Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 315

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Соёлмаа даргалж, тус шүүхийн шүүх хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар: 

Нэхэмжлэгч: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо Жаргалант 25 гудамж 1 тоотод оршин суух, 26 настай, эмэгтэй, одоо эрхэлсэн тодорхой ажилгүй Боржигон овогт Ганбатын Болорчимэгийн /АЭ-89080848/  нэхэмжлэлтэй 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Нйислэлийн Баянгол дүүргийн 6 дугаар хороо 10 дугаар хороолол Энхтайваны өргөн чөлөө 87/3 байр 37 тоотод оршин суух, 37 настай, эмэгтэй, одоо “Арвин хур” ХХК-нд ерөнхий нягтлан бодогч ажилтай Жанцан овогт Батмөнхийн Нарангарав /ГИ-79042805/ /”Арвин хур” ХХК-нд/  холбогдох         

“Ажилд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалин 3825.000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Болорчимэг,  хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Нарангарав, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Урангоо нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Г.Болорчимэг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

 2014 оны 02 дугаар сарын 27-нд анх “Арвин хур” ХХК-нд ажилд орсон. Ажилд орохдоо хүний нөөцийн менежер гэсэн албан тушаал дээр ажиллахаар гэрээ байгуулсан. Тэгээд 2014 оны 03 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд “Арвин хур” ХХК-ийн бригад дээр ирж ажилласан. Бригад дээр ажиллах хугацаанд үндсэн үүрэгт ажлыг хийлгэх боломж гаргаагүй. Хаврын тариалалт, намрын тариа хураалт гээд цаг наргүй ерөнхий зохион байгуулагч маягийн ажил хийсэн. Үндсэн үүрэгт ажлаас өөр бусад бүх ажлыг хийж байсан. Гэхдээ би ажлынхаа талаар ямар нэг гомдол гаргаж байгаагүй. Тэгээд 2 жил болсон.  2015 оны 11 сараас эхлэн манай байгууллага сул зогсолт хийсэн. Тэгээд намайг 14 хоног амарч бай гэж хэлсэн. Тэгээд амарсны дараа манай дарга над руу 2016 оны 02 сарын 29-нд залгаад “Сентаза фүүд Корт” гэдэг компанид менежер Содчимэг гэдэг хүнд тусалж ажилла” гэж хэлсэн.

 Тэгэхэд би бригад дээр байсан. Захирал намайг “ажлаа хүнд хүлээлгэж өгөөд хувцас хунараа аваад Улаанбаатар хотод ирээрэй” гэж хэлсэн. Тэгээд би 2016 оны 03 дугаар сарын 09-нд ирэхэд хариуцаж байгаа хүн нь байхгүй байсан. Тэгээд утсаар ярихад “гүйцэтгэх захиралтай” уулз гэсэн. Гэтэл тэнд байгаа хүмүүс нь хоолны түгээлт хий гэж хэлсэн. Миний хувьд тэр бол байж боломгүй асуудал. Тэгээд би захиралаас “яагаад ийм ажил хий” гэж хэлж байгааг асуух гэсэн боловч удаа дараа хүлээлгэж байсан. Би Содчимэг гэдэг хүнтэй утсаар ярьж “Арвин хур” ХХК-тай асуудлаа зохицуулж тушаалаа гаргаж байж танай байгууллагад ажилд орно гэж тохиролцсон. 2016 оны 03 дугаар сарын 24-нд Ц.Пүрэвдорж захирал над руу утсаар залгаж “чи түр хүлээж байсан дээр байх. Би ерөнхий захиралтай яриад хариу хэлье” гэж хэлсэн. 

Тэгээд надад захирал “чамд компаниас 1 сарын цалин, нийгмийн даатгалын шимтгэлийг төлж, байгууллагад байгаа өрийг дараад, ажилгүйдлийн тэтгэмж авахад чинь туслаад тушаалыг чинь аятайхан гаргаж өгье” гэж хэлсэн. Би гэрийнхэнтэйгээ ярилцаад “2016 оны 04 дүгээр сарын 10-нд тушаалаа аваад дээрээс нь 1 сарын цалингаа авна” гэж тохирсон. Тэгээд 2016 оны 04 дүгээр сарын 11-нд очиж уулзсан чинь өөр зүйл яриад байсан учраас ингэж тохиролцохгүй гэж хэлсэн. 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр очиход надад мэдэгдэл өгсөн. Тэгээд би тушаал гарсан юм уу? гэж асуухад гарсан гэж хэлсэн. Тэгээд тушаалын чинь он сар нь бичигдээгүй байгаа гэж хэлсэн. Тэгээд би Ц.Пүрэвдорж захиралтай утсаар ярихад анх ярьсан зүйлээсээ өөр зүйл ярьсан. Одоо хүртэл ажлаас гарсан тушаал гаргаж өгөөгүй учраас би өөр ажилд орж чадахгүй байгаа. 

Миний хувьд маш их гомдолтой, хохиролтой байна. Газар тариалангийн ажил ямар хэцүү билээ. Тийм хэцүү ажлыг би хэцүү гэхгүй хийсэн. Ерөнхий захирал хүртэл надад “чамайг гадаадад амраана” гэж хэлж байсан. Намайг хоол зөөдөг ажил хийлгэнэ гэж хэлсэн. Би тэгж хоол зөөж гүйхгүй. Сул зогсолтын хугацааны цалин 2340.000 төгрөг, ажилгүй байсан 2 сарын цалин 1.300.000 төгрөг, эрсдлийн санд буй 3 сарын цалингийн 10 хувь 185.000 төгрөг  нийт 3.8500.000 төгрөг гаргуулмаар байна. Мөн нийгмийн даатгалын санд төлсөн шимтгэлийг үндсэн цалингаас бодож бичилт хийлгүүлэхээр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна. Ажлаас чөлөөлсөн тушаал гаргаагүй учраас байрны, сейфны түлхүүрүүдийг нь өгөөгүй надад байгаа гэх.        

         Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Нарангарав шүүхэд гаргасан тайлбартаа:

Г.Болорчимэгийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг сонслоо. Энд хувийн чанартай зүйл их ярьж байна. Нэхэмжлэлийн шаардлагатай холбоотойгоор хариу тайлбар өгье. Г.Болорчимэг нь “Арвин хур” ХХК-нд 2014 оны 02 дугаар сарын 27-ны өдөр “Хөдөлмөрийн гэрээ“ байгуулан хүний нөөцийн менежерийн албан тушаалд томилогдсон байсан. Г.Болорчимэг ажиллаж байх хугацаандаа өөрт оногдсон ажлаа хийх чадваргүй ардаас нь заавал үзэж байж дахин хийлгэдэг. Энэ талаар өөрт нь сануулж хэлж ярьж байдаг боловч байнга чирэгдэл учруулж ажлаа зохих ёсоор хийдэггүй. Энэ хүнийг бодоод зөрчилд нь арга хэмжээ авахгүй байсаар өнөөдрийг хүрсэн. Ер нь залуу хүн ажилдаа суралцах байх гэж их л харж үздэг байсан. Манай компани нь 2015 оны 11 дүгээр сараас 2016 оны 04 дүгээр сар хүртэл компаний хэмжээнд сул зогсолт зарлаагүй бөгөөд энэ талаар удирдлагын тушаал шийдвэр ч гараагүй юм. Манай компани нь газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг учраас улиралын шинжтэй ажил үүргийг гүйцэтгэдэг юм. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3-т зааснаар “улиралын шинжтэй ажил үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлдэг аж ахуй нэгж байгууллагын үндсэн ажилтаны ажиллаагүй хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл хураамжийг цалин хөлсний доод хэмжээгээр ажил олгогч төлнө” гэж заасны дагуу Г.Болорчимэгийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг компаниас төлж байгаа. 

Миний мэдэхийн энэ хүн гэр бүлтэй болж хотод ажиллах санал гаргасны дагуу “Арвин хур” ХХК-ний гүйцэтгэх захирал Ц.Пүрэвдорж 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдөр утсаар холбогдон “Сентоза фүүд Корт” ХХК-ний нягтлан бодогчийн ажилд туслах зорилгоор ажилла гэж тохиролцсон юм шиг байгаа юм. Ингээд тус ажилд хоёр хоног ажиллачихаад ажлаа таслаад явсан. Энэ компани нь олон улсын хоол хийдэг газар бөгөөд бүгд түрээслэн ажилладаг юм. Энд ажиллаж болох эсэх талаараа хариу өгнө гэсэн боловч ямар ч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажилдаа ирээгүй учраас өнөөдрийг хүртэл ажлаас нь халсан тушаал гаргаагүй байгаа. Тэр ч битгий хэл энэ хүн хүний нөөцийн менежерийн ажлаа хүлээлгэж өгөөгүй өөрт нь сейфны, өрөөнийх нь, Зүүнбүрэн суманд  амьдарч байсан байрны түлхүүр нь байгаа, манай компаниас ажил өгсөн боловч хийгээгүй орхиод явсан. Зүүнбүрэн суманд үйл ажиллагаа явуулдаг учраас өнөөдрийг хүртэл тамга тэмдэг нь Г.Болорчимэг цоожлоод явсан учраас компанийн үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй болсон байгаа. Энэ хүн ажилдаа орохгүй яваад байгаа юм. 2015 онд ган болж ургац алдсан учраас ихэнх ажилчид ажилгүй болсон. Хөдөлмөрийн хуулинд зааснаар ажилчдын ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын төлбөрийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр бодон компаниас төлж байгаа. Ажилдаа ажиллаагүй байж ажилгүй байсан хугацааны цалин нэхэмжилж байгааг ойлгохгүй байна. Харин эрсдэлийн санд байршуулсан цалингийн 10 хувь буюу 185.000 төгрөгийг авч гарын үсэг зурсан талаар баримтыг нотлох баримт болгон гаргаж өгсөн. Энэ нэхэмжилсэн 185.000 төгрөгийг өөрөө авсан байгаа. Г.Болорчимэгийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж байна. гэх.  

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Г.Болорчимэг нь “Арвин хур” ХХК-нд холбогдуулан “Ажилд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалин 3640.000 төгрөг, эрсдэлийн санд буй 3 сарын цалингийн 10% болох 185.000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэх үндэслэлгүй байна. 

Зохигчдын хооронд 2014 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 109/1 дугаартай “Хөдөлмөрийн гэрээ” байгуулан хүний нөөцийн хэлтэст хүний нөөцийн менежерээр 3 сарын хугацаатай туршилтын журмаар ажилд орж 2014 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн 109/2 дугаартай 1 жилийн байнгын орон тоонд ажиллуулахаар “Хөдөлмөрйин гэрээ” байгуулсан болох нь хэрэгт авагдсан “Хөдөлмөрийн гэрээ”-гээр нотлогдож байгаа бөгөөд харин Г.Болорчимэгийг ажилд авсан “Арвин хур” ХХК-ний захиралын тушаал гаргасан эсэх нь тодорхойгүй энэ талаар зохигчдын аль аль нь нотолсон баримтаа шүүхэд ирүүлээгүй болно.  

Г.Болорчимэгт “Арвин хур” ХХК-иас 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 2/16 тоот “...2016 онд зарим орон тоо, бүтэц зохион байгуулалтад өөрчлөлт хийж...Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-ийг үндэслэн Г.Болорчимэг таньтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2015 оны 03 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгохыг энэхүү хуудсаар мэдэгдэж байна...”гэсэн мэдэгдлийг нэхэмжлэгч 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч гарын үсгээ зурсан байна. Гэтэл хариуцагч талаас энэ мэдэгдлийн дагуу Г.Болорчимэгийг ажлаас чөлөөлсөн тухай тушаал гаргаагүй, мөн нэхэмжлэгч нь мэдэгдэл авснаас хойшхи хугацаанд “Арвин хур” ХХК-нд ажлаа хууль ёсны дагуу хүлээлгэж өгөөгүй болохоо шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд гаргасан “...Ажлын өрөөний болон сейфний, амьдарч байсан өрөөний түлхүүрээ тушаал гарахаар өгье гэж бодоод өгөөгүй байгаа...” гэх, мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ”...Г.Болорчимэг нь өнөөдрийг хүртэл ажлаа хүлээлгэж өгөөгүй, тамга тэмдгээ сейфэндээ хийгээд цоожилчихсон үүнээс болоод манай ажил алдагдаж байгаа...манай компаниас ажил өгсөн боловч хийгээгүй орхиод явсан...тийм учраас өнөөдрийг хүртэл тушаал гаргаагүй...” гэх зохигчдын тайлбар мэдүүлгүүдээр нэхэмжлэгч нь ажлаа хүлээлгэн өгөөгүй, “Сентоза фүүд Корт” ХХК-нд ажил өгсөн боловч ажиллаагүй болох нь зохигчдын тайлбар мэдүүлгүүдээр нотлогдож байгаа бөгөөд харин орон тооны цомхотголыг ямар ямар орон тоон дээр хийсэн талаараа хариуцагч нь нотолж чадаагүй байна. 

Г.Болорчимэг нь Ажилгүй байсан хугацааны цалин хөлс 3640.000 төгрөг, эрсдэлийн санд буй 3 сарын цалингийн 10 хувь болох 185.000 төгрөг, нийт 3825.000 төгрөг, шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийн үндсэн цалингийн хувиар бичилт хийлгүүлэхээр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байна. Гэтэл Г.Болорчимэг  сард хэдэн төгрөгний цалин авч байсан талаар аль аль тал нь нотлох баримт гаргаж өгөөгүй, шүүх хуралдааны шатанд хариуцагч талаас гаргасан Г.Болорчимэг нь эрсдэлийн санд буй 3 сарын цалингийн 10 хувь болох 185.000 төгрөгөө авч гарын үсгээ зурсан болох нь “Эрсдэлийн сангийн суутгал” /2014.12.31-ний өдөр/ хийсэн баримтаар нотлогдож байгааг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрсөн болно.        

Иймд нэхэмжлэгч Г.Болорчимэгтэй “Арвин хур” ХХК нь 2014 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 109/1 дугаартай “Хөдөлмөрийн гэрээ” байгуулан хүний нөөцийн хэлтэст хүний нөөцийн менежерээр 3 сарын хугацаатай туршилтын журмаар ажилд орж 2014 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн 109/2 дугаартай 1 жилийн байнгын орон тоонд ажиллуулахаар “Хөдөлмөрийн гэрээ” байгуулсан  хэдий ч ажилд орсон тушаал гаргасан эсэх нь тодорхойгүй, цалингийн тодорхойлолт гаргаж ирүүлээгүй нэхэмжлэгчид “Сентоза фүүд Корт” ХХК-нд ажил өгсөн гэх боловч ажилд томилогдсон тушаал гаргасан, ажилласан эсэх, 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 2/16 тоот 2015 оны 03 дугаар сарын 31-ний өдөр тасалбар болгон ажлаас халах талаар “Мэдэгдэл” гаргасан хэдий ч ямар учраас ажлаас чөлөөлсөн тушаал гаргаагүй, ажил хүлээлцсэн эсэх, нэхэмжлэгч нь хөдөлмөрийн гэрээг цуцлах талаар хүсэлт гаргасан эсэх нь тодорхойгүй байгаа нь ажилтныг ажилд авах, ажлаас халах тохиолдол бүрт шийдвэр гаргах ба шийдвэр нь эрх зүйн үр дагавар үүсгэдэг тул шийдвэрийг бичгээр гаргаагүй, нэхэмжлэгч нь хөдөлмөрйин гэрээг цуцлах талаар хүсэлт гаргасан эсэх нь тодорхойгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв. 

Хариуцагч талаас шүүх хуралдаанд нотлох баримт болгон гаргасан “Арвин хур” ХХК-ний Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбарыг нотариатаар гэрчлүүлээгүй байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан “Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө...” гэсэн заалтыг зөрчсөн байх тул нотлох баримтын хүрээнд ач холбогдол бүхий нотлох баримт гэж үзэх боломжгүй үзлээ.    

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч 3825.000 төгрөгөнд тохирох улсын тэмдэгтийн хураамж 69.550 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод оруулах нь зүйтэй.

            

    

              Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага  болгон  ТОГТООХ нь :

 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.1, 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д тус тус зааснаар Г.Болорчимэгийн нэхэмжлэлтэй “Арвин хур” ХХК-нд холбогдох “Ажилд эгүүлэх тогтоох, ажилгүй байсан хугацааны цалин, эрсдэлийн санд буй 3 сарын цалингийн 10 хувь нийт 3825.000 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт цалингийн хувиар бичилт хийлгэх тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.    

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд 69.550 төгрөг гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурьдсугай

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн  119.4-д зааснаар  шүүх  хуралдаанд  оролцсон тал  энэ  хуулийн 119.3-т заасан   хугацаа  өнгөрснөөс  хойш 14  хоногийн  дотор  шүүхэд  хүрэлцэн ирж шийдвэрийг  өөрөө  гардан  авахыг анхааруулсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурьдсугай. 

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид тэдгээрийн өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн   шүүхэд давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.  

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Л.СОЁЛМАА