Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 1365

 

 

А.Өнөржаргалын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Мөнхзул, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,   

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 102/ШШ2016/04136 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч А.Өнөржаргалын нэхэмжлэлтэй

Хариуцагч Н.Ариунтунгалаг, Э.Золбоо нарт холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 20 610 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Нэхэмжлэгч А.Өнөржаргалын гомдлыг үндэслэн, шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Даваахүү

Хариуцагч Н.Ариунтунгалагийн өмгөөлөгч Г.Баатарсүрэн,

Хариуцагч Э.Золбоо

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ган-Өнөр нар оролцов.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Даваахүү шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2013 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Э.Золбоод 13 740 000 төгрөг зээлүүлсэн. 10 000 000 төгрөгийг дансаар шилжүүлсэн, 3 740 000 төгрөгийг бэлнээр өгсөн. Э.Золбоо нь зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй. 2013 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр гэрээг 2015 оны 09 дүгээр сард нөхөж буюу шинээр гэрээ хийсэн. Э.Золбоотой 2015 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр уулзаж гэрээний үүргээ биелүүл гэж шаардахад бичгээр гэрээгээ шинээр хийе, гээд тухайн гэрээнд алданги тооцно, хүү тооцохгүй гэж тохиролцсон.  Мөн энэ асуудал шүүхээр шийдэгдсэн тохиолдолд бусад зардлыг төлүүүлэхээр хэлэлцсэн. Анх бичгээр гэрээ хийгээгүй байсан, зээлийн гэрээнд 0.5 хувийн алданги тооцно, мөн баталгааны гэрээ хйисэн, Э.Золбоо өөрөө хүлээн зөвшөөрч Н.Ариунтунгалаг нь баталгаа гаргах этгээдээр Э.Золбоогийн өмнөөс түүний үүүргийг гүйцэтгэхээр тохиролцсон. Үндсэн зээл 23 740 000 төгрөг, алданги 2015 оны 10 дугаар сар хүртэлх зээлийн гэрээний үндсэн үүргээ бодож алданги тооцоохоор заасан. Нийт 22 610 000 төгрөг болсон тул Э.Золбоо, Н.Ариунтунгалаг нараас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Н.Ариунтунгалагийн өмгөөлөгч Г.Баатарсүрэн шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Талууд 2013 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр аман гэрээ байгуулж, 2013 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн зээлийн гэрээг бичгээр нөхөж хийж байгаа нь хуулийн шаардлага хангахгүй гэж үзэж байна. Мөн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, зээлийн гэрээн дээрх 3 740 000 төгрөгийн дүн Э.Золбоогын хувьд ийм хэмжээний мөнгө аваагүй байдаг, дүн сондгой байгаа байдлаар харагдаж байна. 2013 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр бэлнээр авсан гэдэг нь нотлогдохгүй байна, мөн хүү тооцоогүй, тооцсон хүүгээ бичүүлж авсан нь хуулийн үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Э.Золбоо шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2013 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр нэхэмжлэгч А.Өнөржаргалааас 10 000 000 төгрөгийг дансаар шилжүүлж авсан, 3 740 000 төгрөгийг аваагүй шахаж дарамталж байгаад бичүүлсэн. Иймд хүү алдангийг хүлэээн зөвшөөрөхгүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4, 232 дугаар зүйлийн 232.6, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт зааснаар Э.Золбоогоос 10 000 000 төгрөг гаргуулан А.Өнөржаргалд олгож, нэхэмжлэлээс 12 610 000 төгрөг болон хариуцагч Н.Ариунтунгалагт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Э.Золбоогоос 174 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 133 300 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч А.Өнөржаргал давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 12 610 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэхдээ 2013 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр аман хэлбэрээр байгуулсан зээлийн гэрээг 2015 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр бичгийн хэлбэрт оруулж, нотариатаар гэрчлүүлснийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасан хүчин төгөлдөр бус хэлцэл гэж дүгнэсэн ба харин аман хэлбэрээр байгуулж дансаар шилжүүлж зээлүүлсэн зээлийн гэрээний хүчин төгөлдөр гэж үзсэн байдаг. Гэхдээ уг асуудлыг шийдвэрийн тогтоох хэсэгт хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцсон тухайгаа зааж өгөөгүй, түүнчлэн хариуцагч талаас тухайн хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй. Өөрөөр хэлбэл талуудын хооронд байгуулсан А.Өнөржаргал, Э.Золбоо нарын хооронд бичгээр байгуулж, нотариатаар гэрчлүүлсэн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцоогүй байхад үндэслэлгүйгээр 12 610 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Мөн анхан шатны шүүх 12 610 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо зөвхөн хариуцагч талаас шүүх хуралдаанд амаар гаргасан тайлбарыг үндэслэсэн ба хариуцагч талаас өөрийн гаргаж байгаа тайлбарыг дэмжсэн ямар ч нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй юм. Харин эсрэгээрээ нэхэмжлэгчийг зээлүүлсэн 13 740 000 төгрөгийн 3 740 000 төгрөгийг бэлнээр өгсөн гэдгээ нотлож чадаагүй гэж шийдвэрт дурдсан байгааг бид хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд талуудын хооронд бичгээр байгуулсан зээлийн гэрээний 7 дахь хэсэгт хариуцагч Э.Золбоо нь 3 740 000 төгрөгийг бэлнээр хүлээн авсан гэдгээ өөрөө шууд хүлээн зөвшөөрч өөрийн гараар бичиж гарын үсгээ зурсан. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт "хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшеөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл"-ийг хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж заасан байх бөгөөд Иргэний хуульд зээлийн гэрээг аман болон бичгийн хэлбэрээр хийх хэлбэрийг алийг нь ч зөвшөөрсөн байдаг ба зээлийн гэрээг эхлээд аман хэлбэрээр хийсэн байсныгаа дараа нь бичгийн хэлбэрт оруулан хийхийг хуулиар хориглоогүй. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасныг Улсын дээд шүүхээс 2010 оны Дугаар 17 Тогтоолоор иргэний хуулийн 5, 6, 7 дугаар бүлгийн зарим зүйл заалтыг тайлбарласан ба уг тогтоолын 5.1-т "хууль зөрчсөн" гэж хуулийн хориглох хэм хэмжээг зөрчсөн, эсхүл хуулийн шаардлагыг хангаагүй хэлцэлд хамаарах ба энэ зөрчил нь хэлцлийн эрх зүйн үндэслэлтэй байх зарчимд нийцэхгүй байхыг хэлнэ” гэж заасан байдаг. Өөрөөр хэлбэл эрх зүйн А.Өнөржаргал, Э.Золбоо нарын хоорондын зээлийн гэрээг 2015 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр бичгийн хэлбэрт оруулж уг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс үүсэх үр дагавар, хариуцлагын асуудлыг нэмж тусгаж өгөхийг хуулиар хориглоогүй юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.                                                      

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч А.Өнөржаргал нь хариуцагч Н.Ариунтунгалаг, Э.Золбоо нараас зээл, алдангид нийт 20 610 000 төгрөг, гэрээний үүрэг зөрчсөнөөс учирсан хохиролд 2 000 000 төгрөг,  бүгд 22 610 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч “…10 000 000 төгрөгийг дансаар шилжүүлсэнийг авсан, 10 000 000 төгрөгийг төлнө, харин 3 740 000 төгрөгийг бэлнээр тоолж хүлээн авав гэх бичвэр, алданги тооцох талаар тохиролцоогүй, нэхэмжлэгч хүч хэрэглэж гарын үсэг зуруулсан, уг мөнгийг бодитой шилжүүлэн аваагүй тул төлөхгүй гэж, хариуцагч Н.Ариунтунгалаг нь “…батлан даалтын гэрээ нь хууль зөрчиж, нөхөж хийсэн, хүчин төгөлдөр бус хэлцэл” гэж тус тус маргажээ.

Хэргийн 3-5 дугаар хуудсанд гаргасан зээлийн гэрээтэй холбоотой бичгийн баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан хэлбэрийн шаардлагад нийцсэн байна. Уг баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч А.Өнөржаргал нь хариуцагч Э.Золбоод 2013 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр зээлийн гэрээгээр 10 000 000 төгрөгийг дансаар, 3 740 000 төгрөгийг бэлнээр тоолж хүлээлгэн өгсөн. Зээлийн гэрээ 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэл хугацаатай байх бөгөөд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцохоор бичгээр тохиролцож талууд гарын үсгээ зуржээ.

Мөн зээлийн гэрээг дагалдуулж Баталгааны нэртэй гэрээг Н.Ариунтунгалагтай А.Өнөржаргал байгуулсан. Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.2 дахь хэсэгт зааснаар гэрээний агуулгыг хооронд нь харьцуулан тайлбарлахад, хэрэв үүрэг гүйцэтгэгч Э.Золбоо хүлээсэн үүргээ гүйцэтгэж чадаагүй нөхцөлд түүний хариуцвал зохих 13 740 000 төгрөгийн зээлийн өрийг алдангийн хамт А.Өнөржаргал бүхэлд нь хариуцахаар талууд тохиролцсон нь Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1 дэх хэсэгт заасан Батлан даалтын гэрээний агуулгад нийцэж байна.

Талуудын тайлбараас үзэхэд алданги, батлан даалтын гэрээг сүүлд нөхөж байгуулсан гэх бөгөөд үүрэг гүйцэтгэгч үүргээ зохих ёсоор биелүүлэхгүй байгаа нөхцөлд гэрээний хариуцлага, үүргийн гүйцэтгэлийг хангах аргын талаар нөхөж тохиролцох нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасан гэрээний чөлөөт байдлын зарчимд харшлахгүй юм. Зохигчид батлан даалт, алдангийн талаар бичгээр гэрээ байгуулж тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 459 дүгээр зүйлийн 459.1 дэх хэсэгт нийцжээ.

Хэргийн 5 дугаар хуудсанд 10 000 000 төгрөгийг А.Өнөржаргалаас Э.Золбоод шилжүүлсэн баримт эх хувиар авагдсан, зээлийн гэрээнд 3 740 000 төгрөгийг бэлнээр тоолж хүлээн авсан гэдгээ хариуцагч Э.Золбоо зөвшөөрч гарын үсгээ зурсан байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсан гэж үзнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар “…хүч хэрэглэсэн буюу хүч хэрэглэхээр заналхийлэн хэлцэлд гарын үсэг зуруулсан” гэх байдлыг хариуцагч өөрөө нотлох үүрэгтэй бөгөөд энэ талаар тайлбараас өөр баримтгүй байна.

Гэрээний дагуу хүлээх хариуцлагын талаар сүүлд нэмж тохиролцсон, хэлцэл хийсэн нь хууль зөрчөөгүй, зээлийн гэрээ бодитой байгуулагдсан байхад анхан шатны шүүхээс буруу дүгнэлт хийжээ.

Талууд хэлцлийн үр дагаврыг ойлгож гарын үсэг зурсан, зээл, алданги, батлан даалтын талаарх тохиролцоо хуульд нийцсэн тул зээл 13 740 000 төгрөгийг алданги 6 870 000 төгрөгийн хамт нийт 20 610 000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулах нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.4, 460 дугаар зүйлийн 460.2 дахь хэсэгт тус тус нийцнэ. Учир нь хариуцагч Э.Золбоо зээлийн гэрээний үүргээ биелүүлсэн гэдгээ нотлож чадаагүй болно.

Харин өмгөөллийн зардал гэх 2 000 000 төгрөг нь үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөнтэй шууд шалтгаант холбоотойгоор учирсан үр дагавар, хохирол гэж дүгнэх үндэслэлгүй тул уг шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсгийн зохицуулалтыг зөрчихгүй, хуульд нийцжээ.

Анхан шатны шүүх хэдийд зээлийн гэрээг байгуулагдсанд тооцох тухай, алданги гэж юуг ойлгох тухай Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасан хуулийн тодорхойлолтууд, мөн гэрээг цуцаласнаас учирсан хохирлыг гаргуулах тухай зохицуулалт болох Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасан заалтыг шийдвэрийн тогтоох хэсэгт баримталсан нь хууль хэрэглээий хувьд оновчгүй болсон. Учир нь талууд гэрээг цуцлаагүй бөгөөд гэрээ хэрэгжиж дуусаад, гэрээний хугацаа өнгөрч, хариуцагч нар хугацаа хэтрүүлэн үүргээ зохих ёсоор биелүүлэхгүй байсан тул гэрээний үүргийн биелэлт, мөн гэрээний үүрэг зөрчсөнөөс учирсан хохирлыг Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч шаардсан болно.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн нэг дэх заалтад нэхэмжлэлийн хангагдах үнийн дүнд болон хууль хэрэглээний хувьд өөрчлөлт оруулахаас гадна улсын тэмдэгтийн хураамжийг талуудад хувиарлан хариуцуулсан хэсэгт өөрчлөлт оруулах шаардлагатай.

Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн давж заалдсан гомдлыг хэсэгчлэн хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ Нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 102/ШШ2016/04136 дугаар шийдвэрийн 1 дэх заалтын “…227.1” гэсний дараа “219 дүгээр зүйлийн 219.1” гэж нэж, “…10 000 000 төгрөг…” гэснийг “…20 610 000 төгрөг…” гэж, “…12 610 000 төгрөг…” гэснийг “…2 000 000 төгрөг…” гэж,

2 дахь заалтын “…174 950 төгрөг…” гэснийг “…261 000 төгрөг…”  гэж тус тус өөрчилж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.          

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч А.Өнөржаргалын төлсөн 216 710 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                                     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                   ШҮҮГЧИД                             А.МӨНХЗУЛ

                                                                                                Ш.ОЮУНХАНД