Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 209/МА2023/00055

 

*******ын нэхэмжлэлтэй
                              иргэний хэргийн тухай
                     

Дагалдах индекс: 209/2023/00054

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Байгалмаа даргалж, шүүгч Я.Туул, шүүгч Г.Мягмарсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны  04 дүгээр сарын 26-ны өдрийн ******* дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч *******д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: “Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 6,671,159 төгрөг гаргуулах” тухай  нэхэмжлэлийн шаардлагатай,

Иргэний хэргийг нэхэмжлэгч *******ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Мягмарсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгч ******* /цахимаар/, хариуцагчийн өмгөөлөгч Ө.Өлзиймаа, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Д.Энхболд нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага:

Миний бие 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдөр *******тай Худалдах, худалдан авах гэрээгээр 10,278,000 төгрөгийн үнэ бүхий барааг худалдсан. Бид гэрээгээ байгуулахдаа сарын 10 хувийн хүү, хугацаа хэтэрсэн нөхцөлд өдрийн 0.5 хувийн алданги төлөхөөр харилцан тохиролцож, нотариатаар батлуулсан. Гэрээний нийт хугацааг 3 сараар тохирч 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр 3,000,000 төгрөг, 02 дугаар сарын 01-ний өдөр 3,000,000 төгрөг, 03 дугаар сарын 01-ний өдөр үлдэгдэл төлбөр болох 4,418,000 төгрөгийг төлөхөөр тохиролцсон. Хариуцагч эхний төлбөрийн хуваарьт өдрөөс эхлэн гэрээний үүргийг сайн дураар биелүүлэхгүй, биелүүлэхийг шаардахад олон удаа маргаан үүсгэсний эцэст гэрээний хугацааг 5 хоног хэтрүүлж олон хувааж өгч байсан. Энэ мэтээр олон удаа хувааж өнөөдрийн байдлаар нийт 6,000,000 төгрөгийг надад өгсөн. Үлдэгдэл мөнгийг өгөхгүй гэж гэрээний үүргээсээ татгалзсан тул шүүхэд хандсан.

Хариуцагч нь 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр 1,700,000 төгрөг, 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 1,100,000 төгрөг, 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 200,000 төгрөг, 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 2,850,000 төгрөг, 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 150,000 төгрөг, нийт 6,000,000 төгрөг өгсөн. Хугацаа хэтрүүлэхгүй гэж гэрээнд тохиролцсоны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хүү тооцсон байгаа. Төлбөр төлөх бүрд нь үндсэн төлбөрөөс нь хасаж тооцож байсан. Өнөөдрийн байдлаар үндсэн төлбөрийн үлдэгдэл 4,418,000 төгрөг, хугацаа хэтэрсэн 91 хоногт нийт 2,253,159 төгрөгийн хүү бодогдсон. Тиймээс надад төлбөл зохих мөнгөний хэмжээ 6,671,159 төгрөг болж байгаа юм. Энэ мөнгийг хариуцагчаас гаргуулахаар анх нэхэмжлэл гаргасан. Хугацаа хэтэрсэн хоногт тооцох хүүг дахин бодож үзвэл эхлээд ******* 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр 3,000,000 төгрөг өгөх байсан. Гэтэл 2023 оны 01 дүгээр 03-ны өдөр 1,700,000 төгрөг төлсөн. 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүртэл 1,300,000 төгрөг өгөх байсан. Үүнээс хүү тооцоход 4333 төгрөг, 2023 оны 01 дүгээр 05-ны өдөр 200,000 төгрөг төлсөн, үүнээс хүү нь 666 төгрөг, 2023 оны 02 дугаар 01-ний өдөр 2,850,000 төгрөг төлсөн үүнээс 150,000 төгрөгийн гүйцэтгээгүй үнийн дүнгээс хүү бодоход 500 төгрөгийн хүү байсан. 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрөөс хойш одоог хүртэл мөнгө төлөөгүй 4,278,000 төгрөг үүнээс хүү тооцоход 427,800 төгрөг байгаа. Ингээд нийт 753,299 төгрөг болж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагаа 1,499,860 төгрөгөөр бууруулж байна гэжээ.

2. Хариуцагч талын татгалзал, тайлбарын агуулга:

Миний бие *******тай 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Худалдах, худалдан авах гэрээгээр 10,278,000 төгрөгийн бараа авсан. Эхний 2 сар гэрээнд заасны дагуу цаг тухайд нь барааны мөнгөө төлсөн. Харин 3 дахь сараас хүмүүсийн худалдан авах чадвар эрс буурснаар бараа материалын төлбөрийг төлж чадахгүйд хүрсэн тул *******т өөрийн боломжит хугацаа хэлж гэрээгээ сунгахыг хүссэн боловч тэр хүн элдвээр доромжилж, миний хүсэлтийг хүлээж аваагүй. Мөн аль эсхүл үлдэгдэл бараагаа ав гэхэд чадахгүй гэсэн. Миний хувьд одоо үлдэгдэл барааг нь буцаан өгөх хүсэлтэй байна. 4,418,000 төгрөгөөс ч илүү бараа байгаа. Хүү болох 2,253,159 төгрөгийг төлөх боломжгүй. Жич: Миний бие ар гэрийн гачигдлаар Говь-Алтай аймагт одоогоор байгаа. Иймээс хийж байсан ажил төрөл маань зогссон. Мөн хүнээс 10 хувийн хүүтэй мөнгө зээлж, 2 удаагийн төлөлт хийсэн. Одоо бэлэн мөнгөөр төлөлт хийх үнэхээр боломжгүй учир барааг буцааж өгөх хүсэлтэй байна гэжээ.

3. Анхан шатны шүүхийн  шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д зааснаар хариуцагч *******гаас 5,171,299 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******т олгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 121,689 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 97,690 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгч  ******* давж заалдах гомдолдоо:

        Анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгтээ “Нэхэмжлэгч нь хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж ...худалдах худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 4,278,000 төгрөг, хугацаандаа төлөөгүй хүүг сарын 10 хувиар тохирсон тул хугацаа хэтрүүлсэн төлбөрт хүү тооцож 320,000 + 4,333 + 666 + 500 + 4,278 = 753,299 төгрөг нийт гэрээний үүрэг 5,031,299 төгрөг, өвлийн куртикний үнэ 140,000 төгрөгийг нэмээд 5,171,299 төгрөгийг гаргуулна, хүүгийн нэхэмжилсэн төлбөрөөс 1,499,860 төгрөгийн шаардлагаас татгалзаж байна гэж тайлбарлаж байна” гэжээ. Би өөрөө нэхэмжлэлийн дүнгээ бууруулах санаачилга гарган сайн дураараа хүүг ахин тооцож 1,499,860 төгрөгийн нэхэмжлэлээсээ татгалзсан мэт бичсэн нь үндэслэлгүй байна. ******* бидний байгуулсан гэрээнд хугацаа хэтэрсэн тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс 10 хувийн хүү тооцож төлнө гэсэн заалт байгаа.Гүйцэтгээгүй үнийн дүн гэдэг нь надаас авсан нийт барааны дүн болон надад төлсөн мөнгөн дүн хоёрын зөрүүг хэлж байгаа.

Дээрх үйл явдал нь нэхэмжлэгчийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг багасгах эрхээ эдэлсэн гэж үзэх боломжгүй, анхан шатны шүүх маргалдагч талуудын маргаагүй сэдвээр өөрөө сайн дураараа шийдвэрийг гаргасан гэж үзэж байна. Тиймээс хуулиар олгогдсон эрхээ эдэлж нэхэмжлэгчийн татгалзсан гэж байгаа 1,499,860 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангуулах хүсэлттэй байна гэжээ.

 

            5.  Хариуцагч талаас давж заалдах гомдолд хариу тайлбар гаргаагүй байна.

 

ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******ын гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан хэлэлцээд давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж дүгнэлээ.

 2. Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, Иргэний хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, зохигчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарлаагүй байх бөгөөд шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангасан байна.

           

            Хэргээс судлан үзэхэд:

            3. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******гаас зээлээр худалдсан барааны үлдэгдэл төлбөр 6,671,159 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 1,499,860 төгрөгөөр багасгаж, 5,171,299 төгрөг гаргуулахаар нэхэмжилжээ. 

            4. Хариуцагч ******* нь  “... гэрээний хугацааг сунгах хүсэлт тавьсан боловч хүлээж аваагүй, үлдэгдэл барааг буцааж өгөх хүсэлтэй, хүүг төлөх боломжгүй” гэж маргажээ.

5. *******, ******* нар нь 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдөр бараа худалдах, худалдан авах гэрээ байгуулж, 37 нэр төрлийн барааг акт үйлдэн хүлээлцэж, худалдан авагч нь төлбөрийг 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн дотор 3,000,000 төгрөг, 2023 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн дотор 3,000,000 төгрөг, 2023 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн дотор 4,278,000 төгрөгийг худалдагч *******ын дансанд төлөхөөр, зээлээр худалдсан барааны үнэ  сарын 10 хувийн хүүг худалдан авагч тал худалдагчид төлөх, гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцож төлөхөөр тус тус тохиролцсон байна. /хх-ийн 4-5/

Талуудын хооронд Иргэний хуулийн 262  дугаар зүйлийн 262.1-д заасан зээлээр худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн, хуулийн 263 дугаар зүйлийн 263.1-д зааснаар гэрээг бичгээр хийх шаардлагыг хангасан,  263 дугаар зүйлийн 263.2-т заасан нөхцөлийг тусгасан гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 6. Нэхэмжлэгч ******* нь 10,278,000 төгрөгийн үнэ бүхий 37 нэр төрлийн барааг хариуцагч *******д шилжүүлсэн, ******* нь 2023 оны 01 дүгээр сарын 3-ны өдөр 1,700,000 төгрөг, 2023 оны 01 дүгээр сарын 4-ний өдөр 1,100,000 төгрөг, 2023 оны 01 дүгээр сарын 5-ны өдөр 200,000 төгрөг, 2023 оны 2 дугаар сарын 01-ний өдөр 2,850,000 төгрөг, 2023 оны 2 дугаар сарын 2-ны өдөр 150,000 төгрөг нийт 6,000,000 төгрөг төлсөн байна.

Дээрх үйл баримтын талаар талууд маргаагүй, гэрээ хүчин төгөлдөр тул нэхэмжлэгч ******* нь гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэж хариуцагч *******гаас үлдэгдэл төлбөрийг шаардах эрхтэй.

 

7. Харин хариуцагч ******* нь гэрээг цуцалж, үлдэгдэл барааг буцааж өгнө, хүүг төлөх боломжгүй гэж маргасан.

Талуудын хооронд байгуулсан гэрээний 5.1-д “Эд хөрөнгийн доголдолтой холбогдуулан худалдагч, худалдан авагчийн аль нь ч гэрээг цуцлах эрхтэй бөгөөд энэ тохиолдолд худалдагч нь худалдан авагчид учирсан хохирол, зардлыг хариуцна” гэжээ.  

Талууд гэрээний дагуу шилжүүлсэн барааг доголдолтой тохиолдолд гэрээг цуцлахаар тохирсон байх ба хүмүүсийн худалдан авах чадвар муудсан, борлогдоогүй тохиолдолд барааг буцаана” гэх үндэслэлээр гэрээг цуцлах тухай хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байна.

Мөн хариуцагч ******* нь хүү төлөхгүй гэж маргасан ба талуудын хооронд байгуулсан гэрээний 3.5-д зээлээр “худалдан авсан барааны үнэ сарын 10 хувийн хүүг худалдан авагч талд төлнө” гэж заасан тул хариуцагч ******* нь хүү төлөхөөс чөлөөлөгдөх үндэслэлгүй.

8. Хэргийн үйл баримт болон талуудын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтууд зэргээс нэхэмжлэгч *******ын “... Нэхэмжлэгч өөрөө нэхэмжлэлийн дүнгээ бууруулах санаачилга гарган сайн дураараа хүүг дахин тооцож 1,499,860 төгрөгийн нэхэмжлэлээсээ татгалзсан мэт бичсэн нь үндэслэлгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг багасгах эрхээ эдэлсэн гэж үзэх боломжгүй, хуулиар олгогдсон эрхээ эдэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсан гэх 1,499,860 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэх давж заалдах гомдлыг хүлээн авч хангах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

8.1 Хэргийн 37-38 дугаар талд авагдсан шүүх хуралдааны тэмдэглэлд “...2,253,159 төгрөгийн хүү нэхэмжилснээс 753,299 төгрөгийн хүү тооцож хүүгээ буулгаж байгаа эсэхийг тодруулахад нэхэмжлэгч нь “хүү”-г буулгаж,  нэхэмжлэлийн шаардлагаа 1,499,860 төгрөг болгон багасгаж байна гэсэн тайлбарыг гаргасан байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй гэж заасан. Энэ эрх нь зөвхөн нэхэмжлэгчийн эдлэх эрх бөгөөд нэхэмжлэгч нь хэнээс юу шаардах, шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгахаа өөрөө тодорхойлдог.

 

Шүүх хуралдааны тэмдэглэлд нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан хүсэл зоригийн илэрхийллийг тусгаж баримтжуулсан байх ба шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хууль зүйн дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн гэж үзнэ.  

Иймд нэхэмжлэгч *******ын “ нэхэмжлэлийн шаардлагаа багасгах хүсэл зоригоо илэрхийлээгүй” гэх давж заалдах гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Шүүх хуралдааны тэмдэглэлд хариуцагч *******гийн нэрийг “Ч.Нямхүү” гэж зөрүүтэй бичсэн байгааг анхаарах нь зүйтэйг тэмдэглэж байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны  04 дүгээр сарын 26-ны өдрийн ******* дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэхь хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******ын давж заалдах журмаар гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 38,948 /гучин найман мянга есөн зуун дөчин найман/ төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

4.  Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.                                  

                    

 

 

          

        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Х.БАЙГАЛМАА

                            ШҮҮГЧИД                                    Я.ТУУЛ

                                Г.МЯГМАРСҮРЭН