| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жаргалын Дэлгэрмөрөн |
| Хэргийн индекс | 163/2019/0016/Э |
| Дугаар | 00014 |
| Огноо | 2019-01-11 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | Ц.Гэрэлбаатар |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 01 сарын 11 өдөр
Дугаар 00014
Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,
Нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбулган,
Улсын яллагч Ц.Гэрэлбаатар,
Шүүгдэгч Б.О нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Гэрэлбаатар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан М овогт Б.О -д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 18150038000232 дугаартай, 163/2019/0016/Э индекстэй хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1979 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Булган аймгийн Булган суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, Тариалан эрхлэлтийг дэмжин сангийн Булган салбарын эрхлэгч ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт, Булган аймгийн Булган суманд оршин суух, урьд ял шийтгэлгүй, М овогт Б.О
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.О нь /яллах дүгнэлтээр/ 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Булган аймгийн Орхон сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Хөндлөн” гэх газраас зөвшөөрөлгүйгээр мод бэлгтэн, гарал үүслийн гэрчилгээгүй мод тээвэрлэх гэмт хэргийг бусдаар үйлдүүлсэн гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.О ын өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж ярих зүйлгүй гэв.
18150038000232 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн шалгах ажиллагааны шатанд:
Хохирогч Я.А ын өгсөн: “...заавал надаас мод бэлтгэх эрхийн бичиг авах ёстой. Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн хүмүүс надаас мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй мод бэлтгэж тээвэрлэсэн байна. Манай байгууллагын зүгээс ойн санд учруулсан хохирлыг нөхөн төлүүлмээр байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 24 хуудас/,
Гэрч Б.Б гийн өгсөн: “...ажил дээрээ очиход байгууллагын эрхлэгч О “за модондоо яв ойн байцаагч руу нь залгасан чинь утас нь холбогдохгүй байна гэртээ бас байхгүй хөдөө явж байгаад тааралдвал мод бэтгэх эрхийн бичгээ авчихаарай” гэж хэлсэн. Тэгээд ажлынхаа Алтанхүү, Мөнхбаатар, Баттулга, Мягмарсүрэн нарийн хамтаар 11 цаг өнгөрч байхад Булган аймгаас мод бэлтгэхээр хөдөлсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26 хуудас/,
Гэрч Б.М ын өгсөн: “...манай байгууллагын дарга О ажилчид нарын дунд маргааш модонд явна шүү гэж хэлж байсан. Тэгээд 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр ажил дээр ирээд бид нар ярилцаж байгаад гайгүй бие хаа сайтай ажилд сайн залуусыг модонд явуулахаар болсон. Тэгээд явахдаа байгууллагын дарга О аас мод бэлтгэх эрхийн бичиг яахын гэж асуухад араас чинь явуулъя гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28 хуудас/,
Гэрч Ё.Б ын өгсөн: “... тэгээд бид нар аймгийн төвөөс ойролцоо Төлүүгийн даваа өнгөрөөд 30 км яваад “Хөндлөн” гэр нэртэй газар очиж мод хийсэн..., би мод бэлтгэх эрхийн зөвшөөрөлгүй явж байгааг тэр үед мэдсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30 хуудас/,
Гэрч О.А гийн өгсөн: “...тэгээд Булган аймгийн төвөөс 9 цаг өнгөрч байхад хөдөлсөн. Тэгээд замд явж байхад хамт модонд байсан хүмүүс ойн байцаагч Я.А ын утас холбогдохгүй байна очоод модоо хийчээд ир ирэхэд чинь мод бэлтгэх эрхийн бичгийг чинь аваад замд чинь би хүлээж байя гэж дарга О хэлж байна гэж ярьж байсан...” гэх мэдүүлэг хх-ийн 31-32 хуудас/,
Гэрч Л.М гийн өгсөн: “... 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр ажил цуглахад жолооч Баасансүрэн надад хандан дарга О модондоо яв гэж байна гэхээр нь ажлынхаа хүмүүстэй нийлээд модонд гарсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34 хуудас/,
Б.О яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 11 дүгээр сарын эхээр би тариалан эрхлэлтийг дэмжих сангийн Булган аймаг дахь салбарын ажилтнуудаас гарсан саналын дагуу ажиллагсдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор албаны тээврийн хэрэгслийг ашиглан ажилтнуудыг хувиар гарган мод бэлтгэхийг зөвшөөрсөн. Уг мод бэлтгэх ажиллагаанд гарах зардлыг ажилтнуудын цалингаас авахаар болсон. Ингэснээр хямд үнээр ажилтнуудад түлшний модтой болох нөхцөл бүрдсэн юм. Тэгээд би нэг өдөр Орхон сумын 3 дугаар багийн ойн байцаагч А той уулзаж мод бэлтгэх эрхийн бичиг авахаар ярьж нийтдээ 6 удаа явахаар тохирч эхний 3 удаагийн мод бэлтгэх эрхийн бичгийг авч модонд явсан. 4 дэх удаа мод бэлтгэхээр ажилтнуудаас гарсан санал хүсэлтийг зөвшөөрч А той холбогдох гэсэн боловч гар утас нь холбогдоогүй. А ууланд шалгалтаар явж байж магадгүй гэж бодоод би байгууллагын ажилчдыг явуулаад ууланд А той таарвал мод бэлтгэх эрхийн бичиг авчихаарай би эндээс гар утас нь холбогдоод авчих юм бол мод бэлтгэх эрхийн бичиг аваад араас чинь очъё гэж тохирсон..., А той ярих гэсэн боловч А ын утас холбогдоогүй..., удалгүй мод бэлтгэхээр гарсан ажилчид Булган аймаг орж яваад цагдаад баригдчихлаа гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 61-62 хуудас/,
Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 4-10 хуудас/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 11-12 хуудас/, модонд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 13-14 хуудас/, хөрөөнд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 15-16 хуудас/, эд хөрөнгө битүүмжлэх тухай тэмдэглэл, тогтоол /хх-ийн 18-19 хуудас/, шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн №15/01 дугаартай дүгнэлт /хх-ийн 42 хуудас/, шинжээчийн дүгнэлт /хх-ийн 47-51 хуудас/, Байгал орчны улсын байцаагч нөхөн төлбөр тооцох тухай дүгнэлт /хх-ийн 55 хуудас/, жолооны үнэмлэх болон тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 78-79 хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 76 хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Дээрх нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүх хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээнд шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг хянаж шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Булган аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.О ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нөхцөл байдлууд бүрэн хангагдсан байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтуудаар шүүгдэгч Б.О нь 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Булган аймгийн Орхон сумын нутаг дэвсгэр “Хөндлөн” гэх газраас зөвшөөрөлгүй мод бэлтгэх үүргийг бусдад үүрэг болгож байгаль экологид 1601415 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Гэмт хэрэг гарсан газар, цаг хугацаа, гэмт хэргийн шалтгаан нөхцөл, учирсан хор уршгийн талаар өгсөн хохирогч, гэрч нарын мэдүүлгийг хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, өөр хоорондоо зөрүүгүй, түүнчлэн хэрэгт шинжээчийн дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн эрх бүхий шинжээчид гаргасан, дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, шинжлэх ухааны үндэслэл бүхий байх тул шүүх түүнийг үнэн зөв, нотолгооны ач холбогдолтой гэж үнэлэв.
Хууль бусаар мод бэлтгэх гэдэгт мод бэлтгэх зөвшөөрөл аваагүй, тогтоосон төлбөр хураамжийг төлөөгүй байх, түүнчлэн зөвшөөрөлтэй боловч уг зөвшөөрөлд зааснаас өөр газар, илүү хэмжээгээр, эсвэл өөр нэр төрлийн мод бэлтгэсэн үйлдлийг ойлгох бөгөөд шүүгдэгч Б.О ын хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэсэн үйлдэл нь Монгол улсын Үндсэн хуулиар баталгаажсан иргэний эрүүл аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхэнд халдаж хүрээлэн байгаа орчны эсрэг хууль бусаар мод бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэргийн бүхий л шинжийг агуулж байх тул түүнийг гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Түүний гэм буруутай үйлдлийн улмаас байгаль экологид 1601415 төгрөгийн шууд хохирол учирсан ба шүүгдэгч Б.О аас дээрх хохирлыг гаргуулж Булган аймгийн Орхон сумын Засаг даргын тамгын газарт олгож шийдвэрлэх нь зүйтэй байна..
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт...”гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө..., орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж заасны дагуу шүүгдэгч Б.О ын гэмт хэрэг үйлдэж олсон 18.73 м3 модыг улсын орлого болгохыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан БНХАУ-д үйлдвэрлэсэн шар өнгийн цахилгаан хөрөө, 2018 оны 11 дүгээр сарын 08-ны мөрдөгчийн тогтоолоор битүүмжлэгдсэн **-** БУА улсын дугаартай ачааны “HINO RANGER” маркийн тээврийн хэрэгслийг битүүмжлэлээс чөлөөлөн эзэмшигч Булган аймаг, Булган сум, 5 дугаар багт байрлах Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн Булган салбарт тус тус буцаан олгож шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.О ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг анх удаа үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч нь шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн ба хохирол төлбөрөө төлөхөө илэрхийлсэн болохыг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.О нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримтгүй, шүүгдэгч Б.О аас гэмт хэргийн улмаас байгаль экологид учирсан хохирол болох 1601415 төгрөгийг гаргуулж Орхон сумын засаг даргын тамгын газарт олгохыг тус тус дурьдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. М овогт Б.О ыг зохих зөвшөөрөлгүйгээр хууль бусаар мод бэлтгэн тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О ыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О нь торгуулийг хэсэгчлэн төлөх талаар санал гаргаагүй болохыг дурьдсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Б.О нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Б.О ын гэмт хэрэг үйлдэж олсон 18.73 м3 модыг улсын орлого болгохыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан БНХАУ-д үйлдвэрлэсэн шар өнгийн цахилгаан хөрөө, 2018 оны 11 дүгээр сарын 08-ны мөрдөгчийн тогтоолоор битүүмжлэгдсэн **-** БУА улсын дугаартай ачааны “HINO RANGER” маркийн тээврийн хэрэгслийг битүүмжлэлээс чөлөөлөн эзэмшигч Булган аймаг Булган сум 5 дугаар багт байрлах Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн Булган салбарт олгосугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч Б.О аас 1601415 төгрөгийг гаргуулж, Булган аймгийн Орхон сумын Засаг даргын тамгын газарт олгосугай.
7. Шүүгдэгч Б.О нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт ирээгүй болохыг тус тус дурьдсугай.
8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.О ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ДЭЛГЭРМӨРӨН