| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Мягмарын Энхмандах |
| Хэргийн индекс | 157/2017/00001/Э |
| Дугаар | 02 |
| Огноо | 2018-12-25 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Мөнхболд |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 12 сарын 25 өдөр
Дугаар 02
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Энхмандах даргалж, тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Оюун-Эрдэнэ
Улсын яллагч Г.Мөнхболд
Шүүгдэгч Б.О нарыг оролцуулан Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.О-т холбогдох 1840000000066 тоот хэргийг 2018 оны 12 сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, яс үндэс халх, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Б.О.
Шүүгдэгч Б.О нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт холбогджээ.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.О нь 2018 оны 11 сарын 30-наас 2018 оны 12 сарын 01-нд шилжих шөнө 02 цагийн үед Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч Б.Ц хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар хохирогч Б.Ц гийн биед баруун нүдний дээд зовхины хэсгийн язарч урагдсан шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, духны хэсгийн зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Т О Д О Р Х О Й Л О Х нь:
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Хохирогч Б.Ц гийн 2018 оны 12 сарын 07-ны өдөр өгсөн “Миний баруун хөмсөгний хажууд язарсан шарх үүссэн. Өөр учирсан гэмтэл шарх байхгүй. Би шархандаа оёдол тавиулсан. Би эмчилгээнд 10000 төгрөг зарцуулсан. Надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 08/
- Гэрч Б.Ц гийн 2018 оны 12 сарын 01-ний өдөр өгсөн “Би 2018 оны 11 сарын 30-ны орой 22 цагийн үед Бор-Өндөр сумын 1-р баг Гуа тээг бааранд орсон. Б бид хоёрыг бааранд орход Б.О сууж байсан. Пиво ууж дуусаад баарнаас 00 цаг болж баар хаахад гараад Б гийн хамт гэр лүү явах гэтэл Б.О “манай гэр лүү хамт явъя, манайд ганц юм байгаа” гэхээр нь маргааш ажилтай байсан болохоор эхлээд татгалзсан. Тэгсэн Б-гаас мөн гуйгаад байсан. Тэгээд би зөвшөөрч цагдаагийн хэлтсийн урд 3 давхар цэнхэр байранд очсон. Бид гурвыг гэрт нь орход О-ийн эхнэр Б.О-руу дайрч, самардаж, цохиж хашгирахад Б гэрээс гараад явсан. О-ийн эхнэр нь над руу “чи айлын эхнэртэй явдаг биз дээ, гэдсэнд нь байгаа хүүхэд чинийх биз дээ” гэж дайрч давшилж эхэлсэн. Тэгээд би муудалцаад яахав гээд гэрээс нь гарсан. Тэгсэн миний хойноос эхнэр нь дагаж гарч ирээд миний үснээс зулгааж орилж чарлахад Б.О хойноос гарч ирээд дундуур орж зууралдсан. Би хойшоо унахдаа О-ийн хамт унахад Б.О миний баруун нүдний дээд зовхи талаас хазсан. Тэгээд би Октябрийг түлхэж холдуулчихаад гараад зугтаасан. Би эмнэлэг дээр очоод 3 оёдол тавиулсан. Надад учруулсан гэмтлийг Б.О учруулсан” гэх мэдүүлэг /хх-ийн 09-10/
- Гэрч А.Б-ын өгсөн “Намайг үүрэг гүйцэтгэж байх хугацаанд буюу 2018 оны 12 сарын 01-ний 02 цаг өнгөрч байхад бор царайтай залуу нэлээн согтолттой, баруун хөмсөгөндөө сэтэрсэн шархтай, шархнаас нь нэлээн цус гарсан орж ирсэн. Б.О гэдэг хүнд хазуулчихлаа гэж орж ирсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14/
- Гэрч Ц.Г-ийн “2018 оны 12 сарын 01-ний 02 цагийн орчим нэгдсэн эмнэлгийн хүлээн авах, яаралтай тусламжийн тасагт баруун хөмсөг нь гадна хэсэгтээ босоо хэлбэртэй сэтэрсэн, уг шарх нь бага зэрэг зовхи руу орсон шархтай хүн ирсэн. Уг хүнд 4 оёдол тавьж өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16/
- Гэрч Д.Б гийн “Бид гурвыг гэрт нь ороод удаагүй байтал Б.О эхнэртэйгээ муудалцсан. Тэгэхээр нь би гэрээс нь гараад явчихсан. Б.Ц гэрт нь үлдсэн. Б.Ц той утсаар ярихад тэр шөнө О-т зодуулж, баруун хөмсөг сэт хазуулж, оёдол тавиулсан гэж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 18/
- Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 12 сарын 03-ны өдрийн №79 тоот шинжээчийн дүгнэлтэнд
1.Б.Ц гийн биед баруун нүдний дээд зовхины хэсгийн язарч урагдсан шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, духны хэсгийн зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
3.Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх шинжээчийн дүгнэлт, /хх-ийн 21/,
- Шүүгдэгч Б.О “Би баарнаас гараад тасарчихсан байсан. Би зарим зүйлийг санахгүй байна. Б.Ц той хэрэлдэж маргалдаж байсныг санаж байна. Би Б.Ц гийн биед хөнгөн хохирол учруулсан гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Гэм буруугаа ойлгосон” гэх мэдүүлэг /хх-ийн 28/
- Шүүгдэгч Б.О шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Гэмт хэрэгт холбогдсондоо маш их гэмшиж байна. Хохирогч Б.Ц эвлэрсэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох тухайд:
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судалж дүгнэвэл:
- Хохирогч Б.Ц гийн “Миний баруун хөмсөгний хажууд язарсан шарх үүссэн. Би шархандаа оёдол тавиулсан. Надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 08/
- Гэрч Б.Ц гийн “Би 2018 оны 11 сарын 30-ны орой 22 цагийн үед Бор-Өндөр сумын 1-р баг Гуа тээг бааранд орсон. Би хойшоо унахдаа Б.О хамт унахад Б.О миний баруун нүдний дээд зовхи талаас хазсан. Тэгээд би Октябрийг түлхэж холдуулчихаад гараад зугтаасан. Би эмнэлэг дээр очоод 3 оёдол тавиулсан. Надад учруулсан гэмтлийг Б.О учруулсан” гэх мэдүүлэг /хх-ийн 09-10/
- Гэрч А.Б-ын өгсөн “Намайг үүрэг гүйцэтгэж байх хугацаанд буюу 2018 оны 12 сарын 01-ний 02 цаг өнгөрч байхад бор царайтай залуу нэлээн согтолттой, баруун хөмсөгөндөө сэтэрсэн шархтай, шархнаас нь нэлээн цус гарсан орж ирсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14/
- Гэрч Ц.Г-ийн “2018 оны 12 сарын 01-ний 02 цагийн орчим нэгдсэн эмнэлгийн хүлээн авах, яаралтай тусламжийн тасагт баруун хөмсөг нь гадна хэсэгтээ босоо хэлбэртэй сэтэрсэн, уг шарх нь бага зэрэг зовхи руу орсон шархтай хүн ирсэн. Уг хүнд 4 оёдол тавьж өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16/
- Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 12 сарын 03-ны өдрийн №79 тоот шинжээчийн дүгнэлтээр “Б.Ц гийн биед баруун нүдний дээд зовхины хэсгийн язарч урагдсан шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, духны хэсгийн зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо” гэх шинжээчийн дүгнэлт, /хх-ийн 21/,
- Шүүгдэгч Б.О мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Гэмт хэрэгт холбогдсондоо маш их гэмшиж байна. Хохирогч Б.Ц эвлэрсэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.О нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна.
Тухайлбал шүүгдэгч Б.О нь 2018 оны 11 сарын 30-наас 2018 оны 12 сарын 01-нд шилжих шөнө 02 цагийн үед Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч Б.Ц хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар хохирогч Б.Ц гийн биед баруун нүдний дээд зовхины хэсгийн язарч урагдсан шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, духны хэсгийн зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь тогтоогдож байна.
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б.О холбогдох эрүүгийн хэргийг зүйлчлэн ирүүлсэн Эрүүгийн хуулийн зүйл, заалт тохирсон байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.
Гэмт хэрэг үйлдэхэд шүүгдэгч Б.Октябрь, хохирогч Б.Ц нар нь архидан согтуурсан, хувийн таарамжгүй харьцаа нөлөөлсөн байна.
Иймд шүүх шүүгдэгч Б.О хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Гэмт хэргийн улмаас хохирогчийн биед хөнгөн хохирол учирсан, хохирогч Б.Ц нь “гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлгийг өгсөн тул шүүгдэгч Б.О нь бусдад төлөх төлбөргүй байна.
Шүүгдэгч Б.О холбогдох хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх гэмт хэрэг байх бөгөөд шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокуророос сонсгосон ял, оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, хууль зүйн үр дагаврыг ойлгон, хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байх тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.О нь “өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан” байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар түүнд холбогдох хэргийг өмгөөлөгч оролцуулахгүйгээр хянан шийдвэрлэсэн болно.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухайд:
Шүүгдэгч Б.О нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байгаа мөн улсын яллагчийн шүүх хуралдаанд гаргасан дүгнэлттэй нийцэж байна.
Шүүгдэгч Б.О эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хувийн байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан ял оногдуулах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.О холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан “Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал”, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан “Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал” тус тус тогтоогдоогүй болно.
Дээрх бүх нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч Б.О Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас торгох ялыг сонгон хэрэглэж, улсын яллагчийн санал болгосон хэмжээгээр оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.О эрхэлсэн ажил, сарын орлого зэргийг харгалзан үзээд шүүхээс түүнд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш таван сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.О нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 6,
7, 8, 36.1, 36.2, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1, 38.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон Т О Г Т О О Х нь:
1.Шүүгдэгч Б.О-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О-ийг 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О оногдуулсан торгох ялыг 5 /таван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5.Шүүгдэгч Б.О нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн бичиг баримт ирээгүй, хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримт байхгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэн авсугай.
7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8.Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.ЭНХМАНДАХ