Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 21

 

 

 

 

 

 

 

 

 

 

О.Э, Б.А, Э.Ц нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбасүрэн нарын бүрэлдэхүүнтэй, прокурор Ц.Бурмаа, шүүгдэгчийн өмгөөлөгч М.Даваасүрэн, Э.Цэнгүүн, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 154 дүгээр шийтгэх тогтоол, Булган аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 42 дугаар магадлалтай О.Э, Б.А, Э.Ц нарт холбогдох эрүүгийн 201706000168 дугаартай хэргийг Булган аймгийн прокурорын газрын хяналтын прокурор П.Шижиртуяагийн бичсэн эсэргүүцэл болон шүүгдэгч Б.А-ийн өмгөөлөгч М.Даваасүрэн, шүүгдэгч Э.Ц-ын өмгөөлөгч Э.Цэнгүүн нарын гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Батдэлгэрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Монгол улсын иргэн, 1995 онд төрсөн, 25 настай, эрэгтэй,эрхэлсэн ажилгүй, урьд Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 121 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэргийг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож, мөн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар түүнд 1 жил хорих ял шийтгэж, уг ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан Б овогт О-ийн Э,

2. Монгол улсын иргэн, 1994 онд төрсөн, 26 настай, эрэгтэй,эрхэлсэн ажилгүй, ял шийтгэлгүй Ч овогт Б-ийн А,

3. Монгол улсын иргэн, 1997 онд төрсөн, 23 настай, эрэгтэй,“Гопро” ХХК-д зүсэгч ажилтай, ял шийтгэлгүй Н овогт Э-ын Ц

О.Э нь ганцаараа 2017 оны 05 дугаар сарын 27-ноос 06 дугаар сарын 08-ны өдрүүдийн хооронд Булган аймгийн Могод сумын 3 дугаар багийн нутгаас иргэн Л.Н-ын хаваржааны байшинд хууль бусаар нэвтрэн 8 завхай мөнгөн тоногтой эмээл хулгайлж 2,400,000 төгрөгийн хохирол учруулсан,

О.Э, Б.А, Э.Ц  нар бүлэглэн 2017 оны 05 дугаар сарын 27-ноос 06 дугаар сарын 08-ны өдрүүдийн хооронд Булган аймгийн Могод сумын 3 дугаар багийн нутгаас иргэн С.Б-ийн өвөлжөөний байшингийн вакуум цонхоор хууль бусаар нэвтрэн орж 417,000 төгрөгийн үнэ бүхий зүйлс хулгайлсан,

мөн Ц.Б-ын өвөлжөөний амбаарт хууль бусаар нэвтрэн орж 2,627,500 төгрөгийн үнэ бүхий эд зүйлс хулгайлсан,

мөн Л.Ц-ын зуслангийн гэрт хууль бусаар нэвтрэн орж монетон ээмэг, бөгж, эмэгтэй бүс, эрэгтэй мөнгөн бүсийг хулгайлсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 154 дүгээр шийтгэх тогтоолоор шүүгдэгч О.Э-г дангаараа болон Б.А, Э.Ц нартай бүлэглэн орон байранд хууль бусаар нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хулгайлах, шүүгдэгч Б.А, Э.Ц нарыг О.Э-тай бүлэглэн орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч нараас эд хөрөнгө хураахгүйгээр, О.Эг 2 жил 3 сар, Э.Ц, Б.А нарыг тус бүр 2 жил хорих ялаар тус тус шийтгэж, О.Эд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Э.Ц, Б.А нарт оногдуулсан хорих ялуудыг тэнсэж, тус бүрийг 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж шийдвэрлэсэн байна.

Шүүгдэгч О.Э-гийн гаргасан гомдлыг үндэслэн хэргийг Булган аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр хянан хэлэлцэж 42 дугаар магадлалаар шийтгэх тогтоолын 6 дахь заалтыг “шүүгдэгч О.Эгаас 862,500 төгрөгийг гаргуулж хохирогч Ц.Б, 139,200 төгрөгийг гаргуулж хохирогч С.Б, 54,000 төгрөгийг гаргуулж хохирогч Л.Ц тус тус олгосугай”,

10 дахь заалтыг “Шүүгдэгч Э.Ц, Б.А нарыг энэ өдрөөс эхлэн цагдан хорьж, шүүгдэгч Э.Ц-ыг эрэн сурвалжилж цагдан хорихыг Цагдаагийн байгууллагад даалгасугай” гэж тус тус нэмэлт оруулж, шийтгэх тогтоолын 10 дахь заалтыг хүчингүй болгож, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч О.Э-ийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгожээ.

Хяналтын шатны шүүхэд прокурор П.Шижиртуяа бичсэн эсэргүүцэлдээ: ”2002 оны Эрүүгийн хуулийн үйлчлэлийн үед гэмт хэрэг үйлдэгдсэн хэдий ч “гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ”, “... оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй...” гэсэн Эрүүгийн хуульд заасан хэм хэмжээний дагуу оногдуулах ялыг хөнгөрүүлсэн 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар хэргийг зүйлчилсэн.

Энэхүү хууль буцаан хэрэглэх зарчмыг Монгол улсын нэгдэн орсон Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 15 дугаар зүйлийн 1, Үндэсний хууль тогтоомж болох 2015 оны шинэчлэн найруулсан 2017 оны 07 дугаар сарын 01-ээс мөрдөгдөж эхэлсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлд тусгагдсан болно.

Шүүгдэгчийн эрх зүйн байдалд үзүүлэх хуулийн нөлөөллийг тодорхойлохдоо тухайн хэрэглэх гэж буй Эрүүгийн хуульд заасан шүүгдэгчид оногдуулах ялыг багасгасан, хэрэглэх журмыг хөнгөрүүлсэн бүхий л нөхцөл байдлыг хамтатган нэг удаа дүгнэх байдлаар тооцсоны эцэст гэмт хэрэг үйлдэх үед үйлчилж байсан болон түүний дараа хүчин төгөлдөр болж мөрдөгдсөн Эрүүгийн хуулийн үйлчлэлээр бий болох шүүгдэгчийн эрх зүйн байдалд нөлөөлөх нөхцөл байдлыг харьцуулан хэрэглэх боломжтой гэж үзнэ. Гэтэл давж заалдах шатны шүүх “...оногдуулах ялыг хөнгөрүүлсэн хуулийг буцаан хэрэглэж ял оногдуулж, дахин 2002 оны Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийг журамлан тэнсэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүйгээс гадна нотлох баримтанд тулгуурлаагүй буруу болсон байна...” гэсэн нь үндэслэлгүй байна.

Шүүгдэгч Э.Ц, Б.А нарт холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаан 2020 оны 05 дугаар сарын 14, 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр буюу нийт 2 удаа болж байгаа бөгөөд шүүгдэгч Э.Ц, Б.А нар нь 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 63 дугаар шийтгэх тогтоолд гомдол гаргах үедээ хохирлоо төлсөн /206, 207, 208, 214, 215 дугаар талд тус тус хохирол төлсөн баримт хавсаргагдсан/.Энэ талаар анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 154 дугаар шийтгэх тогтоолын үндэслэл хэсэгт дурдсан байх боловч, тогтоох хэсэгт шүүгдэгч Э.Ц, Б.А нараас хохирол төлбөрийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь буруу болжээ. Энэ хэсэгт давж заалдах шатны шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтанд тулгуурлан шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж зөвтгөх баримт хавтаст хэрэгт байсаар байхад...” тэнсэж байгаа нь ...нотлох баримтанд тулгуурлаагүй...” гэж дүгнэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлд заасан шүүхийн тогтоолын дүгнэлт нь хэргийн бодит байдалд нийцээгүй гэж үзэх үндэслэл болж байна.

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4-т заасныг зөрчсөн талаар:

Анхан шатны шүүхээс 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар шүүгдэгч Э.Ц, Б.А нарт оногдуулсан 2 жилийн хорих ялыг 1 жилийн хугацаагаар тус тус тэнссэн.

Гэтэл давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 42 дугаартай магадлалын 1 дэх заалтаар хүчингүй болгож оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан, ялыг хүндрүүлсэн, хууль ёсны зарчмыг гажуудуулсан шийдвэр гэж үзнэ. Өөрөөр хэлбэл оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх, тэнсэх нь хууль зүйн үзэл санаа, эрх зүйн үр дагавар, хугацааны хувьд харилцан адилгүй эрх зүйн хэм хэмжээ юм.

Тодруулбал: Шүүхээс оногдуулсан хорих ялыг биечлэн эдлэх нь нийгмээс тусгаарлагдаж, Үндсэн хуулиар олгогдсон эрх нь хуулийн хүрээнд хязгаарлагдаж эрх зүйн үр дагаврыг бий болгодог бол “тэнсэх” нь шүүхээс тогтоосон хугацаанд Үндсэн хуулиар олгогдсон эрхээ чөлөөтэй эдлэх боломжтой юм.

Дээр дурдсан нөхцөл байдлууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна...” мөн хуулийн 39.7 дугаар зүйлийн 1.3-т заасан хуулийн зүйл хэсэг заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн” гэснийг тус тус давж заалдах шатны шүүх зөрчсөн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн гэж дүгнэх үндэслэл болж байна.

Иймд магадлалыг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1.1, 2 дахь заалтуудыг тус тус баримтлан прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Б.А-ийн өмгөөлөгч М.Даваасүрэн гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: Давж заалдах шатны шүүхийн магадлалыг  Эрүүгийн хуулийг ноцтой зөрчсөн шийдвэр гэж үзэн хянуулахаар гомдол гаргаж байна. Эрүүгийн хуулийн заалтыг хэрэглэх хязгаар нь тухай үед хүчин төгөлдөр үйлчлэлээр хязгаарлагдах зохицуулалтыг хангахдаа шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэж ял оногдуулж, дахин 2002 оны Эрүүгийн хуулийн 61.1 дэх заалтыг журамлан тэнсэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүйгээс гадна нотлох баримтад тулгуурлаагүй гэсэн нь өөрөө ойлгомжгүйн дээр буруу дүгнэлт болжээ.

Гэмт хэрэг болон эрүүгийн хариуцлагыг тухайн гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаанд үйлчилж буй Эрүүгийн хуулиар тодорхойлдог. Шинээр батлагдан хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн Эрүүгийн хуулийн холбогдох заалт нь өмнөх хуулийн заалтаас ямар нэг байдлаар хөнгөрсөн түүнийг уг хэргийг шийдвэрлэхэд хэрэглэсэн бол шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг хэрэглэнэ гэж ойлгож байгаа. Алтангэрэлийн үйлдсэн энэ хэргийн тохиолдолд 2002 оны Эрүүгийн хууль хүчин төгөлдөр байсан ба түүний хэргийг тухайн цаг хугацаанд хүчин төгөлдөр байсан хуулиар зүйлчлэн шийдвэрлэж, мөн хуульд заасан шаардлагыг хангасан тул тэнсэж байгаа нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

Шийтгэх тогтоолын 6 дахь заалтад “...хохирлын тодорхой хэсгийг нөхөн төлсөн байхад Э.Ц, Б.А нараас дахин хохирлыг гаргуулжээ” гээд магадлалд зөвтгөн шийдсэн хирнээ энэ 2 хүнийг хохирол төлөөгүй буюу гэм хор арилаагүй байхад шүүгдэгч нарын ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзсэнийг буруутгаж байгаа нь ойлгомжгүй байна. Алтангэрэл, Цацрал нар нь хохирлоо анхан шатны шүүх хурлаас өмнө төлж барагдуулсан байдаг.

Анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх заалтыг журамлаж гэсэн боловч хууль хэрэглээний хувьд журамлаагүй нь шийтгэх тогтоолын агуулгад тодорхой байгаа. Давж заалдах шатны шүүхээс шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулан ялыг хүндрүүлэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4 дэх заалтыг зөрчсөн шийдвэр болсон.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийн 10 дахь заалтад оруулсан нэмэлтийг хүчингүй болгож, шийтгэх тогтоолын 10 дахь заалтыг хэвээр үлдээлгэхээр гомдол гаргаж байна гэв.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Э.Ц-ын өмгөөлөгч Э.Цэнгүүн гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “... оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ”, 2 дахь хэсэгт “... оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэж тус тус хуульчилсан байна. Үүнээс дүгнэхэд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг хэрэглэнэ, дордуулсан хуулийг хэрэглэхгүй гэсэн нь энэ хуулийн зохицуулалт заавал биелэгдэх шинжтэй ойлголт юм. Анхан шатны шүүх дээрх хуулийн зохицуулалтын дагуу шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буюу 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар хорих ял оногдуулж, мөн хуулийн 61.1, 61.4-т зааснаар тэнссэн нь хууль зүйн үндэслэлтэй байна. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т заасан зохицуулалтуудыг хэрэглэсэн нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг 2 удаа хөнгөрүүлсэн ойлголт биш бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийг баримтлан хуучин хуулийг 1 удаа буцаан хэрэглэсэн ойлголт юм. Түүгээр ч зогсохгүй Эрүүгийн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд ч тэр шүүгдэгчийн эрх зүйн байдлыг 2 удаа хөнгөрүүлж болохгүй гэсэн зохицуулалт, ойлголт ч байхгүй.

Мөн давж заалдах шатны шүүхээс хоёр хуулийг хольж хэрэглэсэн байна хэмээн дүгнэсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн холбогдох зохицуулалтуудыг хэрэглэсэн, харин бусад зохицуулалтуудыг шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн холбогдох заалтыг хэрэглэсэн нь хоёр хуулийг хольж хэрэглэсэн ойлголт биш юм.

Учир нь одоогийн цаг хугацаанд хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулийг дагаж мөрдөж, хэрэглэх ёстой боловч шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хууль байгаа тохиолдолд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийг заавал журамлахаар хуульчилсан байна. Дээрхээс дүгнэхэд хоёр хуулийг хольж хэрэглэсэн асуудал биш, хуулийн заавал биелэгдэх шинжийн дагуу хуучин хуулийг хэрэглэх нь хууль ёсны юм.

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч нарыг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар тэнсэж шийдвэрлэсэн асуудлыг “Хууль ёсны зарчмыг хангаж ажиллаагүй” гэж дүгнэсэн байх бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлд “Хууль ёсны зарчим”-ын талаар хуульчилсан байх бөгөөд уг хууль ёсны зарчимд давж заалдах шатны шүүхийн магадлалд дурдсан дүгнэлтийн үндэслэлийг буюу 2 удаа хөнгөрүүлж болох, эсхүл болохгүй талаар хуульчлаагүй байна.

Анхан шатны шүүх шүүгдэгч Э.Ц-ыг хохирол төлбөрөө төлж, хор уршгийг арилгасан байхад давхар хохирол төлбөр гаргуулж шийдвэрлэсэн нь техникийн шинжтэй алдаа гаргасан гэж үзэж байна. Учир нь анхан шатны шүүх хуралдаанд уншсан шийтгэх тогтоол нь бичгээр гарсан шийтгэх тогтоолоос зөрүүтэй байна. Түүгээр ч зогсохгүй хохирол төлбөрийг төлсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож, тогтоогдож байгааг дурдах нь зүйтэй байна.

Түүнчлэн давж заалдах шатны шүүхээс шийтгэх тогтоолоор Э.Ц-ыг хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан байхад дахин гаргуулж шийдвэрлэснийг буруу хэмээн дүгнэсэн, мөн шийтгэх тогтоолоор Э.Ц-аас хохирол төлбөр гаргуулж шийдвэрлэснийг хасч, өөрчилж шийдвэрлэсэн атлаа 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх заалтыг хэрэглэхдээ гэм хор арилаагүй байхад ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзсэн нь буруу хэмээн зөрүүтэй дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй байна.

Дээрх үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1.2-т заасан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн...” талаар:

Анхан шатны шүүх шийтгэх тогтоолын 10 дахь заалтаараа шүүгдэгч Э.Ц-ыг тэнсэж шийдвэрлэсэн байхад давж заалдах шатны шүүх уг заалтыг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-т “Монгол улсын иргэн... шүүхийн шийдвэрийг давж заалдах... эрхтэй” гэж, 19 дүгээр зүйлийн 1-д “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц... хууль зүйн... баталгааг бүрдүүлэх... хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэний өмнө хариуцна” гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг “Давж заалдах шатны шүүх шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж болно” гэж тус тус заасныг зөрчсөн байна. Үүнээс үзэхэд давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүндрүүлж шийдвэрлэж болохгүй юм. Өөрөөр хэлбэл шүүгдэгчийн эрх зүйн байдлыг хүндрүүлж шийдвэрлэх эрх давж заалдах шатны шүүхэд байхгүй бөгөөд дээрх хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийг зөрчсөн байна.

Иймд магадлалыг хүчингүй болгож, шийтгэх тогтоолын 6 дахь заалтаар Э.Ц-аас хохирол төлбөр гаргуулж шийдвэрлэсэн заалтад өөрчлөлт оруулж өгнө үү гэв.

Прокурор Ц.Бурмаа хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: Шүүгдэгч нарт холбогдох хэргийг шүүх хянан шийдвэрлэхдээ 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх заалтыг хоёр өөрөөр тайлбарлаж дүгнэлт хийсэн байна. Хэлбэрийн хувьд харахад дүгнэлт гэж хэлэхээр боловч огт дүгнэлт хийгээгүй гэж үзэхээр байна. Шийтгэх тогтоолд 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх заалтыг хэрэглэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн учир 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх заалтыг хэрэглэсэн гэж дүгнэж байгаа. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлд гэмт хэрэг үйлдсэн байдлыг харгалзан гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн буюу гэм хорыг арилсан тохиолдолд түүнд оногдуулах ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзвэл шүүх уг ялыг тэнсэж болно гэж заасан. Хуульд заасан нөхцөл шаардлагад анхан болон давж заалдах шатны шүүх дүгнэлт хийгээгүй. 2002 оны Эрүүгийн хуулийн үйлчлэлийн үед буюу 2017 оны 05 дугаар сарын 27-ноос 06 дугаар сарын 08-ны өдрийн хооронд О.Э дангаараа болон бусадтай бүлэглэн 5,606,500 төгрөгийн хохирол учруулсан хулгайн гэмт хэрэг үйлдсэн. Б.А, Э.Ц, О.Э нар бүлэглэн 3,206,500 төгрөгийн хохирол учруулсан. Анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт шүүгдэгч Б.А, Э.Ц нарыг бусдад төлөх төлбөргүй гэж дурдсан атлаа шүүгдэгч нараас 1,055,700 төгрөгийг тус бүрээс нь гаргуулахаар шийдвэрлэсэн. Давж заалдах шатны шүүх гэм хор арилаагүй байхад биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна гэж дүгнэсэн. Иймд хоёр шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх нь зүйтэй гэв.

                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар хэргийн бүхий л нөхцөл байдлыг тал бүрээс нь бодитойгоор тогтоох, хэргийг хууль ёсны ба үндэслэлтэй шийдвэрлэх зорилгоор уг хуулийг хэрэгжүүлэгч албан тушаалтнуудын үйл ажиллагааны журам, хэлбэрийг баталгаажуулсан байдаг билээ.

Энэхүү хуульчлагдсан журам, хэлбэрийг чанд сахих нь шүүхийн өмнөх болон шүүхийн шатанд мөрдөгч, прокурор, шүүгч, шүүхээс гаргаж буй аливаа шийдвэр хуульд нийцсэн, Эрүүгийн хууль болон бусад хууль тогтоомжийг зөв хэрэглэх зайлшгүй нөхцөл нь юм.

Хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, хэлбэрийг сахин биелүүлээгүй тохиолдол бүр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зөрчилд тооцогдож, хэргийг хууль ёсны ба үндэслэлтэй шийдвэрлэхэд сөргөөр нөлөөлдөг тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлж байгаа этгээд энэ зүйлийн 1 дэх хэсгийг зөрчвөл түүний гаргасан шийдвэрийг энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу хүчингүйд тооцох”-оор тус тус заасан байна.

Яллагдагч О.Э, Б.А, Э.Ц нар нь бүлэглэн 2017 оны 05-аас 06 дугаар сарын хооронд Л.Ц-ын гэрт хууль бусаар нэвтэрч 189,000 төгрөгийн эд хөрөнгө хулгайлсан үйлдлийг Булган аймгийн прокурорын газрын хяналтын прокурор М.С-ийн гаргасан 2019 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 5/13 дугаар тогтоолоор (хэргийн 3 дахь хавтас, 45-49 дэх тал) Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.

Энэхүү тогтоолын хуульд заасан үндэслэл, журмын дагуу дээд шатны прокурор хүчингүй болгосон, хэргийг сэргээсэн шийдвэр гаргаагүй, уг үйлдэлд прокурор тэд нарт ял нэмж сонсгоогүй байхад Булган аймгийн прокурорын газрын хяналтын прокурор П.Шижиртуяа дээрх үйлдэлд яллагдагч нарыг буруутган 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдөр 4/19-А дугаар яллах дүгнэлт үйлдсэн (хэргийн 4 дэх хавтас, 42-47 дахь тал), анхан шатны шүүх прокурорын яллах дүгнэлтийн энэ хэсэг нь үндэслэлтэй эсэх талаар ямар нэгэн дүгнэлт хийлгүйгээр шүүгдэгч нарыг уг үйлдэлд гэм буруутайд тооцож, ял шийтгэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.4-т заасныг ноцтой зөрчсөн гэж үзнэ.

Давж заалдах шатны шүүх энэхүү зөрчлийг илрүүлэн зөвтгөхийн оронд магадлалд (хэргийн 4 дэх хавтас, 117-122 дахь тал) уг үйлдлийн талаар болон хохирогч Ц.Б-ын гэр, амбаараас 2,627,500 төгрөгийн эд хөрөнгийг хулгайлсан хэргийн тухай ямар нэгэн дүгнэлт хийлгүй орхигдуулан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 39.8 дугаар зүйлийн 1.6 дахь заалтыг тус тус зөрчсөн байна.

Шүүгдэгч О.Э нь Орхон аймаг дахь сум дундын шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 121 дүгээр шийтгэх тогтоолоор (хэргийн 2 дахь хавтас, 134-135 дахь тал)  шүүн таслах ажиллагаанаас зориуд зайлсхийсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцогдон, 2002 оны Эрүүгийн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзахаар шийдвэрлэжээ.

Тэрээр шүүхээс тогтоосон хянан харгалзах хугацааны дотор буюу 2017 оны 05 дугаар сард санаатай гэмт хэрэг үйлдсэн байхад анхан шатны шүүх түүний өмнө нь ял шийтгүүлсэн дээрх хэргийн шинж 2015 оны Эрүүгийн хуульд тусгагдсан эсэхийг нягтлан шалгаж, гэмт хэргийн шинж нь хэвээр байгаа тохиолдолд хоёр шийтгэх тогтоолоор оногдуулсан ялуудыг нэгтгэх, үгүй бол энэ талаар дүгнэж шийдвэрлэхийн оронд “2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулиар ялтай байдал гэх хууль зүйн ойлголтыг халсан байх тул шүүгдэгч О.Эг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна” гэсэн хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийж, уг асуудлыг шийдвэрлэлгүй орхигдуулсныг давж заалдах шатны шүүх мөн л илрүүлэн тогтоогоогүй байна.

Иймд дээр дурдсан үндэслэлээр шийтгэх тогтоол, магадлалыг тус тус хүчингүй болгож, О.Э нарт холбогдох хэргийг анхан шатны журмаар дахин хянан хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзэв.

Анхан шатны шүүх нь гэмт хэрэг үйлдэгдэх үед даган мөрдөж байсан, хөнгөн ялтай хуулийг хэрэглэн шүүгдэгч нарт ял оногдуулахдаа 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийг журамласан нь хууль хэрэглээний оновчгүй шийдэл болохыг дурдах нь зүйтэй гэж үзэв.

Учир нь 2015 оны Эрүүгийн хуулиар 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “орон байр, агуулах саванд нэвтэрч” хулгайлах гэмт хэргийг бүрэн болон хэсэгчлэн эрүүгүйжүүлээгүй, хорих ялын доод, дээд хэмжээний аль нэгийн, эсхүл аль алиныг нь багасган өөрчлөөгүй, сонгон хэрэглэж болох хорихоос өөр төрлийн ялуудыг шинээр нэмээгүй буюу 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль буцаан хэрэглэх гурван үндэслэлийн нэг нь ч бий болоогүй байхад уг зохицуулалтыг хэрэглэх шаардлагагүй юм.

О.Э нарт холбогдох хэргийг анхан шатны журмаар дахин хянан шийдвэрлүүлэхээр тогтоож буй тул давж заалдах шатны шүүх Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн талаар гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгчдийн гомдол, прокурорын бичсэн эсэргүүцлийг талаар хяналтын шатны шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хуулийн ямар зүйл, хэсэг, заалтыг хэрэглэх, ямар ял оногдуулах тухай асуудлуудыг урьдчилан шийдвэрлэх эрхгүй” гэсэн зохицуулалтын хүрээнд дүгнэлт хийж, шийдвэр гаргаагүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 154 дүгээр шийтгэх тогтоол, Булган аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 42 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, О.Э, Б.А, Э.Ц нарт холбогдох хэргийг анхан шатны журмаар дахин хянан хэлэлцүүлэхээр Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Хэргийг шүүхэд очтол шүүгдэгч нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

                           ДАРГАЛАГЧ                                            Б.ЦОГТ

                           ШҮҮГЧИД                                                С.БАТДЭЛГЭР

                                                                                            Б.БАТЦЭРЭН

                                                                                            Ч.ХОСБАЯР

                                                                                            Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН