Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 221/МА2019/0227

 

 

 

 

 

 

2019 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 221/МА2019/0227

Улаанбаатар хот

Б.Б-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Лхагвасүрэн даргалж, шүүгч Э.Халиунбаяр, шүүгч Ц.Сайхантуяа нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 128/ШШ2019/0104 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу Б.Б-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Сайхантуяагийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 128/ШШ2019/0104 дүгээр шийдвэрээр: “Захиргааны ерөнхий хуулийн 105 дугаар зүйлийн 105.1, 105.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Б-ийн Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга М.О-т холбогдуулан гаргасан “Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 12, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргаан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг зөрчсөн Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга А.Даваажаргал, мөн хэлтсийн мэргэжилтэн Ц.Ижилмөрөн нарт Захиргааны ерөнхий хуулийн 105 дугаар зүйлийн 105.2 дахь хэсэгт заасан хариуцлага тооцохыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга М.О-т даалгах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж” тус тус шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Б.Б давж заалдах гомдолдоо: “...Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 07/3476 дугаар хууль, эрх зүйн хэлтсийн дарга А.Даваажаргалын гарын үсэгтэй албан бичгээр хариу ирсэн. Энэ хариуд “таны 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо Тусгаар тогтнолын ордны урд талбайд жагсаал цуглаан бүртгүүлэх тухай” мэдэгдэлтэй танилцлаа. Дээр дурдсан жагсаал цуглаан нь Жагсаал цуглаан хийх журмын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан шаардлага хангахгүй байгаа тул уг хүсэлтийг хангах боломжгүй байна” гэсэн хариу ирсэн. Миний гомдлын утга бол “Нийслэлийн төр захиргааны байгууллагууд иргэдийн өргөдөл, гомдлыг smartcity.mn цахим сүлжээнд бүртгэн авч хоорондоо харилцдаг гэж боддог. Гэтэл Сүхбаатар дүүргийн Засаг дарга болон түүний Тамгын газарт гаргасан өргөдөл, гомдол энэ цахим сүлжээнд хамрагддаггүй юм байна. Сүхбаатар дүүргийн Засаг даргад 2018 онд 4 удаа өргөдөл, хүсэлт гаргасан боловч мэдээлэл нь тус цахим сүлжээнд бүртгэгдээгүй болно. Сүхбаатар дүүрэг яагаад smartcity.mn-д мэдээллийг оруулдаггүй юм бэ” гэсэн юм. Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын хуулийн хэлтсийн дарга А.Даваажаргал, хуулийн хэлтсийн мэргэжилтэн Ц.Ижилмөрөн нарын энэ үйлдэл нь Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 6-д “өргөдөл, гомдолд үндэслэл бүхий хариу өгөх” гэсэн заалтын зөрчсөн гэж иргэн миний бие үзсэн учраас хариуцагчид Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын хуулийн хэлтсийн дарга А.Даваажаргал, хуулийн хэлтсийн мэргэжилтэн Ц.Ижилмөрөн нарт арга хэмжээ авах, иргэн миний гаргасан 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн гомдолд үндэслэл бүхий хариу авах зэрэг асуудлыг минь шийдвэрлэн хариуг бичгээр мэдэгдэнэ үү” гэсэн утга бүхий гомдлыг гаргасан. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулиар баталгаатай эдлэхээр олгогдсон эрх зөрчигдсөн байхад анхан шатны шүүх эрх зөрчигдөөгүй байна гэж үзсэн нь хууль ёсны үндэслэл бүхий шийдвэр болж чадаагүй юм. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 128/ШШ2019/0104 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж өгнө үү” гэв.

ХЯНАВАЛ:

Шүүх бүрэлдэхүүн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т заасны дагуу нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад зохих өөрчлөлтийг оруулж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Б.Б нь 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргад өргөдөл гаргасан байх бөгөөд хариуцагч уг өргөдлийг тус газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга А.Даваажаргалд шилжүүлжээ.

Улмаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга А.Даваажаргал тухайн өргөдлийг 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр тус хэлтсийн мэргэжилтэн Ц.Ижилмөрөнд шилжүүлсэн[1] байх бөгөөд мөн оны 09 дүгээр сарын 03-ны өдөр 07/3476 дугаар албан бичгээр[2] “...дээр дурдсан жагсаал, цуглаан нь Жагсаал цуглаан хийх журмын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан шаардлага хангахгүй байгаа тул уг хүсэлтийг хүлээн авах боломжгүй байна...” гэх хариуг нэхэмжлэгчид өгсөн байна.

Б.Б-ээс Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргад холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн үндэслэлээ “..иргэнээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг тухайн байгууллага, албан тушаалтан хүлээн аваад “өргөдөл, гомдолд дурдсан асуудал бүрийг эрх хэмжээнийхээ хүрээнд хянан үзэж, үндэслэлтэй шийдвэрлэх” үүрэгтэй атал тус газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга А.Даваажаргал, мэргэжилтэн Ц.Ижилмөрөн нар өргөдөлд огт хамааралгүй асуудлаар хариу өгсөн, ийнхүү хариу өгөхдөө гомдлыг хүлээн аваагүй байхдаа Ц.Ижилмөрөн нь хариуг өгсөн байхад хариуцагч Захиргааны ерөнхий хуулийн 105 дугаар зүйлийн 105.2-т заасан арга хэмжээг авахгүй эс үйлдэхүй, татгалзсан шийдвэр гаргасан” гэж тайлбарлан маргажээ.

Захиргааны ерөнхий хуулийн 107 дугаар зүйлийн 107.1-д зааснаар эрх зүйн зөрчил гаргасан албан тушаалтанд энэ хуулийн 105 дугаар зүйлийн 105.2-т заасан шийтгэл оногдуулаагүй, эсхүл тохирсон шийтгэлийг ногдуулаагүй тохиолдолд эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн этгээд захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж болохоор зохицуулсан.

Нэхэмжлэгч Б.Б нь дээрх албан тушаалтнуудад хариуцлага тооцуулахаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргад холбогдуулан нэхэмжлэл гаргасан ч уг хуулийн 105 дугаар зүйлийн 105.1-д “Захиргааны байгууллагын захиргааны шийдвэр гаргах ажиллагаа болон захиргааны акт энэ хуулийн дагуу эрх зүйн зөрчилтэйд тооцогдож эрх зүйн үр дагаваргүй болсон бол тухайн гэм буруутай албан тушаалтны санаатай болон санамсаргүй үйлдсэн зөрчилд нь тохирох шийтгэлийг оногдуулна.”, 105.2-т “Тухайн албан тушаалтныг томилсон болон дээд шатны байгууллагын албан тушаалтан энэ хуулийн 105.1-д заасан зөрчил гаргасан, эсхүл захиргааны шийдвэрийг сайн дураараа эс биелүүлсэн албан тушаалтанд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол дараах шийтгэлийн аль нэгийг оногдуулна:” гэж тус тус заажээ.

Дээрх хуулийн зохицуулалтаар албан тушаалтны санаатай болон санамсаргүй үйлдсэн захиргааны шийдвэр гаргах ажиллагаа болон захиргааны акт нь Захиргааны ерөнхий хуулийн дагуу эрх зүйн зөрчилтэйд тооцогдож эрх зүйн үр дагаваргүй болсон тохиолдолд, эсхүл захиргааны шийдвэрийг сайн дураараа эс биелүүлсэн албан тушаалтанд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол тухайн албан тушаалтныг томилсон болон дээд шатны байгууллагын албан тушаалтан хууль биелүүлж ажиллахыг хаалттай болон нээлттэй сануулах, албан тушаалтын цалингийн хэмжээг зургаан сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах, ажлаас халах, нийтийн албанд нэгээс арав хүртэл жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах шийтгэлийн аль нэгийг оногдуулахаар байна.

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга А.Даваажаргал, мэргэжилтэн Ц.Ижилмөрөн нарын Б.Б-ийн тус газрын даргад гаргасан өргөдөлд хариу өгсөн 2018 оны 07/3476 дугаар албан бичгийг буюу үйлдлийг эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас эрх зүйн зөрчилтэйд тооцож эрх зүйн үр дагаваргүй болгоогүй байх тул шүүхээс хариуцагчийг дээрх албан тушаалтнуудад холбогдох арга хэмжээг авсангүй гэж буруутган нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй юм.

Мөн нэхэмжлэгч давж заалдах шатны шүүх хуралдаанд “...хариуцагч А.Даваажаргалын хувьд эс үйлдэхүй, Ц.Ижилмөрөнгийн хувьд татгалзсан шийдвэрийг гаргасан бөгөөд ийнхүү эс үйлдэхүй, татгалзсан шийдвэр нь хууль бус учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй” гэх гомдлыг гаргасан бөгөөд хариуцагч Б.Б-ийн 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр гаргасан[3] гомдолд мөн оны 09 дүгээр сарын 27-ны өдөр 03/3769 дүгээр албан бичгээр хариу өгсөн төдийгүй уг татгалзсан шийдвэр, эс үйлдэхүй нь холбогдох хууль тогтоомжид нийцсэн байх тул тухайн гомдлыг хүлээн авахааргүй байна.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж, хэргийг хянан шийдвэрлэсэн боловч шийдвэрийн тогтоох хэсэгт холбогдох хуулийн зүйл, заалтыг орхигдуулсан тул зохих өөрчлөлтийг оруулж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 128/ШШ2019/0104 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Захиргааны ерөнхий хуулийн 105 дугаар зүйлийн 105.2” гэсний ард “107 дугаар зүйлийн 107.1” гэснийг нэмж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээн, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

ШҮҮГЧ                                                           Э.ЛХАГВАСҮРЭН

ШҮҮГЧ                                                           Э.ХАЛИУНБАЯР

ШҮҮГЧ                                                           Ц.САЙХАНТУЯА

 


[1] Хавтаст хэрэг 36 хуудас

[2] Хавтаст хэрэг 47 хуудас

[3] Хавтаст хэрэг 13 хуудас