Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2023/01167

 

 

 

2023 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2023/01167

 

 

Б.Б-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч Д.Золзаяа, Д.Бямбасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 181/ШШ2023/01073 дугаар шийдвэртэй, Б.Б-ийн нэхэмжлэлтэй А ХХК-д холбогдох 60,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Бямбасүрэн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Минжээ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Миний бие 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдөр А ХХК-тай №ЗГ20**/** тоот зээлийн гэрээ байгуулж, 60,000,000 төгрөгийг, сарын 5 хувийн хүүтэй, нэмэгдүүлсэн хүү зээлийн үндсэн хүүгийн 20 хувь байхаар харилцан тохиролцож, 3 сарын хугацаатай, гүйцэтгээгүй үүргийг **-** У** улсын дугаартай Ford F-150 0 маркийн автомашинаар хангуулахаар тохиролцон БГ/20**/** тоот барьцааны гэрээг байгуулсан. Уг гэрээгээр Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт заасны дагуу худалдан борлуулах буюу захиран зарцуулах эрхийг нь шууд шилжүүлэх зорилгогүй байсан. Зээлийн гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй тохиолдолд барьцааны зүйлээр гүйцэтгээгүй үүргийг хангуулахаар худалдан борлуулах эрхтэй гэж ойлгож гэрээг байгуулсан. 2019 оны 08 дугаар сарын 25-ны өдөр үндсэн зээлд 27,600,000 төгрөг, зээлийн хүүнд 2,400,000 төгрөг төлж барагдуулсан бөгөөд түүнээс хойш цаг үеийн байдалтай холбоотойгоор эрхэлж буй бизнес зогсонги байдалд орж зээлээ төлөх боломжгүй болсон.

2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр А ХХК нь шүүхэд зээлийн үлдэгдэл 32,400,000 төгрөг, зээлийн хүү 27,918,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5,583,600 төгрөг нийт 65,901,600 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаанд тавьсан автомашинаар хангуулах тухай нэхэмжлэл гаргаж 2021 оны 04 дүгээр сарын 09-ны өдрийн Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 182/ШШ2021/00834 дугаартай шийдвэрээр зээлийн гэрээний үүрэгт 64,799,398 төгрөг гаргуулж, хариуцагч үүргээ биелүүлээгүй бол барьцааны зүйл болох **-** У** улсын дугаартай, Ford F-150 0 маркийн автомашины үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах шийдвэр гарсан, 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 968 дугаартай магадлалаар шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэн, хуулийн хүчин төгөлдөр болсон. Тухайн үед Б.Б нь тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах БГ/2019/66 тоот барьцааны гэрээнд заасан **-** У**улсын дугаартай Ford F-150 0 маркийн автомашинтай холбоотой сөрөг нэхэмжлэл болон шаардлага гаргаагүй тул уг асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа болно.

Мөн Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалын үндэслэх хэсэгт ... нэхэмжлэгчид барьцааны зүйлийг захиран зарцуулах эрх хууль болон гэрээгээр олгогдсон нь түүний хүлээх үүрэг бус харин хариуцагч нь зээлийн гэрээний үүргийг биелүүлэх үүрэгтэй тул..." гэж дурджээ. Энэ нь зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүргийг барьцааны зүйлээр хангуулах үүргийг Б.Б хүлээж байгааг харуулж байгаа байх тул шүүхийн шийдвэрийг биелүүлж, барьцааны зүйлийг худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар А ХХК-д хандсан боловч автомашиныг надад өгөөгүй, мөн автомашиныг гуравдагч этгээдэд шилжүүлсэн, худалдан борлуулсан байх тул барьцааны гэрээгээр харилцан тохиролцсон 60,000,000 төгрөгийг А ХХК-аас гаргуулж, нэхэмжлэлийг ханган шийдвэрлэж өгнө үү. Банк бус санхүүгийн байгууллага машиныг 60,000,000 төгрөгөөр худалдан борлуулах эрхтэй байсан ч эрхээ хэрэгжүүлээгүй. Шүүхээс барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэр 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр, давж заалдах шатны шүүхийн магадлал 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдөр гарсан. Шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болоогүй байхад худалдан борлуулсан байна гэжээ.

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Б.Б нь 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн ЗГ/2019/66 тоот зээлийн гэрээ байгуулж, 60,000,000 төгрөгийг, сарын 5 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай зээлийг харилцан тохиролцож, барьцаанд **-**У**улсын дугаартай Ford F-150 0 маркийн автомашиныг барьцаалж зээл авсан.

Нэхэмжлэгч нь **-**У**улсын дугаартай Ford F-150 0 маркийн автомашин гаргуулах эсвэл 60,000,000 төгрөг гаргуулах гэж байгаа нь тодорхойгүй байна. Нэхэмжлэлд дурдсан үйл баримт, маргаж буй маргааны зүйлийн талаар хуулийн хүчин төгөлдөр Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 09-ны өдрийн 182/ШШ2021/00834 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 968 дугаар магадлал, 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 182/Ш32021/07567 дугаартай шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамж, 182/ГХ2021/00532 дугаартай гүйцэтгэх хуудас тус тус авагдсан бөгөөд шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байна.

Мөн зээлдэгч Б.Б зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, зээлдүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хохироож, зээлдүүлэгчийн удаа дараагийн хууль ёсны шаардлагыг биелүүлэхгүй байсан тул зээлийн болон барьцааны гэрээ, Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.2 дахь хэсэгт заасны дагуу барьцааны зүйлийг үл маргах журмаар гэрээний хугацаа дуусмагц өөрийн өмчлөлийн **-**У** улсын дугаартай Ford F-150 0 маркийн автомашины захиран зарцуулах эрх нь шууд зээлдүүлэгчид үүснэ гэж хуульчилсан байна.

Хуульд зааснаар бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж заасан. Бид Б.Б-ийн өмчлөлийн эд зүйлийг худалдан борлуулаагүй, гэм хорын хохирол учруулсан зүйл байхгүй. Гэм хорын хохиролд 60,000,000 төгрөг гаргуулах асуудал хууль зүйн үндэслэлгүй. Төлбөрийг төлж барагдуулаагүй бол автомашиныг худалдан борлуулна гэж мэдэгдсэн. Иймд нэхэмжлэгчийн хууль бус нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 3. Иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийн агуулга: Санхүүгийн байгууллага нь 60,000,000 төгрөгөөр зараагүй тул зөрүүг нэхэмжлэгч талд өгөх хэрэгтэй гэж үзэж байна гэжээ.

 4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч А ХХК-иас нийт 25,000,000 /хорин таван сая/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Б-д олгож, үлдсэн 35,000,000/гучин таван сая/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Б.Б-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 457,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 282,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Б-д олгож шийдвэрлэжээ.

 5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

5.1. Зээлийн гэрээтэй холбоотой асуудал, нэхэмжлэлд дурдсан үйл баримт, маргаж буй маргааны зүйлийн талаар хуулийн хүчин төгөлдөр Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 09-ны өдрийн 182/ШШ2021/00834 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 968 дугаар магадлал, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 182/Ш32021/07567 дугаар шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамж, 182/ГХ2021/00532 дугаар гүйцэтгэх хуудас байгаа бөгөөд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6, 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт тус тус заасныг анхан шатны шүүх хэрэглэхгүй, хуулийг буруу тайлбарлан, хэрэглэж, хариуцагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг хохироож байгаад гомдолтой байна.

5.2. Нэхэмжлэгч Б.Б нь 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 3Г/2019/66 дугаартай зээлийн болон барьцааны гэрээний дагуу хариуцагчаас **-**У**улсын дугаартай Ford F-150 0 маркийн автомашиныг гаргуулах, эсвэл 60,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байхад анхан шатны шүүх нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад дурдагдаагүй гэм хорын хохирол гэж буруу дүгнэлт хийж хуулийг буруу тайлбарлаж, хэрэглэж нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд асуудлыг шийдвэрлээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн.

5.3. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар Б.Бд ямар гэм хорын хохирол учирсан нь тодорхойгүй, Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-ын 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 388 дугаартай албан бичигт **-**У** улсын дугаартай Ford F-150 0 маркийн автомашин нь нэхэмжлэгч Б.Б-ийн эзэмшил, өмчлөлд бүртгэлгүй байсан нь тогтоогдож байхад анхан шатны шүүх нь хэрэгт авагдсан нотлох баримтыг дутуу шинжлэн судалж, буруу үнэлж, хууль бус дүгнэлт хийсэн. Иймд шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 6. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: А ХХК, Б.Б нарын хооронд зээлийн харилцаа байсан. Тухайн үед зээлийн төлбөрийг гэрээнд заасны дагуу төлөөгүй. Харин маргааны зүйл нь тусдаа асуудал юм. А ХХК шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болоогүй байхад, **-**У**улсын дугаартай Ford F-150 0 маркийн автомашиныг 35,000,000 төгрөгөөр худалдсан.

Шүүх нэхэмжлэгч талыг нэхэмжлэлийн шаардлагыг тодруулахыг хөтөлсөн зүйл байхгүй, шүүх хуралдааны тэмдэглэлд тодорхой тусгасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн тул хариуцагчид гардуулж, тайлбар гаргах, мөн тус хэргийг бүрэлдэхүүнтэй шийдвэрлэх тул шүүх хуралдааныг хойшлуулсан. Мөн шүүх нотлох баримтыг буруу үнэлээгүй, үндэслэл бүхий шийдвэр гаргасан гэв.

 ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээв.

2. Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч А ХХК-д холбогдуулан 60,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан байна.

 Нэхэмжлэгч нь шаардлагын үндэслэлээ А ХХК-тай зээлийн гэрээ байгуулж, 60,000,000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, нэмэгдүүлсэн хүү зээлийн үндсэн хүүгийн 20 хувь байхаар харилцан тохиролцож 3 сарын хугацаатайгаар зээлдэн, зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүргийг **-**У** улсын дугаартай "Ford F-150 0 маркийн автомашинаар хангуулахаар тохиролцон автомашиныг 60,000,000 төгрөгөөр үнэлэн барьцааны гэрээг байгуулсан. Шүүхийн шийдвэрээр зээлийн гэрээний үүрэгт 64,799,398 төгрөг гаргуулж, автомашины үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Шийдвэр хүчин төгөлдөр болоогүй байхад автомашиныг худалдан борлуулсан байх тул барьцааны гэрээгээр харилцан тохиролцсон үнэ болох 60,000,000 төгрөгийг А ХХК-аас гаргуулж өгнө үү гэж тайлбарласан.

Хариуцагч нь нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй үндэслэлээ Нэхэмжлэлд дурдсан үйл баримт, маргаж буй маргааны зүйлийн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа бөгөөд шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байна. Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байсан тул барьцааны зүйлийг захиран зарцуулах эрх нь зээлдүүлэгчид үүснэ гэж тайлбарласан байна.

3. Хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогджээ.

3.1. Зохигчийн хооронд байгуулагдсан 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн ЗГ/2019/66 дугаартай зээлийн гэрээгээр нэхэмжлэгч нь 60,000,000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай зээлсэн, мөн өдрийн БГ/2019/66 дугаар барьцааны гэрээгээр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар **-**У**улсын дугаартай "Ford F-150 0 маркийн автомашиныг барьцаалсан.

3.2. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 182/ШШ2021/00834 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 968 дугаар магадлалаар Б.Б-ээс 64,799,398 төгрөгийг гаргуулж "А" ХХК-д олгож, үүргээ биелүүлээгүй бол барьцааны зүйл болох **-**У**улсын дугаартай "Ford F-150 0 маркийн автомашины үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэсэн байна.

3.3. "А" ХХК нь **-**У**улсын дугаартай "Ford F-150 0 маркийн автомашиныг иргэн Ц.Эрдэнэ-Очирт 35,000,000 төгрөгөөр 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдөр худалдан борлуулсан.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлыг дор дурдсан үндэслэлээр хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

4.1. Дээрх шүүхийн шийдвэр гарснаар зохигчийн хооронд үүссэн зээлийн болон барьцааны гэрээний харилцаа дуусгавар болсон байна. Шүүх барьцааны зүйлээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасан шийдвэр гаргасан нь иргэний эрх зүйн харилцааг үүсгэх хууль зүйн факт болно. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.2-т зааснаар шүүхийн шийдвэрийн үндсэн дээр иргэний эрх зүйн өөр харилцаа үүссэн гэж үзнэ. Иймд нэхэмжлэлд дурдсан үйл баримт, маргааны зүйлийн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байхад шүүх хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлээгүй гэх гомдол үндэслэлгүй.

4.2. Хариуцагч нь барьцааны зүйлийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан дуудлага худалдаагаар худалдах журмын дагуу худалдаагүй байх ба зохигчийн хооронд байгуулагдсан барьцааны гэрээний 2.1-д барьцааны зүйлийн албадан борлуулах үнэ 60,000,000 төгрөг гэж зааснаас үзэхэд хариуцагч нь барьцааны гэрээнд заасан үнээс бага үнээр гуравдагч этгээдэд худалдан борлуулсан гэх нэхэмжлэгчийн нэхэмжлэл үндэслэлтэй байна.

Иймд Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй гэж үзэж, хохирлыг 25,000,000 төгрөгөөр тооцож хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэхдээ анхан шатны шүүх үүргийн эрх зүйн зохицуулалтыг зөв хэрэглэсэн, дүгнэлт нь хуульд нийцжээ. Иймд нэхэмжлэгчид хохирол учирсан нь тодорхойгүй, шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэх гомдол үндэслэлгүй.

5. Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч дүгнэлтдээ, хариуцагчаас автотээврийн хэрэгслийн үнийн зөрүүг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалд нийцсэн, үндэслэл бүхий болсон гэж давж заалдах шатны шүүх үзэв.

6. Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 181/ШШ2023/01073 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 282,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ

 ШҮҮГЧИД Д.ЗОЛЗАЯА

 Д.БЯМБАСҮРЭН