Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 1348

 

“Х” ХЗХ-ны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

            Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ш.Оюунханд, ХХХ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

            Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 

            2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 102/ШШ2016/03337 дугаар шийдвэртэй,

 

            Нэхэмжлэгч “Х” ХЗХ-ны нэхэмжлэлтэй,

            Хариуцагч ХХд холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 44 674 100 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг

  

            Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч ХХХын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд

нэхэмжлэгчийн өмгөөлөгч ХХХХ,

хариуцагч ХХ,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Маралмаа нар оролцов.

 

Нэхэмжлэгч “Х” ХЗХ-ны нэхэмжлэлийн шаардлагад:

Тус хоршоо ХХгийн хүсэлтээр гишүүнээр элсүүлж холбогдох хууль, дүрмийн дагуу улсын бүртгэлийн албанд бүртгүүлсэн ба улмаар 2010 оны 6 дугаар сарын 30-ны өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулан 3 500 000 төгрөг, сарын 3,5 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлдүүлэн ХХХХХХХХ дүүргийн ХХ дүгээр хороо ХХ дүгээр хороолол, ХХХХХХХХ байрны ХХ тоотод байрлах үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан боловч үндсэн зээл болон зээлийн хүү төлөхгүй байсаар хугацаа нь 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдөр дууссан. Иймд зээлийн үндсэн төлбөрт 30 000 000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 8 960 000 төгрөг, нэмэгдсэн хүүгийн төлбөрт 1 680 000 төгрөг, нотариатын үйлчилгээний хөлс 34 100 төгрөг, өмгөөллийн үйлчилгээний хөлс 4 000 000 төгрөг, нийт 44 674 100 төгрөгийг гаргуулж өгнө үү. ХХХХХХХХ дүүргийн ХХ дүгээр хороо ХХ дүгээр хороолол, ХХХХХХХХ байрны ХХ тоотод байрлах үл хөдлөх хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүсэж байна гэжээ.

 

Хариуцагч ХХгийн тайлбарт:

ХХ 2010 оны 6 дугаар сарын 30-ны өдөр нэхэмжлэгч байгууллагатай зээлийн гэрээ байгуулж, зээлийн барьцаанд ХХХХХХХХ дүүргийн ХХ дүгээр хороо ХХ дүгээр хороолол, ХХХХХХХХ байрны ХХ тоот 3 өрөө орон сууцыг барьцаалж, 12 удаа зээл авсан, 6 удаа зээлийн гэрээг сунгаж 30 000 000 төгрөгийн зээл авсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Зээлийн гэрээг хамгийн сүүлд 2014 оны 1 дүгээр сарын 02-ны өдөр сунгалтын гэрээгээр өмнө нь авч байсан зээл, зээлийн хүүгээ баталгаажуулаад шинээр гэрээ байгуулсан ба сунгалтын гэрээний 4 дүгээр зүйлд эхэлсэн хугацааг 2013 оны 12 дугаар сарын 30-ны өдөр, дуусах хугацааг 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдөр гэж бичсэн байгаа бөгөөд зээлдэгчийн үндсэн зээл 30 000 000 төгрөг, зээлийн хүү 10 080 000 төгрөг нийт 40 080 000 төгрөгийг 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдөр төлж барагдуулахаар гэрээ байгуулсан. Энэ гэрээгээр өмнөх 12 удаагийн зээл, 6 удаагийн сунгалтыг хүлээн зөвшөөрч баталгаажуулсан. Хэрэгт авагдсан нэхэмжлэгч “Х” ХЗХ-оос гаргаж өгсөн зээлийн эргэн төлөлтийн хуваарьт зээлийн хүүнд 9 244 000 төгрөг төлсөн гэсэн байна. Тиймээс үндсэн хүүгийн 10 080 000 төгрөгөөс дээр төлөгдсөн мөнгийг хасч 836 000 төгрөгийн зээлийн хүүгийн үлдэгдэл байх тул үүний 20 хувь буюу 167 200 төгрөгийн нэмэгдүүлсэн хүү төлөхөөр байна. Үндсэн зээлийн 30 000 000 төгрөгөөс 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн гэрээнээс хойш төлсөн 3 636 000 төгрөгийг хасаад үлдэгдэл 26 364 000 төгрөг, үндсэн хүүгийн 836 000 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн 167 000 төгрөг, нотариатын зардлын 34 100 төгрөг, нийт 27 401 100 төгрөгийг зөвшөөрч байна, Өмгөөлөгчийн хөлс болон үлдсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар хариуцагч ХХ-аас 28 674 100 төгрөгийг гаргуулан “Х” Хадгаламж Зээлийн Хоршоонд олгож, үлдсэн 16 000 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 381 322 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ХХгаас 301 320 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч байгууллагад олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч “Х” ХЗХ давж заалдах гомдолдоо:

Анхан шатны шүүхийн шийдвэр нь ИХШХШТХ-ийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй гарсан.

ХХгийн авсан зээлтэй холбоотой үндсэн зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тооцоог нэг бүрчлэн хүснэгтэд оруулж шүүхэд гаргаж өгсөн. Шүүх хуралдаанд ч түүнийг тайлбарлан бичмэл баримтыг шинжлэх үед уншуулсаар байхад, шүүх шийдвэрийнхээ үндэслэл хэсэгт "... зээлийн сунгалтын гэрээнд зээлийн хүүг хэдэн хувиар тооцсон талаар тодорхой дурдаагүй, мөн нэмэгдүүсэн хүүгийн талаар тохироогүй байна" гэж бичсэн байна. Гишүүнийхээ боломжийг судлаад 2011 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 99/09 тоот зээлийн нэмэлт гэрээгээр сарын хүүг 2,8 хувь болгон бууруулсан. Энэ баримт бас л хэрэгт байгаа.

Нэмэгдүүлсэн хүүгийн талаарх Иргэний хуулийн 452, 453 дугаар зүйлд заасантай нийцүүлэн бодож мөн гэрээнд бичигдсэн байгаа. Төлөгдөөгүй зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг нэхэмжилсэн. Төлөгдсөн 3 636 000 төгрөг нь нэхэмжлэл гаргахаас өмнө төлөгдсөн зээлийн хүүг үндсэн зээл төлөгдсөн гэж тооцож байгаад нь гомдолтой байна. Мөн ХХгийн өмнө нь төлж байсан зээлийн хүү 10 080 000 төгрөгийг нэхэмжилсэн мөнгөнд оруулан тооцжээ. Төлөгдөөгүй хугацааны үүргийг л нэхэмжилсэн байхад өмнө нь төлсөн хүүг тооцоонд оруулан манай хоршоог хохироож байна.

Үндсэн зээл 30 000 000 төгрөгөөс бага 28 674 100 төгрөг манай хоршоонд олгуулахаар шийдвэрлэсэнтэй санал нийлэхгүй байна. Зээлдүүлэгч үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү гэсэн гурван зүйлийн мөнгө нэхэж байгаа. Иймд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 3337 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

           Анхан шатны шүүх зээлийн маргаантай холбоотой нэхэмжлэлийг үндэслэлтэй шийдвэрлэсэн боловч хууль хэрэглээний хувьд алдаа гаргасныг залруулж шийдвэрт өөрчлөлт оруулах шаардлагатай байна.

 

Нэхэмжлэгч “Х” Хадгаламж зээлийн хоршоо нь хариуцагч ХХд холбогдуулан зээлийн үндсэн төлбөрт 30 000 000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 8 960 000 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 1 680 000 төгрөг, нотариатын үйлчилгээний хөлс 34 100 төгрөг, өмгөөллийн үйлчилгээний хөлс 4 000 000 төгрөг, нийт 44 674 100 төгрөг гаргуулан, зээлийн барьцаа хөрөнгө болох ХХХХХХХХ дүүргийн ХХ дүгээр хороо ХХ дүгээр хороолол, ХХХХХХХХ байрны ХХ тоотод байрлах үл хөдлөх хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжилжээ.  

 

“Х” Хадгаламж зээлийн хоршоо нь ХХгийн өмчлөлийн ХХХХХХХХ дүүргийн ХХ дүгээр хороо ХХ дүгээр хороолол, ХХХХХХХХ байрны ХХ тоот 3 өрөө орон сууцыг барьцаалан ХХд 2010 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 3 500 000 төгрөг 6 сарын хугацаатай, сар тутамд 3.5 хувийн хүүтэй зээлдүүлсэн байх бөгөөд талууд уг гэрээг үндэслэн 2010 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 700 000 төгрөг, 2010 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 8 000 000 төгрөг, 2011 оны 2 дугаар сарын 16-ны өдөр 2 500 000 төгрөг, 2011 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 16 920 000 төгрөг тус тус нэмж  зээлдүүлэн гэрээний хугацааг нь 2010 оны 12 дугаар сарын 21, 2011 оны 6 дугаар сарын 27, 2011 оны 12 дугаар сарын 30, 2012 оны 8 дугаар сарын 01, 2012 оны 12 дугаар сарын 28-ны өдрүүдэд сунгаж, 2014 оны 1 дүгээр сарын 02-ны өдөр гэрээний үүргийг тооцсон, энэ талаар талууд маргаагүй байх бөгөөд Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасан гэрээний эрх чөлөөний зарчмын хүрээнд гэрээг байгуулсан байна.

 

Зохигчдын мөнгөн хөрөнгө хүүтэй зээлдүүлэх, гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс хүлээх хариуцлагын талаар тохиролцсон зээл, барьцааны гэрээ, гэрээний хугацаа сунгах болон нэмэлт гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2-т заасан барьцааны гэрээг бичгээр байгуулж, үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх, мөн хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2 дахь хэсэгт зааснаар эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, түүний хүүг буцаан төлөх үүргийг хүлээх агуулгыг тохиролцсон байх тул шүүх үндсэн гэрээний үүрэг болон барьцааны гэрээний эрхийн талаар үндэслэлтэй дүгнэлт хийжээ.

 

Талууд 2014 оны 1 дүгээр сарын 02-ны өдөр гэрээний үүргийг тооцож хариуцагч тал үндсэн зээл 30 000 000 төгрөг, зээлийн хүүд 10 080 000 төгрөг, нийт 40 080 000 төгрөгийг 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдөр төлөхөөр зээлийн сунгалтын гэрээ байгуулсан нь хэргийн 40 дүгээр талд авагдсан байх бөгөөд уг гэрээнд үндэслэн хариуцагчийн хүлээх үүргийг шүүхээс тодорхойлсон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журамд нийцсэн байна.

 

            Дээрх гэрээний агуулгаас үзэхэд зохигчид зээлдэгчийн өмнө нь авсан зээлийн дүнг нэгтгэн, хүүг гэрээ сунгасан хугацаагаар тооцоолон нийт гүйцэтгэх үүргийг 40 080 000 төгрөг гэж тодорхойлоод үүрэг гүйцэтгэх хугацааг 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдөр гэж тогтоосон, гэрээний агуулгыг гэрээнд заасан үгийн шууд утгаар тодорхойлох боломжтой тул шүүхийн энэ талаар хийсэн дүгнэлт Иргэний хуулийн 198 дүгээр зүйлийн 198.1 дэх хэсэгтэй нийцжээ.

 

Хэргийн 6-8 дугаар тал дахь хариуцагчийн зээл, зээлийн хүүд төлсөн тооцооллын талаарх нэхэмжлэгчийн гаргаж өгсөн хүснэгтээс үзэхэд хариуцагч нь үндсэн зээлд 1 620 000 төгрөг, зээлийн хүүд 39 985 000 төгрөг төлсөн байх бөгөөд үүнээс 2014 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийн сунгалтын гэрээнээс хойш төлөгдсөн 3 636 000 төгрөгийг шүүх үндсэн зээлээс хасч, төлөгдөөгүй байгаа үндсэн зээлийн дүнд 26 364 000 төгрөг, хариуцагчийн  зээлийн хүүд төлсөн 7 804 000 төгрөгийг хасч, 2 276 000 төгрөгийн зээлийн хүүг нотариатын хөлс 34 100 төгрөгийн хамт нийт 28 674 100 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт нийцсэн зөв байна.  

   

            Нэхэмжлэгчийн өмгөөлөгчид төлсөн 4 000 000 төгрөгийн зардал нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасан гэрээний үүрэг зөрчсөнөөс үүссэн шууд хохирол, зайлшгүй зардал биш тул шүүх холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй боловч хууль зүйн үндэслэлийг шийдвэрийн тогтоох хэсэгт заагаагүй байгааг залруулах шаардлагатай.

  

Шүүх барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлээгүй орхигдуулсан байх тул Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ХХ нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд ХХХХХХХХ дүүргийн ХХ дүгээр хороо ХХ дүгээр хороолол, ХХХХХХХХ байрны ХХ тоот орон сууцыг албадан дуудлага худалдаанд оруулж үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхийн шийдвэрт нэмэлт өөрчлөлт оруулах нь зүйтэй.

 

           Дээр дурьдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулахаар давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 102/ШШ2016/03337 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1” гэж нэмж,

шийдвэрийн тогтоох хэсэгт 2 дахь заалт болгон “Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ХХ нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд ХХХХХХХХ дүүргийн ХХ дүгээр хороо ХХ дүгээр хороолол, ХХХХХХХХ байрны ХХ тоот орон сууцыг албадан дуудлага худалдаанд оруулж үүргийн гүйцэтгэлийг хангасугай” гэж нэмж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 237 950 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

             3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

 

                            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                          ШҮҮГЧИД                                      Ш.ОЮУНХАНД

 

                                                                                                   ХХХ