Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 209/МА2023/00056

 

*******ын нэхэмжлэлтэй
                                            иргэний хэргийн тухай
                                

Дагалдах индекс: 209/2023/00052

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Байгалмаа даргалж, шүүгч Г.Мягмарсүрэн, шүүгч Я.Туул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны  04 дүгээр сарын 19-ний өдрийн 135/ШШ2023/000521 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч *******д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: “Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 1,660,908 төгрөг гаргуулах” тухай  нэхэмжлэлийн шаардлагатай,

Иргэний хэргийг нэхэмжлэгч *******ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Я.Туулын илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч ******* /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Д.Энхболд нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага:

Миний бие 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр *******тай худалдах, худалдан авах гэрээ байгуулж, 3,461,000 төгрөгийн барааг зээлээр худалдсан. Гэрээндээ сарын 10 хувийн хүү тогтоож, хугацаа хэтэрсэн тохиолдолд 0,5 хувийн алданги төлөхөөр харилцан тохиролцсон. Гэрээний нийт хугацааг 45 хоногоор тохирч 2023 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 1,730,500 төгрөг, 02 дугаар сарын 02-нд 1,730,500 төгрөг төлөхөөр гэрээгээ байгуулсан.

Хариуцагч 2 дахь удаагийн төлбөрийн хуваарьт өдрөөс эхлэн гэрээний үүргийг сайн дураар биелүүлэхгүй, шаардахад хэл амаар доромжилж байсны эцэст утсаа блоклоод алга болсон. Өнөөдрийн байдлаар ******* нь нийт 2,430,000 төгрөгийг надад өгсөн. Үлдэгдэл мөнгийг өгөхгүй гэж гэрээний үүргээсээ татгалзаж байгаа тул шүүхэд хандсан. Иймд үндсэн төлбөрийн үлдэгдэл 1,031,000 төгрөг, гэрээ байгуулсан өдрөөс хойших 74 хоногийн хүү 480,413 төгрөг, алданги 149,495 төгрөг, нийт 1,660,908 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч талын татгалзал, тайлбарын агуулга:

Миний бие *******тай зээлээр худалдах, худалдан авах гэрээ хийж, 3,461,000 төгрөгийн бараа зээлээр авсан. ******* бараагаа бөөний үнээр худалдаж байгаа гэж надад хэлж өгсөн боловч уг бараагаа жижиглэн худалдаалдаг үнээр үнэтэй өгсөн байсан. Барааны борлуулалт маш муу байсан. Гэвч би гэрээний үүргийн дагуу 2,430,000 төгрөгийг төлсөн. Үлдэгдэл 1,031,000 төгрөгийг төлж чадаагүй бөгөөд хугацаагаа сунгаж өгөөч гэж *******аас хүсэхэд уурлаж хэл амаар доромжилж сошиал дээр миний зургийг тавьж миний нэр хүндэд халдсан. Үүнд нь би гомдол гаргаж цагдаагийн байгууллагад шалгагдаж байна. ******* нь бараагаа үнэтэй өгөөд зогсохгүй сарын 10 хувийн хүү авна гэж гэрээндээ заасан. Барааг нь үнэтэй аваад дээрээс нь 10 хувийн хүү төлнө гэдэг надад маш их хохиролтой байна. Иймээс 1,031,000 төгрөгийг нь төлнө. Хүү, алдангийг төлөх боломжгүй учир төлөхгүй гэжээ.

3. Анхан шатны шүүхийн  шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 262 дугаар зүйлийн 262.1-т тус тус заасныг баримтлан хариуцагч *******аас 1,561,245 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг болох 99,663 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 57,043 төгрөгөөс 41,525 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 15,518 төгрөгийг нэхэмжлэгчид Төрийн сангаас буцаан олгож, хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамжид 39,930 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******т олгож шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгч ******* давж заалдах гомдолдоо:

             Анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгтээ “Талуудын байгуулсан гэрээний үүрэг гүйцэтгэх сүүлийн хугацаа 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдөр байх бөгөөд гэрээний хугацаа энэ өдөр дуусгавар болсон байна гэж үзнэ. Өөрөөр хэлбэл гэрээний үндсэн үүрэг болох хүүг гэрээний хугацааны дотор тооцож шаардах эрхтэй бөгөөд гэрээний хугацаа дууссанаас хойш хүү тооцох хууль зүйн үндэслэлгүй байна.” гэж дүгнэсэн.

            Гэтэл Иргэний хуулийн 222 дугаар зүйлд Үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлэх 222.5 дахь хэсэгт Мөнгөн төлбөрийн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн хугацаанд тохирсон хүү төлөх үүрэгтэй гэж заасан.  *******ын гэрээгээр хүлээсэн төлбөр төлөх хугацаа дуусгавар болсон гэдэг нь цаашид хүү төлөхгүй байх үндэслэл болохгүй ба хэтрүүлсэн хугацааны хүү ч мөн надад төлөх үүрэгтэй.

            Тиймээс миний гаргасан 1,660,908 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хангаагүй буюу 99,663 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон шийдвэрийг би хүлээн зөвшөөрөхгүй байна.

 

            Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт нэмэлт, өөрчлөлт оруулж, миний гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

            5.  Хариуцагч талаас давж заалдах гомдолд хариу тайлбар гаргаагүй байна.

 

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар нэхэмжлэгч *******ын гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй *******ын нэхэмжлэлтэй иргэний хэргийг бүхэлд нь хянаад гомдлыг хангах үндэслэлгүй, харин  анхан шатны шүүхийн шийдвэрийн 2 дахь заалтад хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэв.

2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, зохигчдын мэтгэлцэх эрхийг бүрэн хэрэгжүүлсэн, хэрэгт цугларсан нотлох баримтад тулгуурлан зохигчдын хооронд үүссэн маргааны үйл баримт болон маргааны зүйлийг зөв тогтоож, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь зөв байх боловч хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй  байх тул шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.   

3. Анхан шатны шүүх нь талуудын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1,40.2-т заасан “нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх” журмыг зөрчөөгүй бөгөөд хэргийн үйл баримт болон нөхцөл байдлыг бүрэн тогтоож,  шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үндэслэн хариуцагч  *******аас  гэрээний үүргийн төлбөрт 1,561,245 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 99,663 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй, хуульд нийцжээ.

Хэргээс судлан үзвэл :

4. Нэхэмжлэгч ******* нь  2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр *******тай зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, 3,461,000 төгрөгийн бэлэн хувцас зээлээр худалдахаар, үнийг 2023 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 1,730,500 төгрөг, 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 1,730,500 төгрөгийг тус тус хүүгийн хамт төлөх, хүүг сарын 10 хувийн хүүтэй байх, хугацаа хэтэрсэн тохиолдолд 0,5 хувийн алданги төлөхөөр гэрээний нөхцлийг харилцан тохиролцсон ба талууд энэ талаар маргаагүй байна. /хавтаст хэргийн 3-5/

Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-т “зээлээр худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн, эсхүл тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж хуульчилсан.

Дээрх үйл баримтаас үзэхэд зохигч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдсан эд зүйлийн үнийг хэсэгчлэн төлөх, хэсэгчлэн төлөх хугацаанд хүү төлөх,  хугацаа хэтэрсэн тохиолдолд 0,5 хувийн алданги төлөхөөр харилцан тохиролцсон байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-т заасан зээлээр худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

5. Нэхэмжлэгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ хариуцагч нь 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр 1,730,000 төгрөг, 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 700,000 төгрөгийг тус тус төлсөн, 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүртэл нийт үнийн дүн болох 3,461,000 төгрөгийн 10 хувийн хүүг 21 хоногоор тооцож, 242,270 төгрөг, 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хүртэл үлдэгдэл 1,731,000 төгрөгийн 10 хувийн хүүг 24 хоногоор тооцож 138,480 төгрөг, 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрөөс 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл үлдэгдэл 1,031,000 төгрөгийн 10 хувийн хүүг 29 хоногоор тооцож 99,663 төгрөгөөр тус тус тооцож, нийт хүүнд 480,413 төгрөг гаргуулахаар шаарджээ.

Гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар талууд маргаагүй боловч хариуцагч ******* нь барааны үлдэгдэл үнэ болох 1,031,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, хүү, алдангийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

Талуудын хооронд байгуулсан гэрээний 3.4-т хүүг сарын 10 хувь байхаар, 3.5-т гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөхөөр тохирч, гэрээний хавсралтад 1 дүгээр сарын 08-нд 1,730,500 төгрөгийг хүүгийн хамт төлнө, 02 дугаар сарын 02-нд 1,730,500 төгрөгийг хүүгийн хамт төлнө гэж талууд гарын үсэг зурсан байх тул хариуцагч ******* нь хүү, алдангиас чөлөөлөгдөх үндэслэлгүй.

Гэрээнд заасны дагуу гэрээний үүрэг гүйцэтгэх сүүлийн хугацаа 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдөр байх бөгөөд гэрээний хугацаа энэ өдөр дуусгавар болсон гэж үзэх бөгөөд нэхэмжлэгч нь гэрээний үндсэн үүрэг болох хүүг гэрээний хугацааны дотор тооцож шаардах эрхтэй.

Гэрээний хугацаа дууссанаас хойш хүү тооцох хууль зүйн үндэслэлгүй бөгөөд 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрөөс хойш тооцсон хүү болох 99,663 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хүүнд 380,750 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх талуудын хооронд байгуулсан гэрээний хугацаагаар хязгаарлаж, гэрээний дагуу төлөх хүүнд 380,750 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэжээ.

 

6. Хавтаст хэрэгт авагдсан гэрээний 3.5-д гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлөхөөр тохирсон бөгөөд нэхэмжлэгч нь гэрээнд заасны дагуу алдангийг 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрөөс 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл гэрээний үндсэн төлбөрийн үлдэгдлээс 29 хоногоор тооцож, 149,495 төгрөг гаргуулахаар шаарджээ.

Энэ нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д “хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж заасантай нийцэж байна.

Талуудын хооронд бичгээр байгуулсан гэрээнд алданги тооцохоор заасан, нэхэмжлэгч нь хуульд заасан хэмжээгээр тооцож алданги шаардаж байх тул алдангийг төлөх боломжгүй гэх хариуцагчийн татгалзал үндэслэлгүй гэж дүгнэсэн нь хууль болон гэрээнд нийцэж байна.

7. Нэхэмжлэгч *******ын “...Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5 дахь хэсэгт мөнгөн төлбөрийн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн хугацаанд тохирсон хүү төлөх үүрэгтэй гэж заасан. *******ын гэрээгээр хүлээсэн төлбөр төлөх хугацаа дуусгавар болсон гэдэг нь цаашид хүү төлөхгүй байх үндэслэл болохгүй ба хэтрүүлсэн хугацааны хүү ч мөн надад төлөх үүрэгтэй.” гэх давж заалдах гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна.

Учир нь гэрээний дагуу хүү төлөхөөр харилцан тохиролцоогүй тохиолдолд хуулийн дагуу буюу Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5 дахь хэсэгт заасны дагуу хүү шаардах эрх үүснэ. Энэ нь хуулиар тогтоосон хариуцлагын шинжтэй хүү гэж ойлгогдоно.

Гэрээний талуудын хүсэл зориг нь гэрээгээр тодорхойлогддог ба талууд гэрээний хугацааг 2 сар байх, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлөхөөр тохирч байгуулсан гэрээ нь хүчин төгөлдөр гэрээ учир нэхэмжлэгч нь гэрээний дагуу хариуцагчаас 2 сарын хүү шаардах эрхтэй.

Нэхэмжлэгч нь хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүйн хариуцлага болгож алданги нэхэмжилснийг шүүх хангаж шийдвэрлэсэн байх тул гэрээний хариуцлагыг давхардуулан хүлээлгэх буюу гэрээний хугацаа дууссанаас хойших хугацаанд хүү тооцож хариуцагчаас гаргуулах  үндэслэлгүй.

8. Шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос улсын тэмдэгтийн хураамжийг төлүүлдэг учир шүүх улсын тэмдэгтийн хураамжийн асуудлыг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн нарийвчлан зохицуулсан хэм хэмжээг хэрэглэж, тус хуулиар зохицуулаагүй тохиолдолд Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг хэрэглэнэ.

 

Хэдийгээр нэхэмжлэгчээс илүү төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгох асуудлыг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.1-т зохицуулсан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-т тухайлан заасан тул шүүх процессын хуулиа хэрэглэж хэргийг шийдвэрлэх ёстой учир шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулахаар шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны  04 дүгээр сарын 19-ний өдрийн 135/ШШ2023/000521 дүгээр шийдвэрийн

Тогтоох хэсгийн 2 дахь заалтын

“Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д тус тус заасныг баримтлан” гэснийг

“Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1-т тус тус заасныг баримтлан” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгч *******аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4,550 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.                                  

                               

 

 

        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Х.БАЙГАЛМАА

           ШҮҮГЧИД                                                         Г.МЯГМАРСҮРЭН

         Я.ТУУЛ