Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 26

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Хариуцагчийн  зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хэргийн индекс: 114/2017/0013/З

            Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Нарантуяа би “Дархан баян констракшн” ХХК-ий захирал Ц.Чинзориг,  “Хаяа-Үүр” ХХК-ний захирал Б.Бадмаараг нараас Дархан-Уул аймгийн Засаг даргад холбогдуулан “Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А/440 дүгээр захирамжийн нэхэмжлэгч нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай захиргааны хэрэгт  хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад  

ТОДОРХОЙЛОХ  нь:

   Нэхэмжлэгч “Дархан баян констракшн” ХХК-ий захирал Ц.Чинзориг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Дархан баян констракшн” ХХКомпани нь Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас зарласан “Төсөл сонгон шалгаруулалт”-аар ялалт байгуулан Дархан-Уул аймаг Дархан сумын 10 дугаар багийн 24 дүгээр хороололд 9 давхар орон сууцны барилгын 1,5 га газрыг эзэмшихээр 2016 оны 07 дугаар сарын 08-ний өдрийн А/272 тоот захирамжаар, газар эзэмших эрхийн гэрчилгээ авсан болно.Гэтэл Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 29-ны өдрийн А/440 тоот захирамжаар уг газрыг хүчингүй болгосон нь манай компанийн эрхийг зөрчиж байна.Уг хүчингүй болгосон захирамжийн хуулбарыг Дархан-Уул аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газраас 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр шуудангаар ирүүлсэн.

            “Дархан Баян Констракшн” ХХКомпани нь Засаг даргын дээрх захирамжийг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.Иймд аймгийн Засаг даргын А/440 дугаар захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, манай компанид олгосон газар эзэмших эрхийн гэрчилгээг сэргээж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч “Хаяа-Үүр” ХХК-ний захирал Б.Бадмаараг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Дархан-Уул аймгийн Засаг дарга А.Энхболдын 2016 оны 07 дугаар сарын 08-

Documents and Settings\ Захиргаа\Desktop\Шийдвэр.doc

ны өдрийн А/272 тоот  захирамжаар “Хаяа-Үүр” ХХК-нд Дархан-Уул аймгийн Дархан сум 10 дугаар баг 12 дугаар хороололд 1000 м2 газрыг нийтийн орон сууцны зориулалтаар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн. Гэтэл 2016 оны орон нутгийн сонгуулиар засаг дарга солигдож С.Насанбат аймгийн Засаг дарга болсоныхоо дараа 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А/440 дугаартай Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай захирамж гаргасан ба тус захирамжийн хавсралтад “Хаяа-Үүр” ХХК-ий нэр бичигдсэн байна.

Аймгийн Засаг дарга С.Насанбат нь өмнөх засаг даргынхаа захирамжийг үндэслэлгүйгээр хууль бусаар хүчингүй болгож Үндсэн хууль, Газрын тухай хууль болон Захиргааны ерөнхий хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхолыг маань ноцтой зөрчиж байна.Иймд Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Насанбатын гаргасан 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А/440 дугаартай Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай захирамжийн “Хаяа-Үүр” ХХК-нд холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Алтанчимэг, Ц.Чулуунцэцэг, Д.Элдэвсайхан  нараас 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Дархан баян констракшн” ХХК, “Хаяа-Үүр” ХХК ниудын нэхэмжлэлтэй Дархан-Уул аймгийн Засаг даргад холбогдох  Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А/440 дүгээр захирамжаар “Хаяа-Үүр” ХХК, “Дархан баян констракшн” ХХК нарт холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн шаардлагад дурдсан эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж байгаа этгээдэд Захиргааны ерөнхий хуулийн дагуу сонсгох, мэдэгдэх, хувийн хэрэг хөтлөх үйл ажиллагааг явуулаагүйгээр захиргааны шийдвэр гаргасан буруутай байх тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна. Дээрх алдаагаа засаж залруулан хуулийн дагуу дахин арга хэмжээг авч ажиллах тул хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Алтанчимэг, Ц.Чулуунцэцэг, Д.Элдэвсайхан нар нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг  бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн тайлбарыг 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр шүүхэд бичгээр ирүүлсэн байна.

       Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1, 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй, бусдын эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг  хүлээн зөвшөөрснийг баталж,  хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2  дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “Дархан баян констракшн” ХХК-ий захирал Ц.Чинзориг, “Хаяа-Үүр” ХХК-ий захирал Б.Бадмаараг нараас Дархан-Уул аймгийн Засаг даргад холбогдуулан “Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А/440 дүгээр захирамжийн “Хаяа-Үүр” ХХК, “Дархан баян констракшн” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.6, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140400 төгрөгийн 50 хувь болох 70200 төгрөгийг улсын орлогоос, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 35100 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч нарт  олгосугай.

 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх болохыг дурьдсугай.

 

 

 

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                              Д.НАРАНТУЯА