| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чойнорын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 105/2019/0155/Э |
| Дугаар | 164 |
| Огноо | 2019-01-22 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Оюунтунгалаг |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 01 сарын 22 өдөр
Дугаар 164
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Амуундарь,
улсын яллагч Э.Оюунтунгалаг,
шүүгдэгч М.Б,
хохирогч Б.Энхжаргал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Б холбогдох эрүүгийн 1906 0001 20133 дугаартай хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, М.Б
Холбогдсон хэргийн талаар:
М.Б нь 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах нийтийн байрны 3 тоотод оршин суух гэртээ хамтран амьдрагч Б.Энхжаргалыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Б мэдүүлэхдээ: 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр манай байгууллага шинэ жилээ тэмдэглээд шөнө орж ирсэн чинь хэрүүл хийгээд байхаар нь тэвчихгүй цохисон. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Энхжаргал мэдүүлэхдээ: Би буруугаар ойлгож хэрүүл маргаан өдөж, тэвчээргүй байдал гаргаснаас ийм байдалд хүрлээ. Надад нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй гэв.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.Энхжаргалын өгсөн: ...Тухайн өдрийн үүрээр 04 цагийн орчим М.Б орж ирсэн. Ингээд хувцасаа тайлахад хүзүү нь улайчихсан байхаар нь хаачаад ирж байгаа юм хүзүү чинь яачихсан юм гээд хүзүү рүү нь гараараа цохиод мөн хөлөөрөө өшиглөсөн. Тэгтэл М.Б намайг нүүр толгой руу гараараа маш олон удаа цохисон. Газар би унатал миний хүзүү рүү өшиглөсөн. Хажуу айлын хүмүүс орж ирэхэд больсон. Мөн манай гэрт нөхрийн найз Тэмүүжин байсан боловч салгаагүй орж гараад яваад байсан. Би найз охин Отгонзааяа руу зодуулахаасаа өмнө залгачихсан байсан гэтэл ирэхээс нь өмнө намайг зодсон...гэх мэдүүлэг /хх-ийн 16-18 дугаар тал/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 202 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:
1. Б.Энхжаргалын биед зүүн зовхи, хамар, баруун хацар, оочинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэнэ.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй. Шинжээч эмч О.Болороо гэх дүгнэлт /хх-ийн 21 дүгээр тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад шинжээч эмч О.Болороогийн өгсөн: ...Ооч гэдэг нь эрүүний урд хэсгийг нэрлэж байгаа юм. Баруун хацар дангаараа хөнгөн, зүүн зовхи, хамарт учирсан гэмтэл мөн хөнгөн, оочинд учирсан гэмтэл гэмтлийн зэрэгт хамаарахгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 26-27 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн М.Б: ...Унтаж байхад хэрүүл хийгээд байхаар нь уучихсан байсан уурандаа нэг алгадаад өшиглөсөн шиг санагдаад байгаа. Хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байгаа дахин гэмт хэрэг зөрчил үйлдэхгүй, хурдан шуурхай шийдүүлмээр байна...гэх мэдүүлэг /хх-ийн 34-35 дугаар тал/,
- Шүүгдэгч М.Б иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 36, 37 дугаар тал/,
- Аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-ийн 38-39 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас М.Б2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Нийтийн байрны 3 тоотод оршин суух гэртээ хамтран амьдрагч Б.Энхжаргалыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхээр хуульчилсан бөгөөд М.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан, мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө хэргийн талаар үнэн зөвөөр мэдүүлсэн, хохирогч хохирол төлбөр нэхэмжлээгүй, шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тул гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн зэргээр хуульд заасан шаардлагыг хангасан байх тул М.Бд холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
М.Б нь 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Нийтийн байрны 3 тоотод оршин суух гэртээ хамтран амьдрагч Б.Энхжаргалыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Б.Энхжаргалын мэдүүлэг, шинжээчийн 202 дугаартай дүгнэлт, яллагдагчаар өгсөн М.Б мэдүүлэг зэрэг бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч М.Бхүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.
Хохирогч Б.Энхжаргал хохирлын талаарх нотлох баримтыг хавтаст хэрэгт ирүүлээгүй бөгөөд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ хохирогчоор өгсөн мэдүүлэгтээ илэрхийлсэн байх тул шүүгдэгч М.Ббусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. /хх-ийн 16-18 дугаар тал/
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч М.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Шүүгдэгч М.Б нь хохирогчтой эвлэрсэн, хохирогч Б.Энхжаргал гомдол саналгүй гэдгээ бичгээр хүсэлт гаргаж илэрхийлсэн тул М.Бд прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч М.Б нь цагдан хоригдсон хоноггүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. М.Б хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.Б 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар М.Бд оногдуулсан 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, М.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
6. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол М.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.АЛТАНЦЭЦЭГ