Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 216/МА2023/00006

 

 

 

 

 

2023 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 216/МА2023/00006

 

 

   Д.Ж нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

       Говьсүмбэр аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч О.Однямаа даргалж, шүүгч Н.Болормаа, Ерөнхий шүүгч Г.Тэгшсуурь нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн нээлттэй хийсэн хуралдаанаар,

     Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 134/ШШ2023/00118 дугаар шийдвэртэй,

          Нэхэмжлэгч Д.Ж,

          Хариуцагч  С.Э холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: 90-90 ГСА улсын дугаартай Тоёото кровн маркийн автомашиныг буцаан гаргуулах эсхүл 7 500 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч С.Э гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн Ерөнхий шүүгч Г.Тэгшсуурийн илтгэснээр хянан хэлэлцэв.

    Шүүх хуралдаанд: Хариуцагч С.Э, нарийн бичгийн дарга Т.Дэлгэрмөрөн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь :

  1. Нэхэмжлэл түүний үндэслэл, шаардлага:

     Нэхэмжлэгч Д.Ж нь хариуцагч С.Э холбогдуулан 90-90 ГСА улсын дугаартай Тоёото кровн маркийн автомашиныг буцаан гаргуулах эсхүл 7 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

   1.1.Нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Чойр-Ажнай ломбардад Тоёото кровн маркийн 90-90 ГСА дугаартай автомашинаа барьцаалж зээл авсан. Машинаа ломбардны эзэн С.Э нэр дээр шилжүүлсэн. Үеэл дүү А.А, миний машиныг хүнд үзүүлээд үнэ тохирвол зарах талаар хэлсэн байсан. Миний зарах үнэ 7 000 000-6 500 000 төгрөг байсан. А.А машин үзүүлсэн ченж нь 4,500,000 төгрөгөөр авна гээд, үнэ тохироогүй учраас зарахаа больсон. Гэтэл С.Э ах ломбардад байсан машиныг надаас асууж суралгүй, хүнд зарсан байсан. А.А надад хэлэхдээ би өгч явуулаагүй гэж хэлсэн. С.Э ах тэр өдөр над руу залгаад машиныг чинь өгч явуулах гэж байна гэж хэлсэн бол би тохиролцоогүй гэдгээ хэлэх байсан. Гэтэл тэр өдөр над руу нэг ч утсаар яриагүй. Машин өгч явуулсныхаа дараа ярьсан. 2-3 хоногийн  дараа  нөгөө  ченжээс  машинаа  авах  гэтэл

     2 000 000 төгрөг нэмж өг гээд мөнгө олдоогүй авч чадаагүй. Би машиныхаа дугаарыг авна гэж огт яриагүй, машинаа авах тухай л хэлсэн. Миний машин 5 дахь хүндээ зарагдсан байна лээ. Бидний тохиролцоогоор миний машиныг буцаагаад надад шилжүүлж өгөх байсан. А.А би машины мөнгө аваагүй, урьд нь надад өртэй байсан тооцоогоо хийсэн. Одоо би машинаа буцааж авмаар байна, эсхүл 7 500 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

  1. Хариуцагчийн татгалзал, түүний тайлбарын агуулга:

Хариуцагч шүүхэд болон хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний хувьд машин зарагдах болон шилжүүлэх процессийг бүгдийг нь мэдэгдэж байсан. Д.Ж, А.А хоёрыг би багаас нь мэднэ, ах дүү нарын хүүхдүүд, тухайн өдөр видео калл хийж яриад байсан болохоор би зарах эрхийг А.А бүрэн өгсөн байна гэж ойлгосон. Ченж над руу яриад таны үлдэгдэл мөнгө хэд байна гэхэд би хэнтэй нь яаж тохироод зарсан бэ? гэхэд А.А тохиролцсон гэж надад хэлсэн. Миний дансанд зээлийн үлдэгдэл 2 940 000 төгрөг орсон. Би машиныг нь өгч явуулаад 10 минутын дараа Д.Ж утсаар хэлэхэд надад юм хэлэлгүй, чимээгүй утсаа тасалсан. Би энэ хэдийг хоорондоо зөвшилцсөн юм байна гэж ойлгосон. Үүнээс хойш хоёр хоногийн дараа Д.Ж над руу залгаад би машинаа зарахгүй байсан гэж хэлсэн. Тэгэхээр нь би нэрээ шилжүүлээгүй байгаа юм чинь буцаагаад машинаа авчих, надад орсон мөнгөө авсан ч болно гэж хэлсэн. Ингээд эд нарыг хоорондоо ярилцаж байгаа гэж ойлгоод машиныг нь шилжүүлэхгүй хүлээсэн боловч тэр чигтээ алга болсон. Гэтэл машин худалдаж авсан хүмүүс, машинаа нэр дээрээ шилжүүлье гэхэд машины номероо авна гэж хэлсэн. Машины номероо авна гэдэг чинь машин зарахыг хүлээн зөвшөөрч байгаагийн илэрхийлэл гэж ойлгосон. Машин авсан ченжийн ээж болох Урнаа эгч ирээд машинаа шилжүүлмээр байна, өчнөөн удлаа манай хүүхэд машин зарж орлого олдог гэж хэлсэн. Тэгээд хамт нотариат дээр очоод Д.Ж руу яриад машины нэрийг шилжүүллээ шүү гэхэд 1 дэх хүртэл хүлээж өгөөч гэж хэлсэн. Тэгээд 4 хоног хүлээж байгаад 1 дэх өдрийн орой нь машиныг шилжүүлж өгсөн процесс болсон. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

           3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.3, 286 дугаар зүйлийн 286.4, 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар хариуцагч С.Э хохирол 2 000 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Ж олгож, 90-90 ГСА улсын дугаартай Тоёото кровн маркийн автомашиныг буцаан гаргуулах болон 5 500 000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 137223 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 46,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2.-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдэж, ... гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

  1. Давж заалдах гомдлын агуулга:

Хариуцагч С.Э давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 134/ШШ2023/00118 дугаартай шүүхийн шийдвэрийг 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдөр хүлээн аван, эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

    Нэхэмжлэгч Д.Ж өөрийн үеэл дүү болох А “зээлийн барьцаанд байсан 90-90 ГСА улсын дугаартай автомашиныг зараатах, хүнд үзүүлээрэй, надад мөнгө хэрэг болоод байна, тэр үед завгүй байсан” гэж хэлсэн. /цагдаагийн байгууллагад өгсөн мэдүүлэгт/ А машин зараад ир гэж явуулснаа өөрөө ч зөвшөөрдөг, нотлох баримтуудаар ч хангалттай нотлогддог. Харин үеэл дүү А цагдаагийн байгууллагад гэрчээр мэдүүлэг өгөхдөө уг машиныг худалдан борлуулснаа хүлээн зөвшөөрсөн агуулга бүхийн “Ж ахад автомашины үнэд 6 500 000 төгрөг өгье гэхэд машинаа авна” гэсэн “Машины зөрүү мөнгийг Б гэдэг хүний дансаар хүлээн авсанаа зөвшөөрсөн байдаг”. Машины үлдэгдэл мөнгийг яагаад чи авсан бэ гэж мөрдөгч асуухад А “...Ж намайг өөрөө зохицуулчих гэж хэлж байсан болохоор өөрөө авсан...” гэж мэдүүлсэн. Үүнээс гадна шүүгч “4 500 000 төгрөгөөр машин авахаар хэнтэй тохиролцсон бэ? гэж гэрч Б асуухад А тохиролцсон”, мөн гэрч Б “надруу А ярьж машины үлдэгдэл төлбөрийг хотод хүн яаралтай хагалгаанд орох гээд байна гэж хэлээд данс өгөөд авсан” гэж хэлсэн байдаг. 2023 оны 01 дүгээр сарын 13-нд автомашиныг төлбөр мөнгийг шилжүүлж, автомашиныг Б хашаанд тавьсан ч нэр шилжүүлэхдээ 2023 оны 02 дугаар сарын 07-нд нотариатаар итгэмжлэл хийж өгсөн. Өөрөөр хэлбэл мөнгө шилжүүлснээс хойш 25 хоногийн дараа машины нэрийг өөрийнх нь хэлсний дагуу шилжүүлсэн. Машиныг 01 дүгээр сарын 13-нд Б өгөхдөө Ж хэлхэд юу ч хэлэлгүй утасаа тасалсан. Мөн 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Уранчимэгийн хүсэлтээр нотариат дээр очоод Ж ярьж “Машиныг шилжүүлэх гээд машин авсан талтай чинь хамт байна, чи юу болсон бэ” гэхэд “ ...ирэх долоо хоногийн 1 дэх өдөр хүртэл хүлээчихээ, 1 дэх өдөр шийдэхгүй бол та шилжүүлчих ...” гэж хэлсэн. Хэлснийх нь дагуу 1 дэх өдөр өнгөртөл хүлээсэн. Миний зүгээс Ж машиныг чинь А ирээд ченжид үзүүллээ, нэрээ шилжүүлэх үү гэх зэргээр утсаар хэлж, харилцаж байсан үйл явцыг Ж 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн Цагдаад өгсөн мэдүүлэгтээ “Тухайн үед  Э надад мэдэгдсэн” гэж хэлсэн, гэрч У, Б нарын мэдүүлэг, нотлох баримтаар гаргаж өгсөн миний 99- утасны дугаарын хэрэглээний дэлгэрэнгүй жагсаалт зэргээр нотлогддог.

      Нэхэмжлэгч талын буруутай үйлдлийн улмаас анхан шатны шүүхийн шийдвэрээр надад бодит хохирол 2 000 000 төгрөгийн хохирол учирч байна. 90-90 ГСА улсын дугаартай автомашиныг нэхэмжлэгч талын нэхэмжлэл дээр үнэлсэн үнэ болох 6,5 сая төгрөгөөр үнэлж тооцсон нь иргэний хуульд нийцэхгүй гэж үзэж байна. Уг автомашиныг Ж зөвшөөрлөөр үеэл дүү болох А, машин худалдан авсан Б нар нь үнэ тохиролцож 4,5 саяаар худалдах, худалдан авахаар тохиролцсон байхад шүүгчээс нэхэмжлэгч талын үнэлсэн үнээр төлбөр тогтоосон нь учир дутагдалтай. Уг автомашин нь 2007 онд үйлдвэрлэгдэж 2017 онд монгол улсад орж ирсэн, орж ирээд 6 жил болсон, 2023 оны 01 дүгээр сарын байдлаар 9 эзэмшигч дамжсан, 180,000 орчим километрийн гүйлттэй машин байсан. Худалдан авсан Б нь уг автомашиныг 4 500 000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ нь бодит үнэлгээ гэж үзэж байна.

       Иймд Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

                                              ХЯНАВАЛ:

     1. Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянав.

        2. Нэхэмжлэгч Д.Ж нь хариуцагч С.Э холбогдуулан 90-90 ГСА улсын дугаартай Тоёото кровн маркийн автомашиныг буцаан гаргуулах эсхүл 7 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

     3. Хариуцагч  С.Э нь уг машиныг зарахад миний оролцоо байхгүй, зарах эрхийг А.А өгсөн гэж ойлгосон, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй хэмээн маргажээ.

      4. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж буюу С.Э 2 000 000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг хариуцагч эс зөвшөөрч давж заалдсан гомдолдоо ... Ж нь ...А машин зараад ир гэж явуулснаа өөрөө ч зөвшөөрдөг, нотлох баримтаар ч хангалттай нотлогддог, ...А ...мэдүүлэг өгөхдөө уг машиныг худалдан борлуулснаа хүлээн зөвшөөрсөн... нэр шилжүүлэхдээ ... 25 хоног хүлээгээд Ж хэлээд 1 дэх өдөр хүртэл  хүлээчих гэсний дагуу хүлээгээд ... шилжүүлсэн,  машиныг 6 500 000 төгрөгөөр үнэлж тооцсон нь ... учир дутагдалтай уг машин нь 2007 онд үйлдвэрлэгдэж, 2017 онд Монголд орж ирсэн,...9 эзэмшигч дамжсан, ...Б ...4 500 000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ бодит үнэлгээ гэж үзэж байна. ...шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү “ гэх агуулгыг  дурджээ.

     5. Анхан шатны шүүх талуудын хооронд 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдөр  зээлийн гэрээний харилцаа үүссэн, зээлийн барьцаанд Д.Ж нь өөрийн өмчлөлийн машиныг барьцаалсан бөгөөд С.Э нэр дээр шилжүүлж, бүртгүүлсэн, мөн Ж нь А.А машинаа бусдад худалдаадах гэж хэлсэн,  А нь ченж 4 500 000 төгрөгөөр авах санал тавьсан гэдгийг мэдэгдэхэд Ж нь зөвшөөрөөгүй, гэвч М.Б нь С.Э А.А тохиролцсон  гэж хэлснээр зээлийн төлбөрт 2 940 000 төгрөг шилжүүлж, үлдэх 1 560 000     төгрөгийг А.А хэлсэн дансанд шилжүүлж, машиныг  авсан, С.Э нь машины бичиг баримт болох гэрчилгээг М.Б шилжүүлсэн, М.Б нь машиныг цааш нь бусдад зарж борлуулсан үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдлоо гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна.

       6. Талуудын хооронд Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1-д зааснаар хариуцагч нь нэхэмжлэгчийн хөдлөх эд хөрөнгө болох машиныг барьцаалан зээл олгосон байна.

    7. Барьцаалагч нь барьцааны зүйлийн өмчлөх эрхийг өөрийн нэр дээр шилжүүлсэн нь Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.4-д заасан “...өмчлөх ...эрхгүй “ гэснийг, мөн  барьцааны зүйлийн бүрэн бүтэн байдлыг хангах үүрэгтэй гэснийг тус тус зөрчжээ

       8. Анхан шатны шүүхээс С.Э нь барьцааны зүйлийн бүрэн бүтэн байдлыг хангах болон М.Б нь зээлийн үлдэгдэл 2 940 000 төгрөгийг төлснөөр барьцаагаар хангагдах шаардлага дуусгавар болсон тул буцаан шилжүүлэх үүрэгтэй байсан, гэвч С.Э нь М.Б өмчлөх эрхийг шилжүүлснээр нэхэмжлэгчид хохирол учруулсан, иймээс хохирлыг арилгах үүрэгтэй гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

     9. Мөн  барьцааны зүйл болох машин нь бусдад дамжигдан худалдагдснаар түүнийг биет байдлаар буцаан гаргуулах болон үнэлүүлэх боломжгүй болсон байдлыг харгалзан хэрэгт авагдсан бусад нотлох баримтыг үндэслэн шүүх машиныг 6 500 000 төгрөгөөр үнэлснийг буруутгах үндэслэлгүй байна. 

        10. Иймд талуудын тайлбар, хэргийн үйл баримт болон нөхцөл байдал зэргийг үндэслэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв. 

      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсгийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

      1. Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 134/ШШ2023/00118 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

         2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 46 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

      3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

       4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийн Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгсүгэй.

 

 

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         О.ОДНЯМАА

                    ШҮҮГЧ                                               Н.БОЛОРМАА

                    ШҮҮГЧ                                               Г.ТЭГШСУУРЬ