Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 221/МА2019/0226

 

2019 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 221/МА2019/0226

Улаанбаатар хот

Б.Б-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Тунгалагсайхан даргалж, шүүгч Э.Лхагвасүрэн, шүүгч Ц.Сайхантуяа нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Адилмаа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Б, гуравдагч этгээд А.Ж, түүний өмгөөлөгч А.К нарыг оролцуулан, Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 110/ШШ2019/0012 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу Б.Б-ийн нэхэмжлэлтэй, Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөл, тус салбар зөвлөлийн 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 60 дугаар тогтоолоор байгуулсан төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах комисст холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Сайхантуяагийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 110/ШШ2019/0012 дугаар шийдвэрээр: “Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.4, 10 дугаар зүйлийн 10.1 дэх заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Б-ийн “Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлийн 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 71 дүгээр тогтоол, Сонгон шалгаруулах комиссын 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 01 дүгээр тогтоолын А.Ж-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж” тус тус шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Б.Б давж заалдах гомдолдоо: “...Сонгон шалгаруулалтын комиссыг Төрийн албаны салбар зөвлөл байгуулсан. Сонгон шалгаруулалтыг аймгийн Боловсролын газар зохион байгуулаагүй. Иймд тус комисс сонгон шалгаруулалт явуулах, томилогдох этгээдийг нэр дэвшүүлэх тухай санал гаргах бүрэн эрх бүхий байгууллага биш юм. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3 дахь хэсэгт захиргааны байгууллагын өөрийн чиг үүрэг, бүрэн эрхэд хамааралгүй асуудлаар гаргасан шийдвэр илт хууль бус болох талаар заасан байхад анхан шатны шүүх уг хуулийн заалтыг хэрэглэсэнгүй. Бүрэн эрх бүхий байгууллагаас ажилчид оролцсон нь мөн адил салбар зөвлөлийг сонгон шалгаруулалт явуулах бүрэн эрхтэй гэж үзэх үндэслэлгүй юм.

Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3 дахь хэсэгт Төрийн албаны зөвлөл нь иргэнийг төрийн албанд нэр дэвшүүлэх бүрэн эрхтэй тухай заасан боловч энэ нь зөвхөн төрийн жинхэнэ албан хаагчид хамааралтай байдлаар хуульчилжээ. Маргаан бүхий орон тоонд иргэнийг нэр дэвшүүлэх нь аймгийн боловсролын газрын чиг үүрэг, бүрэн эрхэд хамаарахаар байна. Би уг албан тушаалын сонгон шалгаруулалтад өмнө хоёр удаа орсон нь тус орон тоог сул орон тоо гэж үзэх үндэслэл болохгүй юм. Сул орон тоо гарсан эсэхийг гагцхүү хуулийн дагуу дүгнэх учиртай.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, миний шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү” гэв.

ХЯНАВАЛ:

Шүүх бүрэлдэхүүн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т заасны дагуу нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад зохих өөрчлөлтийг оруулж шийдвэрлэв.

Баян-Өлгий аймгийн Засаг дарга нэхэмжлэгч Б.Б-ийг 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн Б/111 дүгээр тушаалаар[1] Өлгий сумын хүүхдийн 16 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон бөгөөд мөн Засаг дарга маргаж буй албан тушаалыг сул орон тоо гэж үзэн уг албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах захиалгыг 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 1-01/1132 дугаар албан бичгээр[2] Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлд хүргүүлжээ.

Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөл 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 60 дугаар тогтоолоороо[3] аймгийн Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах комиссын даргаар аймгийн аудитын газрын дарга, тус салбар зөвлөлийн гишүүн М.Хуанган, гишүүд аймгийн Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Б.Мухамед, Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Д.Ербол, тус газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга З.Болат, Боловсрол, соёл, урлагийн газрын дарга Х.Зауре, уг газрын мэргэжилтэн Х.Заманбек, нарийн бичгийн дарга Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн мэргэжилтэн З.Болат нар байхаар байгуулсан байна.

Тухайн сонгон шалгаруулалтын комисс 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нарын сул ажлын байранд сонгон шалгаруулалтыг зохион байгуулж, уг сонгон шалгаруулалтад хамгийн өндөр үнэлгээ авсан иргэдийг холбогдох албан тушаалуудад нэр дэвшүүлэх 01 дугаартай[4] саналыг Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлд хүргүүлсний дотор гуравдагч этгээд А.Ж-ийг Өлгий сумын 16 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд нэр дэвшүүлэх санал багтжээ.

Улмаар Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлийн 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 71 дүгээр тогтоолоор[5] сонгон шалгаруулалтад өндөр үнэлгээ авч, ажлын байрны тодорхойлолтод тавигдах шаардлагыг хамгийн илүү хангасан гэж үзэн гуравдагч этгээд А.Ж-ийг маргаж буй албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлсэн байх бөгөөд нэхэмжлэгч дээрх сонгон шалгаруулалтын комиссын 01 дүгээр тогтоол, салбар зөвлөлийн 71 дүгээр тогтоолын гуравдагч этгээдэд холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар маргасан байна.

Нэхэмжлэгчийн “...Сонгон шалгаруулалтыг аймгийн Боловсролын газар зохион байгуулаагүй. Иймд тус комисс сонгон шалгаруулалт явуулах, томилогдох этгээдийг нэр дэвшүүлэх тухай санал гаргах бүрэн эрх бүхий байгууллага биш юм” гэх давж заалдах гомдлын тухайд:

Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 60 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ын 1.4-т “Удирдах албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтыг”, 1.4.3-т “Орон нутгийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтыг тухайн аймаг, нийслэлийн Боловсролын газар энэхүү журамд заасны дагуу тус тус зохион байгуулна” гэж тус тус заасан ч нэхэмжлэгч тухайн комиссын зохион байгуулсан сонгон шалгаруулалтад оролцсон төдийгүй уг комиссыг байгуулсан 60 дугаар тогтоолтой маргаагүй байх тул дээрх гомдлыг хүлээн авч, анхан шатны шүүхийн “...анх уг сонгон шалгаруулалтыг зарлах үед энэ асуудлаар маргаагүй, ...хүлээн зөвшөөрч сонгон шалгаруулалтад оролцсон, ...комиссын бүрэлдэхүүнд аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын 2 албан тушаалтан оролцсон байх тул ...нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэх үндэслэлгүй” гэж дүгнэснийг буруутгах боломжгүй байна.

Нэхэмжлэгч нь тухайн албан тушаалд анх түр томилогдож, хөдөлмөрийн гэрээ байгуулсан, томилогдсоноосоо хойш тухайн ажлын байранд зарлагдсан сонгон шалгаруулалтуудад тэнцээгүй зэрэг үйл баримтууд тогтоогдсон бөгөөд уг албан тушаалд сул орон тоо гараагүй гэж үзэхгүй юм.

Түүнчлэн, сонгон шалгаруулалт явуулсан дүн, тэнцсэн иргэдийн нэрсийн жагсаалт баталсан тогтоол, гуравдагч этгээдийг Өлгий сумын 16 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлсэн тогтоолуудын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэх үндэслэлгүй тогтоогдохгүй байна.

Нэхэмжлэгч Б.Б давж заалдах гомдолдоо “Маргаан бүхий орон тоонд иргэнийг нэр дэвшүүлэх нь аймгийн боловсролын газрын чиг үүрэг, бүрэн эрхэд хамаарахаар байна” гэж дурдсан бөгөөд Төрийн албаны тухай хууль /2002 он/-ийн 17 дугаар зүйлийн 17.3-т “...Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний сонгон шалгаруулалтад тэнцэж, тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа нэг иргэнийг төрийн албаны төв байгууллага сонгон түүнийг томилох эрх бүхий этгээдэд нэр дэвшүүлнэ.”, Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д “Аймаг, нийслэлийн Засаг дарга тухайн нутаг дэвсгэртээ боловсролын асуудлаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:”, 30.1.15-д “аймаг, нийслэлийн боловсролын газрын сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг томилох, тэдгээрийг үр дүнгийн гэрээний хэрэгжилт болон аймаг, нийслэлийн боловсролын газрын саналыг үндэслэн чөлөөлөх” гэж тус тус заажээ.

Дээрх Төрийн албаны тухай хууль /2002 он/-аар сонгон шалгаруулалтад тэнцэж, тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа нэг иргэнийг төрийн албаны төв байгууллага сонгон түүнийг томилох эрх бүхий этгээдэд нэр дэвшүүлэх харилцааг зохицуулсан бол Боловсролын тухай хуулиар аймаг, нийслэлийн Засаг дарга нь сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг томилох харилцааг зохицуулсан байна.

Өөрөөр хэлбэл, нэгэнт сонгон шалгаруулалтын комиссын Өлгий сумын 16 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд сонгон шалгаруулалт явуулсан шийдвэр хүчинтэй, шалгарсан иргэнийг нэр дэвшүүлэхээр хуульчилсан байхад аймгийн Засаг даргын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг томилох харилцааг зохицуулсан Боловсролын тухай хуулийн дээрх заалтыг үндэслэн Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлийн 71 дүгээр тогтоолыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн энэ асуудлаар гаргасан гомдлыг хүлээн авах үндэслэлгүй юм.

Түүнчлэн хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн ажлын байрны тодорхойлолтод туршлагын хувьд “Сургуулийн өмнөх боловсролын байгууллагад 5 түүнээс дээш жил багшилсан, удирдах ажилтнаар ажилласан дадлага туршлагатай байх”-ыг[6] чухал шаардлагатай гэж тусгасан бөгөөд хэрэгт нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан талаарх Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2019 оны 47 дугаар лавлагаа[7], нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтууд[8] тус тус авагдсан байна.

Хэдийгээр хариуцагч төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтын бүртгэлд Б.Б-ийг “...Өлгий сумын 8 дугаар цэцэрлэг арга зүйч 2013-02-01-одоог хүртэл” гэж бичин бүртгэсэн боловч хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар нэхэмжлэгч нь сургуулийн өмнөх боловсролын байгууллагад 5 түүнээс дээш жил багшилсан, удирдах ажилтнаар ажилласан дадлага туршлагатай байх шаардлагыг хангасан гэдэг нь тогтоогдохгүй байх тул нэгэнт уг шаардлагыг хангахгүй байгаа нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь маргаж буй актуудын улмаас зөрчигдсөн, зөрчигдөж болзошгүй гэж үзэхгүй юм.

Анхан шатны шүүх маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийсэн боловч шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт маргаж буй 71 дүгээр тогтоолд хамаарах хуулийн заалтыг орхигдуулсан тул өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 110/ШШ2019/0012 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “10 дугаар зүйлийн 10.1” гэсний ард “17 дугаар зүйлийн 17.3” гэснийг нэмж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээн, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ                                                           Б.ТУНГАЛАГСАЙХАН

ШҮҮГЧ                                                           Э.ЛХАГВАСҮРЭН

ШҮҮГЧ                                                           Ц.САЙХАНТУЯА

 


[1] Хавтаст хэрэг 8 хуудас

[2] Хавтаст хэрэг 54 хуудас

[3] Хавтаст хэрэг 72 хуудас

[4] Хавтаст хэрэг 74 хуудас

[5] Хавтаст хэрэг 89 хуудас

[6] Хавтаст хэрэг 56 хуудас

[7] Хавтаст хэрэг 156 хуудас

[8] Хавтаст хэрэг 157, 159, 160 хуудас