Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 001/ХТ2017/00749

 

“И Эн Пи” ХХК болон Н.Эрдэнэбат нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 101/ШШ2017/00149 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 681 дүгээр магадлалтай,

“И Эн Пи” ХХК, Н.Эрдэнэбат нарын нэхэмжлэлтэй,

“Зургаан талт” ХХК-д холбогдох,

Гэм хорын хохиролд 10.047.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баярмаагийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Бат-Эрдэнэ, өмгөөлөгч У.Мөнхбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баярмаа, өмгөөлөгч Б.Бадраа, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч “И Эн Пи” ХХК-ийн төлөөлөгч Н.Бат-Эрдэнэ, Н.Эрдэнэбат нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2014 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр “Зургаан талт” ХХК-тай өөрийн өмчлөлийн газар доогуур төлбөртэй бохир, цэвэр усны шугам татуулах тухай гэрээ байгуулсан юм. Гэтэл хариуцагч “Зургаан талт” ХХК энэхүү гэрээгээ зөрчиж, хохирол учрууллаа. Үүнд:

1.2015 оны 03 дугаар сард манай компанийн цэвэр усны шугамыг тасалсан ба энэхүү гэмтлийг 2015 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр засварлаж, 2 метр газар усны болон цахилгааны шугам шилжүүлэхэд нийт 588.000 төгрөг зарцуулсан,

2.Гэрлийн камерын шон эвдэж, суурь хөрснөөс татаж гаргасныг 2015 оны 06 дугаар сарын 06-ны өдөр 200.000 төгрөгөөр засварласан,

3.2015 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн шөнийн 12:00 цагийн орчимд техник хэрэгсэл хэрэглэж, манай эзэмшил газар руу халдаж, нүх ухаж байгаад хашаа, жорлон эвдэж, цахилгааны кабель ил гаргасан. Гадна цахилгааны үндсэн тэжээлийн хүчдэлийн шугамын 21 метр газарт завсар хийхэд 2.245.000 төгрөг, мөн жорлонг шинээр барихад 1.000.000 төгрөг болсон,

4. 2015 оны 08 дугаар сарын 20-ны өдөр шөнийн 11:00-12:00 цагийн орчим газар шорооны ажил хийж байгаад цэвэр усны шугам тасалсан бөгөөд үүнийг засварлаж 554.000 төгрөгийн холболт хийлгэсэн.

5. Цэвэр усны шугамыг 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр шилжүүлэхэд 5.460.000 төгрөгийг зарцуулсан.

Иймд хариуцагчаас нийт 10.047.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч нарт олгож, хохирлыг барагдуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баярмаа шүүхэд гаргасан тайлбартаа: “Зургаан талт” ХХК нь “И Эн Пи” ХХК-тай байгуулсан “Өөрийн өмчлөлийн газар доогуур төлбөртэй бохир, цэвэр усны шугам татуулах тухай” 2014-11-12-ны өдрийн № 2 тоот гэрээг “Зургаан талт” ХХК нь зөрчөөгүй болох нь холбогдох эрх бүхий байгууллагын гаргасан шийдвэрээр тогтоогдож байгаа бөгөөд харин ч эсрэгээрээ “Зургаан талт” ХХК-д нэхэмжлэгч  “И Эн Пи” ХХК нь дээрх гэрээний үүргээ зөрчсөний улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан байдаг. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 101/ШШ2017/00149 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 514 дүгээр зүйлийн 514.1 дэх заалтыг тус тус үндэслэн хариуцагч Зургаан талт ХХК-иас 3.007.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Н.Эрдэнэбат, И Эн Пи ХХК нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 7.040.000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчдийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 175.710 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 63.062 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч нарт олгож  шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 681 дүгээр магадлалаар: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 101/ШШ2017/00149 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтаас “...болон 514 дүгээр зүйлийн 514.1” гэснийг хасч, “3.007.000” гэснийг “6.014.000” гэж, “7.040.000” гэснийг “4.033.000” гэж тус тус, тогтоох хэсгийн 2 дахь заалтын “63.062.00 төгрөгийг” гэснийг “111.174 төгрөгийг” гэж өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 63.100 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож  шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баярмаа хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017-01-10-ны өдрийн 101\ШШ2017\00149 тоот шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017-03-10-ны өдрийн 681 тоот магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар дараах гомдлыг гаргаж байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40-р зүйл, 40.2 дах хэсэгт заасны дагуу нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор харьцуулан үзэж нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж үзэлгүйгээр хариуцагч хариуцагч “Зургаан талт” ХХК-ийг нэхэмжлэгч нарт санаатайгаар гэм хор учруулсан гэж тус тусдаа үзэж дүгнэсэн. Мөн нэхэмжлэгч нар нь өөрсдийн барилгыг барихдаа анх батлагдсан техникийн нөхцөл зураг төслийн дагуу цэвэр усны шугамаа татаагүй болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдсоор байтал зөвхөн нэхэмжлэгч нарын шүүхэд гаргасан тайлбарыг нь хөдөлбөргүй үнэн баримт гэж үзэн дүгнэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсгийг ноцтой зөрчсөн шийдвэр, магадлалыг тус тус гаргасан. Анхан болон давж заалдах шатны шүүх нь нотлох баримтыг үнэлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40-р зүйл, 40.1, 40.3 дахь хэсгийг зөрчин үнэлсэн нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсгүүдийг тус тус буруу тайлбарлан хэрэглэхэд хүргэсэн.

Мөн анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх хэсэгт заасны дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх үүргээ биелүүлээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт заасны дагуу 2016- 11-17-ны өдрийн шүүх хуралдааныг хойшлуулан Хот Төлөвлөлт Ерөнхий Төлөвлөгөөний Газраас болон Үндэсний Төв Архивын Газраас нотлох баримт гаргуулах тогтоол гаргахдаа Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй холбоотой баримтыг шаардан гаргуулахаар тогтоолдоо зааж өгөөгүй нь шүүхээс хууль бус шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзэж байна.

Нэгэнт шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт заасны дагуу Хот Төлөвлөлт Ерөнхий Төлөвлөгөөний Газар болон Үндэсний Төв Архиваас баримт шаардаж шүүх хурлыг хойшлуулсан тул Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс ч мөн Н.Эрдэнэбат нарын нэхэмжлэлтэй Захиргааны хэрэг үүссэн захирамжийг шаардан нотлох баримтаар гаргуулах тухай тогтоолдоо зааж уг баримтыг хэрэгт хавсарган Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх хэсэгт заасны дагуу иргэний хэргийг түдгэлзүүлэх нь зүйтэй байсан гэж үзэж байна.

Нөгөө талаар нэхэмжлэгчийн төлөөлөгч гэм хор шаардаж буй үйл баримтыг “Зургаан талт” ХХК болон “И Эн Пи” ХХК-иудын хооронд хийгдсэн “Өөрийн өмчлөлийн газар доогуур цэвэр бохир усны шугам татуулах тухай гэрээ”-ний дагуу хийгдсэн үед үүссэн хохирол гэж удаа дараа тайлбарладаг тул анхан шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт заасны дагуу “Хот Төлөвлөлт Ерөнхий Төлөвлөгөөний Газар” болон “Үндэсний Төв Архив”-аас шаардан авсан нотлох баримтууд нь нэхэмжлэгч Н.Эрдэнэбатын барилгын анхны батлагдсан техникийн нөхцөл болон зураг төсөлд заагдсан цэвэр усны шугамын зурагтай таарч буй эсэх, нэхэмжлэгч нар уг цэвэр усны шугамыг татсан байдал нь батлагдсан зураг төсөл, техникийн нөхцөлөөсөө зөрүүтэй байгаа эсэхийг тогтоолгүйгээр өөрөөр хэлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу нотлох баримтыг зөв зүйтэй үнэлэлгүйгээр анхан шатны шүүх “Зургаан талт ” ХХК-ийг 50%-иар хохирлыг хариуцах үүрэгтэй гэж үзэж шийдвэр гаргасан байдаг. Давж заалдах шатны шүүхийн хэлэлцүүлэгт хариуцагчийн төлөөлөгч оролцох боломжгүй тул шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтийг эмнэлгийн магадлагааны хамтаар шүүх хуралдааны хэлэлцүүлэг эхлэхээс өмнө өгөхөөр хүргүүлсэн боловч хүлээн авахаас татгалзсан байсан тул хариуцагч тал давж заалдах шатны шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлцэн орох боломжгүй болсон. Нэхэмжлэгч тал нь хариуцагч талыг барилгын ажлаа эхлэхээс нь өмнө өөрийн барилыг барьж дуусгасан үйл баримт нь батлагдсан зураг төсөл, техникийн нөхөцлөө өөрчлөн цэвэр усны шугам татсан нэхэмжлэгч нарын буруутай үйл баримтыг зөвтгөх нотлох баримт болохгүй гэдгийг анхан болон давж заалдах шатны шүүх анхаарч, нотлох баримтыг хуульд заасны дагуу нь үнэлээгүй нь хууль бус шийдвэр магадлал гаргахад хүргэсэн болно. Үнэхээр нэхэмжлэгч Н.Бат-Эрдэнэ болон “И Эн Пи” ХХК-д учирсан хохиролд болох 10.047.000 төгрөгт эрүүгийн хэрэг үүсгэн шийдвэрлээгүй тул нэхэмжлэгч нар нь нотлох баримт гэж үзэж мөн анхан болон давж заалдах шатны шүүх нь энэхүү тогтоолыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэгт заасан хөдөлбөргүй баримт гэж үзэх нь хуульд харшилж буй үйл баримт болох юм.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож өгнө үү гэжээ.

                                                ХЯНАВАЛ

Давж заалдах шатны шүүхийн магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангаагүй байна.  

Нэхэмжлэгч “И Эн Пи” ХХК болон Н.Эрдэнэбат нар нь хариуцагч “Зургаан талт” ХХК-с 10.047.000 төгрөг шаардахдаа нэхэмжлэлийн үндэслэлийг барилгын ажил гүйцэтгэж байхдаа орон сууцны цахилгаан, цэвэр, бохир усны шугам тасалж гэмтэл учруулснаас үүссэн хохирол гэж тодорхойлжээ. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, маргахдаа “...нэхэмжлэгч шугам сүлжээг техникийн нөхцөл зөрчиж байрлуулсан” гэжээ.

Нэхэмжлэгч Н.Эрдэнэбат, хариуцагч “Зургаан талт” ХХК нь Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд 136004/0163 болон 136004/0469 тоот нэгж талбарын газрыг тус тус эзэмшдэг бөгөөд хөрш залгаа газрын эзэмшигчид байна.

“И Эн Пи” ХХК нь Н.Эрдэнэбатын захиалгаар түүний эзэмшлийн газар дээр 24 автомашины зогсоолтой, 104 айлын орон сууцны барилгыг 2013 оноос эхлэн барьж улмаар 2015 оны 5 дугаар сарын 21-ний өдөр улсын комисст хүлээлгэн өгчээ.

Орон сууцны барилгыг барьж гүйцэтгэх явцдаа нэхэмжлэгч “И Эн Пи” ХХК нь хариуцагч “Зургаан талт” ХХК-тай 2014 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр гэрээ байгуулсан ба хариуцагч өөрийн эзэмшлийн газар доогуур нэхэмжлэгчийн орон сууцны барилгын цэвэр усны болон бохирын шугамыг татуулахыг хүлээн зөвшөөрсөн байна /хэргийн 14-15, 77-76 дугаар тал/.

Хариуцагч “Зургаан талт” ХХК гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчээр шалгарч, өөрийн эзэмшлийн газар дээр орон сууцны барилгын ажлыг гүйцэтгэх явцад 2016 оны 3, 7, 8 дугаар сард “И Эн Пи” ХХК-ийн орон сууцны цахилгааны болон цэвэр усны шугамыг тасалж, гэмтэл учруулсан нь тогтоогдсон ба энэ талаар маргаагүй байна.

Харин дээрх үйлдэлд хариуцагч буруутай болох, хохирлыг хариуцах эсэх нь маргааны зүйл болжээ.

 Нэхэмжлэгч нь орон сууцны барилгын цэвэр, бохир усны гадна шугамын угсралтын ажлыг Ус сувгийн удирдах газартай зөвшөөрөлцөн баталсан ажлын зургийн дагуу гүйцэтгээгүй бөгөөд цэвэр усны шугамыг “Зургаан талт” ХХК-ийн эзэмшил газар дээр зураг төсөл, БНбД зөрчин хамгаалалтын зурвасгүйгээр угсарсан нь Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2015 оны 02-01-023/1877 тоот дүгнэлт, албан шаардлагаар тогтоогджээ /хэргийн 79-80, 180 дугаар тал/. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нар барилгын норм, нормативын баримт бичгийг зохих ёсоор мөрдөөгүйгээс тус компанийн гадна цэвэр усны шугам сүлжээ нь хариуцагч “Зургаан талт” ХХК-ийн орон сууцны барилгын гаражийн пандусын сууриас 1.2 м зайд угсрагджээ.

Нэхэмжлэгч цэвэр, бохир усны шугам сүлжээг холбогдох дүрэм, журмын дагуу угсраагүй боловч хариуцагч уг шугам сүлжээг тавихыг зөвшөөрснөөс гадна удаа дараагийн үйлдлээр гэм хор учруулсан нь хэргийн баримтаар тогтоогджээ.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар бусдын ...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй болно.

Эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөхөөр Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д заасан.

Хариуцагч барилгын ажил гүйцэтгэхдээ шугам сүлжээг тасалсан тул нэхэмжлэгч цэвэр усны шугамыг холбоход 554.000 төгрөг, мөн уг шугам шилжүүлэхэд 5.460.000 төгрөг нийт 6.014.000 төгрөг зарцуулсан, шүүх гэм хорыг энэ хэмжээгээр тооцсон нь хэргийн баримтад үндэслэгджээ.

Нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагаа түүнд гэм хор учрах буюу түүнээс үүдэн гарах хохирлын хэмжээг нэмэгдэхэд нөлөөлсөн байдлыг харгалзан хариуцагчийн хариуцах гэм хорын нөхөн төлбөрийн хэмжээг багасгах хуулиар тогтоосон боломжийг давж заалдах шатны шүүх хэрэглээгүй нь учир дутагдалтай болжээ.

Дээрх дурдсанаас үзвэл, хариуцагчийн буруутай ажиллагаа нь нэхэмжлэгчийн хууль бус үйлдэлтэй холбоотой, нэхэмжлэгч өөрт гэм хор учрах нөхцөл шалтгааныг бүрдүүлсэн нь гэм хор учрахад нөлөөлжээ.

Анхан шатны шүүх дээрх нөхцөл байдлыг харгалзан хариуцагчийн хариуцвал зохих төлбөрийг 50 хувиар багасгаж, нэхэмжлэлээс 3.007.000 төгрөгийн шаардлагыг хангасан нь Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1 дэх зохицуулалтад нийцжээ. Харин давж заалдах шатны шүүх “...Мэргэжлийн хяналтын газрын актыг үндэслэн гэм хор учрахад болон хохирлын хэмжээ нэмэгдэхэд нэхэмжлэгчийн буруутай үйлдэл нөлөөлсөн гэж үзэхгүй...” гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасантай нийцээгүй байна.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 681 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 101/ШШ2017/00149 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т заасныг баримтлан хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр төлсөн 111.180 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ