Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 214/МА2023/00019

 

“Э******* ББСБ” ХХК-ийн

                                           нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

 

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баярхүү даргалж, Ерөнхий шүүгч Т.Даваасүрэн, Д.Азжаргал нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 132/ШШ2023/00186 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: “Э******* ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ч.Б*******, С.Н******* нарт холбогдох

“зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний үүрэгт 13 042 710 төгрөг гаргуулах” тухай иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Мөнх-Оргилын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн Ерөнхий шүүгч Д.Азжаргалын илтгэснээр иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Мөнх-Оргил, Д.Пүрэвжал,  хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Намжилмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Энхмаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. “Э******* ББСБ" ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: “Зээлдэгч Ч.Б******* болон С.Н******* нар нь 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдөр ЗГ1132130101000062 тоот зээлийн гэрээ байгуулж, улмаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдөр БГ1132130101000062 тоот Үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ байгуулж, Улсын бүртгэлийн Г-..., гэрчилгээний дугаар:... Булган аймаг Булган сум 2-р баг, ........ тоот 1609 м.кв талбайтай газрыг барьцаалж зээл болон барьцааны гэрээг нотариатаар гэрчлүүлэн тус ББСБ-аас 6 сарын хугацаатайгаар 15 000 000 төгрөгийг нэг сарын 1.2 хувийн хүүтэйгээр зээлсэн. Зээлдэгч нар гэрээний үүргээ өнөөдрийг хүртэл хугацаанд зохих ёсоор биелүүлээгүй байна.

Талуудын хооронд байгуулсан гэрээний 4.2.1-т “гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлээгүй үндсэн зээл, зээлийн хүүгийн төлбөрийг хуваарьт хугацаанд төлөөгүй” бол нэг талын санаачилгаар гэрээг цуцлахаар заасан байх бөгөөд хариуцагч нь гэрээний хавсралт №1-д заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчсөн нь гэрээг хугацаанаас өмнө цуцлах үндэслэл бүрдсэн байна. Зээлдэгч нар нь зээлийн үүрэг болох 15 000 000 төгрөгнөөс 4 032 519 төгрөгийг манай байгууллагад төлсөн ба түүнээс хойш үндсэн төлбөрөөс хасалт хийгээгүй.

Иймд үндсэн зээл 10 967 481 төгрөг, хүү 2 075 229 төгрөг, нийт 13 042 710 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү” гэжээ.

 

2. Хариуцагч нар хариу тайлбартаа: Нэхэмжлэгч “Э******* ББСБ” ХХК, хариуцагч Ч.Б*******, С.Н******* бидний хооронд 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн БГ1132130101000062 тоот үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээгээр 15 000 000 /арван тав сая/ төгрөгийг 1.20 хувийн хүүтэй 6 сарын хугацаатай зээлийн гэрээ байгуулсан юм. Нэхэмжлэгч тал нь нэхэмжлэлийн шаардлагадаа гэрээг цуцалж, зээлийн гэрээний үүргийг 10 967 481 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 2 075 229 төгрөг нийт 13041710 төгрөгийг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг биелүүлэх шаардлага гаргаж, эргэн төлөлтийн хуваарь зөрчсөн нь гэрээг хугацаанаас нь өмнө цуцлахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Хариуцагч тал нь корона вирус цар тахал, малын шүлхий өвчин гарснаар манай үйл ажиллагаа зогсож, зээлийг цаг хугацаанд нь төлж чадахгүй болж эрсдэлд орсон юм. Зээлийн хөрөнгөөр бид БНХАУ-аас тоног төхөөрөмж оруулж ирж үйлдвэрлэлийн үйл ажиллагаагаа өргөжүүлэн ашиг олж, зээлийн хүү, зээлээ төлөхөөр төлөвлөж байсан юм. Гэтэл БНХАУ хил гаалиа хааснаар бидний үйл ажиллагаа зогсож, одоо болтол сэргэж чадахгүй байж байна. Мөн нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагадаа гэрээний 2.1.2-т заасан зээлийн үндсэн хүү сарын 1.20 хувь гэж зааснаар хүүгийн төлбөрт 2 075 229 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилжээ. Нэхэмжлэгч тал бидний хооронд Covid-19 өвчин гарахыг урьдчилан тооцоолох боломжгүй байснаас нөхцөл байдал өөрчлөгдөж, мөн тухайн орон нутагт хөл хорио тогтоосноос гэрээнд өөрчлөлт оруулах нөхцөл байдал байгаагүй юм.

Иймд хуульд заасны дагуу гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдал, эсвэл талуудын эрх, хууль ёсны ашиг сонирхолыг хамгаалах үүднээс гэрээний хугацааг үргэлжлүүлэн сунгахыг шаардах боломжгүй нөхцөл байдлыг хүндэтгэн үзэх үндэслэлтэй гэж үзнэ гэж заасан байх тул харгалзан үзэж шийдвэрлэж өгнө үү.

Мөн хуульд заасны дагуу барьцааны хөрөнгө Г-... улсын бүртгэлийн дугаартай хөрөнгө, гэрээний 00204007 дугаартай Булган аймаг Булган сум 2-р баг Хужирт .... байршилтай 1609 м2 талбайтай газрын зориулалттай эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар ирүүлснийг хүлээн зөвшөөрч байна. Үүргийн гүйцэтгэлийг хангуулахад гэрээнд тусгасны дагуу биелүүлэх болно гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ч.Б*******, С.Н******* нараас 10 881 536 /арван сая найман зуун наян нэгэн мянга таван зуун гучин зургаа/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Э******* ББСБ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2 161 174 /хоёр сая нэг зуун жаран нэг мянган нэг зуун далан дөрөв/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 293 364 /хоёр зуун ерэн гурван мянга гурван зуун жаран дөрөв/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч нараас 189 054 /нэг зуун наян есөн  мянга тавин дөрөв/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Э******* ББСБ” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Мөнх-Оргил давж заалдсан гомдолдоо болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116.2-т “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэж заасан шаардлагыг хангахгүй байна. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...Э******* ББСБ” ХХК нь нэхэмжлэгч тал зээлийн гэрээний харилцаа дууссан өдөр буюу шаардах эрх үүссэн 2021 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн зээлдүүлэгч буюу нэхэмжлэгчийн өмнө зээлдэгч болох хариуцагчийн хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхтэй байсан. Энэхүү эрхээ 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хэрэгжүүлсэн нь хариуцагч нараас зээлийн гэрээний харилцаа дууссан өдрөөс хойш 2023 оны 02 дугаар сарыг хүртэлх хугацааны хүү нэхэмжлэх эрхгүй байх тул хүүгийн төлбөр төлөхийг хариуцагчаас шаардах үндэслэлгүй” гэсэн нь хуулийг буруу тайлбарлаж, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн байна.

Иргэний хуулийн 453.1-т “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж заасан бөгөөд талуудын хооронд үүссэн гэрээний үүргийг зохих ёсоор гүйцэтгэх үүрэгтэй гэж зохицуулсан. Мөн Иргэний хуулийн 2.1-т “Иргэний хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ”, 451.3-т “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн үйл ажиллагааг хуулиар зохицуулна” гэж заасан байх ба тухайн асуудлыг нарийвчлан зохицуулсан хууль болох Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20.3-т “Зээлийн гэрээний хугацаа дууссан нь тухайн гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж зааснаар зээлийн гэрээний хугацаа дууссанаар хүү тооцохгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 5.1.6-д “"хүү" гэж гэрээний үндсэн дээр мөнгөн хөрөнгийг ашигласны хариу төлбөр буюу үнийг” хэлнэ гэж заасан байдаг ба мөн хуулийн 21.1-т “Зээлийн хүүг зээлийг ашигласан хугацаагаар тооцно” гэж тусгайлан заасан байна. Үүнээс үзвэл талуудын хооронд байгуулсан гэрээний хугацаа дууссан хэдий ч хүү, нэмэгдүүлсэн хүүг зээлийн гэрээний үүргийг шударгаар, зохих ёсоор биелүүлэх хүртэл хугацаанд тооцохоор байгаа ба шүүхээс хийсэн дүгнэлт нь үндэслэлгүй байна. Энэ төрлийн маргааныг шүүхээр шийдвэрлэх үндсэн жишиг тогтсон бөгөөд тухайн асуудлаар зээлдүүлэгч нь хуулийн хугацаанд нэхэмжлэлийн шаардлагаа гаргасан байх үндсэн нөхцөл байхаас дээрх дүгнэлт шиг “шаардах эрхээ тэр даруй хэрэгжүүлэх ёстой байсан” гэж үзсэн нь энэ төрлийн маргааны жишиг шийдвэрт нийцэхгүй байна.

Түүнчлэн Улсын Дээд шүүхийн 2006 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Иргэний хуулийн 44, 45, 46 дугаар бүлэг, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн зарчим зүйл заалтыг тайлбарлах тухай 53 дугаар тогтоолын 2.2-т “Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 3-т тус тус заасан “үндсэн хүү” гэж зээлийг ашиглавал зохих хугацаагаар зээлдүүлэгчээс тогтоож, зээлдэгч зөвшөөрч гэрээнд заасан хэмжээгээр төлөх хариу төлбөр буюу зээлийн үнийг хэлнэ. Мөн зүйл, заалтын “нэмэгдүүлсэн хүү” гэж зээлдэгч авсан зээлээ гэрээнд заасан хугацаандаа буцааж төлөөгүй тохиолдолд зээлдэгчээр үндсэн хүү дээр нэмж төлүүлэхээр тогтоож, гэрээгээр тодорхойлсон хариуцлагын хэлбэрийг хэлнэ”, 2.4-т “Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д заасан “зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү... төлөх үүрэгтэй” гэдэг нь зээлдэгч гэрээний дагуу авсан зээлээ гэрээнд заасан хугацаандаа буцаан төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд зээлийн төлөгдөөгүй үлдсэн хэмжээнд ногдох хүүг түүний төлөх хүртэл хугацаанд нөхөн төлөхийг хэлнэ. Харин төлөх хугацаа болсон зээлийн өрийг Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-д заасан дарааллын дагуу буюу эхний ээлжид үндсэн зээл, дараа нь хүүг төлүүлнэ” гэж заасанчлан тухайн асуудлаар Монгол Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбарт дурдсанаар анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

Хариуцагчийн зүгээс “...үндсэн зээл 10 967 481 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Харин алдангиас чөлөөлж өгнө үү. Учир нь дэлхийн нийтийг хамарсан ковид-19 цар тахлын улмаас хөл хорио тогтоогдсоноос болж гэрээнд заасан үүргээ биелүүлэх боломжгүй болсон” /хх-34/ зэргээр тайлбарласан байх ба дээрх нөхцөл байдал нь хүүгээс чөлөөлөх үндэслэл биш бөгөөд хариуцагчтай гэрээ байгуулах үед Монгол Улс цар тахлын тусгай горим мөрдөгдөж байсан цаг хугацаа байсан ба гэрээ байгуулснаас хойш нөхцөл байдал өөрчлөгдсөн зүйл үгүй юм.

Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 10.2-т “Энэ хуулийн 10.1-т заасан зээл, хэлцлийн нөхцөл, шаардлагыг Төв банк тогтооно” гэж зааснаар эрсдэл бүхий нөхцөлд үүрэг гүйцэтгэж байгаа төрийн жинхэнэ болон үйлчилгээний албан хаагчдад төрөөс хэрэгжүүлж байгаа орон сууцны ипотекийн зээлийн төлбөрийн үүргийн гүйцэтгэлийг зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийн үлдэгдэл хэмжээг нэмэгдүүлэхгүйгээр хойшлуулах, зээлийн гэрээний хугацааг сунгах тухай асуудлыг тус хуулиар зохицуулснаас биш хэрэглээний зээлд тухайн хязгаарлалт хамаарахгүй юм.

Иймээс Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 132/ШШ2023/00186 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж, хэрэгсэхгүй болгосон хуулийг буруу хэрэглэж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон хэсэгт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагаас хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн зээлийн хүүгийн төлбөр 2 161 174 төгрөгийг нэхэмжлэгчид олгож өгнө үү“ гэв.

 

5. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Намжилмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлтэй гэж үзэж байна. Тухайн зээлийн гэрээг байгуулах үед цар тахал, Булган аймагт малын шүлхий өвчин гарсан байсан. Энэ үйлдвэр нь мах худалдан авч үйлдвэрлэл явуулдаг юм. Зээлийн мөнгөөрөө мах болон тоног төхөөрөмж худалдан авах зориулалттай байсан. Гэтэл цар тахал гарсаны улмаас малчдаас мах авч чадаагүй. Мөн Хятад улсаас тоног төхөөрөмжөө авч чадаагүй. Дэлхий нийтээр цар тахлын нөхцөл байдал үүссэн. Банкууд цар тахлын нөхцөл байдлыг харгалзан зээлийн хүүгээ хасаж байсан. Энэ компанийн үйл ажиллагаа сэргэхэд хүндрэлтэй байсан. Тухайн үед хоорондоо ярилцсан. Хариуцагч нарын зүгээс зээлийн гэрээнд өөрчлөлт оруулъя. Зээлээ төлж чадахгүй байна гэдгээ хэлсэн. Барьцаа хөрөнгө өгье, 2 газар байсан ба газраа 9 000 000 төгрөгөөр үнэлж зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд өгье гэж хэлсэн. Тиймээс анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гэж үзэж байна. Энэ асуудлыг тусгайлсан хуулиар зохицуулсан гэж байна. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд зээлийн гэрээний харилцааг зохицуулсан байдаг. Банк бус санхүүгийн байгууллага, Хадгаламж зээлийн хоршоо, банк ч бай ялгаагүй Иргэний хуулийг барьж зээл олгодог. Тухайн үед уг зээлийг төлөх боломжгүй байсан. Хүндэтгэн үзэх шалтгаан байсан тул зээлийн гэрээний хүүгээс чөлөөлж өгнө үү. Иргэний хуульд оролцогчийн хүсэлтээр зээлийн гэрээний хүүг шүүх шийдвэрлэнэ гэж заасан. Тиймээс анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэйгэв.

 

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлж, зохигчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарлаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан боловч хуулийг зөв тайлбарлан хэрэглэж чадаагүйгээс шүүхийн шийдвэр нь мөн хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна. 

 

2. Нэхэмжлэгч “Э******* ББСБ” ХХК нь “...зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний үүрэгт нийт 13 042 710 /арван гурван сая дөчин хоёр мянга долоон зуун арав/ төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг 2023 оны 2 дугаар сарын 2-ны өдөр анхан шатны шүүхэд гаргасан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид олгосон итгэмжлэлийн дагуу нэхэмжлэлийн шаардлагыг зээлийн гэрээний үүрэгт 10 967 481 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 2 075 229 төгрөг, нийт 13 042 710 төгрөг гаргуулна гэж багасгасан байна.

2а. Хариуцагч нар нь “зээлийн төлбөрийн үлдэгдэл болох 10 967 481 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, хүүний төлбөр болох 2 075 229 төгрөгөөс чөлөөлүүлэх хүсэлтээ гаргадаг. Үндэслэлээ дэлхийн нийтийг хамарсан ковид-19 цар тахлын улмаас хөл хорио болон Булган аймагт малын шүлхий өвчин гарснаас болж гэрээнд заасан үүргээ биелүүлэх боломжгүй болсон” гэж тус тус  тайлбарладаг.

 

3. Зохигчдын хооронд 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдөр барьцаат зээлийн гэрээ байгуулагдаж, зээлдүүлэгч нь 15 000 000 төгрөгийг сарын 1.2 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлдүүлэх, зээлдэгч нар нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээл, зээлийн хүүг төлөх, барьцаанд Г-.... улсын бүртгэлийн дугаартай хөрөнгө, гэрээний 00204007 дугаартай Булган аймаг Булган сум 2-р баг Хужирт ..... байршилтай 1609 м2 талбайтай газрын зориулалттай эд хөрөнгийг бариулахаар харилцан тохиролцжээ. /хх11-17/

3а. Дээрх гэрээгээр нэг талын илэрхийлсэн хүсэл зоригийг нөгөө тал хүлээн авч, гэрээний гол нөхцөлийн талаар тохиролцсон, гэрээг бичгээр байгуулж гарын үсэг зурж баталгаажуулж, эрх бүхий бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн хүчин төгөлдөр гэрээ байна.

3б. Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээ байгуулагдсан, мөн гэрээгээр хүү тохиролцсон нь мөн хуулийн 452 дугаар зүйлийн 452.1 дэх хэсэгт заасантай нийцсэн гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцнэ.

 

4. Зохигчдын хооронд барьцаат зээлийн гэрээ байгуулагдсан, нэхэмжлэгчээс хариуцагчид зээл 15 000 000 төгрөгийг шилжүүлсэн, хариуцагч нараас зээлийн гэрээний үүрэгт 4 032 419 төгрөг төлсөн талаар хэн аль нь маргаагүй.

 

5. Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгалмж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т “зээлдэгч зээлийг зээлийн гэрээнд заасны дагуу төлөөгүй, эсхүл хууль, зээлийн гэрээнд заасан үндэслэлээр зээлдүүлэгчийн нэг талын санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалсан бол зээлийг бүрэн эргүүлэн төлөх хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүү, зээлийн гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлнө” гэж заасны дагуу нэхэмжлэгч шаардах эрхтэй.

5а. Анхан шатны шүүх “нэхэмжлэгч зээлийн гэрээний харилцаа дууссан өдөр буюу шаардах эрх үүссэн 2021 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн зээлдүүлэгч буюу нэхэмжлэгчийн өмнө зээлдэгч болох хариуцагчийн хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхтэй байсан. Энэхүү эрхээ 2023 оны 2 дугаар сарын 2-ны өдөр хэрэгжүүлсэн нь зээлийн гэрээний харилцаа дууссан өдрөөс хойш 2023 оны 2 дугаар сарыг хүртэлх хугацааны хүү нэхэмжлэх эрхгүй байна” гэж дүгнэсэн нь хуульд нийцээгүй байна.

 

5б. Тодруулбал хариуцагч нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй, зээлийн гэрээний хугацаа дууссан ч үндсэн төлбөр болон хүүний төлбөрийг төлөх үүрэгтэй, нэхэмжлэгчийн шаардах эрх нь зээлийг бүрэн төлж барагдуулах хүртэл сунгагдах тул хэтэрсэн хугацааны хүүг шаардах эрхтэй.

 

6. Хариуцагч нар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “үндсэн төлбөр 10 967 481 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн бөгөөд дэлхийн нийтийг хамарсан ковид-19 цар тахлын улмаас хөл хорио тогтоогдсон болон Булган аймагт малын шүлхий өвчин гарснаас гэрээнд заасан үүргээ биелүүлэх боломжгүй болсон тул  зээлийн хүү 2 075 229 төгрөгөөс чөлөөлж өгнө үү” гэдэг боловч Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 141 дүгээр зүйлийн 14.1.1 дэх хэсгийн Барьцаалан зээлдүүлэх газар зээлдэгчтэй байгуулсан зээлийн гэрээний хүүгийн хэмжээг сарын 3 хувиас, алдангийн хэмжээг өдрийн 0.2 хувиас хэтрүүлэхгүй тооцно гэсэн зохицуулалт нь 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөс хэрэгжиж эхэлжээ.

6а. Хариуцагч нар нь Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлын нөхцөл байдлын улмаас хөл хорио тогтоох, бүх нийтийн бэлэн байдлын зэрэг буурч, иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд ажил, амьдралын хэвийн горимдоо шилжсэн үед буюу 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, зээл авсан үйл баримт нь өөрсдийн эрсдлээ тооцож уг зээлийг авсан гэж үзэхээр байна.

6б. Мөн тухайн орон нутагт малын шүлхий өвчин гарсан гэх боловч энэ талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар үүргээ хариуцагч тал биелүүлээгүй гэж үзэх үндэслэл болно.  

7. Иймд хэрэгт нотлох баримтаар авагдсан барьцаат зээлийн гэрээ, хүүгийн тооцоолол, зохигчдын тайлбарт үндэслэн хариуцагч нараас үндсэн төлбөр 10 967 481 төгрөг, зээлийн хүү 2 075 228 төгрөг, нийт 13 042 710 төгрөг  гаргуулж, нэхэмжлэгч “Э******* ББСБ” ХХК-нд олгож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 132/ШШ2023/00188 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг

 “Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ч.Б*******, С.Н******* нараас 10 967 481 /арван сая есөн зуун жаран долоон мянга дөрвөн зуун наян нэг/ төгрөг, зээлийн хүү 2 075 228 /хоёр сая далан таван мянга хоёр зуун хорин найм/ төгрөг, нийт 13 042 710 /арван гурван сая дөчин хоёр мянга / төгрөг  гаргуулж, нэхэмжлэгч Э******* ББСБ” ХХК-д олгосугай.” гэж,

 2 дахь заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 293 364 /хоёр зуун ерэн гурван мянга гурван зуун жаран дөрөв/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч нараас 293 364 /хоёр зуун ерэн гурван мянга гурван зуун жаран дөрөв/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Э******* ББСБ” ХХК-д олгосугай.” гэж тус тус өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжийн төлбөрт урьдчилан төлсөн 49 529 /дөчин есөн мянга таван зуун хорин ес/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

  

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Н.БАЯРХҮҮ

 

 

                                           ШҮҮГЧИД                                  Т.ДАВААСҮРЭН

 

                                                                                     

                                                                                             Д.АЗЖАРГАЛ