| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чойнорын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 105/2019/0130/Э |
| Дугаар | 141 |
| Огноо | 2019-01-18 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ч.Батбаяр |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 01 сарын 18 өдөр
Дугаар 141
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Амуундарь,
улсын яллагч Ч.Батбаяр,
шүүгдэгч Л.Бнарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Л.Б холбогдох эрүүгийн 1906 0009 50054 дугаартай хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Л.Б
Холбогдсон хэргийн талаар:
Л.Бнь 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Нийслэлийн Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Их буурал” төв дотор хохирогч М.Эрдэнэжаргалыг гараараа нүүрэн тус газар нь 1 удаа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Бмэдүүлэхдээ: Байгууллагын шинэ жил болоод хүмүүс маргалдаад байхаар нь салгаж байгаад санамсаргүй цохисон. Манай эгч хохирогчийн хохиролд 1.000.000 төгрөгийг өгсөн. Өөр нэмж хэлэх зүйлгүй гэв.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч М.Эрдэнэжаргалын өгсөн: ...2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр манай ажлын хамт олон Баянзүрх дүүргийн 10 дугаар хороонд байрлах “Их буурал” нэртэй баар караокед шинэ жилээ тэмдэглэсэн юм. Орой 23:00 цаг өнгөрч шинэ жилийн арга хэмжээ дуусч гарах гэж байхад манай компанид хамт ажилладаг мах шулдаг Л.Бгэдэг залуу ширээ тойрч гүйж ирээд үгийн зөрүүгүй миний зүүн талын хамар, нүд хавьд нэг удаа гараараа цохичихоод дээшээ зочид буудалд орчихсон. Миний зүүн талын нүд орчмоос цус гараад байхаар нь манай эхнэр Эрдэнэчмэг түргэн болон цагдаа дуудсан. Барсбаатараас өөр намайг цохисон хүн байхгүй. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Би Л.Б уулзаж бид хоёр хоорондоо учраа олсон...гэх мэдүүлэг /хх-ийн 5-6 дугаар тал/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 388 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:
1. М.Эрдэнэжаргалын биед хамар ясны хугарал, тархи доргилт, зүүн дээд, доод зовхинд шарх, зүүн нүд болон хацар орчмын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна.
4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Шинжээч эмч Б.Даваасүрэн гэх дүгнэлт /хх-ийн 11 дүгээр тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн Л.Б: ...2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр би Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр “Их буурал” гэдэг нэртэй караокед шинэ жилээ тэмдэглэсэн юм. Тэгтэл манай ажлын хүмүүс хоорондоо маргалдаад байхаар нь би салгатал нэг хүн намайг цохичихоод зугтсан. Тэгэхээр нь би араас нь гүйж очоод нэг хүнийг цохичихоод дээд давхарт байдаг зочид буудалд ороод байж байтал Эрдэнэжаргал ах орж ирээд чи яагаад намайг цохиж байгаа юм бэ, би цагдаа дуудчихсан гэж хэлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 20-23 дугаар тал/,
- Шүүгдэгч Л.Б иргэний үнэмлэхний лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 24, 27, 37 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас .Л.Бнь 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Нийслэлийн Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Их буурал” төв дотор хохирогч М.Эрдэнэжаргалыг гараараа нүүрэн тус газар нь 1 удаа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхээр хуульчилсан бөгөөд Л.Бнь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан, мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө хэргийн талаар үнэн зөвөөр мэдүүлсэн, хохирогч хохирол төлбөр нэхэмжлээгүй, шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тул гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн зэргээр хуульд заасан шаардлагыг хангасан байх тул Л.Бхолбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
.Л.Бнь 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Нийслэлийн Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Их буурал” төв дотор хохирогч М.Эрдэнэжаргалыг гараараа нүүрэн тус газар нь 1 удаа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч хохирогч М.Эрдэнэжаргалын болон яллагдагчаар өгсөн Л.Б мэдүүлэг, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 388 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч Л.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.
Хохирогч М.Эрдэнэжаргал нь хохирлын талаарх нотлох баримтыг хавтаст хэрэгт ирүүлээгүй бөгөөд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ хохирогчоор өгсөн мэдүүлэгтээ илэрхийлсэн бөгөөд энэ талаарх хүсэлтээ бичгээр гаргасан байх тул шүүгдэгч Л.Барсбаатарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. /хх-ийн 5-6, 42 дугаар тал/
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Л.Бэрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Шүүгдэгч Л.Бнь хохирогчтой эвлэрсэн, хохирогч М.Эрдэнэжаргал нь гомдол саналгүй гэдгээ бичгээр хүсэлт гаргаж илэрхийлсэн тул Л.Бпрокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Л.Бнь цагдан хоригдсон хоноггүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Л.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Л.Б-г 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Л.Боногдуулсан 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Л.Бнь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
6. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Л.Бурьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.АЛТАНЦЭЦЭГ