Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 209/МА2023/00057

 

“*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй
                                                иргэний хэргийн тухай
                                 

Дагалдах индекс: 209/2023/00055

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мягмарсүрэн даргалж, шүүгч Х.Байгалмаа, Ерөнхий шүүгч Л.Амарсанаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны  04 дүгээр сарын 11-ний өдрийн 135/ШШ2023/000470 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Б.*******, П.*******, Н.******* нарт холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: “Зээлийн гэрээний үүрэгт 107,526,469.80 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах” тухай  нэхэмжлэлийн шаардлагатай,

Иргэний хэргийг хариуцагч Б.*******ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Л.Амарсанаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Ганзориг, хариуцагч Б.*******, П.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага:

Хариуцагч Б.*******, П.******* нар нь 2021.11.01-ний өдөр *******тай ЗГ/4335115777 тоот зээлийн гэрээ байгуулан 97,200,000 төгрөгийн зээлийг жилийн 14,4 хувийн хүүтэйгээр 0 сарын хугацаатай авсан болно. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах баталгаа болгож *******, ******* тоот ипотекийн гэрээ байгуулсан.******* тоот гэрээгээр Б.*******ын өмчлөл, эзэмшлийн:

Улсын бүртгэлийн *******, ******* тоот дугаар бүхий Дархан-Уул аймгийн Дархан сумын 10-р баг 23-р хороолол барилгачдын өргөн чөлөө гудамж ******* тоот хаягт байршилтай 212 мкв талбайтай амины орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө,

Улсын бүртгэлийн , дугаар бүхий Дархан-Уул аймгийн Дархан сумын 10-р баг 23-р хороолол барилгачдын өргөн чөлөө гудамж ******* тоот хаягт байршилтай 745 мкв талбайтай 4506102374 нэгж талбарын дугаартай амины орон сууцны зориулалттай эзэмших эрхтэй газрыг, ******* тоот гэрээгээр Н.*******, П.******* нарын дундын өмчлөлийн:

Улсын бүртгэлийн дугаартай Дархан-Уул аймгийн Дархан сумын 12-р баг 14 хороолол, Хүслийн хотхон 5 байрны тоот хаягт байршилтай 39,0 мкв талбайтай 2 өрөө орон сууцыг тус тус барьцаалсан байна.

Зээлдэгч Б.*******, П.******* нар нь ЗГ/4335115777 тоот зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчин 2022.12.26-ны өдрийн байдлаар 239 хоног хугацаа хэтрүүлэн үндсэн зээлийн үлдэгдэл 93,652,234.68 төгрөг, зээлийн хүү 9,924,8.17 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 16,352.66 төгрөг, нийт 103,593,405.51 төгрөгийн төлбөртэй байна.

Иймд хариуцагч Б.*******, П.*******, Н.******* нараас ЗГ4335115777 тоот зээлийн гэрээний төлбөрт нийт 103,593,405.51 төгрөг гаргуулахаар, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

2а. Хариуцагч Б.*******, П.******* нарын татгалзал, тайлбарын агуулга:

Өвчин хэлж ирдэггүй хийсэж ирдэг. Ажлын хүнд нөхцөл байдал, Ковид-19-н үед ажиллаж байсан үеийн хүндрэл нөхцөл байдлаас шалтгаалан бөөрний хавдартайгаа гэнэт мэдэж, хагалгаанд 2 ч удаа орж нэг бөөрөө тайруулан амьдралд минь томоохон хүнд нугачаа үүссэн.

Эхний хагалгаанд орсон даруйдаа *******анд мэдэгдэж, гэр бүлийн гишүүдээ ******* руу явуулж уулзуулж, хүнд нөхцөл байдлаас хэрхэн хамтдаа гарах, хүү бууруулах нөхцөл байна уу хэмээн удаа дараа уулзсан боловч *******наас хүү бууруулах боломжгүй талаар захирал нь хэлсэн.

Үлдсэн бөөрөнд маань 2 см хавдар үлдсэн бөгөөд одоо УНТЭ-н Уралого тасагт байнгын хяналтад УБ хот руу байнга шинжилгээ хийлгэж цаашид бөөрөө солиулах хэмжээнд хүрч болзошгүй нөхцөл байдал үүссэн. Би эрхтнээсээ салж хөдөлмөрийн чадвараа 50% алдан группт шилжээд байна.

Гэнэтийн давагдашгүй нөхцөл байдал үүссэн Иргэний хуулийн 221.1-р зүйл заалтыг үзэх үндэслэл байвал, урт хугацаатай гэрээний талууд гэрээ дуусах хугацааг харгалзахгүйгээр гэрээнээс татгалзаж болно, зээлийн гэрээний 4.4.6 заалтын дагуу энэхүү урт хугацааны зээлийн гэрээг цуцалж өгнө үү хэмээн 2022.10.17 өдөр миний бие *******ийг шүүхэд өгсөн. Цаашид энэ зээлийг төлж чадахгүй нөхцөл байдлаа өөрөө эхэлж мэдэгдсэн.

Хэзээ мөдгүй унаад өгөх хүнд нөхцөл байдалтай би одоог хүртэл ажлаа хийсээр байна. Энэ ажлыг хийж байж *******ны зээлийг төлнө шүү дээ.

 Иймээс зээлийн үлдэгдэл болох 93,652,234.68 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. *******ийг шүүхэд нэхэмжилснээс хойших 9,924,8.17 төгрөг, нэмэгдүүлсэн хүү болох 16,352.66 төгрөгийг төлөх үндэслэлгүй тул хүчингүй болгож өгнө үү гэжээ.

2б. Хариуцагч Н.*******гийн татгалзал, тайлбарын агуулга:

Миний бие өөрийн охин, хүргэн болох Б.*******, П.******* нарыг амины сууц гүйцээн барих зээл авахад өөрийн эзэмшлийн 2 өрөө орон сууцыг банкны шаардлагын дагуу нэмэлт барьцаа хөрөнгө болгон барьцаалсан.

Би бол зээлийн гэрээн дээр гарын үсэг зураагүй бөгөөд энэхүү зээлээс нэг төгрөг авч ашиглаагүй тийм учраас би зээлдэгч биш байхад хариуцагчаар оруулж мөнгө төлүүлэх гэж байгаа нь буруу юм гэжээ.

3. Анхан шатны шүүхийн  шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453.1-т заасныг баримтлан хариуцагч Б.*******, П.******* нараас зээлийн төлбөр 107,526,469.80 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-нд олгож, нэхэмжлэгчийн гаргасан хариуцагч Н.*******гаас зээлийн төлбөр 107,526,469.80 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-т заасныг баримтлан 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн ЗГ4335115777 дугаар зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.*******, П.******* нар хүлээн зөвшөөрсөн, үүргийн гүйцэтгэлийн барьцаа хөрөнгө болох Улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэгдсэн Дархан-Уул аймаг, Дархан сум 10 дугаар баг 23 дугаар хороолол барилгачдын өргөн чөлөө 9 гудамж ******* тоот хаягт байршилтай, 212 мкв талбайтай Амины орон сууц, мөн хаягт байршилтай 745 мкв талбайтай 4506102374 нэгж талбарын дугаартай, амины орон сууцны зориулалттай эзэмших эрхийн газар, Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 дугаар баг 14 дүгээр хороолол хүслийн хотхон 5 дугаар байр тоот хаягт байршилтай 39 мкв талбайтай хоёр өрөө орон сууц зэрэг үл хөдлөх хөрөнгүүдээр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.*******, П.*******, Н.******* /итгэмжлэгдсэн төлөөлөгч П.*******/ нар хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус дурдаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 765,782 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.*******, П.******* нараас улсын тэмдэгтийн хураамжид 765,782 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “*******” ХХК-нд олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагч Б.******* давж заалдах гомдолдоо:

             Миний бие өвчний улмаас цаашид ажлаа хийх болж групп-д шилжихээр болсон. Энэ нөхцөл байдлаа *******анд хандаж байсан нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байгаа.  Мөн өвчний улмаас 2022 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс хойш зээлээ төлж чадахааргүй болох нь зээлийн дансны хуулга, зээлийн тооцооллоор нотлогдсон.

            Гэтэл анхан шатны шүүх илтэд нэг талыг барьсан шийдвэр гаргасан нь үндэслэлгүй гэж үзэж байна. Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 4.4, 4.4.1, 4.4.4, 4.4.6-д тус тус зааснаар зээлийн гэрээг цуцлах нөхцөл байдал үүссэн байхад анхан шатны шүүх ганцхан Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-т заасан ганцхан үндэслэлийг барьж энэрэнгүй ёсны зарчимд нийцэхгүй шийдвэр болсонд гомдолтой байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны ба үндэслэл бүхий болж чадаагүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хуримтлагдсан хүүг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

            5.  Нэхэмжлэгч талаас давж заалдах гомдолд хариу тайлбар гаргаагүй байна.

 

ХЯНАВАЛ:

  1. Давж заалдах шатны шүүх хариуцагч Б.*******ын гаргасан давж заалдсан гомдлоор хэргийг хүлээн авч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаж, анхан шатны шүүхийн шийдвэрт дараах үндэслэлээр өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Анхан шатны шүүх хэргийн үйл баримт болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, хэрэглэх ёстой хуулийг зөв хэрэглээгүйгээс шийдвэр мөн хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

2. Нэхэмжлэгч “Голомт” нь банк ХХК хариуцагч Б.*******, П.*******, Н.******* нарт холбогдуулж, 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр талуудын хооронд байгуулагдсан  ЗГ 4335115777 дугаартай зээлийн гэрээний үүргийн төлбөрт 103.593.405,51 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах, 107.526.469,80 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлжээ.

Хариуцагч нар зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, гэрээний үүрэгтэй холбоотой шаардлагаас үндсэн зээлийн төлбөр 93.652.234,68 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, үлдэх шаардлага болох зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү 13.874.235,12 төгрөгийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

3. Хэрэгт авагдсан баримтаар 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр нэхэмжлэгч “Голомт” банк ХХК-аас зээлдэгч Б.*******, П.******* нарт 97.200.000 төгрөгийг жилийн 14.4 хувийн хүүтэйгээр, 0 сарын хугацаатай, хувийн орон сууц барих авах зориулалтаар олгосноор талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.

Мөн өдөр нэхэмжлэгч “Голомт” банк ХХК хариуцагч Б.*******,П.*******, Н.******* нартай 2 үл хөдлөх эд хөрөнгө, эзэмшлийн газрын хамт барьцаалсан барьцааны гэрээ байгуулагдсан байх бөгөөд талууд зээлийн болон барьцааны гэрээний талаар маргаагүй байна.

4. Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний хугацаа 2036 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр дуусах бөгөөд нэхэмжлэгч гэрээг цуцалж, зээлийн төлбөрийг хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хамт шаардахдаа зээлийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.4.1-д “Зээлдэгч энэхүү гэрээний дагуу төлөх ёстой зээл, зээлийн хүүг гэрээнд заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөөгүй” гэж заасныг үндэслэл болгожээ.

5. Хариуцагч Б.*******, П.******* нар үндсэн зээлийн төлбөрийг хүлээн зөвшөөрч, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөхөөс татгалзсанаа зээлийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.4.6-д “Зээлдэгч энэхүү гэрээгээр хүлээсэн төлбөрийн үүргээ гүйцэтгэж чадахгүй болсноо бичгээр мэдэгдсэн” гэж заасныг үндэслэл болгосныг буруутгах үндэслэлгүй байна.

Учир нь хариуцагч Б.******* 2022 оны 03 дугаар сард бөөрний мэс засалд орж, өрөөсөн бөөрөө авхуулсан байх бөгөөд  цаашид тогтвортой ажил хийж, цалингаасаа зээлийг төлөх боломж эрүүл мэндийн улмаас эргэлзээтэй болсон талаар зээлдүүлэгч “Голомт” банк ХХК-нд тэр даруй мэдэгдэж, улмаар энэ үндэслэлээр шүүхэд нэхэмжлэл гаргаж байсан болох нь хэрэгт авагдсан бичгийн баримтаар нотлогдож байна.

Зээлдүүлэгч “Голомт” банк ХХК зээлдэгч Б.*******ыг өвчний учир мэс засалд орсныг үгүйсгээгүй бөгөөд энэ талаар маргаагүй болно.

6. Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1-д “Хүндэтгэн үзэх үндэслэл байвал урт хугацаатай гэрээний талууд гэрээг дуусгавар болох хугацааг харгалзахгүйгээр гэрээнээс татгалзаж болно”, 221.2-т “Гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдал, эсхүл талуудын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үүднээс гэрээний хугацааг үргэлжлүүлэх, сунгахыг шаардах боломжгүй нөхцөл байдлыг хүндэтгэн үзэх үндэслэл гэж үзнэ” гэж тус тус зааснаар зээлдэгч Б.*******ын одоогийн биеийн эрүүл мэндийн байдал нь хүндэтгэн үзэх үндэслэлд хамаарна гэж үзлээ.

Учир нь хариуцагч Б.******* бөөрний мэс засалд орсон нь гэнэтийн нөхцөл байдал мөн бөгөөд талуудын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг  хамгаалах үүднээс  гэрээний хугацааг үргэлжлүүлэх боломжгүй байдал үүсжээ гэж үзэхээр  байна.

Зээлдэгч Б.******* нь эрүүл мэндийн байдлын улмаас зээлийн төлбөр төлөх боломжгүй болсон талаар зээлийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.4.6-д зааснаар зээлдүүлэгч талд бичгээр мэдэгдсэн.

Анхан шатны шүүх хариуцагч нарын зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөхөөс татгалзаж буй үндэслэл нь  тус шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 1274 дугаартай шийдвэрээр  үгүйсгэгдэж байна гэж дүгнээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болсон байна.

Хэдийгээр зээлдэгч Б.******* нь зээлээ төлөхийн тулд өнөөдөр урьд эрхэлж байсан ажил үүргээ гүйцэтгэж байгаа боловч дээрх үндэслэлээр үндсэн  зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрөөс тодорхой хэмжээгээр чөлөөлөх боломжтой.

 Хариуцагч Б.*******, П.******* нарыг нэхэмжлэгч “Голомт” банк ХХК-ий 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагаас чөлөөлөх нь хууль болон талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний холбогдох заалтыг зөрчихгүй юм.

Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн анх нэхэмжлэлээр шаардсан үндсэн зээл 93.652.234,68 төгрөг, зээлийн хүү 9.924.8,17 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 16.352,66 төгрөг нийт 103.593.405,51 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж, үлдэх 3.916.459,48 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэж байна.

7. Шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэх ба анхан шатны шүүх хариуцагч Б.*******ын давж заалдсан гомдлыг хүлээж авахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т “Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд гомдол гаргаж байгаа этгээд шийдвэр магадлалыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамжийг тооцон төлнө” гэж заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжийг төлүүлэх байтал 70.200 төгрөг төлүүлсэн зөрчил гаргасныг магадлалд тэмдэглэж байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны  04 дүгээр сарын 11-ний өдрийн 135/ШШ2023/000470 дугаар шийдвэрийн ТОГТООХ  хэсгийн 1 дүгээр заалтын

 

“Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453.1-т заасныг баримтлан хариуцагч Б.*******, П.******* нараас зээлийн төлбөр 107.526.469,80 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Голомт” банк ХХК-нд олгож, нэхэмжлэгчийн гаргасан хариуцагч Н.*******гаас зээлийн төлбөр 107.526.469,80 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэснийг

“Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1, 221.2, 225 дугаар зүйлийн 225.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан талуудын хооронд 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр байгуулагдсан зээлийн гэрээг цуцалж, хариуцагч Б.*******, П.******* нараас 103.593.405,51 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Голомт” банк ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3.916.459,48 төгрөг, хариуцагч Н.*******гаас  зээлийн төлбөр 107.526.469,80 төгрөг гаргуулах шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай” гэж,

2 дугаар заалтын

“Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн  ЗГ 4335115777  дугаар зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.*******, П.******* нар хүлээн зөвшөөрсөн, Үүргийн гүйцэтгэлийн барьцаа хөрөнгө болох Улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэгдсэн Дархан-Уул аймаг,  Дархан сум 10 дугаар баг, 23 дугаар хороолол, барилгачдын өргөн чөлөө 9 дүгээр гудамж,******* тоот хаягт байршилтай, 212 м/кв талбайтай амины орон сууц мөн хаягт байршилтай745 м/кв талбайтай 4506102374 нэгж талбарын дугаартай, амины орон сууцны зориулалттай эзэмших эрхийн газар, Дархан-Уул аймаг, Дархан сум12 дугаар баг, 14 дүгээр хороолол, хүслийн хотхон 5 дугаар байр тоот хаягт байршилтай, 39 м/кв талбайтай хоёр өрөө орон сууц зэрэг үл хөдлөх хөрөнгүүдээр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.*******, П.*******, Н.******* /итгэмжлэгдсэн төлөөлөгч П.*******/ нар хүлээн зөвшөөрснийг баталсугай” гэснийг

“Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар барьцаа хөрөнгө болох Улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэгдсэн Дархан-Уул аймаг,  Дархан сум 10 дугаар баг, 23 дугаар хороолол, барилгачдын өргөн чөлөө 9 дүгээр гудамж, ******* тоот хаягт байршилтай, 212 м/кв талбайтай амины орон сууц мөн хаягт байршилтай 745 м/кв талбайтай 4506102374 нэгж талбарын дугаартай, амины орон сууцны зориулалттай эзэмших эрхийн газар, Дархан-Уул аймаг, Дархан сум 12 дугаар баг, 14 дүгээр хороолол, хүслийн хотхон 5 дугаар байр тоот хаягт байршилтай, 39 м/кв талбайтай хоёр өрөө орон сууц зэрэг үл хөдлөх хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангахыг Шүүхийн шийдвэр биелүүлэх 445 дугаар нээлттэй хорих ангид даалгасугай” гэж,

4 дэх заалтын

 “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар  нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 756.782,53 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.*******, П.******* нараас улсын тэмдэгтийн хураамжид 756.782,53 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Голомт” банк ХХК-нд олгосугай” гэснийг

 

“ ... Хариуцагч Б.*******, П.******* нараас улсын тэмдэгтийн хураамжид 746.117,03 төгрөг гаргуулж” гэж тус тус өөрчилж,

4 дэх заалтыг 3, 5 дахь заалтыг 4 гэж дугаарлан шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр  зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч Б.*******аас давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг Төрийн сангийн орлогоос шүүгчийн захирамжаар буцаан гаргуулахыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

4.  Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.                      

 

           

                               

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Г.МЯГМАРСҮРЭН

                             ШҮҮГЧ                                Х.БАЙГАЛМАА

                            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Л.АМАРСАНАА