| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жаргалын Дэлгэрмөрөн |
| Хэргийн индекс | 163/2019/0015/Э |
| Дугаар | 00015 |
| Огноо | 2019-01-14 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | Ц.Гэрэлбаатар |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 01 сарын 14 өдөр
Дугаар 00015
Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,
Нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбулган,
Улсын яллагч Ц.Гэрэлбаатар,
Шүүгдэгч Д.Э , түүний өмгөөлөгч П.Ган-Очир нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,
Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Гэрэлбаатар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Д.Э-т холбогдох 1815003720231 дугаартай, 163/2019/0017/Э индекстэй эрүүгийн хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1958 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Булган аймгийн Орхон суманд төрсөн, 60 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, өндөр насны тэтгэвэрт байдаг, ам бүл 2, эхнэрийн хамт Булган аймгийн Булган сумын 1 дүгээр багт оршин суух, урьд ял шийтгэлгүй, Б овогт Д.Э,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.Э нь /яллах дүгнэлтээр/ 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Булган аймгийн Булган сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Байшинт” гэх газраас зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэж, байгаль экологид 203775 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Э ын өгсөн: Мэдүүлэг өгнө. Цаг хугацаагаа сайн санахгүй байна. Би цагдаад баригдахаас өмнө нөхөрлөлийн дарга Ш гэх хүнтэй очиж уулзаад түлшний мод хиймээр байна би гоожингоо авмаар байна, ямар ч түлээгүй болчихлоо гэж хэлэхэд энэ хавийн нутгийн иргэд маань түлээ түлшний мод бэлтгэх санал тавиад байхаар нь ойн байцаагч А-той уулзсан. Тэгэхэд та энэ хавийн хүмүүсээ зохицуулаад түлээ түлшинд нь гарга. Дараа нь би таньд гоожинг нь өгье. Тэгээд одоохондоо надад гоожин байхгүй байна, гоожин ирэхээр нь нөхөөд бичээд өгье, харин чи модоо хийчихээд над дээр ирээд өөрийнхөө овог, нэр, машиныхаа улсын дугаарыг бичүүлээрэй гэж хэлсэн. Ингэж уулзсанаас хойш 3 хоногийн дараа ууланд гарч мод хийчихээд буцаж байтал цагдаа, улсын байцаагч хоёрт баригдаад журмын хашаанд орсон. Надад уулнаас мод хулгай хийгээд хувьдаа завших гэсэн санаа сэдэл байгаагүй. Би өвлийн улиралд дулаан өвөлжих санаатай уулнаас мод бэлтгэсэн. Би бодохдоо нөхөрлөлийн дарга, ойн байцаагч хоёр яриад тохиролцсон учир хүмүүсийг модонд гаргаж байгаа юм байна гэсэн ойлголттой байсан гэв.
1815003720231 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн шалгах ажиллагааны шатанд:
Хохирогч Я.А ын өгсөн: “... Д.Э ын мод бэлтгэсэн газар нь Булган аймгийн Орхон сумын 3 дугаар багийн “Нүхэн хад” гэх нэртэй газар байсан. Уг газар нь энэ жил талбайн тусгаарлалт хийгдээгүй, мод бэлтгэх эрх үүсээгүй газар юм..., мод бэлтгэхдээ заавал надаас эрхийн бичиг авах ёстой. Надаас өөр хүн мод бэлтгэх эрхийн бичиг өгөх ёсгүй. ... Манай сумын зүгээс ойд учирсан хохирлоо төлүүлэх хүсэлтэй байна. Өөр санал, хүсэлт байхгүй. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 20 хуудас/,
Гэрч Э.Д ий өгсөн: “... Малчны хорооны баруун талд мод ачсан “Портер” маркийн машин зогсож байсан. Очиж асуухад нөхөрлөлийн мод байгаа юм, бичиг баримтыг маань ойн байцаагч хураагаад явчихлаа гэж хэлсэн..., Д.Э аас мод бэлтгэх эрхийн бичиг байгаа эсэхийг асуухад мод бэлтгэх эрхийн бичиг байхгүй, манай нөхөрлөлийн мод байгаа юм гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 20 хуудас/,
Гэрч О.Д ын өгсөн: “... Би Д.Э гэх хүнээс мод бэлтгэх эрхийн бичиг байгаа эсэхийг асуухад мод бэлтгэх эрхийн бичиг байхгүй, нөхөрлөлийн дарга Ш гэх хүнээс зөвшөөрөл авчихсан гэж хэлсэн. Би тухайн машиныг дагуулаад тээврийн хэрэгсэл түр саатуулах газарт саатуулсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 22 хуудас/,
Гэрч С.О ийн өгсөн: “... Тухайн өдрийн өглөө үхрээ тууж байхад хийдэд байх Д.Э гэх хүн модонд явж өгөхийг гуйсан. Би зөвшөөрч замаасаа Б гэх залууг авч “Байшинт” гэх газрын урд талаар баруун тийш өгсөж модтой уулнаас мод бэлтгэж ачсан. Өмхтэй газар унасан модыг голцуу ачсан. Өдөр уулнаас буусан...” гэх мэдүүлэг /хх-ийн 25 хуудас/,
Гэрч Х.Б ын өгсөн: “... 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өглөө 08 цагийн орчимд манай хороонд байрлах Э , О нар ирсэн. Мод ачиж өгөхийг гуйсан. Би зөвшөөрч “Байшинт” гэх газрын баруун хэсэг буюу Гурлын үйлдвэрийн амралтын баруун талын модтой хэсэг рүү орж мод бэлтгэж ачсан. ... Ууланд очоод газар унасан модыг голцуу авч ачсан. ... Бид нарыг зогсоогоод мод бэлтгэх эрхийн бичиг байгаа эсэхийг асуухад Э “Нэгдсэн журмаар нөхөрлөлийн мод ачиж байгаа, дараа нь эрхийн бичгийг нь авна” гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 26 хуудас/,
Гэрч Д.Ш ын өгсөн: “...Манай нөхөрлөлийн гишүүн Э ирээд түлшний модгүй болчихлоо, цас орох гээд байна гэхээр нь би Булган аймгийн төв рүү орж зарж, борлуулж болохгүй шүү, харин хувьдаа ганц удаа модонд явж болно гэж хэлсэн... Булган аймгийн Цагдаагийн газар орох замдаа Э тай ярихад мод бэлтгэх эрхийн бичиггүй мод бэлтгэсэн гээд цагдаа саатуулсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28 хуудас/,
Гэрч Э.У ийн өгсөн: “... Өдрийн 14 цагийн орчимд баруун урд талаас мод ачсан машин ирж явсан. Би Б ы хамт урдаас нь очсон. Тухайн машиныг зогсоож шалгахад зүс таних Э гэх хүн байсан. Э нь мод бэлтгэх эрхийн бичиг байхгүй гэж байсан. Э ын мод бэлтгэсэн газар нь ойн тусгаарлалт хийж, зөвшөөрөл аваагүй байсан. Мод бэлтгэх эрхийн бичгийг заавал байгаль хамгаалагчаас авна. Өөр албан тушаалтан өгөх ёсгүй. Нөхөрлөлийн иргэд мод бэлтгэх байсан ч мод бэлтгэх эрхийн бичиг заавал авах ёстой. Нөхөрлөлийн дарга мод бэлтгэх эрхийн бичиг олгохгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 31 хуудас/,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, илтгэх хуудас /хх-ийн 2-3 хуудас/, Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 4-6 хуудас/,
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 7-8 хуудас/, Модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 9-11 хуудас/, Гар хөрөөнд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 12-13 хуудас/, Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, тэмдэглэл /хх-ийн 14-15 хуудас/, Шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн №10/04 дугаартай дүгнэлт /хх-ийн 37 хуудас/, Шинжээчийн дүгнэлт /хх-ийн 44-49 хуудас/, Байгал орчны улсын байцаагч нөхөн төлбөр тооцох тухай дүгнэлт /хх-ийн 41 хуудас/, Иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 64 хуудас/, Байгаль орчныг хамгаалах иргэдийн нөхөрлөлийн гэрчилгээ, холбогдох баримтууд /хх-ийн 66-72 хуудас/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 90 хуудас/, Тээврийн хэрэгсэлтэй холбоотой баримтууд /хх-ийн 77-88 хуудас/, Хохирол төлсөн баримт /хх-ийн 97 хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Дээрх нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүх хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээнд шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг хянаж шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Булган аймгийн прокурорын газраас шүүгдэгч Д.Э ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нөхцөл байдлууд бүрэн хангагдсан байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Э нь 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Булган аймгийн Булган сумын 1 дүгээр багийн “Байшинт” гэх газраас зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэж, байгаль экологид 203775 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Гэмт хэрэг гарсан газар, цаг хугацаа, гэмт хэргийн шалтгаан нөхцөл, учирсан хор уршгийн талаар өгсөн хохирогч, гэрч нарын мэдүүлгийг хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, өөр хоорондоо зөрүүгүй, түүнчлэн хэрэгт шинжээчийн дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн эрх бүхий шинжээчид гаргасан, дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, шинжлэх ухааны үндэслэл бүхий байх тул шүүх түүнийг үнэн зөв, нотолгооны ач холбогдолтой гэж үнэлэв.
Хууль бусаар мод бэлтгэх гэдэгт мод бэлтгэх зөвшөөрөл аваагүй, тогтоосон төлбөр хураамжийг төлөөгүй байх, түүнчлэн зөвшөөрөлтэй боловч уг зөвшөөрөлд зааснаас өөр газар, илүү хэмжээгээр, эсвэл өөр нэр төрлийн мод бэлтгэсэн үйлдлийг ойлгох бөгөөд шүүгдэгч Д.Э ын хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэсэн үйлдэл нь Монгол улсын Үндсэн хуулиар баталгаажсан иргэний эрүүл аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхэнд халдаж хүрээлэн байгаа орчны эсрэг хууль бусаар мод бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэргийн бүхий л шинжийг агуулж байх тул түүнийг гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Түүний гэм буруутай үйлдлийн улмаас байгаль экологид 203775 төгрөгийн шууд хохирол учирсан байх бөгөөд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1-д зааснаар ойн санд учирсан хохирлын экологи, эдийн засгийн үнэлгээг 3 дахин нэмэгдүүлсэн тэнцэх хэмжээгээр нэмэгдүүлж 611325 төгрөгийн нөхөн төлбөрийг нэхэмжилсэн байх ба шүүгдэгч Д.Э нь шүүх хэлэлцүүлгийн шатанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч, дээрх хохирлыг барагдуулсан байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт...”гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө..., орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж заасны дагуу шүүгдэгч Д.Э ын гэмт хэрэг үйлдэж олсон 49 ширхэг мод, БНХАУ-д үйлдвэрлэсэн шар өнгийн цахилгаан хөрөөг шүүгдэгчээс тус тус албадан гаргуулж улсын орлого болгохыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 2018 оны 11 дүгээр сарын 02-ны мөрдөгчийн тогтоолоор битүүмжлэгдсэн 42-39 УНМ улсын дугаартай ачааны “Пронтер” маркийн тээврийн хэрэгслийг битүүмжлэлээс чөлөөлөн эзэмшигчид нь тус тус буцаан олгож шийдвэрлэв.
Шүүгдэгч Д.Э т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг анх удаа үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн нөхцөл байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Д.Э нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримтгүй, хохирогч гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурьдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Б овогт Д.Э ыг зохих зөвшөөрөлгүйгээр хууль бусаар мод бэлтгэн тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э ыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э нь торгуулийг хэсэгчлэн төлөх талаар санал гаргаагүй болохыг дурьдсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч
Д.Э нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Д.Э ын гэмт хэрэг үйлдэж олсон 49 ширхэг мод, БНХАУ-д үйлдвэрлэсэн шар өнгийн цахилгаан хөрөөг шүүгдэгчээс албадан гаргуулж улсын орлого болгохыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 2018 оны 11 дүгээр сарын 02-ны мөрдөгчийн тогтоолоор битүүмжлэгдсэн 42-39 УНМ улсын дугаартай хөх өнгийн ачааны “Пронтер” маркийн тээврийн хэрэгслийг битүүмжлэлээс чөлөөлөн эзэмшигчид нь буцаан олгосугай.
6. Шүүгдэгч Д.Э нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт ирээгүй, хохирогч гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.
7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Э т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ДЭЛГЭРМӨРӨН