлэгч нь тухайн газрыг аялал жуулчлалын зориулалтаар ашиглаж байгаа тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан “...Туул голын байгалийн унаган төрхийг алдагдуулсны дараа зөрчил гэж үзэхээр байна гэж хуулийг буруу хэрэглэж шийдвэр гаргасан. ...хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулах нь тодорхой хуулийн этгээдүүдийн газар ашиглах эрхийг дуусгавар болгосон” гэх гомдлыг хүлээн авахаар байна.

Өөрөөр хэлбэл, нэгэнт нэхэмжлэгч тухайн газрыг гэрчилгээ, гэрээний дагуу аялал жуулчлалын зориулалтаар ашиглаж, үйл ажиллагаа явуулах тул “С Д Э” ХХК-ийг уг газарт хориглох үйл ажиллагаа явуулаагүй байхад тухайн компанийн газар ашиглах эрхийг дуусгавар болгосон хууль бус шийдвэрийг гаргасан гэж хариуцагчийг буруутгах боломжгүй юм.

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 7-д “аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн түр буудаллах, отоглох, ажиглалт, судалгаа шинжилгээ хийх зориулалтаар зохих журмын дагуу барьсан орон байрыг ашиглах;”, 12 дугаар зүйлд “Дархан цаазат газарт энэ хуулийн 10,11 дүгээр зүйлд зааснаас өөр зориулалтаар дараахь үйл ажиллагаа явуулахыг хориглоно:”, 1-д “газар хагалах, ухах, тэсэлгээ хийх, ашигт малтмал хайх, олборлох, элс, хайрга чулуу авах, мод, зэгс, шагшуурга бэлтгэх, хязгаарлалтын бүсээс бусад газарт зам тавих зэргээр байгалийн төлөв байдлыг өөрчлөх;”, 5-д “энэ хуулийн 11 дүгээр зүйлийн 7-д зааснаас өөр барилга байгууламж барих;”, Усны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т ““усны сан бүхий газар” гэж  нуур, цөөрөм, тойром, гол мөрөн, горхи, булаг, шанд, усан сан, рашаан, намаг, мөстөл, мөсөн голын эзэлж байгаа талбай, тэдгээрийн хамгаалалтын бүсийн газрыг;” 22 дугаар зүйлийн 22.3-т “Усны сан бүхий газрын эргээс 200 метрээс доошгүй зайд энгийн хамгаалалтын бүс, ус хангамжийн эх үүсвэрээс 100 метрээс доошгүй зайд эрүүл ахуйн бүс тогтооно.”, 22.4-д “...Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журмыг байгаль орчны болон газрын харилцааны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батлах...”, 22.6-д “Иргэн, аж ахуйн нэгж байгууллага энэ хуулийн 22.4-т заасан дэглэм зөрчихийг хориглоно”, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Барилга, хот байгуулалтын сайдын хамтарсан тушаалын хавсралтаар батлагдсан Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журмын 2.9-т “энгийн хамгаалалтын бүсэд дараах үйл ажиллагаа явуулахыг хориглоно”, 2.9.1-д “мод бут огтлох”, 3.9-т “Ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн хориглолтын ба хязгаарлалтын бүсэд дараах үйл ажиллагаа явуулахыг хориглоно”, 3.9.12-т “газар өмчлөх, эзэмших, ашиглах эрх олгох” гэж тус тус заажээ.

Нэхэмжлэгчийн ашиглаж буй газар нь усны сан бүхий газрын эргээс 92-115 метрийн зайд байрлаж буй нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргаж өгсөн зураг[6]-аар тогтоогдож байх бөгөөд үүнтэй хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч нар маргаагүй төдийгүй уг газар нь дээрх хуулиар тогтоосон энгийн хамгаалалтын болон эрүүл ахуйн бүст хамаарч байна.

Хэдийгээр Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасан үндэслэл байвал, эсхүл тухайн тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын горимыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн бол тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрхийг дуусгавар болгохоор хуульчилсан ч дээрх хуулийн зохицуулалтаар усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсүүдэд барилга байгууламж барих, газар ашиглах эрх олгохыг хориглосон тул газар ашиглах эрхийг дуусгавар болгосон хариуцагчийн шийдвэр нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байна гэж үзлээ.

Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах хангаж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.1 дэх хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 128/ШЗ2019/0046 дугаар шийдвэрийг хүчингүй болгон Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1, 27 дугаар зүйлийн 2, 33 дугаар зүйлийн 1, Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3, 22.4, 22.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан “С Д Э” ХХК-ийн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан гаргасан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн А/113 дугаар тушаалын “С Д Э” ХХК-д холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангасугай.
  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

         ШҮҮГЧ                                                                Э.ХАЛИУНБАЯР

         ШҮҮГЧ                                                                 Э.ЛХАГВАСҮРЭН

         ШҮҮГЧ                                                                Ц.САЙХАНТУЯА

 


[1] Хавтаст хэрэг 1-231 хуудас

[2] Хавтаст хэрэг 1-12 хуудас

[3] Хавтаст хэрэг 1-230 хуудас

[4] Хавтаст хэрэг 1-52 хуудас

[5] Хавтаст хэрэг 1- 235 хуудас

[6] Хавтаст хэрэг 1-235 хуудас