| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намдагийн Нямсүрэн |
| Хэргийн индекс | 179/2018/0334/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/23 |
| Огноо | 2019-01-21 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | М.Ариунцэцэг |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 01 сарын 21 өдөр
Дугаар 2019/ШЦТ/23
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Нямсүрэн даргалж, шүүгч Т.Хүрэлбаатар, М.Эрдэнэ-Очир нарын бүрэлдэхүүнтэй,
Нарийн бичгийн дарга Б.Мөнгөншагай,
Улсын яллагч М.Ариунцэцэг,
Иргэдийн төлөөлөгч С.Отгон,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Мягмарсүрэн,
Шүүгдэгч М.Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Н-д холбогдох эрүүгийн 1838007690372 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, М.Н.
Шүүгдэгч М.Н нь 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Хөвсгөл аймгийн Арбулаг сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн Б.Б-ын зүүн гуяны дотор доод хэсэг, зүүн өвдөгний дотор хэсэг рүү хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол, иргэн П.Э-н цээжний баруун дээд хэсэг рүү хутгалж эрүүл мэндэд нь хүнд хохирол тус тус учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч М.Н нь 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Хөвсгөл аймгийн Арбулаг сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн Б.Б-н зүүн гуяны дотор доод хэсэг, зүүн өвдөгний дотор хэсэг рүү хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол, иргэн П.Э-н цээжний баруун дээд хэсэг рүү хутгалж эрүүл мэндэд нь хүнд хохирол тус тус учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн боловч шүүгдэгч М.Н нь иргэн П.Э-н цээжний баруун дээд хэсэг рүү хутгалж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч М.Н-н мөрдөн шалгах ажиллагаа болон, шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Б.Ганзориг, Б.Долгормаа, М.Аригуунтөгс нарын 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 44 дугаартай дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар тогтоогдохгүй ба шүүх хуралдааны шүүмжлэлийн шатанд улсын яллагчаас шүүгдэгч М.Н-н хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг болгон өөрчлөх санал гаргасныг хүлээн авах үндэслэлтэй байх тул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг болгон өөрчлөх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Харин шүүгдэгч М.Н нь 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Хөвсгөл аймгийн Арбулаг сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн Б.Б-н зүүн гуяны дотор доод хэсэг, зүүн өвдөгний дотор хэсэг рүү хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол, иргэн П.Э-н цээжний баруун дээд хэсэг рүү хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:
Шүүгдэгч М.Н-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...замд явж байхад манай ах М.П намайг буруу явлаа гэж уурлаад миний нүүрэн тус газарт 1 удаа цохьсон. Би тэрийг сайн санаж байна. Үүнээс хойших асуудлыг сайн мэдэхгүй байна. Би хэсэг хугацаанд ухаан алдсан байсан. Тэгтэл манай найз П.Э ах Б.Бр хоёр чи бид хоёрыг хутгалчихлаа гэж хэлэхээр нь би хүн хутгалсан юм байна гэж мэдээд би өөрийн төрсөн ах М.П-тай хамт сумын төв явж Б.Б ахын төрсөн эгч Б.Б-д хэлээд нөгөө хоёрыг эмнэлэг дээр авчраад цагдаад мэдэгдсэн. ...би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна анх удаа л ийм хэрэг хийчихлээ” гэх мэдүүлэг,
Хохирогч Б.Б-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр ...машинаас Нямдаваа гартаа нэг юм барьсан буугаад ирсэн сайн харагдаагүй. Би наадах чинь гартаа юм барьсан байна шүү гэж хэлээд түүнийг нь булааж авах гэсэн боловч чадаагүй. Тэгтэл Э Н-г тэвэрч аваад тэр хоёр ноцолдож байтал Э намайг Н чи хутгалчихлаа шүү дээ гээд орилоод байхаар нь би очоод Н-с гарт барьсан хутгыг нь салгаж авах гэж ноцолдож байгаад зүүн өвдөг ар шилбэндээ хутгаар зүсүүлсэн“ гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 дугаар хуудас/,
Хохирогч П.Э-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...би Н-г машин руу оруулчихаад нөгөө хоёр дээр очиход Б ах Н-г нь дарчихсан хэвтэж байсан. Тэгэхээр нь одоо болъё явъя гэхэд тэр хоёр босч ирээд байж байтал Н машин дотроос гарч ирээд над руу гүйгээд ирэхээр нь боль хөгшөөн гээд бариад авсан чинь цээжний зүүн талд часхийх шиг болсон. Тэгээд ноцолдож байтал зүүн талын тохой зүүн бөөрний орчим хутгаар зүссэн хэсэг байж байгаад халуун юм гарах шиг болохоор нь дээлээ тайлаад хартал цус гарсан байхаар нь хутгалсан байна гэж мэдсэн. Намайг хутгалчихаад надаас салаад гүйсэн. Тэгэхэд араас нь Б хөөж барьж аваад Н-г газар унагааж дараад хутгыг нь булааж авсан. Тэр үедээ зүүн хөлийн өвдөг шилбэндээ хутгалуулсан байсан. ...дээрх гэмтлийг Н гэх залуу надад учруулсан. ...надаас нийт 150.000 төгрөгийн эмчилгээний мөнгө гарсан. Энэ мөнгийг Н болон ар гэр, ээж нь өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 20-23 дугаар хуудас/,
Гэрч М.П-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2018 оны 10 дугаар сарын 08-ны шөнө 21 цагийн орчим ...Б ах Э хоёр дундуур ороод салгахад дүү Н машиндаа хальт ороод гараад ирсэн. Тэгтэл Б ах наадах чинь гартаа юм барьчихсан байна гээд ...Н та нар яахаараа хүн нийлж зоддог пизданууд вэ гээд орилоод байсан. Тэгтэл Б ах наадах чинь хутгатай байна гаран дээрээс нь барьж аваад алдчихлаа гэсэн. Тэгэхэд Э урдаас нь барьж авах үед хутгалуулчихлаа гэхээр нь Б ах дахиж Н-г барьж аваад газар унагаахад ахын зүүн хөлөнд хутгалчихлаа наадах чинь орчихлоо цус гараад ирлээ гэж хэлээд хутгыг нь гарнаас нь салгаж аваад хол шидсэн. Наадах чинь бид хоёрыг хутгалчихлаа гээд уйлаад Н-г хоёулаа газар дараад хэвтээд байхаар нь би Н-г босгож ирээд чи хар гээд харуулсан. Тэгэхэд Н уйлаад хойшоо болоод суусан” гэх мэдүүлэг /хх-ийн 27-29 дүгээр хуудас/,
Эд мөрийн баримт түр хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 8 дугаар хуудас/,
Хөвсгөл аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Б.Цолмонгийн 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 505 дугаартай:
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Б.Ганзориг, Б.Долгормаа, М.Аригуунтөгс нарын 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 44 дугаартай:
Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн 10221 дугаартай өвчний түүхэнд цээжний баруун хэсгийн нэвтэрсэн шарх гэсэн онош тавьсан байх боловч 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн цээжний эгц байрлалын рентген шинжилгээгээр батлагдахгүй байна гэх дүгнэлт болон болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч М.Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэнд гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн 1838007690372 дугаар хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны байна гэж шүүх үнэллээ.
Шүүгдэгч М.Н нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 56 дугаар хуудас/-аар тогтоогдож байна.
Шүүгдэгч М.Н нь хохирогч Б.Б-тай 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр эвлэрлийн гэрээ /хх-ийн 54 дүгээр хуудас/ байгуулан хохиролд 250.000 төгрөгийг хүлээлгэн өгч, хохирогч нь цаашид гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгч М.Н-г хохирогч Б.Б-т төлөх төлбөргүй, хохирогч П.Э нь 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр шүүгдэгч М.Н-тай эвлэрлийн гэрээ /хх-ийн 99 дүгээр хуудас/ байгуулж, эмчилгээ, эм тарианы болон бусад зардалд 2.000.000 төгрөгийг хүлээлгэн өгч, цаашид дээрх үйлдэлтэй холбогдуулж гэм хорын хохирол төлбөр нэхэмжлэхгүй, гомдол саналгүй гэсэн байх тул шүүгдэгч М.Н-г хохирогч П.Э-д төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцлоо.
Эрүүгийн 1838007690372 дугаартай хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг дурьдах нь зүйтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бариул хэсэг нь 10 сантиметр, ажлын хэсэг нь 8 сантиметр, нийт урт нь 18 сантиметр, бариул хэсэг нь байхгүй, 6 ширхэг цоорхой нүхтэй цагаан өнгийн хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй байна.
Шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн шинж, хор уршиг зэргийг харгалзан шүүгдэгчид торгох ял оногдуулах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч М.Н-д Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг болгон өөрчилсүгэй.
2. Шүүгдэгч М.Н-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Н-г 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч М.Н нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.
5. Эрүүгийн 1838007690372 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бариул хэсэг нь 10 сантиметр, ажлын хэсэг нь 8 сантиметр, нийт урт нь 18 сантиметр, бариул хэсэггүй, 6 ширхэг цоорхой нүхтэй цагаан өнгийн хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тухайн шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.
6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Н-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.НЯМСҮРЭН
ШҮҮГЧИД Т.ХҮРЭЛБААТАР
М.ЭРДЭНЭ-ОЧИР