Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ламжавын Соёлмаа |
Хэргийн индекс | 148/2016/00192/И |
Дугаар | 338 |
Огноо | 2016-06-17 |
Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 06 сарын 17 өдөр
Дугаар 338
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Соёлмаа даргалж тус шүүхийн шүүх хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 2 дугаар баг Цагаан эрэг 3 дугаар хэсэг 179 тоотод оршин суух, эмэгтэй, 59 настай, одоо “Мон-Апи” ХХК-ний захирал Балчинзанги овогт Галъяаравын Энхтуяагийн /МЭ-57042907/ нэхэмжлэлтэй
Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Дэлгэрхаан 1 дүгээр баг дэнжийн 2 дугаар гудамж 6-05 тоотод оршин суух, эрэгтэй, 38 настай, одоо Шаамар сумын Засаг даргын газрын тамгын дарга ажилтай Баянцагаан овогт Мучаагийн Ганболд /МО78111119/ /Шаамар сумын Засаг даргын Тамгын газар/-т холбогдох
“Гэрээнээс үүдсэн гэм хорын хохирол, олох байсан орлого 3.695.092.350 төгрөг гаргуулах тухай” хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Г.Энхтуяа, хариуцагч М.Ганболд, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Шинэбаяр нар оролцов.
Нэхэмжлэгч Г.Энхтуяа шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Манай “Мон-Апи” ХХК нь 2 хүний компани бөгөөд Шаамар сумын Засаг даргын 2004 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 46 тоот захирамжаар тус суманд 146 га үр тарианы газар, 5 га төмс, хүнсний ногоо тариалах газруудыг эзэмших эрхтэйгээр авсан юм. Гэтэл Шаамар сумын Засаг дарга нь хууль зөрчин 2006 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр 62 тоот захирамжаар, 5га газрыг 2008 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 124 тоот захирамжаар татвар төлөгдөөгүй, газар ашиглаагүй гэсэн үндэслэлээр тус тус хураан авсан юм. 2005 онд манай ах Г.Бүрэнжаргал нь эмчилгээ хийлгэхээр Солонгос Улсад явахдаа Засаг дарга болон Засаг даргын тамгын газарт мэдэгдэн Б.Баттөр гэдэг хүнтэй тохиролцон тариа тариулж тэр жил Б.Баттөрийн нэр дээр тариа тарьж хураасан болох нь аймгийн Хөдөө аж ахуйн газрын мэдээлэлд тусгагдсан байдаг. Энэ нь хууль зөрчөөгүй бөгөөд хэдийгээр ах маань тариа тариагүй боловч өөр хүнд ашиглуулж байсан газрыг ашиглаагүй гэж үзэх үндэслэл байхгүй гэж үзсэн. 2006 онд газар хураан авах үед манай компани газраа барьцаалж зээл авах гэсэн боловч сүүлийн 3 жил тариа тарьсан гэх түүх байхгүй гэдэг үндэслэлээр зээл олгогдоогүй. Манай компани урьд нь тариа тарьж байгаагүй учраас бэлтгэл хангах шаардлагатай байсан. Тэгээд манай компанийн захирал олон жил тариа тарьж байсан гэх “Газрын Ундраа” ХХК-тай буудай тариулахаар 5 жилийн хугацаатай ажил гүйцэтгэх гэрээ хийж манай компани захиалагч, нөгөө компани ажил гүйцэтгэхээр гэрээ хийсэн. Мөн үр тариагаа борлуулж гурил үйлдвэрлүүлэхээр 2006 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр “Дархан гурил” ХХК-тай мөн 5 жилийн хугацаатай гэрээ хийсэн. Уг гэрээндээ 75 хувьд нь гурил, 25 хувьд нь хивэг үйлдвэрлүүлж 2 хувь нь хог хаягдал гэж үзсэн. Ингэснээр 2 компанитай хийсэн ажил гүйцэтгэх гэрээ тасалдаж манай компани гэрээнд заасан үүргээ биелүүлж чадаагүй. Хэрвээ манай газрыг хураагаагүй байсан бол хоёр газартай хийсэн гэрээний үүргээ бүрэн биелүүлэх байсан.
Манай компаний захирал байсан миний төрсөн ах Г.Бүрэнжаргал нь энэ хууль зөрчиж газар хураасан талаар 2007 оноос эхлэн тасралтгүй хөөцөлдөж байгаад 2012 оны 10 дугаар сарын 14-нд сэтгэл санааны гутрал өвчнөөр нас барсан нь төрийн албан хаагчдын буруугаас болж нас барсан гэж миний хувьд үздэг. 2012 онд Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ах маань нас барсан учраас хэргийг түдгэлзүүлж би нэг жилийн дараа өв залгамжлан авч хэргийг бүрэн хэмжээгээр шийдвэрлүүлсэн. Одоо манай компани нэг хүнтэй компани юм. Захиргааны хэргийн шүүх хуралдааныг 2014 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 12 дугаартай шүүгчийн “Эвлэрэн хэлэлцсэнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” захирамж гарсан байгаа нь тухайн үеийн Засаг дарга нь хууь бус шийдвэр гарган газрыг хураан авсан болох нь тогтоогдсон гэж үзсэн. Шүүхийн шийдвэр биелэгдэхгүй байсан учраас Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанаас шүүхийн шийдвэрийн дагуу албадан ажиллагаа явуулсаны үндсэнд Шаамар сумын Засаг дарга 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдөр А/156 дугаартай “Газар эзэмшүүлэх тухай“ захирамж гаргасан. Шаамар сумын Засаг дарга газар олгох захирамж гаргахдаа манай үржил шим сайтай газрыг манай компанид эргүүлж өгөөгүй Б.Баттөр гэдэг хүнд үлдээн, харин шинэ атар газрыг өгсөн байгаа. Энэ талаар хэлэхэд Б.Баттөр гэдэг хүн уг газрыг эзэмшиж байгаа учраас буцаан авах боломжгүй гэж үзсэн нь манай компаний эрх ашиг хөндөгдсөн гэж үзэж болох юм.
Ногооны газар гэх 5 га газрыг хүмүүст хуваан өгсөн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогддог. Энэ газартаа манайх эхний жил төмс тарьж хураан авч байсан. Хэрэв хураагаагүй байсан бол уг газартаа сармис, нарийн ногоо, төмс тарих бүрэн боломжтой байсан гэж үздэг. Уг газартаа 2 худаг гаргасан байсан. Нэг худаг нь ногооны талбай дээр, нөгөө худаг нь зөгийний талбай дээр үлдсэн. Энэ нь манай компанид учирсан бодит хохирол гэж үзнэ. Мөн манай компани 50тн ногоо багтахаар 2 зоорьтой нэг нь зөгий өвөлжүүлдэг, нөгөө нь ногоо хадгалдаг байсан. Энэ талаар манай компаний захирал манай ах Г.Бүрэнжаргал болон миний бие нь 10 гаруй жил хөөцөлдсөний улмаас дахин газар эзэмших эрхээ авсан. Манай компаниас хэрэгт нотлох баримт болгон гаргасан компаний хуучин болон шинэ дүрмүүд байгаа. Шинэ дүрэм боловсруулахдаа газраа аваагүй байсан учраас үйл ажиллагааныхаа чиглэлд тусгагдаагүй одоо газраа авсан учраас үр тариа, төмс хүнсний ногооны талаар дүрмэндээ нэмэлт өөрчлөлт оруулна.
Шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хэрвээ манай компани өнөөдрийг хүртэл газар дээрээ тариа болон ногоо тарьж байсан бол ийм ашиг авах ёстой байсан гэдгээр 2006-2015 он хүртэлх олох байсан ашгаа нэхэмжилж байгаа. Энэ тооцоог гаргахдаа Сэлэнгэ аймгийн Шаамар сумын хэмжээнд хураан авсан ургацаас дундаж ургацаар бодон үнэлгээг гаргасан. Энд нэмж хэлэхэд 2015 онд ган болсон жил манай газрыг авсан Б.Баттөр ганцаараа нэг га-с 7.9 цн ургац хураан авсан байна. Мөн 5 га газарт зөвхөн хамгийн хямд үнэтэй төмсөөр тооцон хохирол нэхэмжилсэн. Мөн бид энэ шинэ атар талбайд 2 худаг гаргахад нийт 9.000.000 төгрөг “Урсгал Ус” ОНӨААТҮГ-аас үнэлгээ гаргуулсны үндсэнд тооцон гаргасан болно. 2006-2015 он хүртэл олох байсан орлогод:
-Гурил 3.054.375.000 төгрөг үүнийг тооцохдоо “Дархан гурил “ХХК-тай жилдээ 3 эргэлт хийх буюу 450 тн улаан буудайгаар 75 хувиар нь гурил хийлгэхээр гэрээтэй байсан тул 3 эргэлтээр тооцож нэг эргэлтэнд 1018.125.000х3=3.054.375.000 төгрөг
-Хивэг гэрээ ёсоор улаан буудайн 23 хувиар бодож 3 эргэлтэнд тооцон 70.725.000х3=212.175.000 төгрөг
-Төмс 8 жилээр тооцон нийт 418.622.350 төгрөг болж байгаа юм. Хэрвээ манай компани төмс хүнсний ногоо тариалж байсан бол 50 тн ногооны зоориндоо хадгалж хавар гарган борлуулалт хийвэл илүү орлого олох ёстой байсан гэж үзсэн.
Манай компанид учирсан бодит хохиролд:
-Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахад ажиллагааны зардалд гарсан 50.000 төгрөг
-Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны урамшууллын зардалд 425.000 төгрөг
-Газрын гэрчилгээний үнэ 140.000 төгрөг
-Газрын кадастрын зурагны үнэ 17.500 төгрөг
-Газрын тэмдэгтийн гадасны үнэ 105.000 төгрөг
-Нотариатын зардалд 182.500 төгрөг
-2 ширхэг цахилгаан худаг гаргах зардалд 9.000.000 төгрөг
-Газрын татварт тооцож авсан 248.000 төгрөг нийт 10.168.000 төгрөг олох байсан орлого болон бодит хохиролд нийт 3.695.092.350 төгрөгийг Шаамар сумын Засаг даргын Тамгын газраас нэхэмжилж байна гэх.
Хариуцагч М.Ганболд шүүхэд гаргасан тайлбартаа:
Манай Засаг даргын тамгын газар нь “Мон-Апи” ХХК-ний захирал Г.Энхтуяагийн гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж байна. Учир нь:
Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Засаг даргын тамгын газар нь “Мон-Апи” ХХК-ний нэхэмжлэлд дурдсанаар компанид гэм хор учруулсны төлбөрийг хүлээх ямар ч хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Гэм хорын улмаас үүсэх хохирол нь зөрчлийн улмаас үүсдэг үүргийн харилцааны төрөл бөгөөд сумын Засаг даргын Тамгын газрын зүгээс санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдлээр эрх ашгийг нь хохироосон зүйл байхгүй. Тус сумын Засаг дарга 2004 оны 46 тоот захирамжаар 146 га үр тарианы газрыг “Мон-Апи” ХХК-нд олгосон бөгөөд тухайн компани 2 жилийн хугацаанд ямар ч үйл ажиллагаа тухайлбал уринш, уриншийн бэлтгэл огт хийгдээгүйгээс 2006 онд Монгол Улсын Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д зааснаар эзэмшил газрыг хураах хүсэлт гаргасан иргэний хүсэлтийн дагуу хураан авч тухайн иргэнд олгосон. Мөн хүнсний ногооны зориулалтаар эзэмшиж байсан 5 га газрыг нэр бүхий 11 иргэний хүсэлтээр 2008 оны 124 тоот Засаг даргын захирамжаар хураан авч иргэдэд хуваан эзэмшүүлсэн. Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 18 дугаар захирамжийн дагуу Шаамар сумын Засаг даргын 2015 оны А/156 тоот захирамжаар тус сумын Дэлгэрхааны 1 дүгээр багийн нутаг дэвсгэр Хуурай Шаамарт байрлах 146 га газрыг шинэчлэн олгосон. Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Засаг даргын тамгын газар нь “Мон-Апи” ХХК-нд гэм хорын хохирол учруулаагүй, газрыг эргүүлэн олгосон зэргээс үзэхэд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй, хэрэгсэхгүй болгож өгнө үү гэх.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж ҮНДЭСЛЭХ нь:
“Мон-Апи” ХХК-ний нэхэмжлэлтэй Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Засаг даргын тамгын газарт холбогдох “Гэрээнээс үүдсэн гэм хорын хохирол, олох байсан орлого 3.695.092.350 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг ханган шийдвэрлэх үндэслэлтэй байна.
1.Шаамар сумын Засаг даргын 2004 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 46 дугаартай захирамжаар “Мон-Апи” ХХК-нд Хуурай Шаамар гэдэг газарт 146 га үр тарианы, ногоо Шаамарт 5 га ногоо тарих зориулалттай газар олгон уг захирамжийн дагуу үр тарианы зориулалтаар 2004 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн улсын бүртгэлийн 46/00312, 47/0031195, 49/0031194 дугаартай, мөн өдрийн төмс хүнсний ногоо тариалах зориулалттай улсын бүртгэлийн 50/0031195 дугаартай “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ” тус тус хийж газрын төлбөр төлсөн болох нь хэрэгт авагдсан Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Засаг даргын 2004 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 46 дугаартай “Газар тариалангийн үйлдвэрлэлд газар эзэмшүүлэх тухай” захирамж, 2004 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн “Иргэн, хуулийн этгэээд газар эзэмшүүлэх гэрээ”–ний хуулбарууд, Сэлэнгэ аймгийн татварын хэлтсийн 2014 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 359 дугаартай тодорхойлолт, татвар орлогын жарсаалт 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр гаргасан №1316000004 дугаартай тодорхойлолт зэргээр газар авч газрын төлбөрөө төлсөн болох нь нотлогдож байна.
Харин Шаамар сумын Засаг даргын 2006 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 62 дугаартай “Эзэмшил газар хураах тухай” захирамжаар “Мон Апи” ХХК-нд олгогдсон үр тарианы зориулалттай 146 га газрыг “...төмс хүнсний ногоо тарих зориулалтаар аваад 2 жилээс дээш хугацаагаар ашиглаагүй...” гэдэг үндэслэлээр мөн сумын Засаг даргын 2008 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн “ Эзэмшил газрыг хураах тухай” 124 дугаартай захирамжаар “...хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 жил ашиглаагүй...газрын төлбөр төлөөгүй, бусдад түрээслэсэн...” гэх үндэслэлээр тус тус хураан авсан болох нь Шаамар сумын Засаг даргын 2006 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 62, 2008 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 124 дугаартай захирамж зэргээр нотлогдож байгаа хэдий ч энэ нь хууль зөрчин хураан авсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:
Тухайн газар хураагдах үед “Мон-Апи” ХХК газартаа үйл ажиллагаа явуулах зорилгоор захиалагчаар 2006 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр “Газрын Ундраа” ХХК-тай “Улаанбуудай тариалах ажлын гэрээ”, 2006 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр “Дархан гурил” ХХК-тай “Улаанбуудайн гурил үйлдвэрлүүлэх гэрээ”-г тус тус ажил гүйцэтгүүлэхээр хийсэн боловч газрыг хураан авснаар үүргээ гүйцэтгэж чадаагүй байгааг дурьдах нь зүйтэй.
“Мон-Апи” ХХК нь Шаамар сумын Засаг даргын 2006 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 62 дугаартай” “Эзэмшил газар хураах тухай”, мөн Засаг даргын 2008 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн “ Эзэмшил газрыг хураах тухай” 124 дугаартай захирамжуудыг эс зөвшөөрөн 2007 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 02/22 дугаартай Шаамар сумын Засаг даргад “Гомдол гаргах тухай”, 2008 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 04/22 тоот Сэлэнгэ аймгийн Засаг даргад “Гомдол гаргах нь” 2011 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 02/24-1 дугаартай Сэлэнгэ аймгийн Засаг даргад “Захирамж хүчингүй болгуулах тухай”, 2011 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 08/15-1 дугаартай “Шаамар сумын Засаг даргад “Хүсэлт гаргах тухай” зэрэг гомдлуудыг удаа дараалан төрийн зохих ёсны албан тушаалтан болон байгууллагуудад гомдол гаргаж байсан бөгөөд нэхэмжлэгчийн гомдлын хариуд Шаамар сумын Засаг даргын дээрх 62, 124 дугаартай захирамжууд нь хууль зүйн дагуу гаргаагүй хууль зөрчсөн болох нь хэрэгт авагдсан Сэлэнгэ аймгийн Газрын албанаас 2008 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 112 тоот “Өргөдлийн хариу”, Сэлэнгэ аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2011 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 398 дугаартай “Газар эзэмшүүлэх захирамжийн тухай” Шаамар сумын Засаг даргад явуулсан албан тоот, Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2012 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн А/233 дугаартай “Захирамж хүчингүй болгох тухай” захирамж зэргээр нотлогдсон болно.
Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2012 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн А/233 дугаартай захирамжаар “Шаамар сумын засаг даргын 2006 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 62 дугаартай “Эзэмшил газар хураах тухай” захирамжийг хүчингүй болгуулахаар шийдвэрлэсэн ч энэ захирамж нь биелэгдэхгүй байсан учир “Мон-Апи” ХХК нь 2011 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гарган Захиргааны хэргийн анхан шатны 6 дугаар шүүхийн шүүгчийн 2014 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 12 дугаартай “Эвлэрэн хэлэлцсэнийг баталж, хэрэгийг хэрэгсэхгүй болгох тухай” захирамжийг гаргасан байна. Гэтэл Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2014 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн А/115 дугаартай захирамжаар аймгийн Засаг дарга өөрийн гаргасан 2012 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн А/233 дугаартай захирамжаа хүчингүй болгон “Захирамж хүчингүй болгож, газар эзэмших эрх сэргээх тухай“ захирамж гарган шийдвэрлэсэн байдаг. Гэтэл уг захирамжийг эс зөвшөөрч “Мон-Апи” ХХК-иас 2014 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 08/08 дугаартай албан тоотоор гомдол гарган уг гомдлын дагуу аймгийн Засаг дарга 2014 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А/399 дугаартай захирамжаар өөрийн 2014 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн А/115 дугаартай захирамжийг хүчингүй болгон “Захирамж хүчингүй болгож, газар эзэмших эрх сэргээх тухай” захирамж гарган шийдвэрлэсэн байна.
Сэлэнгэ аймгийн Засаг даргын А/399 дугаартай захирамжийн дагуу Шаамар сумын Засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/272 дугаартай захирамжаар “Мон-Апи” ХХК-нд Шаамар сумын Дэлгэрхаан 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Боргүвээн урд хэсэгт 5 га газрыг “Төмс, хүнсний ногоо тариалах зориулалтаар 15 жилийн хугацаатай олгосон байна. Шаамар сумын Засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/272 дугаартай захирамж нь Захиргааны хэргийн анхан шатны 6 дугаар шүүхийн шүүгчийн 2014 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 12 дугаартай захирамжийн зарим хэсгийг хангасан учраас нэхэмжлэгч талаас Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай хүсэлт гарган Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 18 дугаартай “Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай” захирамж гаргасан байх бөгөөд уг захирамжийн дагуу гүйцэтгэх хуудас бичигдэн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдсан болох нь хэрэгт авагдсан Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 18 дугаартай “Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай” захирамж, мөн өдрийн шүүхийн гүйцэтгэх хуудасны хуулбарууд, 2015 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албаны ажиллагааны зардалд 50.000 төгрөг, 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн урамшууллын зардалд 425.000 төгрөг тус тус шилжүүлсэн “ХААН” банкны “Орлогын мэдүүлгийн хуулбарууд зэргээр нотлогдож байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны дагуу Шаамар сумын Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А/156 дугаартай захирамжаар “Мон-Апи” ХХК-нд Шаамар сумын Дэлгэрхаан 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах хуурай Шаамар гэх газарт 146 га газрыг үр тарианы зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдөр “Газрын тухай” хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д зааснаар газар эзэмшигчид олгосон газрын нийт хэмжээ тус бүрээр “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ” хийгдсэн болно.
Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд энэ нь гэрээнээс үүдсэн хохирол гэж үзэх бөгөөд төрийн албан хаагч нь албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл нотлогдсон гэж үзэн “Мон-Апи” ХХК-ний нэхэмжилсэн 2004 онд олгосон эзэмшлийн газрыг хураагаагүй байсан бол 2006-2015 хүртэл “Дархан гурил” ХХК-тай хийсэн гэрээгээр жилдээ 450 тн буудайгаар гурил хийлгэх, гурилыг борлуулж олох байсан орлого 10 жилийн хугацаанд 3.054.375.000 төгрөг олох ёстой байсан гэж үзсэн нь Сүхбаатар сумын үнийн зөвшлийн комиссоос 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн “Эд хөрөнгийн үнэлгээ тогтоосон баримт”-аар нотлогдож шүүх олох байсан орлогоос 2015 онд гантай жил байсан гэж үзэн 30 хувийг хасаж тооцон 2.138.062.500 төгрөг, хивэг 212.175.000 төгрөг, төмс 418.622.350 төгрөг нийт 2.768.859.850 төгрөг,
Бодит хохирол учирсан болох нь хэрэгт авагдсан 2015 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албаны ажиллагааны зардалд 50.000 төгрөг, 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн урамшууллын зардалд 425.000 төгрөг тус тус шилжүүлсэн “ХААН” банкны “Орлогын мэдүүлэг”-үүд, нотариатын үйлчилгээний хөлс 2014 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 72500 төгрөг, 2016 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 110.000 төгрөг нийт 182.500 төгрөгний баримтын хуулбарууд, “Урсгал Ус” ХХК-ний 2016 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 151 тоот “Худаг гаргах тухай” үнэлгээний баримт Шаамар сумын татварт газрын төлбөр 248.000 төгрөгний цагаан архи өгсөн баримт зэргээр нотлогдож байх тул “Мон-Апи” ХХК-нд учирсан бодит хохиролд нийт 10.188.000 төгрөг, олох байсан орлого болон компанид учирсан бодит хохиролд нийт 2.779.027.850 төгрөгийг Засгийн газрын тусгай нөөцийн сангаас гаргаж 916.312.500 төгрөгний нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Тухайн газар хураагдах үед “Мон-Апи” ХХК газартаа үйл ажиллагаа явуулах зорилгоор захиалагчаар 2006 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр “Газрын Ундраа” ХХК-тай “Улаанбуудай тариалах ажлын гэрээ”, 2006 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр “Дархан гурил” ХХК-тай “Улаанбуудайн гурил үйлдвэрлүүлэх гэрээ”-г тус тус ажил гүйцэтгүүлэхээр хийсэн боловч газрыг хураан авснаар үүргээ гүйцэтгэж чадаагүй болохыг дурьдах нь зүйтэй.
Хэрэгт Шүүгчийн 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 741 дугаартай “Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлэх тухай” захирамж, “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан”-гийн 2014 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 65 дугаартай “Хариу хүргүүлэх тухай”, Сэлэнгэ аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар”-ын 2012 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 02/11 тоот, Үнийн индекс /3 хуудас/, хэрэглээний бараа үйлчилгээний үнийн 2010-2014 оны судалгаа /2 хуудас/, Сэлэнгэ аймгийн 2006-2013 он хүртэлх ургац хураалтын эцсийн мэдээ /14 хуудас/, Шаамар сумын улаан буудай, төмсний 2014-2015 оны ургац хураалтын эцсийн мэдээ, Шаамар сумын ХАА-н тасгийн дарга Ж.Баярсайханы 2014 оны 05 дугаар сарын 27-ны өдөр гаргасан тодорхойлолт, “Мон-Апи” ХХК-ний улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн дүрэм /3 хуудас/, Хувьцаа эзэмшигчдийн гэрээ, Компанийн дүрэм /3 хуудас/, Улсын бүртгэлийн статистикийн газрын 2011-2016 оны импортын гурлын судалгаа, Сэлэнгэ аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас гаргасан “Газрын ундраа” ХХК-ийн үйл ажиллагааны талаарх тодорхойлолт, Шаамар сумын ХАА-н газрын даргын “2005 онд “Мон-Апи” ХХК-ийн талбайд иргэн Д.Баттөр рапс тариалсан” тухйа тодорхойлолт, Сэлэнгэ аймгийн Шаамар сумын нийгмийн даатгалын албанаас гаргасан “Г.Бүрэнжаргалын тахир дутуугийн тэтгэвэр авч байсан” талаарх тодорхойлолт, Шаамар сумын Дэлгэрхаан багийн ИНХ-ын тэргүүлэгчдийн “Мон-Апи ХХК-ийн мэдэлд байсан газрыг иргэдэд хувиарлан олгохыг газрын даамалд үүрэг болгох” тухай тогтоол зэрэг авагдсан болохыг дурьдах нь зүйтэй.
Нэхэмжлэгчийг 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 911 дугаартай шүүгчийн захирамжаар 18.633.412 төгрөгний улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн болохыг дурьдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлага болох 2.779.027.850 төгрөгөнд тохирох улсын тэмдэгтийн хураамж 14.053.089 төгрөгийг Засгийн газрын сангаас гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулах нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :
1.Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1, 229 дүгээр зүйлийн 229.1-д тус тус зааснаар Засгийн газрын тусгай сангаас 2.779.027.850 төгрөг гаргуулан Сэлэнгэ аймгийн Шаамар суманд байрлах “Мон-Апи” ХХК-нд олгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар нэхэмжлэгчийг 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 911 дугаартай шүүгчийн захирамжаар 18.633.412 төгрөгний улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн болохыг дурьдаад, мөн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар Засгийн газрын сангаас улсын тэмдэгтийн хураамжинд 14.053.089 төгрөгийг гаргуулж орон нутгийн төсвийн орлогод оруулсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурьдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-д зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг анхааруулсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурьдсугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.СОЁЛМАА