Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 209/МА2023/00054

 

Р.*******ын нэхэмжлэлтэй

                                                              иргэний хэргийн тухай                                           

Дагалдах индекс: 209/2023/00046

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Я.Туул даргалж, шүүгч Х.Байгалмаа, шүүгч Г.Мягмарсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны  04 дүгээр сарын 13-ны өдрийн 135/ШШ2023/000448 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Р.*******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Е.*******, А.******* нарт холбогдох,

“Эксковаторын сэлбэг буюу сэлбэгийн үнэ 32,000,000 төгрөг гаргуулах тухай”  нэхэмжлэлийн шаардлагатай,

Иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.******* гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Мягмарсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.******* /цахимаар/, хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.*******, хариуцагчийн өмгөөлөгч Ө.Өлзиймаа, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Д.Энхболд нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага:

Би 2018 онд хуучин танил А.*******той яриад ийм, ийм сэлбэг байна, би өөрөө зарж чадахгүй байна. Наана чинь уул уурхай байдаг юм чинь зарж чадах уу гэхэд хэсэг хугацааны дараа А.******* манай хүү зарж чадна гэж байна, харин чи манай хүүд шагнал өгөөрэй гэсэн. Тэгээд А.*******ын хүү Е.******* надтай холбогдож, бид анх удаа уулзаад, ийм, ийм сэлбэг байгаа гээд сэлбэг байгаа газраа дагуулж очоод, бүгдийг нь үзүүлээд тухайн үед 4 сэлбэг байсан. 2 насос, 2 стартер байсан, ингээд үзэж хараад үнэ тохиролцоод явсан. Би хэрэв зарж өгвөл тодорхой хэмжээний шагнал өгнө гэдэг асуудал яриад бүгдийг нь өгөөд явуулсан.

Гэтэл Е.******* удаа дараа худал хэлж, хүнтэй ярьчихсан байгаа, уурхай дээр байгаа гэж бүтэн жил гаруй болж, сүүлдээ утсаа авахаа байгаад, 2019 онд цагдаад хандсан. Сонгинохайрхан дүүргийн цагдаад шалгагдаад Е.******* ирээд “...ахаа би хэцүү байна, өөр хэрэгт холбогдоод эрүү үүссэн, таны энэ асуудал нэмэгдвэл давхар юм болох гээд байна” гэж гуйхаар нь би хүүхдийг өрөвдөөд Е.*******той 10,000,000 төгрөгөөр тохиролцож гарын үсэг аваад хэргийг би хүсэлт гаргаж хаалгасан. Гэтэл дахиад 1-2 хоногийн дотор 2,000,000 төгрөг өгнө, үлдсэн 8,000,000 төгрөгийг өгнө гэж хэлээд мөн утсаа авахгүй алга болсон. Ингээд аргагүй байдалд орж шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Гэтэл шүүхэд энэ хүмүүс ******* маркийн эксковаторын насосын шал өөр зураг өгч тайлбар гаргасантай танилцаад, утсан дээрээ үзлэг хийлгэе гэж хэлсэн, би уг сэлбэгүүдийг зарах гэж олон удаа зураг бичлэгийг нь хийсэн байсан, арлын дугаартай, хувь хүн аж ахуй нэгжүүдийн үнийн санал миний утсан дээр зөндөө байгаа. Мөн ийм сэлбэг оруулж ирдэг компаниудаас судалгаа хийсэн.

Одоогийн зах зээлийн ханшаар ******* маркийн эксковаторын үндсэн насос 100,000,000 гаруй төгрөгийн үнэтэй байгаа. Тухайн сэлбэгүүд хуучин сэлбэг байсан учраас 20,000,000 төгрөг гэж тохиролцсон юм. Шинэ стартер нь 12,000,000 төгрөг байгаа. Гэтэл хариуцагч 250,000 төгрөгөөр зарсан гэж байна, ямар ч стартер ийм үнэтэй байхгүй. Одоо миний хэлэх санал нэг бол сэлбэгээ бодитоор нь буцааж авъя, эсвэл 25,000,000 төгрөг өгчихвөл тохиролцож болно гэж байгаа гэжээ.

2. Хариуцагч талын татгалзал, тайлбарын агуулга:

Р.******* нь 2018 он гэж ярьж байна. Энэ асуудлын эхлэл нь 2009 оноос эхлэлтэй. Стартер 2 ширхэг, 1250-ын насос, ******* насос бусад нэлээн олон сэлбэг байсан, бусдыг нь мартчихсан байна. *******-ийн насосыг орос хүн надад гаргаж өгсөн. Р.******* 2010 оноос хойш чимээгүй байж байгаад 2018 онд яриад нөгөө хуучин сэлбэг чинь зарагдахгүй байна, зарах боломж байна уу гэж ярьсан. Тэгээд уул уурхайд бид нар ажилладаг болохоор зарах гээд үзье, миний сэлбэг ч мөн байгаа би ч гэсэн сэлбэгээ аваад зарвал зараад, зарагдахгүй бол авъя гэж хэлсэн. Тэгээд манай хүүтэй Р.******* ярьж тохироод сэлбэгээ өгсөн байдаг, өгөхдөө утсаар бичлэг хийсэн гэдэг, тэр бичлэг нь байхгүй байгаа.

 Үнэхээр шинэ сэлбэг байсан юм уу, үгүй юм уу гэдгийг тэр бичлэг байвал мэдэх боломжтой юм. Тэгээд Р.******* манай хүүд “...энэ 2 стартер үнэд хүрэхгүй юм шиг байна, зарагдвал наашаа цаашаа явах зардлаа хийгээрэй” гэхээр нь манай хүү зардал хийх гээд нэг нь ажиллахгүй байна гээд хоёр стартерыг 250,000 төгрөгөөр зараад зардал хийгээд, их явсан. Тэгээд зарагдахгүй болохоор нь 1250-ын үндсэн насосыг нь Р.*******т буцааж өгсөн. LIBHER-ийн насос гэдэг нь миний насос юм, Р.******* минийх гээд байгаа, би Оросоос авахдаа биеэрээ очиж авсан гэжээ.

3. Анхан шатны шүүхийн  шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1-д зааснаар хариуцагч Е.*******, А.******* нараас KOMATSU ******* маркийн эксковаторын стартер 2 ширхэгийг гаргуулах, зарж борлуулсан тохиолдолд үнэ 11,500,000 төгрөг гаргуулах шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.*******ын нэхэмжлэлийн шаардлагаас Герман улсад үйлдвэрлэгдсэн ******* маркийн эксковаторын үндсэн насос 1 ширхэг болон 500,000 төгрөгийг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 317,950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 260,450 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.******* давж заалдах гомдолдоо:

             Анхан шатны шүүх үндэслэх хэсэгтээ “Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагыг нотлох, хариуцагч нь татгалзлаа нотлох үүрэг хүлээдэг. Гэтэл нэхэмжлэгч нь дээрх сэлбэгүүдийн үнийг зах зээл дээрх үнийн судалгаа хийж тогтоосон гэж байгаа боловч энэ талаар нотлох баримт ирүүлээгүй, өөрөөр хэлбэл мэргэжлийн байгууллагаар үнэлгээ тогтоолгосон талаар тодорхойгүй байх ба эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад түүний өөрийн гаргаж өгсөн үнийн дүнгээр нэхэмжлэлийн шаардлагыг нотлогдоно гэсэн нь үндэслэлгүй байна” гэж дүгнэсэн.

Гэтэл нэхэмжлэгч нь тус сэлбэгүүдийн үнийг албан ёсны борлуулагч компаниас үнийн санал авсан тухай, бусдад зарж борлуулахаар харилцаж байсан зурвас буюу нэхэмжлэгчийн утсанд үзлэг хийлгэх тухай хүсэлтийн хамт үнийн саналын зураг явуулсан боловч шүүх хүсэлтийг хүлээн авч шийдвэрлээгүй. Мөн “Ашид билгүүн” ХХК-иар тус сэлбэгүүдэд үнэлгээ тогтоолгуулахаар шинжээч томилуулсан боловч шинжээч нь дүгнэлт гаргахаас татгалзсан. Шүүгчийн захирамжийн биелэлт хангагдаагүй байхад шүүх хэргийг хянан шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

            Түүнчлэн шүүхээс энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг нэхэмжлэгчийн мэдүүлгээр нотлогдоно гэх үндэслэлгүй гэсэн атлаа хариуцагчийн Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэс дээр авагдсан гэрч хохирогчийг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэлийг үндэслэл болгон шийдвэрлэсэн нь хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн гэж үзнэ. Тус мэдүүлэгт нэхэмжлэгчийн анх тохиролцсон дүн 32,000,000 төгрөг байна, Е.******* худал ярьж байна гэх нэхэмжлэлийн шаардлагыг нотлох бүхий мэдүүлгийг нотлох баримтын хүрээнд үнэлээгүй атлаа 2 сэлбэгийг 500,000 төгрөгөөр зарсан гэх хариуцагчийн нотлох баримтгүй, үндэслэлгүй худал үгийг үндэслэл болгон шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байна. 

            Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хариуцагч нар нь сэлбэг авч явсан, зарж борлуулсан, тохиролцож 10,000,000 төгрөг өгнө гэсэн үйл баримтууд нотлогдож байхад шүүх нотлох баримтыг үнэн зөв үнэлээгүй.

Мөн Герман улсад үйлдвэрлэгдсэн ******* маркийн эксковаторын 1 ширхэг насос байгаа эсэх нь тодорхойгүй, 2018 онд нэхэмжлэгчээс анх хүлээж авсан сэлбэг мөн эсэх нь эргэлзээтэй байхад нэхэмжлэгчид буцааж өгөхөөр шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр биелэгдэх боломжгүй байдал үүсгэж байна. Шүүх тус сэлбэг мөн эсэхийг үзлэг хийж тогтоолгүйгээр шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасантай нийцэхгүй байна.

 Иймд анхан шатны шүүх нотлох баримтыг бүрэн дүүрэн бүх талаас нь шинжлэн судалж, бодит байдлыг тогтоох,

 хуулийг зөв хэрэглэх үүргээ биелүүлээгүй тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

            5.  Хариуцагч талаас давж заалдах гомдолд бичгээр хариу тайлбар гаргаагүй байна.

 

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.******* гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэв.

2. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлж, зохигчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарлаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан боловч талуудын тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар үнэлж чадаагүйгээс шүүхийн шийдвэр нь мөн хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан үндэслэл бүхий байх хуулийн  шаардлагыг хангаагүй байна. 

3. Нэхэмжлэгч Р.******* нь хариуцагч  Е.*******, А.******* нараас сэлбэг буюу сэлбэгийн үнэ 32,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүх хүлээн авч, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.******* эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасныг хангах үндэслэлтэй байна.

Учир нь хэргээс судлахад:

4. Нэхэмжлэгч Р.******* нь хариуцагч Е.*******, А.******* нараас KOMATSU ******* маркийн эксковаторын стартер 2 ширхэг буюу 12,000,000 төгрөг, ******* маркийн эксковаторын насос 1 ширхэг буюу 20,000,000 төгрөг, нийт 32,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.  

5. Хариуцагч  Е.*******, А.******* нар нь ******* маркийн эксковаторын насос 1 ширхэгийг өгнө. ...харин 2 ширхэг стартерыг Р.******* нь худалдаж,  “тээврийн зардалдаа хэрэглэ гэсэн тул тус бүрийг 250,000 төгрөгөөр худалдсан тул 500,000 төгрөгийг өгнө, сэлбэг хуучин байсан тул үлдэх 11,500,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй” гэсэн тайлбар гаргаж маргасан байна.

6. Талуудын хооронд уул уурхайн машин механизмд хэрэглэгддэг гэх 2 ширхэг KOMATSU ******* маркийн эксковаторын стартер, 1 ширхэг ******* маркийн эксковаторын насос  зэрэг сэлбэгүүдийг худалдан борлуулах, худалдан борлуулсан тохиолдолд зохих урамшуулал олгох талаар харилцан тохиролцож, дээрх нэр бүхий сэлбэгүүдийг нэхэмжлэгч Р.*******аас хариуцагч Е.*******, А.******* нарт шилжүүлсэн болох нь талуудын тайлбар, хэргийн үйл баримт зэргээр    тогтоогдож байна. Энэ талаар талууд маргаагүй.

7. Талуудын хооронд хийгдсэн энэхүү хэлцэл нь Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.2 дахь “Нэг этгээд хүсэл зоригоо илэрхийлэн хэлцэл хийж болно” гэсэн,

Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх  “Хүсэл зоригийн илэрхийлэл нь  нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно” гэсэн  заалтад нийцсэн.

 8. Анхан шатны шүүх, талуудын хооронд даалгаврын гэрээний харилцаа үүссэн буюу даалгавар гүйцэтгэгч нь даалгавар өгөгчийн нэрийн өмнөөс, түүний зардлаар тодорхой үйлдэл хийх, хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол даалгавар өгөгч нь хөлс төлөх үүргийг тус тус хүлээхээр тохиролцсон  гэж дүгнэж, Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1 дэх хэсэгт  зааснаар хэргийг зүйлчлэн шийдвэрлэсэн нь зөв байна.

9. Хэргийн 132-134 дүгээр талд авагдсан шүүх хуралдааны тэмдэглэлд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.******* нь “******* маркийн эксковаторын 1 ширхэг насосыг буцаан өгөхөд татгалзахгүй” гэх ,

 нэхэмжлэгч Р.******* нь “******* маркийн эксковаторын насос нь марк, үйлдвэрийн хувьд тохирч байгаа тул буцаан авахад татгалзахгүй, харин 2 стартерийн үнэ 12,000,000 төгрөгийг гаргуулна” гэх агуулга бүхий  тайлбарыг тус тус гаргажээ.

10. Анхан шатны шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн гэрч, хохирогчийг нүүрэлдүүлэн байцаасан мэдүүлгээр хариуцагч Е.******* нь KOMATSU ******* маркийн эксковаторын 2 ширхэг стартерыг 500,000 төгрөгөөр зарж борлуулсан болох нь тогтоогдсон, нэхэмжлэгч Р.*******ын  ******* маркийн эксковаторын 1 ширхэг насосыг буцаан авахад татгалзахгүй гэх тайлбарыг хариуцагч зөвшөөрсөн гэх үндэслэлээр  хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн гэж “хариуцагчийн зөвшөөрлийг баталж,  хэргийг хэрэгсэхгүй болгож”  шийдвэрлэсэн байна.

Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4-т заасантай нийцээгүй байна.

Учир нь  хариуцагч нь  KOMATSU ******* маркийн эксковаторын 2 ширхэг 
стартерыг 500,000 төгрөгөөр худалдан борлуулсан гэсэн тайлбар гаргасан хэдий ч нэхэмжлэгч нь 12,000,000 төгрөгийг  бүхэлд нь гаргуулахаар  нэхэмжилсэн байхад хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн гэж үзсэн нь хууль буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй.

Өөрөөр хэлбэл, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрсөн хэдий ч үүнийг нэхэмжлэгч зөвшөөрөхгүй тохиолдолд мэтгэлцээнийг үргэлжлүүлж, хэргийг ердийн журмаар шийдвэрлэнэ.

11. Нэхэмжлэгч Р.******* нь KOMATSU ******* маркийн эксковаторын 2 ширхэг стартерыг хуучин байсан, 11 kw стартерыг 6,500,000 төгрөгөөр, 7,5 kw стартерыг 5,500,000 төгрөгөөр нийт 12,000,000 төгрөг, ******* маркийн эксковаторын 1 ширхэг насос 20,000,000 төгрөг бүгд 32,000,000 төгрөгийн сэлбэг гэж нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг тодорхойлсон.

Хариуцагч тал дээрх үнэлгээг эс зөвшөөрсөн бөгөөд маргаан бүхий сэлбэгийн үнэ ханшийг тогтоолгохоор Ашид билгүүн ХХК-ийг шинжээчээр томилсон боловч шинжээч нь “дээрх сэлбэгүүдийн зах зээлийн үнийг 2018 оны байдлаар гаргахад тухайн оны зах зээл дээр борлуулагдаж байсан үнийн судалгаа мэдээлэл хомс тухайн үед сэлбэгүүд хэвийн ажиллагаатай байсан эсэх эргэлзээтэй тул үнэлгээ тогтоох боломжгүй” гэсэн үндэслэлээр дүгнэлт гаргахаас татгалзжээ. /хх-ийн 120/

Энэ талаар зохигч нарт танилцуулсан байх боловч хэн аль нь санал хүсэлт дахин гаргаагүй, хариуцагч тал татгалзлынхаа үндэслэлийг нотолж чадаагүй байна.

12. Мөн хариуцагч нар нь дээрх сэлбэгүүдийг нэхэмжлэгч Р.*******ынх биш, Б.*******, чанар байдлын хувьд шинэ биш хуучин, өндөр үнэтэй биш гэж маргаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Б. гэрчээр татаж мэдүүлэг авхуулсан бөгөөд тэрээр “...би Р.*******т 11,200,000 төгрөгөөр сэлбэг худалдаагүй, тэрээр надад 1,000,000 гаран төгрөг өгсөн. ...би Р.*******т арван хэдэн саяар сэлбэг зарсан зүйл байхгүй. Тэр сэлбэгүүд хуучин сэлбэг байсан” гэж мэдүүлжээ. /хх-ийн 73-75/

Гэрчийн мэдүүлэг нь тодорхой эх сурвалжид үндэслэсэн мэдээлэл байх ёстой бөгөөд гэрчилж буй үйл баримтаа ямар баримт, ямар үйл явдалд тулгуурлан мэдүүлсэн болохыг шүүх заавал тодруулах шаардлагатай.

Гэтэл гэрч Б. нь мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй байх тул түүний мэдүүлгээр маргаан бүхий сэлбэгийн эзэмшигч нь Г.******* биш, мөн  тухайн сэлбэгийн үнэ ханшийн талаар зөв мэдүүлсэн гэж үзэх боломжгүй тул гэрч Б.Гантулгын  мэдүүлэг нь нотлох чадвараа алдсан гэж үзнэ.  

Дээрх байдлаас дүгнэвэл хариуцагч нар нь нэхэмжлэгчийн тодорхойлсон сэлбэгийн үнэлгээг үгүйсгэж чадаагүй, энэ талаарх нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй тул нэхэмжлэгч Р.*******ын үнэлсэн үнэлгээгээр нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлох нь зүйтэй.

 13. Хариуцагч Е.*******, А.******* нар нь KOMATSU ******* маркийн эксковаторын 2 ширхэг стартерыг 500,000 төгрөгөөр худалдаж, тээврийн зардалд хэрэглэсэн гэж тайлбарладаг боловч энэ  талаарх баримт хэрэгт авагдаагүй,  мөн  дээрх сэлбэгүүдийг худалдсан гэх 500,000 төгрөгийг нэхэмжлэгч Р.*******т өгсөн гэдгээ ч  нотлоогүй.

Харин  хариуцагч нар нь 20,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий ******* маркийн 1 ширхэг насосыг бусдад худалдаагүй, байгаа тул буцаан өгнө гэж  хүлээн зөвшөөрсөн байна.

Хэрэв KOMATSU ******* маркийн эксковаторын /11 kw стартер 6,500,000 төгрөг, 7,5 kw стартер 5,500,000 төгрөг/ 2 ширхэг стартер, ******* маркийн 1 ширхэг насос  зэрэг сэлбэгүүд нь худалдан борлуулагдаагүй нөхцөлд буцаан авч болохоо нэхэмжлэгч Р.******* нь анхан шатны шүүх хуралдаанд илэрхийлсэн байх тул нэр бүхий сэлбэг буюу үнийг гаргуулах гэж  шийдвэрлэх нь хуульд нийцнэ.  /хх-ийн 131/

14. Иймд хариуцагч нараас KOMATSU ******* маркийн эксковаторын /11 kw стартер 6,500,000 төгрөг, 7,5 kw стартер 5,500,000 төгрөг/ стартер 2 ширхэг буюу 12,000,000 төгрөг, ******* маркийн насос 1 ширхэг буюу 20,000,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Р.*******т олгох нь зүйтэй  байх тул энэ үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт  өөрчлөлт оруулж  шийдвэрлэлээ.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны  04 дүгээр сарын 13-ны өдрийн 135/ШШ2023/000448 дугаар шийдвэрийн ТОГТООХ  хэсгийн

1 дэх заалтын “... хариуцагч Е.*******, А.******* нараас KOMATSU ******* маркийн эксковаторын стартер 2 ширхэгийг гаргуулах, зарж борлуулсан тохиолдолд үнэ 11,500,000 төгрөг гаргуулах шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэснийг,

“...хариуцагч Е.*******, А.******* нараас KOMATSU ******* маркийн эксковаторын /11 kw стартер 6,500,000 төгрөг, 7,5 kw стартер 5,500,000 төгрөг/ стартер 2 ширхэг буюу 12,000,000 төгрөг, ******* маркийн насос 1 ширхэг  буюу 20,000,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Р.*******т олгосугай” гэж,

2 дахь заалтын “... Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.*******ын нэхэмжлэлийн шаардлагаас Герман улсад үйлдвэрлэгдсэн ******* маркийн эксковаторын үндсэн насос 1 ширхэг болон 500,000 төгрөгийг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэснийг хасаж,

3 дахь заалтын “... Иргэний хэрэг шүүхэд хянан шийдэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2” гэснийг “56.1” гэж,

“... хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид “260,450 төгрөгийг гаргуулан ...” гэснийг “... 317,950 төгрөгийг гаргуулан...” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч Р.*******ын давж заалдах журмаар гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 317,950 төгрөгийг Төрийн сангийн орлогоос шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

4.  Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.                                  

                        

 

 

                                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Я.ТУУЛ

                                                              ШҮҮГЧИД                                 Х.БАЙГАЛМАА

                                                                                  Г.МЯГМАРСҮРЭН