Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 001/ХТ2017/00762

 

Д.Цогт-Очирын нэхэмжлэлтэй

иргэнийхэргийнтухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 181/ШШ2016/01616 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 747 дугаар магадлалтай,

Д.Цогт-Очирын нэхэмжлэлтэй,

Монгол Улсын Засгийн газарт холбогдох,

Төрийн жинхэнэ албан хаагчийн хөдөлмөрлөх эрхийг сэргээлгэж, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалын цалин хөлсийг бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжүүлэн ажиллуулахыг Засгийн газарт даалгаж, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Раднаабазарын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч Ш.Чинхүүн, О.Мягмарсүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Раднаабазар, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч Д.Цогт-Очир шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 289 дугаартай тогтоолоор Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Цаг уур орчны шинжилгээний газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдон ажиллаж байгаад 2014 оны 12 дугаар сард Төрийн албаны зөвлөлөөс зарласан Цаг уур орчны шинжилгээний газрын даргын ажил, албан тушаалын сонгон шалгаруулалтад орж тэнцэж, МУ-ын Засгийн газрын 2015 оны 3-р сарын 11-ний өдрийн 97 дугаар тогтоолоор Цаг уур орчны шинжилгээний газрын даргын ажил, албан тушаалд томилогдон ажиллаж байсан юм.

Гэтэл Монгол Улсын Засгийн газраас 2016 оны 8-р сарын 17-ны өдрийн 48 дугаар тогтоол гаргаж Монгол Улсын Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 2 дахь хэсэг, Шүүхийн тухай хуулийн 32.1, Засгийн газрын тухай хуулийн 183дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8.1-д заасныг үндэслэн Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Цаг уур орчны шинжилгээний газрын даргын ажил, албан тушаал болох төрийн албанаас чөлөөлөөд байна.

Д.Цогт-Очир миний хувьд дээрх хуульд заасны дагуу төрийн албанаас чөлөөлөгдөх тэтгэвэр тогтоолгох болон төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрээгүй, өөрийн санаачилгаар төрийн албанаас чөлөөлөгдөх хүсэлт гаргаагүй байхад төрийн албанаас чөлөөлсөн явдал нь Цаг уур орчны шинжилгээний газрын даргын ажлын байранд нээлттэй сонгон шалгаруулалтад оролцож тэнцсэн төрийн жинхэнэ албан хаагчийн баталгааг зөрчсөн. Засгийн газрын хууль зөрчиж шийдвэрлэсэн

Иймд Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 8-р сарын 17-ны өдрийн 48 дугаар тогтоолоор зөрчигдсөн төрийн жинхэнэ албан хаагчийн хөдөлмөрлөх эрхийг сэргээж ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, урьд өмнө эрхэлж байсан ажил албан тушаалын цалин хөлсийг бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжүүлэн ажлуулахыг МУ-ын Засгийн газарт даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Раднаабазар шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. 2006 оны 4 дүгээр сарын 05-ны өдрөөс эхлэн Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Цаг уур, орчны шинжилгээний газрын даргаар ажиллаж байсан С.Энхтүвшинг Засгийн газар 2014 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр 288 дугаар тогтоолоор хууль бусаар ажлаас нь чөлөөлсөн байдаг. Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүх 2015 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 1469 тоот шийдвэр, Улсын Дээд шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 446 дугаар тогтоолоор С.Энхтүвшинг Цаг уур, орчны шинжилгээний газрын даргын ажилд нь эгүүлэн тогтоож, Засгийн газрын 2014 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 288 дугаар тогтоолыг хүчингүй болгосон. Иймд шүүхийн энэхүү шийдвэрийг биелүүлж 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” 48 дугаар тогтоолоор Д.Цогт-Очирыг Цаг уур, орчны шинжилгээний газрын даргын үүрэгт ажлаас чөлөөлж, мөн 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн “Ажилд томилох тухай” 47 дугаар тогтоолоор С.Энхтүвшинг Цаг уур, орчны шинжилгээний газрын даргаар томилсон болно. Мөн Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 183 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Агентлагийн даргыг Засгийн газар томилж, чөлөөлдөг.

Нэхэмжлэгч Д.Цогт-Очирыг Улсын Дээд шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 446 дугаар тогтоолын дагуу чөлөөлсөн учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 181/ШШ2016/01616 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар Д.Цогт-Очирын Монгол Улсын Засгийн газарт холбогдуулан гаргасан төрийн жинхэнэ албан хаагчийн хөдөлмөрлөх эрхийг сэргээлгэж урьд эрхэлж байсан ажил, албан тушаалын цалин хөлсийг бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжүүлэн ажиллуулахыг Засгийн газарт даалгаж, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорыг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Цогт-Очир улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж  шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 747 дугаар магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 181/ШШ2016/01616 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Раднаабазар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 747 дугаар магадлалыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Үүнд:

Анхан шатны шүүх 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 181/ШШ2016/01616 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Гэтэл давж заалдах шатны шүүх анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүйгээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцээгүй гэж, шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлэхээр буцаасан нь хууль тогтоомжийг буруу тайлбарлаж, хэрэглэсэн гэж үзэхээр байна.

Учир нь Монгол Улсын Засгийн газар Монгол Улсын дээд шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 446 дугаар тогтоолыг биелүүлэн 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” 48 дугаар тогтоолоор Д.Цогт-Очирыг Цаг уур, орчны шинжилгээний газрын даргын үүрэгт ажлаас чөлөөлж, мөн 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн “Ажилд томилох тухай” 47 дугаар тогтоолоор С.Энхтүвшинг Цаг уур, орчны шинжилгээний газрын даргаар томилсон байдаг. Анхан шатны шүүх хариуцагчийн гаргасан тайлбар, нотлох баримт болон дээрх Улсын дээд шүүхийн тогтоол, Хөдөлмөрийн тухай хууль зэргийг үндэслэн шийдвэр гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг бүрэн хангасан гэж үзэхээр байна. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.5-д хөдөлмөрийн гэрээ дуусгавар болохоор заасан учраас нэхэмжлэгч Д.Цогт-Очирын хөдөлмөрийн гэрээ Монгол Улсын Дээд шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 446 дугаар тогтоол гарснаар дуусгавар болж байгаа юм. Гэтэл давж заалдах шатны шүүх хуулийг илт буруу тайлбарлан хуулийн шаардлага хангаагүй шийдвэр гэж үзэж байгаа нь үндэслэлгүй, нотолгоогүй байна. Түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4-т заасны дагуу Засгийн газрын 2016 оны 48, 47 дугаар тогтоолын хуулбарт “хуулбар үнэн” тэмдгийг дарж баталгаажуулсан байхад давж заалдах шатны шүүх үүнийг үнэлж болохгүй гэсэн нь хуулийг буруу тайлбарласан гэж үзэхээр байна.

Иймд Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 747 дугаар магадлалыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.                                         

ХЯНАВАЛ

Давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Д.Цогт-очир нь Монгол Улсын Засгийн газарт холбогдуулан төрийн жинхэнэ албан хаагчийн хөдөлмөрлөх эрхийг сэргээлгэж урьд эрхэлж байсан ажил, албан тушаалын цалин хөлсийг бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжүүлэн ажиллуулахыг даалгах, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн  2015 оны 1469 дүгээр шийдвэр, Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2015 оны 485 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2015 оны 446 дугаар тогтоолоор Засгийн газрын 2014 оны 288 дугаар тогтоолыг хүчингүй болгож, С.Энхтүвшинг Цаг уур, орчны шинжилгээний газрын даргын ажилд эгүүлэн тогтоожээ /хэргийн 33-35 дугаар тал/.

Монгол Улсын Засгийн газар 2016 оны 8 дугаар сарын 17-ний өдөр 48 дугаар тогтоол гаргаж, Д.Цогт-Очирыг Цаг уур, орчны шинжилгээний газрын даргын үүрэгт ажлаас чөлөөлөхдөө шүүхийн дээрх шийдвэрийг үндэслэл болгосон байна.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-т зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй бөгөөд ажлаас буруу халагдсан ажилтныг урьдах ажил албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол тухайн ажлын байранд ажиллаж байгаа ажилтны хөдөлмөрийн гэрээ дуусгавар болохоор Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.5-д заасан.

Давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж буй шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэж дүгнэлт хийх эрхтэй бөгөөд магадлалд дурдсан “...нэхэмжлэлийн шаардлагад дүгнэлт хийлгүй орхигдуулсан” гэсэн үндэслэл нь шийдвэрийг хүчингүй болгох Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1-т заасантай нийцээгүй байна.  

Түүнчлэн хэрэгт авагдсан Монгол Улсын Засгийн газрын 47, 48 дугаар тогтоолд Засгийн газрын архивын тэмдэг дарагдсан байгааг давж заалдах шатны шүүх анхаараагүй байна.

Иймд шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаахдаа хийсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлгүй болжээ.  

Харин анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт авагдсан баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай,  ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохдоо Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Дээрх үндэслэлээр хариуцагчийн гомдлыг хангаж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017оны 3 дугаар сарын17-ны өдрийн 747 дугаар магадлалыг хүчингүй болгож, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 181/ШШ2016/01616 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2.Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ