Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 198

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд  нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн Цогт сумын 5 дугаар багийн Баян-Өндөрт оршин суух Бэсүд Төмөр-Очирын Нандин-Эрдэнийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Говь-Алтай аймгийн Цогт сумын 6 дугаар багийн Баян-Улаанд оршин суух Олонхууд Төмөрбаатарын Бат-Амгаланд холбогдох

Дундын эд хөрөнгөнөөс 1.000.000 төгрөг, 75 толгой мал гаргуулж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох  тухай нэхэмжлэлийг шүүх 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Т.Нандин-Эрдэнэ, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Энхзаяа, хариуцагч Т.Бат-Амгалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Одбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т.Нандин-Эрдэнэ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Төмөр-Очирын Нандин-Эрдэнэ 2014 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Төмөрбаатарын Бат-Амгалантай хуримаа хийж амьдарсан билээ. Түүнээс өмнө Төмөрбаатарын Бат-Амгалантай танилцаж хүү Т.Бат-Эрдэнэ төрсөн. Бид 2 дахь жилдээ гэр бүл болсон. Гэр бүл болоод нэг жил амьдарч байх хугацаандаа төрөөс дэмжлэг болгож 91 толгой малаар малжуулсан, үүнээс урьд нь 90 толгой малтай байсан. Мөн бэлгэнд ирсэн УАЗ-469 машин байсныг хадамд буцааж зарж өөрсдийн хөдөлмөрийн хөлсөөр авсан УАЗ-469 машиныг зарж 35 толгой мал болгож тавьсан. Ингээд нийт 215 толгой малтай болсон. Айл болохдоо гэр авч гэрийн дотор тавилга, 1.000.000 төгрөг нийлүүлж гэрлэсэн. Миний төрсөн ах Тэрбишээс урьд нь мотоцикль авах гэж 150.000 төгрөг авч хэрэглэж байснаа өгөөгүй удаж авах гээд очиход нь зохисгүй авир гаргаж хэрэлдэж маргасан билээ. Үүнээс үүдэж намайг элдэв хэл амаар доромжилж дарамталж чи юутай ирсэн юм гэх жишээний янз янзын хэл амаар доромжилж дарамт үүсгэдэг болсон. Бид нэг жил амьдрахдаа гэрлэлтээ батлуулаагүй байгаа. Тэгээд би ахынхаа араар сууж ирсэн. Тэгээд гэртээ ирж 2 сар болж байтал 9 сард хүүтэйгээ уулзана гэж Т.Бат-Амгалан нь ирсэн, ингээд бид хоёр учраа ололцож, гэртээ очсон. Гэтэл энэ хүн нь 7 хоног амьдраад чиний ааш зан өөрчлөгдсөн байна, тэглээч манайхан намайг талийгаачийнхаа замаар орох гээд байна гэж далим хайж салъя гэж шаардаж, шийдээ гарга гээд байхаар нь чи хүргээд өгчих гэж хэлсэн.  Тэгээд  хүү бид хоёрыг аавынд хүргэж өгсөн. Үүнээс хойш хань, ижил үр хүүхдээ бодолгүй өдий хүрсэн. Иймд энэ хүнтэй амьдарч байхдаа бий болгосон хөрөнгийг зохицуулалт хийж хүүхдийн тэтгэлэгийг олгож өгч гүн туслалцаа үзүүлнэ үү гэжээ.

Нэхэмжлэгч Т.Нандин-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2014 оны 06 дугаар сарын 30-наас 2015 оны 09 дүгээр сар хүртэл хамт амьдарсан. Тэгээд Т.Бат-Амгалан нь 90 толгой малтай ирсэн. Аав нь бэлгэнд УАЗ-469 машин өгсөн. Би өөрөө 1.000.000 төгрөг гаргаад өөрийнхөө тавилгаа бэлдэж очсон. Хүү Б.Бат-Эрдэнэ нь 2013 оны 06 дугаар сарын 02-нд төрсөн. Одоо байгаа 246 толгой мал нь Т.Бат-Амгалан 90 толгой малтай ирсэнээс төр засгаас бид нарын амьдралыг дэмжиж малжуулах төслөөс 91 толгой мал өгсөн. Үлдэгдэл мал нь бэлгэнд өгсөн 469 машинаа буцааж аавдаа зараад тал үнэ нь малаар орж ирсэн. Дахиад Т.Бат-Амгалан нь мустанг 200 мотоциклоороо сольж бас нэг бор ногоон өнгийн УАЗ-469 аваад түүнийгээ зарж 35 толгой мал болгосон. Малжуулахаас өгсөн мал нь энэ жил төлөө өгнө. Т.Бат-Амгалангийн 90 толгой малаас нэг жилийн 30 төл авсан. Одоо би шүүхээс хүүхдийн тэтгэлэг, эд хөрөнгийн маргаан, 75 толгой мал, гэрлэхдээ хэрэглэсэн 1.000.000 төгрөгийг нэхэмжилж байна. Энэ малыг өсгөж үржүүлэхэд миний туслалцаа байсан. Тусдаа гарахад яг 100 толгой мал байгаагүй, бид хоёрын хүүг гарахаас өмнө хадмынд очиж байх хугацаанд 100 малыг тасдаж бэлдсэн байсан. Тэрнээс биш яг тусдаа гарахдаа 90 толгой малтай  л гарсан. Би энэ хүнийг байхгүй байсан хойгуур малыг нь өсгөдөг, хардаг байсан учраас энэ малыг зохих хэмжээнд хувааж өгнө үү гэжээ.

 Хариуцагч Т.Бат-Амгалан шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би Төмөр-Очирын Нандин-Эрдэнэтэй нэг жилийн хугацаанд  буюу 2014 оны 06 дугаар сарын 30-наас 2015 оны 07 дугаар сарын 26-ныг хүртэл хамтран амьдраад энэ хүн буцаж явсан. Миний хуваарьт өмч нь бид хоёр хамтран амьдарч эхлэхэд би өөрөө 100 толгой малтай, нэг мустанг-200 мотоцикл, нэг УАЗ-469 машин, нэг морьтой байсан. Малжуулах төслөөс 2015 оны 07 дугаар сарын 16-ны өдөр 91 толгой малыг Говь-Алтай аймгийн Хөдөлмөрийн хэлтэс нь эргэн төлөгдөх  нөхцөлтэйгээр гэрээ хийж надад хүлээлгэн өгсөн. Би шүүхэд нэхэмжлэл ирсэний дараахан Говь-Алтай аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн н.Баярсайхан даргатай уулзахад Т.Бат-Амгалан чи гэрээ байгуулсан учраас тэр малнаас өнгө, зүснээс нэг ч дутаахгүй надтай тооцоо хийх учиртай гэсэн учир би энэ талаарх нотлох баримтыг хэрэгт хавсаргасан байгаа. 1.000.000 төгрөгийг бол хамтран амьдраад эхлэхдээ оруулсан. Тэр мөнгийг гэр доторхи нэхэмжилж буй үнийг нь бичсэн тавилганд зарсан. Тэдгээр тавилгуудыг бид хоёр хамтран амьдарч байх хугацаандаа тавилга гэрт томдоод байна гээд зараад гурил, будаа, хүүхдийн хувцас хунар, өөрсдийн хувийн хэрэгцээнд зарцуулсан. Хүүхдийн тэтгэлэг дээр татгалзах зүйл байхгүй. Миний хүүхэд мөн учраас би тэтгэлгийг төлнө. УАЗ-469 машиныг бол мустанг-200 мотоциклоороо сольж авсан. Эхний УАЗ-469 нь миний хуваарьт өмчинд ирсэн бөгөөд дараагийн УАЗ-469 машинийг мотоциклоор сольж авсан. Өмнөх УАЗ-469 машинаа зарсан мөнгөө өр, төлбөр болон ахуйн хэрэгцээндээ хамтдаа хэрэглэсэн гэв.

                                                               ҮНДЭСЛЭХ нь:

Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугласан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэгч Т.Нандин-Эрдэнийн нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараас  нэхэмжлэлийн  шаардлагыг  тодорхойлоход нэхэмжлэгч нь хүү 2013 оны 06 дугаар сарын 02-ны өдөр төрсөн хүү Б.Бат-Эрдэнэд хүүхдийн тэтгэлэг тогтоолгож, дундын  өмчлөлийн малнаас 75 толгой мал болон хамтран амьдрахдаа мөнгө нийлүүлж авсан эд хөрөнгийг зарсан мөнгөнөөс 1.000.000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Зохигчдын тайлбараас үзэхэд зохигчид нь 2014 оны 07 дугаар сарын 30-ны өдөр хуримласан боловч гэрлэлтээ бүртгүүлэхгүйгээр хамтран амьдарч байсан болох нь тогтоогдож байна. Энэ тохиолдолд хууль зүйн хувьд гэрлэлт, гэр бүл үүсээгүй гэж үзэх үндэслэлтэй байх тул тэдний харилцаа хамтын амьдралын харилцаатай байна. Энэхүү хамтын амьдралын явцад тэдний дундаас 2013 оны 06 дугаар сарын 02-нд хүү            Б.Бат-Эрдэнэ төрж Т.Бат-Амгалангаар овоглон бүртгэгджээ. Иймд шүүх гэрлэлт цуцлах тухай ойлголт байхгүй бөгөөд шүүх хуульд заасан урьдчилсан арга хэмжээ авах хууль зүйн үндэслэлгүй тул эцэг, эхийн таарамжгүй харилцааны улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй гэж байгаа учир  хүүхдийн асрамж тэтгэлэгийн асуудлыг шийдвэрлэх юм. Хариуцагч хүүхдийн асрамж, тэтгэлэгийн талаар маргаагүй байх тул Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5-д гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн хүмүүсийн дундаас төрсөн хүүхэдтэй адил эрхтэй гэж заасны дагуу хүү Б.Бат-Эрдэнийн асрамжийг нэхэмжлэгчийн шаардлагын дагуу эхэд үлдээж,  тэтгэлэгийг энэ хуульд заасны дагуу шийдвэрлэх үндэслэлтэй.

Иймд Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасныг баримтлан хүүхдийн нас, эцэг эхийн анхаарал халамж, ёс суртахуун, ахуйн нөхцөл бололцоо зэргийг харгалзан Б.Бат-Эрдэнийг эх Т.Нандин-Эрдэнийн асрамжид үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан хэмжээгээр тэтгэлэг тогтоож эцэг Т.Бат-Амгалангаар тэжээн тэтгүүлэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч Т.Нандин-Эрдэнэ нь 75 толгой мал, хуримлахдаа хэрэглэсэн 1.000.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилжээ. Нэхэмжлэгч нэхэмжилсэн 1.000.000 төгрөгийн шаардлагынхаа үндэслэлийг тайлбарлахдаа анх хуримлахдаа гэр, гэрийн эд хогшилыг дундаасаа мөнгө нийлүүлж авсан. Тэдгээрийг авахад зориулж өгсөн 1.000.000 төгрөгийг нэхэмжилж байна гэсэн, хариуцагч энэ нэхэмжлэлийн энэ хэсгийг хариу тайлбарлахдаа гэрийн эд хогшилоо зараад өрөө төлж, идэж уух, хувцас зэрэгтээ хэрэглээд дууссан гэжээ. Дээрх тайлбаруудаас үзэхэд хамтран амьдрахдаа Нандин-Эрдэнэ 1.000.000 төгрөгийг гаргасан болох нь маргаангүй байх ба харин эд хогшилыг зарж борлуулсан мөнгийг хамтын амьдралын хэрэгцээндээ зарцуулсан байна. Тодруулбал дээрх мөнгийг Бат-Амгалан хууль бусаар өмчлөөгүй, эсхүл хадгалаагүй, харин Нандин-Эрдэнэ нь Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.4-т заасны дагуу захиран зарцуулсан буюу Бат-Амгаланд тухайн эд хөрөнгө, түүнийг борлуулсан үнийн хувьд хууль болон гэрээний ямар нэг үүрэг үүсээгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хангах үндэслэлгүй байна гэж үзлээ.

Нэхэмжлэгч Т.Нандин-Эрдэнэ нь хариуцагчаас гэр бүл болж хуримаа хийхэд Т.Бат-Амгалан нь 90 малтай ирсэн, малжуулах төслөөс олгосон 91 мал, УАЗ-469 машин зараад авсан 35 мал, төл 30 мал нийт 246 толгой мал байгаа бөгөөд үүнээс 160 толгой малыг нэхэмжилж байна гэжээ. Зохигчдын дундын хөрөнгө нь хоёр талаас өөрсдийн хөрөнгө болон хөдөлмөрийг хоршиж бий болгосон хууль зүйн утгаараа дундаа хэсгээр өмчлөх эд хөрөнгө гэж үзэхээр байна. Энэ дундын өмчлөлд 246 толгой мал байгаа болох нь Говь-Алтай аймгийн Цогт сумын Засаг даргын 2016 оны 04 дүгээр 27-ны өдрийн 01/332 дугаартай албан бичигт “...тус сумын Баян-Улаан багийн иргэн Төмөрбаатар овогтой Бат-Амгалан нь 2015 оны жилийн эцсийн мал тооллогоор адуу-1, хонь-21, ямаа-224 нийт 246 толгой мал тоолуулсан нь үнэн болно...” гэснээр тогтоогдож байна. Эдгээр малаас 91 толгой мал нь малжуулах төслөөр олгосон мал болох нь малжуулах арга хэмжээний гэрээ болон мал хүлээлцсэн акт, бусад нотлох баримтаар тогтоогдож байна. Ийм учраас 91 толгой малын өмчлөх эрх шилжсэн эсэхийг хууль зүйн хувьд авч үзэхэд Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1-д “Талууд шилжүүлж байгаа эд хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр тухайн эд хөрөнгийг өмчлөх эрх шилжинэ гэж тохиролцсон бол ийнхүү үнийг бүрэн төлснөөр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжинэ” гэж заасны дагуу үзэхэд хэрэгт авагдсан Малжуулах гэрээний 1.4-т “...24 сарын дараах энэ өдөр буюу В тал үйл ажиллагаагаа амжилттай хэрэгжүүлж, эргэн төлөлтийг төлж барагдуулснаар дуусгавар болно” гэж, гэрээний 2.7-д “Гэрээний үүргээ хэрэгжүүлээгүй... тохиолдолд гэрээг цуцлах хүртэл арга хэмжээ авна” гэж тус тус заасан агуулгаас үзэхэд малын үнийг 24 сарын хугацаанд бүрэн төлснөөр өмчлөх эрх шилжихээр байх ба хугацаа 2017 оны 06 дугаар сарын 01-ний өдөр дуусахаар байна. Нийт тогтоогдож байгаа 246 толгой малнаас ийнхүү 91 толгой малын өмчлөл шилжээгүй байх тул түүнийг хуваарилах үндэслэлгүй байна.

Зохигчдын тайлбараар хамтран амьдрахад Бат-Амгалан нь 90 гаруй толгой малтай, өөрт нь бэлэглэлийн дагуу шилжсэн УАЗ-469 машинаа борлуулах замаар тодорхой хэмжээний мал өмчлөлдөө бий болгосон болох нь тогтоогдож байна. Харин Нандин-Эрдэнэ нь малын хувьд 5 толгой хоньтой байсан болох нь мөн тайлбаруудаар тогтоогдож байна. Ингээд 246 толгой малаас 91 толгой мал нь дундаа хамтран болох хэсгээр өмчлөх өмчлөлд шилжээгүй байх тул хасч тооцоход 246-91=155 толгой мал, үүнээс Бат-Амгалангийн өмчлөлд ирсэн 90 толгой малыг хасахад 155-90=65 толгой мал нь тэдний хамтын хөдөлмөр, хэсгийн хөрөнгийн үр шим гэж үзэхээр байна. Иргэний хуулийн 487 дугаар зүйлийн 487.1-д “дундаа хэсгээр өмчлөгчид нь харилцан өөрөөр тохиролцоогүй бол өмчлөгч бүр тэнцүү хэмжээгээр өмчлөх эрхтэй бөгөөд өөрт оногдох хэсэгт ноогдох үр шимийг өмчлөх эрхтэй” гэж заасны дагуу 65 толгой малыг тэнцүү хэмжээгээр хуваарилан эр хонь 3 буюу 390.000 төгрөг, эм хонь 10 буюу 1.000.000 төгрөг, эр ямаа 10 буюу 893.330 төгрөг, эм ямаа 10 буюу 500.000 төгрөг, нийт 33 толгой мал буюу үнэ 2.783.330 төгрөгийг Нандин-Эрдэнэд олгох үндэслэлтэй байна гэж дүгнэв.

  Нэхэмжлэгчийн тодорхойлсон малын үнийн талаар хариуцагчаас ямар нэг маргаан гараагүй тул нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийн үнийн дүнг нэхэмжлэгчийн тодорхойлсон үнээр тооцсон болно.

Шүүх нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх бөгөөд шүүх хуралдааны хэлэлцүүлэг эхлэхээс өмнө нотлох баримт шинээр бүрдүүлэх цуглуулахтай холбоотой хүсэлт байгаа эсэхийг тодруулж, зохигчдын эрхийг хангасан байгааг тэмдэглэх нь зүйтэй байна.

            Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн хүүхдийн тэтгэлэг гаргуулах шаардлага нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс дундын эд хөрөнгө гаргуулах тухай шаардлагад төлсөн тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 114.630 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэгт зааснаар  1 жилийн хугацаанд төлбөл зохих тэтгэлэг 985.200 төгрөгт оногдох улсын тэмдэгтийн хураамж 28.195 төгрөгийг хариуцагчаас гаргуулан улсын орлогод оруулж, эд хөрөнгө гаргуулах шаардлагад ноогдох тэмдэгтийн хураамж 59.478 төгрөгийг хариуцагч Т.Бат-Амгалангаас гаргуулан нэхэмжлэгч Т.Нандин-Эрдэнэд олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.2, 116, 118 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт заасныг үндэслэн 2013 оны 06 дугаар сарын 02-ны өдөр төрсөн хүү Б.Бат-Эрдэнийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож, эцэг Т.Бат-Амгалангаас сар бүр тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлсүгэй.

2.Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1, Иргэний хуулийн 487 дугаар зүйлийн 487.1-д заасныг тус тус үндэслэн эр хонь 3 буюу 390.000 төгрөг, эм хонь 10 буюу 1.000.000 төгрөг, эр ямаа 10 буюу 893.330 төгрөг, эм ямаа 10 буюу 500.000 төгрөг, нийт 33 толгой мал буюу үнэ 2.783.330 төгрөгийг Нандин-Эрдэнэд олгож, нэхэмжлэлээс эд хогшлын үнэ 1.000.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

3.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт зааснаар хүүхдийн тэтгэлэгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх Т.Нандин-Эрдэнэд даалгасугай.

4. Тэтгэлгийг хүүхдийн хэрэгцээнд зарцуулагдаагүй нь тогтоогдвол тэтгэлэг төлөгч Т.Бат-Амгалан нь Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар тэтгэлгийг зориулалтын дагуу зарцуулуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Т.Нандин-Эрдэнэ нь Т.Бат-Амгаланг эцгийн хувьд хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлж, үр хүүхэдтэйгээ уулзахад нь саад болохгүй байхыг дурдсугай.

6. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн хүүхдийн тэтгэлэг гаргуулах шаардлага нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс дундын эд хөрөнгө гаргуулах тухай шаардлагад төлсөн тэмдэгтийн хураамжид төлсөн 114.630 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэгт зааснаар  1 жилийн хугацаанд төлбөл зохих тэтгэлэг 985.200 төгрөгт оногдох улсын тэмдэгтийн хураамж 28.195 төгрөгийг хариуцагчаас гаргуулан улсын орлогод оруулж, эд хөрөнгө гаргуулах шаардлагад ноогдох тэмдэгтийн хураамж 59.478 төгрөгийг хариуцагч Т.Бат-Амгалангаас гаргуулан нэхэмжлэгч Т.Нандин-Эрдэнэд олгосугай.

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид нь шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

    ДАРГАЛАГЧ                         Ц.ҮЙТҮМЭН