Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 19

 

 

 

 

 

 

Б.Ж-д холбогдох эрүүгийн хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, прокурор А.Оюунгэрэл, шүүгдэгчийн өмгөөлөгч У.Түвшин, хохирогч Я.Б, У.Э, хохирогчийн өмгөөлөгч Л.Даваасүрэн, нарийн  бичгийн дарга Ч.Уранбилэг нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 121 дүгээр шийтгэх тогтоол, Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 47 дугаар магадлалтай Б.Ж-д холбогдох эрүүгийн 2031000730056 дугаартай хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч У.Түвшингийн гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Батдэлгэрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, 1978 онд төрсөн, 42 настай, эрэгтэй,эрхэлсэн ажилгүй, урьд Сэлэнгэ аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2008 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 12 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 3 сарын хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан Б овогт Б-ийн Ж

Б.Ж-д нь  согтуугаар 2020 оны 02 дугаар сарын 12-ны орой 22 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Эрүүл мэндийн төвийн байранд хамтран амьдарч байсан Я.Б-ийн цээжин тус газар нэг удаа хутгалж, улмаар тус эрүүл мэндийн төвийн хашаан дотор их эмч У.Э-ыг хамтран амьдрагч Я.Б-тай хардаж хэвлий тус газар нь нэг удаа хутгалж, тэдний эрүүл мэндэд хүнд хохирол учруулан 2 хүнийг санаатай алахыг завдсан гэмт хэрэгт холбогджээ.

Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 121 дүгээр шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б.Ж-дыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хоёр хүнийг алахыг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2-т заасныг журамлан тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.6, 2.8 дахь хэсэгт зааснаар түүнийг 10 жилийн хорих ялаар шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг үндэслэн хэргийг Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хянан хэлэлцэж 47 дугаар магадлалаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтыг өөрчлөн найруулж, бусад заалтыг хэвээр үлдээн шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч У.Түвшин гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 2756 тоот шинжээчийн дүгнэлтээр “хохирогч нар”-т хүнд гэмтэл учруулсан болох нь тогтоогдсон байдаг. 

Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүх нь хууль зүйн хувьд үндэслэлгүйгээр хүнийг алахаар завдсан гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь:

Хууль зүйн хувьд Эрүүгийн хуулийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэхэд шууд чиглэсэн үйлдэл, эс үйлдэхүйг санаатай хийсэн боловч тухайн хүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг төгсөөгүй бол гэмт хэрэг үйлдэхээр завдах гэнэ” гэж заасан бөгөөд гэмт хэргийг төгсөх боломжгүй болсон байхыг ойлгодог. Гэтэл шинжээчийн дүгнэлтээр хүнд гэмтэл учруулсан болох нь тогтоогдсоор байхад эмнэлэгийн тусламж авснаар гэмт хэрэг төгсөөгүй гэх нотлох баримтад үндэслээгүй дүгнэлт, таамагласан шийдвэр гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Давж заалдах шатны шүүхийн магадлалын тогтоох хэсэг “У.Э-ыг хутгалаад араас нь хөөхөд хохирогч зугтсанаар гэмт хэрэг төгссөн байдал тогтоогдож байна” гэх боловч хэрэгт авагдсан баримтаас үзвэл Б.Ж-д нь хохирогч У.Э-ыг хөөсөн гэх нөхцөл байдал нотлох баримтаар нотлогдохгүй байхад таамагласан бодит байдлаас зөрүүтэй, таамагласан шийдвэр гаргаж Б.Ж-дыг үйлдээгүй хэргийнх нь төлөө ялласныг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өмгөөлөгч авах нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа этгээдийн өөрийн эрх юм. Өөрөөр хэлбэл өмгөөлөгч авч ч болно, авахгүй байж ч болно. Мөн өмгөөлөгч нь тухайн этгээдэд үйлчилгээ үзүүлэхдээ төлбөртэй, эсхүл үнэ төлбөргүй үзүүлж болох бөгөөд энэ нь өмгөөлөгч, үйлчлүүлэгч нарын тохиролцоо юм. Гэтэл хохирогч эрхээ хэрэгжүүлж тохиролцоо хийсний эрх зүйн үр дагаврыг шүүгдэгч хариуцахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн хувьд ойлгомжгүй, үндэслэлгүй байна.

Иймд хэргийн зүйлчлэлийг өөрчилж, оногдуулсан ялыг багасгаж, шийтгэх тогтоол, магадлалд өөрчлөлт оруулж өгнө үү гэв.

Хохирогчийн өмгөөлөгч Л.Даваасүрэн хяналтын шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: Шүүгдэгч Б.Ж-ды үйлдсэн гэмт хэргийн сэдэл нь хардалт, зорилго нь хүний амь насыг хохироох байсан. Үйлдэл холбогдол нь У.Э-ыг шөнийн цагаар ажил үүргээ гүйцэтгэж байхад нь таараад чи эмч мөн үү гэж асуухад нь тиймээ гэж хариулахад түүнийг хутгалсан байдаг. Мөн хохирогчийг зугтаахад араас нь хөөсөн байдаг. Шүүгдэгч сайн дураараа зорилгоо хэрэгжүүлээгүй, хүний амь насыг хохироох гэмт хэрэг биш гэж шүүгдэгчийн өмгөөлөгч тайлбарлаж байгаа нь хууль болон шударга ёсны зарчимд нийцэхгүй. Хохирогч Я.Б-г ажил үүргээ гүйцэтгэж байхад нь цээжин тус газар нь хутгалсан байдаг. Хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон. Хохирогч нарын амь нас нь эмнэлгийн тусламжийн үр дүнд аврагдсан. Мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн шатанд Б.Ж-ны хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчсөн, хязгаарласан зүйл байхгүй. Анхан шатны шүүх болон давж заалдах шатны шүүх тухайн хэргийг тал бүрээс нь үнэн зөвөөр, бүрэн бодитойгоор эргэлзээгүй талаас нь үнэлэлт, дүгнэлт өгч, Б.Ж-д холбогдох хэргийг хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэрлэсэн. Хоёр шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй бөгөөд шүүгдэгчийн өмгөөлөгчийн хоёр шатны шүүх хууль буруу хэрэглэсэн гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй юм. Өмгөөлөгчийн хөлсний тухайд хууль заасан үндэслэл журмын дагуу гэм хорын хохирлыг арилгаж байгааг буруутгах үндэслэлгүй. Б.Ж-ны үйлдлийн улмаас миний үйлчлүүлэгчид гэм хор учирсан бөгөөд өөрийн эрх ашгаа хамгаалуулж өмгөөлөгч авч, эрх зүйн туслалцаа авсан. Хэрэгт хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, үнэ төлбөрийн талаарх баримтууд авагдсан байгаа. Өмгөөлөгчийн хөлсний талаар хуульд тусгайлан заасан зохицуулалт байхгүй, гэрээгээр зохицуулагддаг. Хохирогч эрх ашгаа хамгаалуулахаар өмгөөлөгч авсан ба түүний хөлсийг шүүгдэгчээс гаргуулахаас өөр арга байхгүй. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Хохирогч Я.Б хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: Би 2011 онд Б.Ж-тай суусан ба гэр бүлийн хүчирхийлэлд байнга өртөж байсан. 2017 онд хүүхэдтэй болсон түүний ааш занг өдий хүртэл тэвчиж ирсэн. Б.Ж-д намайг алах гэж дайрсан ба би эмнэлгийн тусламж цаг алдалгүй авсан учир миний амь нас аврагдсан. Биеийн эрүүл мэндийн байдлын хувьд байнга эмчилгээтэй байгаа. Б.Ж-ды ааш зан цаашид засраад, бүрэн гүйцэд сайжирна гэдэгт итгэл муутай байна. Б.Ж-д гомдолтой байна гэв.

Хохирогч У.Э хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй гарсан гэв.

Прокурор А.Оюунгэрэл хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: Шүүгдэгч Б.Ж-ны хувьд хүнийг алах гэмт хэргийг хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр буюу согтуугаар үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон. Тухайн гэмт хэрэг гарах цаг хугацаанд хохирогч нартай хувийн таарамжгүй харьцаа үүсээгүй, ажил үүргээ гүйцэтгэж байсан хохирогч нарыг шалтаг, шалтгаангүйгээр хутгалсан нь хүнийг алахыг завдах үйлдэл буюу хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзэж байна. Хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ гэм бурууд нь тохирсон эрүүгийн хариуцлагыг оногдуулсан, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэв.

                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

Гэмт хэрэгт завдах нь тодорхой гэмт хэрэгт чиглэгдсэн гэмт этгээдийн үйлдэл нэгэнт эхэлсэн, халдлагын объектод хор уршиг учрах бодит заналхийлэл үүссэн, гэмт хэрэг төгсөөгүй, энэ нь түүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлаас шалтгаалсан байх гэсэн үндсэн шинжүүдтэй бөгөөд эдгээр нь бүрдсэн тохиолдолд завдсанаар эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг ба энэ нь эрүүгийн эрх зүйн онол, хууль хэрэглээний жишигт тогтсон ойлголт юм.

Шүүгдэгч Б.Ж-д нь 2020 оны 02 дугаар сарын 12-ны орой согтуугаар (өөрийнх нь мэдүүлснээр ухаанаа алдтал согтсон) Сэлэнгэ аймгийн Ерөө сумын эрүүл мэндийн төвийн байранд албан үүргээ гүйцэтгэж байсан хамтран амьдрагч Я.Б-ийн цээжинд хутгалж, улмаар уг үйлдлийг нь гэрч Б.Алтантуяа таслан зогсоосны дараа гадагшаа гарч эмнэлэгийн хашаан дотор явж байсан хохирогч У.Э-ын хэвлийд хутгалж тэдгээрийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйл баримтыг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудад тулгуурлан хоёр шатны шүүх эргэлзээгүй, хөдөлбөргүй нотлон тогтоосон байна.

Хохирогч Я.Б, У.Э, гэрч Б.Алтантуяа нарын хэлж мэдүүлснээр тухайн үед болж өнгөрсөн үйл явдлыг ийнхүү сэргээн тогтоосон байх бөгөөд уг нөхцөл байдалд үндэслэн хоёр шатны шүүх шүүгдэгчийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хоёр хүнийг санаатай алахыг завдсан гэж үзэж, түүний гэмт үйлдлийн талаар хэргийн бодит байдалд нийцсэн хууль зүйн дүгнэлт хийжээ.

Тодруулбал, шүүгдэгч нь хамтран амьдрагч Я.Б-д хүч хэрэглэн гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн зөрчилд 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар 14 хоног баривчлах шийтгэл хүлээж үүнийгээ эдлэн гарч ирсний дараа хохирогчийн ажил дээр очиж ямар нэг шалтаг шалтгаангүйгээр түүнийг хутгалсан бөгөөд тухайн үед эмнэлэгийн үйлчилгээ авч байсан гэрч Б.Алтантуяа нь хохирогчийг дахин хутгалах гэсэн шүүгдэгчийн үйлдлийг хориглосноор гэмт хэрэг туйлдаа хүрээгүй буюу төгсөөгүй байна.

Эхний үйлдэл дээрх байдлаар дуусгавар болсны дараа шүүгдэгч нь эмнэлэгийн хашаан дотор явж байсан хохирогч У.Э-аас гал асууж, эмч  мөн үү гэсэн асуултанд тийм гэж хариулахад нь түүний хэвлийд хутгалмагц хохирогч зугтааснаар гэмт үйлдэл таслан зогсоогджээ.

Дээрхээс дүгнэхэд шүүгдэгч нь хоёр хүнийг алахад чиглэсэн тодорхой үйлдлүүдийг хийж эхэлсэн боловч тэрээр зорилгодоо хүрээгүй нь дээр дурдсан хөндлөнгийн хүчин зүйлийн нөлөөтэй шууд холбоотой байх бөгөөд эдгээр нөхцөл байдал нь гэмт хэрэг үйлдэхээр завдахын шинжүүдийг бүрнээ агуулсан гэж хоёр шатны шүүхээс дүгнэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн холбогдох заалтыг баримтлан хэргийг зөв зүйлчилж, мөн хуулийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хязгаар дотор шүүгдэгчид 10 жилийн хорих ял оногдуулсан нь түүний хувийн болон гэм буруугийн байдалд тохирсон, хууль ёсны ба үндэслэлтэй болжээ.

Түүнчлэн энэ хэргийн бүрдэл, нотлогдсон байдал, гэмт хэргийн улмаас учирсан эдийн болон эдийн бус хохирол, шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хохирлын хэмжээ зэргийн талаар хоёр шатны шүүхээс хийсэн дүгнэлт, гаргасан шийдэл нь хуульд нийцсэн байна.

Хохирогч У.Э нь өөрийн эрх, ашиг сонирхлыг хамгаалуулах зорилгоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1.1-д заасны дагуу өмгөөлөгч сонгон авч, түүнд төлсөн хөлсийг шүүгдэгчээс нэхэмжилснийг давж заалдах шатны шүүх тодорхой дүгнэлт хийж, Б.Ж-аар нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн нь мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн зохицуулалтанд харшлахгүй гэж хяналтын шатны шүүх дүгнэв.

Иймд хэргийн зүйлчлэлийг өөрчилж, ялыг багасгах, мөн өмгөөлөгчид төлсөн хөлсийг шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэсэн нь буруу болсон талаар гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлгүй хэмээн үзлээ.

Шүүхийн шийдвэрийн бүтэц, тэдгээрийн хэсэг тус бүрт тусгах зүйлийн талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6-36.8 дугаар зүйлүүдэд нэг бүрчлэн тодорхой заажээ.

Тухайлбал, дээрх хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт тусгах зүйлийг дарааллаар нь жагсааж заасан байхад анхан шатны шүүх шийтгэх тогтоол үйлдэхдээ үүнийг зөрчиж шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсоны дараа түүнд ял оногдуулсан шийдлийг заалгүй иргэний нэхэмжлэлтэй холбогдох асуудлыг тусгасан нь буруу болсон тул цаашид ийм төрлийн зөрчил гаргахгүй байхыг анхааруулан тэмдэглэж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 121 дүгээр шийтгэх тогтоол, Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 47 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч У.Түвшингийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                           ДАРГАЛАГЧ                                            Б.ЦОГТ

                           ШҮҮГЧИД                                                С.БАТДЭЛГЭР

                                                                                            Б.БАТЦЭРЭН

                                                                                            Ч.ХОСБАЯР

                                                                                            Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН