Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 001/ХТ2017/00748

 

Ц.Өсөхгэрэлийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 182/ШШ2017/00108 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 693 дугаар магадлалтай,

Ц.Өсөхгэрэлийн нэхэмжлэлтэй,

Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яаманд холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж бичилт хийлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ренчиндоржийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Ц.Өсөхгэрэл шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би Хөдөлмөр нийгэм хамгааллын яамны харьяа Мэргэжлийн боловсрол, сургалтын Үнэлгээ, мэдээллийн төв шинээр нээгдэхэд даргаар нь 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдөр томилогдсон ба ажиллаж байх хугацаандаа сахилгын зөрчил гаргаагүй. Засгийн газрын 2016 оны 08 дугаар сарын 24-ны өдрийн 55 дугаар тогтоолоор манай байгууллагын нэрийг өөрчилсөн боловч бүтэц зохион байгуулалт хэвээрээ батлагдсан. 2016 оны 09 сарын 05-ны өдөр намайг сургалттай байхад Төрийн захиргаа удирдлагын газрын дарга утастаад ажлаас чөлөөлсөн гэхээр 2016 оны 09 сарын 08-ны өдөр очиж тушаалаа авсан. Маргааш нь өөр ажил албан тушаалд томилж өгөөч гэсэн өргөдөл өгсөн боловч хариу өгөөгүй бөгөөд миний гүйцэтгэж байсан ажил хэвээр байгаа.  Иймд ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоож, Мэргэжлийн боловсрол, сургалтын Үнэлгээний төвийн даргын ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацаатай тэнцэх цалинг ажлаас халсан өдрөөс хойш анхан шатны шүүх шийдвэрлэх хүртэл тооцож дуустал гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж баталгаажилт хийлгэж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ренчиндорж шүүхэд гаргасан тайлбартаа:Мэргэжлийн боловсрол,сургалтын үнэлгээ, мэдээллийн төвийг Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 216 дугаар тогтоолоор байгуулсан юм. Гэтэл уг төв байгуулагдаагүй байхад Ц.Өсөхгэрэлийг 2016 оны 2 дугаар сарын 25-ний өдөр төвийн даргаар томилсон байдаг. Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.4-т “хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол өөрийн эрхлэх асуудлын хүрээнд хамаарах төрийн байгууллага, албан газрын бүтэц, дүрмийг баталж, дарга /эрхлэгч, захирал/-ыг томилж, чөлөөлнө” гэж заасан. Мөн улсын төсөвт үйлдвэрийн төвийн даргыг Төрийн албаны тухай хууль, тогтоомжийн дагуу сонгон шалгаруулалтыг үндэслэж томилох ёстой. Ц.Өсөхгэрэлийг томилохдоо ямар нэгэн сонгон шалгаруулалтын дүнг үндэслээгүй байна. Иймд Хөдөлмөрийн сайдын 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн Б/37 дугаар тушаал анхнаасаа хууль бус  юм.

Засгийн газрын 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн “Төсвийн зарим байгууллагыг өөрчлөн зохион байгуулах, татан буулгах тухай” 55 дугаар тогтоолоор “Мэргэжлийн боловсрол, сургалтын үнэлгээ, мэдээллийн төв”-ийг “Мэргэжлийн боловсрол, сургалтын үнэлгээний төв” болгож бүтэц, зохион байгуулалтын хувьд өөрчилсөн бөгөөд үүний дагуу анхнаасаа хууль бусаар томилогдсон байсан Ц.Өсөхгэрэлийг албан тушаалаас нь чөлөөлсөн болно. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 182/ШШ2017/00108 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ц.Өсөхгэрэлийг Мэргэжлийн боловсрол, сургалтын үнэлгээний төвийн захирлын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 3.107.771 /гурван сая нэг зуун долоон мянга долоон зуун далан нэгэн/ төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч Ц.Өсөхгэрэлд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1.894.791 /нэг сая найман ерэн дөрвөн мянга долоон зуун ерэн нэгэн/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ц.Өсөхгэрэлийн эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу суутган төлж, дэвтэрт тэмдэглэл хийлгэхийг хариуцагч Хөдөлмөр Нийгэм хамгааллын яаманд даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагч Хөдөлмөр Нийгэм хамгааллын яамнаас улсын тэмдэгтийн хураамжид 64.674 төгрөгийг гаргуулан төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 693 дугаар магадлалаар:Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 182/ШШ2017/00108 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ренчиндорж хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 182/шш2017/00108 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 693 дугаар магадлалыг бүхэлд нь эс зөвшөөрч шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж хяналтын журмаар гомдол гаргаж байна. Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж “Ц.Өсөхгэрэлийг Мэргэжлийн боловсрол, сургалтын үнэлгээний төвийн захирлын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 3.107.771 төгрөгийг гаргуулах”-аар шийдвэрлэсэн.Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч нэхэмжлэгчийг өмнө нь ажиллаж байсан Хөдөлмөрийн яамны харьяа Үнэлгээ мэдээллийн төв гэх байгууллагын даргын албан тушаалд томилсон нь анхнаасаа илт хууль бус захиргааны акт байсныг нотолж, холбогдох нотлох баримт тайлбарыг гаргасан боловч шүүхээс нотлох баримтыг буруу үнэлж, хариу тайлбарт хууль зүйн дүгнэлт хийгээгүй, няцаагаагүй билээ. Гэтэл нэхэмжлэгч Ц.Өсөхгэрэлийг анх томилохдоо дараах хууль тогтоомжийг зөрчсөн нь хэрэгт авагдсан нотлох баримт, хариуцагчийн удаа дараагийн тайлбараар нотлогддог бөгөөд нэхэмжлэгч үүнтэй маргадаггүй болно.

а/Үнэлгээ, мэдээллийн төв байгуулагдаагүй байхад даргыг томилсон. Нэхэмжлэгч Ц.Өсөхгэрэлийг Хөдөлмөрийн сайдын 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн Б/37 дугаар тушаалаар “Үнэлгээ, мэдээллийн төвийн дарга гэсэн албан тушаалд томилсон байна.

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 5-д “хуульд өөрөөр заагаагүй бол төрийн өмчит хуулийн этгээдийг байгуулах, өөрчлөх, татан буулгах тухай шийдвэр гаргах, түүний дүрмийг батлах” нь Засгийн газрын бүрэн эрх болохыг заасан.Үнэлгээ, мэдээллийн төв нь төрийн өмчит хуулийн этгээд бөгөөд түүнийг Засгийн газрын тогтоолоор байгуулах ёстой юм. Гэтэл 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс өмнө Мэргэжлийн боловсрол, сургалтын үнэлгээ, мэдээллийн төв байгуулагдаагүй, Засгийн газраас ямар нэгэн шийдвэр гараагүй байсан. Харин Мэргэжлийн боловсрол, сургалтын үнэлгээ, мэдээллийн төвийг Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 216 дугаар тогтоолоор анх шинээр байгуулсан юм. Сайд улсын төсөвт үйлдвэрийн газар, ямар нэгэн төрийн байгууллагыг байгуулах эрх хэмжээ хуулиар олгогдоогүй юм. Гэтэл Засгийн газраас дээрх байгууллагыг албан ёсоор байгуулаагүй байтал даргыг томилсон нь захиргааны байгууллагын илт хууль бус үйл ажиллагаа болно. Энэ нь Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т “Монгол Улсын Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасанчлан ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн албаны үндсэн зарчим мөн” гэсэнтэй нийцэхгүй, холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн үйл ажиллагаа болно.

б/ Ц.Өсөхгэрэлийг үнэлгээ, мэдээллийн төвийн даргаар анх томилохдоо сонгон шалгаруулалт явуулалгүйгээр томилсон,улсын төсөвт үйлдвэрийн төвийн даргыг Төрийн албаны тухай хууль тогтоомжийн дагуу сонгон шалгаруулалтыг үндэслэж томилох ёстой. Уг төвийн даргын сонгон шалгаруулалтыг явуулах асуудлыг Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 128 дугаар тогтоолоор батлагдсан Хөдөлмөрийн яамны дэргэдэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн тусгайлсан чиг үүргийн хүрээнд эрхлэн явуулах ёстой байсан. Гэтэл Төрийн албаны тухай хууль тогтоомж, Төрийн албаны салбар зөвлөлийн ажиллах журмын дагуу сонгон шалгаруулалт явуулалгүйгээр шууд Ц.Өсөхгэрэлийг тухайн байгууллагын захирлын албан тушаалд томилсон байдаг.

Гэтэл шүүхийн шийдвэрийн дагуу Ц.Өсөхгэрэлийг ажилд нь эгүүлэн тогтоосноор Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.4-т “иргэд хуульд заасан болзол, журмын дагуу төрийн албанд орох адил тэгш боломжтой байх” зарчимд нийцэхгүй, мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-т “Төрийн албан тушаалд тавих ерөнхий шаардлага нь хуульд өөрөөр заагаагүй бол тухайн албан тушаалыг эрхлэх мэдлэг, боловсрол, туршлага, ур чадвартай, мэргэшсэн байх явдал мөн” гэж хуулийн тодорхой зохицуулалтыг зөрчсөн үйл ажиллагаа болно. Ингэснээрээ шүүхээс төрийн албаны хууль бус томилгоог хүлээн зөвшөөрч байгаа явдал юм.

в/ Ц.Өсөхгэрэлийг томилохдоо хуульд заасан хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг Авлигатай тэмцэх газраар хянуулалгүйгээр томилсон. Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нийтийн албан тушаалтныг анх томилохдоо Хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг заавал хянуулж томилох, албан тушаалд нэр дэвшсэн этгээд мэдүүлгээ гаргаж өгөхөөр хуульчилсан.Гэтэл Ц.Өсөхгэрэлийг томилохдоо дээрх хууль тогтоомжийг мөн зөрчсөн байдаг.Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь хууль, ёсны дагуу тухайн албан тушаалд томилогдон ажилласнаар Төрийн албаны хууль, Хөдөлмөрийн хуульд заасан баталгаагаар хангагдах боломжтой.Гэтэл шүүхээс нэхэмжлэгчийг анх томилсон шийдвэр нь хууль ёсны байсан эсэх, тухайн албан тушаалд үргэлжлүүлэн ажиллах боломжтой эсэх, нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл хууль ёсны, үндэслэлтэй юу, хуульд нийцэж байна уу, гэдэгт огт дүгнэлт хийгээгүй юм.Шүүхийн шийдвэрийн нэхэмжлэгчийн өмнө нь ажиллаж байсан “Үнэлгээ, мэдээллийн төвийн дарга” гэх албан тушаал нь анхнаасаа хууль бус албан тушаал тул тухайн албан тушаалын чиг үүргийг хууль ёсны дагуу бий болсон Мэргэжлийн боловсрол, сургалтын үнэлгээний төв"-ийн даргын ажлын байранд хадгалагдаж байна гэж дүгнэх боломжгүй юм.Өөрөөр хэлбэл зөвхөн нэг тал болох нэхэмжлэгчийн тайлбар, нотлох баримтыг буруу үнэлж, нийтийн ашиг сонирхлыг хамгаалан оролцож буй хариуцагч талын тайлбарт дүгнэлт хийлгүйгээр хууль бусаар томилогдсон нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөн гэж дүгнэсэн нь огт үндэслэлгүй бөгөөд шударга ёсны зарчимд нийцэхгүй.

Учир нь энэ тохиолдолд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй юм. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч хууль ёсны шаардлага тавьж байгаа эсэх, энэхүү шаардлага нь хуульд нийцэж байгаа эсэхэд огт дүгнэлт хийлгүйгээр шийдвэр гаргасан болно.

Иймд Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 182/ШШ2017/00108 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

                                                ХЯНАВАЛ

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангажээ.

Нэхэмжлэгч Ц.Өсөхгэрэл нь Монгол Улсын Хөдөлмөрийн сайдын 2016 оны 2 дугаар сарын 25-ний өдрийн А/46 дугаар тушаалаар Мэргэжлийн боловсрол, сургалтын үнэлгээ мэдээллийн төвийн захирлаар томилогджээ.   

 Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд 2016 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр Б/51 дүгээр тушаал гаргаж, Ц.Өсөхгэрэлийг Мэргэжлийн боловсрол, сургалтын Үнэлгээ мэдээллийн төвийн захирлын үүрэгт ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх заалтыг үндэслэл болгосон байна /хэргийн 2, 29, 61дүгээр тал/.

Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 55 дугаар тогтоолоор Мэргэжлийн боловсрол, сургалтын үнэлгээ, мэдээллийн төвийг “Мэргэжлийн боловсрол, сургалтын үнэлгээний төв” болгон өөрчилсөн боловч тус байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн гэх байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.

Түүнчлэн ажил олгогч ажилтныг дээрх үндэслэлээр ажлаас халахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д заасан хугацаанд мэдэгдээгүй байна.

Шүүх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт авагдсан баримтад тулгуурлан нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2-т заасан шаардлагад нийцжээ.

Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 128 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн ажиллах журам”-ын 2.4.2-т “хуульд өөрөөр заагаагүй бол яам, агентлагийн харьяа болон Сайдын эрхлэх асуудлын хүрээний улсын төсвийн байгууллагын даргын албан тушаалд томилогдох нэг ажилтныг Төрийн албаны зөвлөлөөс баталсан журам, зааврын дагуу сонгон шалгаруулж, нэр дэвшигчийн талаарх дүгнэлтээ уг ажилтныг томилох эрх бүхий этгээдэд өгнө” гэжээ.

 

Ажил олгогч нь тухайн орон тоонд сонгон шалгаруулалт явуулаагүй, мөн Ц.Өсөхгэрэлийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг Авлигатай тэмцэх газраар хянуулаагүй явдалд ажилтан буруугүй бөгөөд энэ нь нэхэмжлэгчийг ажлаас халах үндэслэл болоогүй байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийг ажилд томилох үед байсан нөхцөл нь ажлаас халах үндэслэл болохгүй тул хариуцагчийн энэ талаар гаргасан гомдлыг хүлээн авах боломжгүй. 

 

Давж заалдах шатны шүүх магадлалын хянавал хэсэгт нэхэмжлэгчийн нэрийг “Ц.Өсөхбаяр” гэж бичсэн нь техникийн шинжтэй алдаа байх бөгөөд энэ нь шийдвэр, магадлалын хүчингүй болгох үндэслэлд хамаарахгүй байна. 

Иймд шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй  гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 182/ШШ2017/00108 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 693 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ренчиндоржийн  гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ