| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жаргалын Дэлгэрмөрөн |
| Хэргийн индекс | 163/2018/0186/Э |
| Дугаар | 00016 |
| Огноо | 2019-01-14 |
| Зүйл хэсэг | 11.1.2.4., |
| Улсын яллагч | Ц.Сувдаа |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 01 сарын 14 өдөр
Дугаар 00016
Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж, шүүгч С.Цэрэндулам, шүүгч С.Цэрэнханд нарын бүрэлдэхүүнтэй,
нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбулган,
улсын яллагч Ц.Сувдаа,
иргэдийн төлөөлөгч Ү.Баттүвшин,
гэрч Б.А ,
хохирогч М.Б , Я.Н , тэдний өмгөөлөгч Д.Дарьбазар,
шүүгдэгч Г.Ж , түүний өмгөөлөгч Ж.Шинэжаргал, О.Сарантуул нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Сувдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.4-т тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Ж-д холбогдох эрүүгийн 1815002220155 дугаартай, 163/2018/0186/Э индекстэй хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1986 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Булган аймгийн Хишиг-Өндөр суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, малчин мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Булган аймгийн Хишиг-Өндөр сумын 2 дугаар багт оршин суух, урьд ял шийтгэлгүй, Т овогт Г.Ж
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Г.Ж нь 2018 оны 07 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө Булган аймгийн Булган сумын Жаргалант 2 дугаар багийн нутагт зэвсэг хэрэглэж, хохирогч Я.Н ын эрүүл мэндэд хүнд хохирол, хохирогч М.Б ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтээр/
Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Ж ийн өгсөн: Тухайн үед Булган аймгийн 80 жилийн ойн баяр болж байсан. Тэгээд би болон Б , Н бид нар нэг гал болж 80 жилийн ойн арга хэмжээнд морио уралдуулахаар ирсэн. Б нь “манай нэг хамаатны амралтын газар байгаа бүгдээрээ тэнд очиж байрлая” гэхээр нь тийшээ явсан. Орой нь хоолоо идчихээд сууж байхад Дашцэрэн, Б хоёр усанд орно гээд Аймгийн төв рүү явсан. Харин Н , Б хоёр 10-н пиво авчирсаныг бүгдээрээ хувааж уусан. Пиво ууж дуусчихаад унтах гэж байхад Ж , Амараа, Булгаа гэх хүмүүс ирж нэмж виски задалж уусан. Вискиг ууж дуусаад байж байтал манай багийн Засаг дарга болон миний морийг нь уяж өгсөн залуутай ирээд хоёр шил архи уусан. Архийг ууж дуусчихаад унтах гэтэл Н манай эхнэрийн хажуугаар ороод унтчихсан байсан. Надад унтах зай байхгүй байсан. Тэгэхээр нь би эхнэрийнхээ хөлд жаахан хэвтэж байгаад гадаа гараад агсам тавьж буруу зөрүү үг хэлсэн байсан. Ингэж байтал Н , Б хоёр гарч ирээд чи яагаад байгаа юм бэ?, эхнэртэйгээ хардаад байгаа юм уу хайшаа юм гэж хэлчихээд яваад өгсөн. Тэгээд би эхнэрээсээ машины түлхүүр авах гээд морины тохош аваад шидсэн. Хулан эгч манай эхнэрийн хамт зогсчихоод чи ингэж болохгүй, найз нөхдийн хооронд ийм юм байлгүй яахав гэж намайг загнасан. Эхнэрээсээ түлхүүрээ аваад машины урд хайрцагт байсан хайч аваад модонд уяатай байсан морины уяа тайлагдахгүй болохоор тасдах гээд аваад очсон. Ингээд байж байтал Б ирээд та одоо яах гээд авирлаад байгаа юм бэ? гэж хэлэхээр нь уурлаад хараалын үг хэлээд та нар намайг арай л элэг бариад байгаа юм биш үү гэж хэлэнгүүт талийгаач дүүгээ наад уралдах морио аваад цаашаа яв гэж хэлсэн. Хурдан морь унадаг хүүхэд байсан болохоор уяаг тасдахаа больсон. Б ийн морийг унадаг хүүхдийг өргөж байгаад уяаг тайлуулсан. Ингээд хурдан морь унаж байсан том бандийгаа дуудаад морио машиндаа аччихаад байж байтал Б ирсэн. Би Б аас Н ыг хаана байна гэж асуухад мэдэхгүй гэсэн. Тэгээд би хайчаа гартаа барьсан хэвээрээ Н ыг хайсан. Тэгэхэд Н машин дотор унтаж байсан. Тэгээд би гартаа барьсан хайчаа гутлынхаа түрийнд хийчихээд машины хаалгыг татаж ойнголгоход Н хаалга онгойлгохтой зэрэгцээд өнхөрөөд буугаад ирсэн. Босож ирээд над руу уурлаад чи яагаад байгаа пизда вэ?, эхнэртэйгээ хардаж үхлээ юу? гэж хэлэхээр нь би чамаас уучлалт гуйх гэж байна гээд ярилцаад зогсож байтал сүр сар болоод араас банзаар цохиод авах шиг болсон. Нэг мэдэхэд газарт уначихсан намайг дээрээс зодоод цохиод байсан. Ингэж зодохдоо намайг цохиод хугарсан хоёр банзаар нүдээд байсан. Намайг нүдээд байхаар нь хайчаа гутлынхаа түрийнээс аргагүйн эрхэнд сугалсан. Ингээд бид хэд хайчаа булаацалдаж байгаад Н гэдэс рүүгээ хатгуулчихсан. Тэгээд би босож ирэхэд Н гэдсээ бариад наадах чинь гартаа хайч барьчихсан байна гэж хэлээд холдсон. Ингэх явцад Б араас цохиод байсан. Тэгэхээр нь би цамцны ханцуй дээрээс нь бариад өөр лүүгээ татахад гарт байсан хайчны үзүүрт хатгуулсан. Чи Н ыг хатгачихлаа ш дээ гэж хэлэнгүүт нь гарт байсан хайчаа шидсэн. Яасан овоо муу хоёр пиздаа вэ гэж хэлээд гарт байсан банзыг нь булааж аваад эргүүлээд зодсон. Ингэж байтал Дашцэрэн, Б хоёр ирээд та одоо ямар овлигогүй юм бэ? гээд намайг олсоор хүлсэн. Тэгээд Б , Н хоёрыг эмнэлэгт хүргэсэн. Б эмнэлэгт очоод оёдол тавиулж эмчилгээ хийлгэчихээд над дээр ирээд за хөгшөөн надад ийм тиймээ асуудал байхгүй шүү, цагдаад мэдүүлэг өгөхдөө намайг энд байхгүй байсан гэж мэдүүлэг өгөөрэй гээд байсан. Цагдаа ирээд намайг аваад явсан. Очоод мэдүүлэг өгөх гэтэл наад хүн чинь энд бүртгэлтэй байгаа шүү гэж хэлэхээр нь хүнийг асуудалд оруулаад яахав гэж бодоод эхний мэдүүлгээ худлаа өгсөн юм. Өөр нэмж ярих зүйл байхгүй байна гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Я.Н ын өгсөн: 2018 оны 07 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө Жаргалант зусланд очиж бид нар байрласан. Ингээд бид хэд архи, пиво, виски зэргийг уучихаад унтсан. Би унтах гээд хүүхэдтэйгээ хамт шовгорт ороод хэвтэж байсан. Гадаа шуугилдаад байсан. Тэгж байтал Ж миний нэрийг дуудаад манай эхнэрийг оролдсон гээд байсан. Тэгэхээр нь би босож ирээд юу яриад байгаа юм бэ гээд гадаа гараад Ж дээр очиход чи манай эхнэрийг оролдоод байсан биз дээ би цонхоор харсан шүү гэж хэлэхэд нь чи юу яриад байгаа юм бэ? гэж маргалдахад миний толгой руу цохиод авсан. Ингэж хэрэлдэж муудалцаж байхаар болъё гээд машин дотор унтаад өгсөн. Үүрийн 4-5 цагийн үед машинын хаалга татаад намайг унагаасан. Яагаад байгаа юм бэ гээд уурлаад босоод иртэл хэвлийн тус газарт хайчаараа хатгасан. Тэгээд би хатгуулаад шоконд ороод Ж оос холдсон. Б ах хайчийг нь хаяулахаар банзаар цохисон юм шиг байна лээ. Б ахыг зодож унагачихаад банзыг нь булааж аваад намайг гүйцээнэ гээд хөөгөөд байсан. Тэгэхээр нь би болиоч ээ хүн аллаа ш дээ гэж орилоход Дашцэрэн, Б хоёр хүрч ирээд Ж ийг барьж аваад олсоор хүлж байж зогсоосон. Тухайн үед эмнэлэгт үзүүлэхэд ходоод болон бүдүүн гэдэс цоорсон гэсэн. Үүнээс хойш толгой байнга эргэдэг болсон ба гэдсэндээ наалдангитай болсон. Хэрэгт авагдсан баримтын хүрээнд хохирлоо нэхэмжилж байна. Мөн цаашид гарах эмчилгээнийхээ зардлыг баримтаар нэхэмжилнэ гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч М.Б ын өгсөн: 2018 оны 07 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө Жаргалант зусланд Н ын хамаатны шовгорт очиж байрласан. Тэгээд бид хэд хэдэн пиво, архи, виски зэргийг уусан. Ингээд архиа ууж дуусчихаад бүгдээрээ шовгортоо ороод хэвтсэн. Шовгорын гадаа багийн Засаг дарга болон Ж оор морио уяулж байсан гэх залуу, танихгүй ганц хоёр хүн байсан. Хэсэг хугацааны дараа Ж наад пизданууд чинь ямар овоо гарууд вэ, юу гээд байгаа юм бэ? гэж хэлээд гүйгээд гараад явсан. Явж очоод модоор тэнд байсан хүмүүсийг цохьсон. Араас нь би Дашцэрэн, Б хоёртой хамт гүйж очиж барьж авсан. Барьж ирээд шовгорт оруулж унтуулах гэсэн боловч орохгүй гээд байсан. Тэгээд байж байтал Дашцэрэн, Б хоёр луу эхнэрээ хардаад уурлаад дайраад байсан. Шовгорын гадаа би, Н , Ж ийн эхнэр бид хэд зогсож байгаад ярилцсан. Танай хүн чинь чамайг хардаад агсам тавиад байгаа юм биш үү? гэж асуухад уг нь гайгүй л байдаг байсан. Одоо яагаад байгаа юм бол мэдэхгүй байна гэж хэлсэн. Өө яасан муухай ааштай юм бэ? гэж хэлээд морь луугаа явсан. Морио нэмнэчихээд хүрээд иртэл Н ыг эхнэртэйгээ хардаад дайраад зодолдох гээд зогсож байсан. Тэгээд би Н аас Ж яагаад чам руу дайраад байгаа юм бэ? гэж асуухад цонхоор намайг эхнэрийнх мөрөн дээр гараа тавьчихсан байсан ч гэх шиг юм яриад худлаа хардаад байна гэсэн. Ингэж ярилцаж байтал Ж хүрч ирээд Н ын толгой руу цохиод авсан. Тэгэхээр нь би за болохоо байлаа гэж бодоод Н ыг аваад явсан. Явж байгаад үүрийн 4, 5 цагийн үед иртэл морь малаа машиндаа ачих гээд авгай хүүхдээ айлган сүрдүүлсэн маягтай уурлаад байж байсан. Би юу болоод байгаа юм бэ? гээд гүйж очоод яах гээд байгаа юм бэ? чи явахаар бол унтаж амраад өглөө яв гэж хэлэхэд тийм юм байхгүй пизда минь, тэр Н чинь хаана байгаа юм гээд аашилж эхэлсэн. Ингээд Н ыг хайж очоод машинаас буулгаад ноцолдож зодолдох шиг болсон. Би яг хайчаараа дүрж байхыг нь хараагүй. Тэгээд тэр хоёр зодолдоод байхаар нь салгах гээд явж очсон. Би замдаа тааралдсан нарийн модыг аваад гүйж очоод Ж ийн гар луу нь цохьсон. Гэтэл яасан овоо пизда вэ? гэж хэлээд над руу дайрсан. Над руу дайрангуут нь эргэж хараад гүйсэн. Гүйж байхад хайчаа барьчихсан араас хөөгөөд байхаар нь эргэж хараад нэг цохьсон. Цохихдоо шанаа тус газарт нь цохьсон. Ингэж гүйж байгаад Ж ид гүйцэгдээд ноцолдсон. Тэгээд шууд хайчаараа миний гар луу хатгасан. Салаад байж байтал намайг цохиод би газарт унасан. Хэвтэж байхдаа за чи яасан хөгийн новш вэ?, яагаад ингээд байгаа юм бэ?, ядаж чи эхнэр хүүхдээ боддоггүй юм уу? гэж хэлэнгүүт цаашаа эргээд Н ыг гүйцээнэ гэж хэлээд гүйгээд явсан. Хэсэг хугацааны дараа Н хүн аллаа, энийгээ аваачээ гэж орилохоор нь яваад очтол хайчаа барьчихсан Н тай ноцолдоод байж байсан. Тэгж байтал Хулан хүрч ирээд таслан зогсоож Н бид хоёр эмнэлэг явсан. Тэгэхэд Н гэдсэн тус газраа шархадсан байдалтай цус гарчихсан байсан. Эмнэлэгт үзүүлж эргэж ирээд Ж той уулзаад “за Жама чи Н ыг бодоорой, би чамтай нээх их юм ярихгүй, цаадах чинь нэлээн хүнд бэртсэн байна шүү” гэж хэлсэн. Өглөө болоод Н дээр яваад очиход сая Жама ирээд явлаа, мөнгө төгрөг өгнө гэж байна гэж хэлсэн гэж байсан. Ж ид хандаж хэлэхэд чамд хүн чанар гаргаж байхад чи арай л худлаа яриад байна. Энэ хугацаанд надтай тухтай уулзсан зүйл огт байхгүй. Нэг удаа хальт уулзсан. Одоо миний биеийн байдал муу толгой их өвдөж, юмаа мартаж санаад байдаг болсон гэв.
Шүүхин хэлэлцүүлэгт гэрч Б.А ын өгсөн: ... Тухайн үед хүүхэд маань уйлаад байсан..., би Б ыг мод бариад хашаа давж байхыг харсан..., Н , манай нөхөр хоёр хашааны гадаа байсан хоёр машины дунд нь байсан..., юу хийж байсныг нь харах боломжгүй байсан..., хүүхэд уйлаад хүүхдээ авчихаад эргээд очиход Н , Б , манай нөхөр 3 зодолодож байсан. Би Хулан эгчийг хамт байгаад өгөөч, манай нөхөрт хэд гурван ухаарлын үг хэлээд аргадахаар зүгээр болчихдог юм гэж хэлээд гуйж байсан. Энэ үйл явдлыг эхнээс нь дуустал Хулан эгч мэднэ. Ж зодоон болохын өмнө эндээс явъя гээд байсан. Тэгэхээр нь би орой болчихсон байна. Хүүхдүүд унтчихаад сэрэхгүй болохоор нь яваад яах гэсэн юм бэ? гээд хориглосон. Харин Ж болохоор надаас машины түлхүүр авах гээд маргалдахаар нь өгөхгүй гэж хэлэхэд мориныхоо тохошыг аваад шидсэн. Шидэхдээ над руу хандаж шидээгүй. Энэ байдлыг хөндлөнгөөс харвал надад агсам тавьж зодсон юм шиг харагдсан байх. Түүнээс биш намайг зодож, нүдээд байсан зүйл байхгүй гэв.
1815002220155 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн шалгах шатанд:
Гэрч Э.Дашцэрэнгийн өгсөн: “... Өглөө үүрээр 04 цагийн орчимд шовгор байшингийн орчимд хүмүүс хашгиралдаад байхаар нь очсон чинь Н , Ж , А нар байсан. Тухайн газар Н ах гэдэс рүүгээ хутгалуулсан гээд байж байсан..., Ж ах Б ахтай барьцалдчихсан Ж ах гартаа хайч барьчихсан байсан. Ж ахын гараас хайчийг нь булааж авч, Б бид хоёр түүнийг хүлсэн. Н ах дээр очиход гэдэс орчимд, хүйсний дээд хэсэгт хатгагдсан шархтай, Б ахын толгой нь хагарсан байдалтай цус гарсан, зүүн гарын булчин хатгагдсан шархтай байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 38-40 хуудас/,
Гэрч Б.А ын өгсөн: “...миний хажуугаар хэвтэх гэсэн зайгүй байсан болохоор Н ыг бос гээд байсан. Яагаад манай эхнэрийн хажуугаар ороод хэвтэж байгаа юм бэ гээд уурлаад тэр хоёр маргалдаад байсан. Тэгсэн Н танай эхнэрээр яадаг юм гээд байсан..., манай том хүү гарчихаад буцаад орж ирээд “ээж ээ аавыг Б ах банзаар зодоод байна” гэж хэлэхээр нь гарсан чинь Б “би ёстой арчаагүй залуу юм аа, нам цохиж чадсангүй” гэж хэлсэн. Хажууд нь Б , Дашцэрэн нар Н ын машины хажууд зогсож байсан. Н “намайг хатгачихлаа шүү дээ” гэж хэлсэн. Манай нөхрийг зайтай газарт хүлсэн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 45-46 хуудас/,
Гэрч О.Б ийн өгсөн: “... Өглөө үүрээр 04-05 цагийн үед бид нарын байрласан шовгор байшингийн орчимд хүмүүс чанга, чанга яриад хатгуулчихлаа гээд байхаар нь Дашцэрэн бид хоёр очсон чинь Ж ах, Б ахтай барьцалдчихсан ноцолдож байсан бөгөөд Ж ах гартаа хайч барьчихсан байсан. Ж ахын гараас хайчийг нь булааж авч, Дашцэрэн бид хоёр түүнийг хамт хүлсэн. Н ах дээр очиход гэдэс орчимдоо хатгуулсан шархтай, Б ахын толгой нь хагарсан, зүүн гарын булчинд хатгуулсан шархтай байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 48-49 хуудас/,
Гэрч Х.Хулангийн өгсөн: “... Ж Н ыг ална гээд байхаар нь гарсан чинь тэд нар хоорондоо маргалдсан байдалтай байсан. Ж Н ыг эхнэртэйгээ хардаад байсан..., машиных нь түлхүүр эхнэр А д нь байсан юм шиг байна лээ. Түлхүүр өг гээд эхнэрээ дөрөөтэй тохошоор зодоод байхаар нь би эмэгтэй хүн зодож болохгүй гээд салгасан. Тэрээр гарт баригдсан зүйлээ эхнэр лүүгээ шидээд байсан. Нэг мэдэхэд машиныхаа түлхүүрийг авчихсан машиныхаа урд талын суудал дээр машины дотор гэрлээ асаачихсан суугаад байсан. Машинаасаа хайч авч ирсэн. Морио ачна, та хоёр тууж өг, тууж өгөхгүй бол ална шүү гээд уурлаад байсан. Тэр хооронд хайчаа тавих нь уу, үгүй юу гэдгийг нь харахад ерөөсөө гараасаа салгаагүй. Унах гэж авчирсан хөтөлж явсан морио ачсан. Хайчаа зүүн гартаа атгачихсан хэвээрээ л байсан..., Ж Н ыг ална гээд л хашгираад гарч ирэхэд Н ыг Ж гартаа мод барьчихсан араас нь хөөж байсан. Машин тойрч зугтааж байгаад Н уначих шиг болсон..., Н энэ чинь намайг аллаа шүү дээ гээд хашгирсан. Энэ үед Б нэлээд зайтай ганцаараа газар дөрвөн хөлөлчихсөн байсан бөгөөд очиход нүүр нь цус болчихсон..., фудволкоороо толгойгоо дарчихсан..., толгойноос гарсан цус тогтохгүй байсан. Хүзүүний гүрээний судасны орчим болон зүүн гарын булчингийн орчмоос цус гарсан байдалтай хатгуулсан байсан. Н ирээд намайг хатгачихлаа гэсэн бөгөөд харахад хэвлий орчимд нь хатгачихсан, нэлээд урт зүсэгдсэн шарх байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 52-54 хуудас/,
Булган аймгийн Шүүхийн шишжилгээний албаны 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 185 дугаартай: 1. Я.Н ын биед хэвлийн хөндийн нэвтэрсэн шарх, хөндлөн гэдэс ба ходоодны ар хананы нэвтэрсэн шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Цаашид энгийн хөдөлмөрийн тогтонги алдалт нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна. 4. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх үед үүссэн байх боломжтой. 5. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар амь насанд аюултай учир гэмтлийн хүнд зэрэгт хамаарна... гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 58-59 хуудас/,
Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 220 дугаартай: 1. Магадлуулагч М.Б ын биед зүүн бугалганд шарх, зулай, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг болон хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах учир гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна. 5. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 79-81 хуудас/,
Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 266 дугаартай: 1. Хохирогч М.Б ын биед хамрын таславчийн муруйлт гэмтэл тогтоогдлоо. 2. Хамрын таславчийн муруйлт гэмтлийн цаг хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй байна. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацагаар сарниулах учир гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 87-88 хуудас/,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 11/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 12-13/, эмнэлгийн баримтууд, мэс заслын тэмдэглэл, /хх-ийн 62-77, 91-95/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 111/, хохирол төлбөрийн баримт /хх-ийн 129-130/, хувийн байдлын талаарх шагнал, урамшуулалын баримтууд /хх-ийн 134-145/, хохирлын баримтууд /хх-ийн 148-150/, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цэнхэр өнгийн иштэй хайч 1 ширхэгийг тус тус таниулж судалсан болно.
Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрхи нотлох баримтуудаар 2018 оны 07 дугаар сарын 26-ны орой шүүгдэгч Г.Ж нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Булган аймгийн Булган сумын Жаргалант 2 дугаар багийн нутагт “манай эхнэрийг оролдлоо” гэх шалтгаанаар Я.Н тай маргаан үүсгэн ноцолдох явцдаа хайч хэрэглэж Я.Н ын эрүүл мэндэд хэвлийн хөндийн нэвтэрсэн шарх, хөндлөн гэдэс ба ходоодны ар хананы нэвтэрсэн шарх бүхий хүнд хохирол, М.Б ын эрүүл мэндэд зүүн бугалганд шарх, зулай, хүзүүнд зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан хууль зүйн факт, үйл баримт тогтоогдож байна.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон үйл баримтыг мөрдөн шалгах ажиллагаа хуулийн дагуу явагдсан, хэрэг үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, хэргийн сэдэлт шалтгаан, учирсан хор уршгийн талаар хохирогч М.Б , Я.Н , гэрч Б.А , О.Б , Х.Хулан нар нь өгсөн мэдүүлэгтээ эх сурвалжаа тодорхой заасан, мэдүүлгүүд өөр хоорондоо зөрүүгүй байна.
Түүнчлэн хохирогч Я.Н ын эрүүл мэндэд учирсан хүнд хохирол нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, хохирогч М.Б ын эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол нь ир үзүүртэй зүйлийн нэг болон хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн болохыг тогтоосон Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 185, 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 220, 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 266 дугаартай дүгнэлтүүдийг тусгай мэдлэг эзэмшсэн эрх бүхий шинжээч гаргасан, шинжлэх ухааны үндэслэл бүхий байх тул нотлох баримтаар үнэлсэн болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Я.Н ын...машинын хаалга татаад намайг унагаасан. Яагаад байгаа юм бэ гээд уурлаад босоод иртэл хэвлийн тус газарт хайчаараа хатгасан гэх, хохирогч М.Б ын...над руу дайрангуут нь эргэж хараад гүйсэн. Гүйж байхад хайчаа барьчихсан араас хөөгөөд байхаар нь эргэж хараад нэг цохьсон. Цохихдоо шанаа тус газарт нь цохьсон. Ингэж гүйж байгаад Ж ид гүйцэгдээд ноцолдсон. Тэгээд шууд хайчаараа миний гар луу хатгасан. Салаад байж байтал намайг цохиод би газарт унасан гэх, гэрч Б.А ын...хүүхэд уйлаад хүүхдээ авчихаад эргээд очиход Н , Б , манай нөхөр 3 зодолдож байсан гэх, гэрч О.Б ийн...Ж ах гартаа хайч барьчихсан байсан. Ж ахын гараас хайчийг нь булааж авч, Дашцэрэн бид хоёр түүнийг хамт хүлсэн. Н ах дээр очиход гэдэс орчимдоо хатгуулсан шархтай, Б ахын толгой нь хагарсан, зүүн гарын булчинд хатгуулсан шархтай байсан гэх, гэрч Х.Хулангийн...машин тойрч зугтааж байгаад Н уначих шиг болсон..., энэ үед Б нэлээд зайтай ганцаараа газар дөрвөн хөлөлчихсөн байсан бөгөөд очиход нүүр нь цус болчихсон..., фудволкоороо толгойгоо дарчихсан..., толгойноос гарсан цус тогтохгүй байсан..., Н ирээд намайг хатгачихлаа гэсэн бөгөөд харахад хэвлий орчимд нь хатгачихсан, нэлээд урт зүсэгдсэн шарх байсан гэх мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлтүүд зэргээс дүгнэлт хийхэд шүүгдэгч Г.Ж ийн үйлдэл нь бусдын халдашгүй чөлөөтэй байх, эрүүл аюулгүй орчинд ажиллаж амьдрах Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэргийн бүхий л шинжийг агуулж байгаа төдийгүй гэмт хэрэг үйлдэхдээ “бүрдэл, бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх зориулалтай хэрэгсэл” буюу хайчийг хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй, хүний биед хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх үндэслэл тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Г.Ж ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Хэргийн 148-149 дүгээр талд хохирогч Я.Н-ын эмчилгээ, үйлчилгээтэй холбоотой гарсан зардал 1108200 төгрөгийн, 202-209 дүгээр талд хохирогч Я.Н ын өмгөөлөгчийн хамт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсонтой холбоотой зардал 1423160 төгрөгийн буюу нийт 2531360 төгрөгийн нэхэмжлэлийн баримтууд авагдсан байх ба шүүгдэгч Г.Ж нь иргэний нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч 2812820 төгрөгийг төлж барагдуулсан байна.
Харин хэргийн 150 дугаар талд хохирогч М.Б ын эмчилгээ, үйлчилгээтэй холбоотой гарсан зардал 833900 төгрөг, 210-211 дүгээр талд өмгөөлөгчийн хамт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсонтой холбоотой зардал 969800 төгрөгийн буюу нийт 1803700 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Үүнээс шүүгдэгч Г.Ж нь хохирогч М.Б д 933800 төгрөгийг төлсөн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлэг болон хавтас хэрэгт авагдсан баримтаар нотлогдон тогтоогдож байх ба үлдэх хэрэгт хамааралгүй болох 869800 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Учир нь шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч М.Б болон хохирогчийн өмгөөлөгч өмгөөллийн хөлс 500000 төгрөгийг гаргуулах нь зүйтэй гэж мэтгэлцэж байгаа хэдий ч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд тооцогдохгүй бөгөөд хохирогч хуульд заасан хууль зүйн туслалцаа авах эрхээ хэрэгжүүлсний төлбөрт төлсөн хөлс тул шүүгдэгчээс гаргуулах хууль зүйн үндэслэлгүй байна.
Иймд хохирогч Я.Н , М.Б нар нь энэ хэрэгтээ холбоотой цаашид гарах эмчилгээний болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг нь дурьдаж шийдвэрлэв.
Шүүгдэгч Г.Ж ид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурьдаж, шүүгдэгч Г.Ж ийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар оногдуулах хорих ялыг хөнгөрүүлж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Шүүгдэгч Г.Ж нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хөх иштэй хайч нэг ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж, хохирогч Я.Н , М.Б нар нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.3 дугаар зүйлийн 1, 3, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т овогт Г.Ж- ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч Г. Ж ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 3 /гурав/ жил, 5 /тав/ сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дах хэсгийн 2.1-д заасныг баримтлан шүүгдэгч Г.Ж ид Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар оногдуулсан 3 /гурав/ жил, 5 /тав/ сарын хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгийн торгох ялын 15 нэгж буюу 15000 төгрөгийг хорих ялын нэг хоногоор тооцож 01 /нэг/ сарыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 3 /гурав/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г.Ж ийн 3 /гурав/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Шүүгдэгч Г.Ж нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч М.Б ын нэхэмжилсэн 869800 /найман зуун жаран есөн мянга найман зуу/ төгрөгний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хохирогч Я.Н , М.Б нар нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурьдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан цэнхэр өнгийн иштэй хайч нэг ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комиссд даалгаж, баримтыг хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах М.Баасандоржид даалгасугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Ж ид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрөөс эхлэн тоолсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ДЭЛГЭРМӨРӨН
ШҮҮГЧИД С.ЦЭРЭНДУЛАМ
С.ЦЭРЭНХАНД