| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гоошоохүүгийн Даваадорж |
| Хэргийн индекс | 182/2022/05350/И |
| Дугаар | 210/МА2023/01011 |
| Огноо | 2023-05-17 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 05 сарын 17 өдөр
Дугаар 210/МА2023/01011
Х-ы нэхэмжлэлтэй иргэний
хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 102/ШШ2023/00881 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Х-ы хариуцагч Ж-нд холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 65,800,000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах, 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн үүрэг дуусгавар болгох гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай үндсэн нэхэмжлэлтэй, 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлтэй хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.У, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.М, хариуцагчийн өмгөөлөгч М.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Чулуунчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Х- нь Ж-нгийн хүсэлтээр 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдөр 35,000,000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 8 хувийн хүүтэй, гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алданги тооцохоор, хариуцагч нь сар бүр хүүг төлж, үндсэн зээлийг хугацааны эцэст төлөхөөр тохиролцсон. Ж-нгийн 5032843540 дугаартай Хаан банк-ны дансанд мөнгийг шилжүүлсэн. Зээлийн гэрээний 3.5-т заасны дагуу Ж-нгийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-2205007189 дугаартай, Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 6 бичил хороолол 5а байр, 75 тоот, 30 мкв талбайтай хоёр өрөө орон сууцыг барьцаалж, үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор нотариатаар гэрчлүүлэн, улсын бүртгэлд бүртгүүлсэн. Гэтэл зээлийн гэрээний хугацаа дууссан боловч Ж-н нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэлгүй. Иймд Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч Ж-нгээс зээлийн гэрээний үндсэн төлбөр 35,000,000, хүү 8,400,000 төгрөг, алданги 21,700,000 төгрөг , татварт төлсөн 700,000 төгрөг, нийт 65,800,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн. Ж-н нь 1 сарын хүү 2,800,000 төгрөг төлсөн тул энэ хэмжээгээр багасгаж байна. Иргэний хуулийн хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү. Ж-н нь зээлээ төлөхгүй байж болзошгүй тул 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдөр үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг байгуулсан. Гэтэл зээлийн гэрээний хугацаа дууссан боловч Ж-н нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэлгүй 2 жил гаруй хугацаа өнгөрч байна. Эд хөрөнгө борлуулсны албан татвар болох 700,000 төгрөгийг Х- төлсөн. 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр нотариатч Ч.Отгонбаяр дээр очиж бүртгэлийн 1095 дугаартай Үүрэг дуусгавар болгох гэрээ-г байгуулсан. Ингээд үүрэг дуусгавар болсон гэрээг авч дахин улсын бүртгэлийн байгууллагад хандахад эд хөрөнгийн эрхийг шилжүүлэх боломжгүй гэсэн хариу өгсөн. Ж-н нь Х-аас 35,000,000 төгрөг зээлийн гэрээний дагуу зээлсэн нь үнэн, зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор, шударгаар биелүүлэх үүргээ гүйцэтгээгүй, өөрөөр хэлбэл үүргийн гүйцэтгэл дуусгавар болоогүй гэдэгтэй маргахгүй, үүрэг дуусгавар болсон мэт харагдуулахаар дүр үзүүлэн хийсэн хэлцэл юм. Иймд үүрэг дуусгавар болгох гэрээ нь хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож өгнө үү гэжээ.
2.Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Нэхэмжлэлд дурдсан зээл болон барьцааны гэрээг анх үйлдэхэд миний бие, мөн н.Батбилэг, н.Чука гэх эмэгтэй, н.Мөнхчимэг нар хамт байсан. Эдгээр хүмүүс нь унадаг дугуйны үйлдвэр байгуулна, яаралтай мөнгө босгох шаардлагатай тул намайг байраа барьцаалаад зээлийн гэрээ хийчих, төлбөрийг бид төлнө гэж намайг ятгасан. Уг нөхцөл байдлыг Х- нь анхнаасаа мэдэж байсан бөгөөд намайг 35,000,000 төгрөгөөс нэг ч төгрөг аваагүйг мэдсээр байж гэрээ хийсэн. Энэ үед Чука нь 9911-тэй гар утасны дугаараа барьцаалж, мөн өөртөө байсан мөнгийг нэмж н.Батбилэгт гаргаж өгсөн. Би Х-ыг танихгүй бөгөөд н.Чука түүнийг дагуулж ирж зээлийн гэрээ болон барьцааны гэрээ хийсэн. 2022 оны 8, 9 сарын үед н.Батбилэг нь Х-д зээлийн гэрээний 1 сарын хүү 2,800,000 төгрөг шилжүүлсэн байдаг бөгөөд Х- нь үүнийг үгүйсгэдэггүй, хүлээн зөвшөөрдөг. Миний бие дээрх хүмүүстэй өөрийн найз н.Маралмаагийн ээжээр дамжуулж танилцсан бөгөөд ээж нь н.Мөнхчимэг юм. Намайг үл хөдлөх хөрөнгөтэй гэдгийг н.Маралмаа мэдэж байсан бөгөөд 35,000,000 төгрөг хэрэгтэй байна, чи байраа барьцаалчихвал чамд 5,000,000 төгрөгийн ашигтай гэж ятгасан. Ингээд бизнест нь итгэсэн бөгөөд анхнаасаа чамаар зээл төлүүлэхгүй гэж хэлсэн. Нэхэмжлэгчээс шилжүүлсэн 35,000,000 төгрөгийг тухайн өдөр н.Мөнхчимэг, Энхзул нарын дансанд шилжүүлсэн. 35,000,000 төгрөгийг миний бие бодитоор авч, хэрэглээгүй бөгөөд жинхэнэ зээлдэгч нь н.Батбилэг, н.Алтанцэцэг нар юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Үүрэг дуусгавар болсон тухай гэрээ хийхдээ Х- нь хүмүүсээс мөнгөө авч өгнө гэсэн. Х- нь анхнаасаа миний өмчлөлийн орон сууцыг хууль бусаар авахаар санаархаж, анх зээлийн гэрээ байгуулахдаа өөрийн аюулгүй байдал хэмээн итгэл төрүүлэн үнэмшүүлж орон сууц худалдах, худалдан авах гэрээг хийхийг шаардсан бөгөөд тухайн үед би орон сууцаа зараагүй, Х- надаас орон сууц худалдаж аваагүй гэдгээ хэн аль нь мэдэж байсан ч түүний хүсэлтээр орон сууц худалдах, худалдан авах гэрээг дүр үзүүлэн хийсэн байдаг. Иймд нэхэмжлэлийн үндсэн шаардлагын үндэслэл болсон зээлийн гэрээ, барьцааны гэрээний үүрэг дуусгавар болсон, уг үүрэг дуусгавар болгох тухай гэрээ нь хүчин төгөлдөр хэлцэл тул нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хэдийгээр Х-ы 35,000,000 төгрөгийг би зээлж авч хэрэглээгүй боловч миний дансаар орж гарсан байх тул нэхэмжлэгч тал дансны хуулгаа үндэслэн нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлох боломжтой, харин үүрэг дуусгавар болсон гэрээний үндсэн дээр хүү, алданги нэмж нэхэмжлэх үндэслэлгүй юм. Иймд нэмэгдүүлсэн шаардлагыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.
3.Хариуцагчийн сөрөг нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдөр дүр үзүүлэн хийсэн хэлцэл болох Баянгол дүүргийн 12-р хороо, 6-р бичил хороолол, 5а байрны 75 тоот, 30 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг худалдах, худалдан авах гэрээ нь анх байгуулагдсан цагаасаа хүчин төгөлдөр бус гэрээ юм. Мөн Х- нь анхнаасаа миний дансанд шилжүүлсэн 35,000,000 төгрөгийг тодорхой хүүтэйгээр, 3 сарын дараа эргүүлэн олж авах зорилготой байсан. Өөрөөр хэлбэл, тэрээр ашиг олох зорилгоор 35,000,000 төгрөгийг миний дансанд шилжүүлсэн болохоос үл хөдлөх хөрөнгө худалдан авах зорилгогүй байсан. Миний бие ч мөн адил үл хөдлөх хөрөнгө худалдах зорилгогүй байсан бөгөөд гагцхүү Х-ы өөрийгөө хамгаалах эрх ашгийн үүднээс тус гэрээг хийх ёстой гэсэн шахалтад орж, өөр нотариатчийн газарт очин өмнө нь зээлийн болон барьцааны гэрээ хийгээгүй мэт дүр үзүүлэн тус гэрээг хийсэн. Иймд 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 12 цаг 47 минутад Х- болон Ж-н нарын хооронд хийгдсэн Баянгол дүүргийн 12-р хороо, 6-р бичил хороолол, 5а байрны 75 тоот, 30 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг худалдах, худалдан авах гэрээ нь хүчин төгөлдөр бус, талууд анхнаасаа уг гэрээг байгуулах хүсэл зоригийн илэрхийлэлгүй, уг гэрээний дагуу аливаа төлбөр тооцоо хийгдээгүй байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2-т заасныг баримтлан уг гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож өгнө үү гэжээ.
4.Нэхэмжлэгчийн тайлбар, татгалзлын агуулга: 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ нь анхнаасаа хүчин төгөлдөр бус гэрээ байсан. Үүнтэй маргах зүйл байхгүй. Анхнаасаа хүчин төгөлдөр гэрээг хүчингүй болгох гэдэг ойлголт байхгүй. Ж-н нь зээлийн гэрээнийхээ үүргийг биелүүлж чадахгүй болчихвол түүний барьцаалсан эд хөрөнгийг гэрээнийхээ үүргийн биелэлтэд тооцож авах зорилготой уг гэрээг байгуулсан байдаг. Энэ худалдах, худалдан авах гэрээний дагуу тухайн үл хөдлөх хөрөнгийг Х-ы нэр дээр шилжүүлэхээр Ж-нтэй тохиролцож, улсын бүртгэлийн байгууллага дээр очиж, үл хөдлөх хөрөнгө борлуулсны татвар 700,000 төгрөгийг О. Жаргалсүрэн төлөх ёстой байсныг төлсөн гэдгийг нотлох зорилготой өгсөн гэжээ.
5.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан Отгонцэцэгийн Жаргалсүрэнгээс 60,900,000 төгрөг гаргуулж, Мөнхбаярын Хүрэлчулуунд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 4,900,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар Ж-н нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцааны хөрөнгө болох улсын бүртгэлийн Ү-2205007189 дугаарт бүртгэгдсэн, Баянгол дүүргийн 12-р хороо, 6-р бичил хороолол, 5а байрны 75 тоот, 30 м.кв талбай бүхий 2 өрөө дуудлага худалдаагаар худалдсан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн албанд хариуцуулж, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар Ж-н, Х- нарын хооронд байгуулагдсан 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн үүрэг дуусгавар болгох гэрээг тус тус хүчин төгөлдөр бус гэж тооцож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Х-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 623,077 төгрөг, хариуцагч Ж-нгээс төлсөн 332,950 төгрөгийг тус тус улсын орлогот хэвээр үлдээж, Ж-нгээс 462,450 төгрөг гаргуулж Х-д, Х-аас 332,950 төгрөг гаргуулж Ж-нд тус тус олгуулахаар шийдвэрлэжээ.
6.Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч энэхүү давж заалдах гомдлыг гаргаж байна. Анхан шатны шүүх хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхдээ шүүх хуралдааны дарааллыг тогтоогоогүй. Үүнээс шалтгаалан миний бие нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж байгаа татгалзал болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа хангалттай тодорхой илэрхийлж чадаагүй. Хуралдаанаас өмнө өөрийн өмгөөлөгч Б.Байгалмаатай шүүх хуралдаандаа бэлтгэж, миний татгалзал болон сөрөг нэхэмжлэлийн үндэслэлийг хууль зүйн үүднээс өмгөөлөгч маань ярьж тодруулан, миний илэрхийлж буй байр суурьт биечлэн амаар хуулийн үндэслэлтэй тайлбар хийхээр тохирсон байсан. Гэтэл шүүх хуралдаан даргалагч нотлох баримтыг шинжлэн судалж, асуулт тавих хүртэл миний өмгөөлөгчид тайлбар хийх ямар ч боломж олгоогүй. Өөрөөр хэлбэл өмгөөлөгчийг маань тайлбар хэлэх гэхэд зөвшөөрөл өгөхгүй яриаг нь тасалж, зөвхөн надаар нэр зааж яриулж байсан.
6.а.Мөн шүүх хуралдааны шатанд манай тал нэхэмжлэлийн шаардлагаас 32,200,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байсан бөгөөд харин хариуцагч тал 50-55 сая төгрөгөөр эвлэрэх саналыг шүүх хуралдааны өмнө илэрхийлсэн байсан. Талууд эвлэрэх талаар ярилцаж байхад шүүгч уурлан хурлаа би мэдэж байна, шүүх хурал хойшлуулна гэж байхгүй гэж талууд эвлэрэх хүсэлтэй байхад уг эрхийг эдлүүлээгүй. Энэ талаар шүүх хуралдааны тэмдэглэлд тусгаагүй байсан ба хурлын тэмдэглэл миний санаж байгаагаас зөрүүтэй гарсан.
6.б.Мөн шүүгч миний өмгөөлөгчийн тайлбар хийх эрхийг эдлүүлэлгүй, ноцтой зөрчсөн атлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1 дэх хэсэгт заасан хэргийн оролцогчдоос нэмж тодруулах үед ярьсан өмгөөлөгчийн тайлбарыг буюу хүү, алдангийн хэмжээг бууруулах боломжтой хуулийн боломжийг дурдсаныг авч хэлэлцээгүй. Шүүх хуралдааны шатанд энэ талаар маргаагүй, мэтгэлцээний шат биш дүгнэлт ярих шат гэж уурласан. Гэтэл шүүх хуралдааны энэ шат нь талуудад тайлбараа нотлох, эсрэг талын баримтыг үгүйсгэх боломжийг хэргийн оролцогчдод олгосон, мэтгэлцэх зарчмыг бүрэн хэрэгжүүлэхэд чиглэгдсэн ажиллагаа юм. Мөн манай өмгөөлөгч энэ үеэр Үндэсний статистикийн хорооны нийтэд нээлттэй сайт дахь зээлийн хүүгийн мэдээллийг дурдсан. Энэ нь нийтэд нээлттэй мэдээлэл бөгөөд хүн болгоны мэддэг мэдээлэл байсан. Иймээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар дахин нотлох шаардлагагүй, нийтэд илэрхий үйл баримт байсан. Гэтэл шүүгч мэтгэлцээгүй асуудлаар дүгнэлт хийлээ, статистик энэ тэр гэж юу яриад байгаа юм хэмээн өмнөх шатанд хуралдааныг даргалах явцдаа мэтгэлцэх боломжоор хангаагүй, миний өмгөөлөгчийн тайлбар хийх эрхийг эдлүүлээгүй атлаа шүүх хуралдаан завсарлахаас өмнө буюу шүүх хуралдааны явцад миний өмгөөлөгчийн гаргасан хуулийн үндэслэлтэй хийсэн ганц тайлбарыг нь авч хэлэлцээгүй нь харин ч мэтгэлцэх зарчим, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн ноцтой алдаа гэж үзэж байна. Миний бие хэдийгээр нэхэмжлэлийн шаардлагад дурдсан 35,000,000 төгрөгийн зээлийн болон барьцааны гэрээг байгуулж, нэхэмжлэгчээс дансаар мөнгө шилжүүлэгдсэн боловч уг зээлийг би авч хэрэглээгүй, өөр хүмүүст гаргаж өгч байгааг нэхэмжлэгч анхнаасаа мэдэж надтай гэрээ хийсэн. Мөн зээлийн төлбөрийг тэдгээр хүмүүс төлөхийг нэхэмжлэгч мэдэж, тэднээс зээлээ төлөхийг шаардаж байсан зэргийг шүүхэд нотолсноор миний дансанд 28 минут л байршсан 35,000,000 төгрөгөөс болж өнөөдөр 65,800,000 төгрөг төлөхөд хүрч, улмаар амьдрах орон гэргүй болоход хүрээд байгаа нь надад илтэд хохиролтой гэдгийг илтгэж байгаа юм. Үүнээс улбаалан хүү, алдангийн хэмжээг бууруулах хүсэлтэй байсан бөгөөд шүүх хуралдаан эхлэхэд нэхэмжлэлийн шаардлагын 32,200,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч, үлдэх хэсэг буюу зөвхөн хэт өндөр хүү, алдангийн хэмжээг хүлээн зөвшөөрөөгүй болно. Харин миний өмгөөлөгч хүү, алдангийн хэмжээ хэт өндөр байгааг болон түүнийг бууруулах хууль зүйн үндэслэлийн талаар тайлбарлах байсан боловч шүүгч хуралдааны эхний шатуудад өмгөөлөгчийн тайлбар хийх эрхийг эдлүүлээгүй, мөн нэхэмжлэгч талын өөрсдийх нь гаргасан санал буюу 45,000,000 төгрөгт эвлэрэх боломжтой байхад эвлэрэх талаар бүрэн тохиролцоонд хүрэх боломжит хугацаа олгох тухай хүсэлт гаргах эрхийг эдлүүлэхгүйгээр хуралдааныг үргэлжлүүлсэн, мөн шүүх хуралдааны хэргийн оролцогчоос нэмж тодруулах шатанд миний өмгөөлөгчийн хэлсэн тайлбарыг огт харгалзаж үзэлгүйгээр шийдвэр гаргасан нь манай талыг эсрэг талын баримтыг хуулийн үндэслэлтэй үгүйсгэн мэтгэлцэх боломжийг хаагаад зогсохгүйгээр нэг талыг баримталсан шийдвэр гарахад шууд нѳлѳѳлсөн. Анхан шатны шүүх дээр дурдсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөнөөс шалтгаалан хүү, алданги бууруулах заалтыг огт авч хэлэлцээгүйгээс шүүхийн шийдвэрийн дүнд шууд нөлөөлсөн. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.
7.Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга: Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй. Хариуцагч тал анхан шатны шүүх хуралдаан болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар тайлбар болон нотлох баримтуудыг хангалттай гаргаж өгсөн. Хүү алдангийн хэмжээ их байсан ба шүүх үүнийг багасгах боломжтой байсан гэх тайлбарыг шүүх хэлэлцүүлгийн хамгийн сүүлд гаргасан. Энэ талаар нэхэмжлэгч талд мэтгэлцэх боломж гараагүй. Хүү алдангийн хэмжээ их байгаагүй. Хариуцагч Ж-нгийн тайлбар шүүхийн шийдвэрт тодорхой тусгагдсан. Хариуцагч Ж-н 5,000,000 төгрөгийг дундаас нь авч хэрэглэх хүсэл сонирхол байсан нь харагддаг. Худалдах, худалдан авах гэрээ нь хүчин төгөлдөр бус юм. Харин зээлийн гэрээг нотариатаар гэрчлүүлсэн тул хүчин төгөлдөр гэрээ юм гэж хэлсэн нь шүүхийн шийдвэрийн 2.1 дэх хэсэгт тодорхой дурдагдсан. Талууд эвлэрэх боломжтой байсан. Гэтэл анхан шатны шүүх эвлэрэх боломжоор хангаагүй гэж гомдолд дурдаж байна. Нэхэмжлэгч талын 35,000,000 төгрөг хариуцагчийн дансанд орсон ба үүнээс нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлох боломжтой гэдгийг хариуцагч тал тайлбар гаргасан. Өөрөөр хэлбэл, 35,000,000 төгрөг дансанд орж ирсэнийг хүлээн зөвшөөрсөн атлаа нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэдэг хоёрдмол утгатай тайлбар гаргадаг. Нэхэмжлэгч талаас эвлэрэх санал гаргасан. Гэтэл хариуцагч нэхэмжлэлийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагаасаа татгалзах саналыг гаргадаг. Нэхэмжлэгч Х- нь хариуцагч Ж-н, н.Батбилэг гэх хүмүүсийг танихгүй учраас барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагаасаа татгалзах боломжгүй талаар тайлбараа хэлсэн. Давж заалдах шатны шүүхэд ч эвлэрэх талаар хүсэлт гаргаж болно. Гэтэл энэ талаар санал, санаачлага гаргаагүй. Тиймээс хариуцагч талд эвлэрэх хүсэлт сонирхол байхгүй. Тиймээс анхан шатны шүүх рүү буцаах шаардлага байхгүй. Хүүгээс анз тооцохгүй гэж тайлбар гаргадаг. Гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс анз тооцож байгаа нь үндэслэлтэй. Тиймээс хариуцагчийн давж заалдах гомдол болон тайлбар үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1.Давж заалдах шатны шүүх хариуцагчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад түүний гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.
2.Нэхэмжлэгч Х- нь хариуцагч Ж-нд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 65,800,000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах, 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн үүрэг дуусгавар болгох гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мөнгөн дүнгийн шаардлагыг багасгаж, 61,600,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгохоор сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.
3.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
4.Зохигчид 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч Х- нь 35,000,000 төгрөгийг, 3 сарын хугацаатай, 8 хувийн хүүтэй, гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлөх нөхцөлтэйгөөр зээлдүүлэх, хариуцагч Ж-н нь зээлийг эргэн төлөх нөхцөлийн дагуу хугацаанд нь бүрэн төлөхөөр харилцан тохиролцсон болох нь талуудын тайлбар, зээлийн гэрээ зэрэг нотлох баримтаар тогтоогджээ. /хх-ийн 8-р тал/
4.а.Нэхэмжлэгч Х- нь гэрээ байгуулсан өдөр зээлийн мөнгөн хөрөнгө болох 35,000,000 төгрөгийг Хаан банк дахь хариуцагч Ж-нгийн дансанд шилжүүлсэн байна. /хх-ийн 12-р тал/
4.б.Мөн өдөр талууд барьцааны гэрээ байгуулж, хариуцагч Ж-н нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгон өөрийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-2205007189 дугаарт бүртгэгдсэн, Баянгол дүүрэг, 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, 5а байр, 75 тоот, 2 өрөө сууцыг барьцаалжээ. /хх-ийн 9-10-р тал/
4.в.Талуудын байгуулсан зээл болон барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасанд нийцсэн хүчин төгөлдөр гэрээ болох талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн байна.
4.г.Зээлийн гэрээний хугацаанд үндсэн зээл 35,000,000 төгрөг, зээлийн хүү 8,400,000 төгрөг, нийт 43,400,000 төгрөгийн үүрэг үүссэн байх бөгөөд хариуцагч Ж-н нь нэг сарын хүүд 2,800,000 төгрөг төлж, нийт үүрэг 40,600,000 төгрөг болсон үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоожээ.
4.д.Талуудын байгуулсан гэрээний 3.7-д гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлнө гэж заасан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасанд нийцсэн байх тул нэхэмжлэгч Х- нь хууль буюу гэрээнд зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар алданги шаардах эрхтэй.
4.е.Иймд үндсэн зээл 35,000,000 төгрөг, хоёр сарын хүү 5,600,000 төгрөг, алданги 20,300,000 төгрөг нийт 60,900,000 төгрөгийг хариуцагч Ж-нгээс гаргуулж, нэхэмжлэгч Х-д олгож, үүргийг сайн дураар гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй.
4.ё.Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар хууль буюу гэрээгээр үүрэг үүсдэг ба хариуцагч Ж-н нь зээлийн төлбөрийг төлөх үүргийг нэхэмжлэгч Х-ы өмнө гэрээгээр хүлээсэн байна. Мөн Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар гэрээний талуудын чөлөөт байдлын зарчмын хүрээнд талууд гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлж, хүү, алдангийн хэмжээг тохиролцсон, энэхүү тохиролцоог өөрөөр тогтоох эрхийг шүүхэд хуулиар олгоогүй тул хүү, алдангийг өндрөөр тогтоосон, зээлийг өөр этгээд ашигласан гэх хариуцагчийн татгалзал, гомдол үндэслэлгүй.
5.Үл хөдлөх эд хөрөнгө худалдан борлуулсны татвар гэх 700,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр зөв бөгөөд энэ талаар нэхэмжлэгч тал гомдол гаргаагүй болно.
6.Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд дурдсан 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн үүрэг дуусгавар болгох гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг буруутгах боломжгүй бөгөөд шийдвэрийн энэ хэсэгт зохигчийн хэн аль нь гомдол гаргаагүй болохыг дурдах нь зүйтэй.
7.Хариуцагч давж заалдах гомдолдоо анхан шатны шүүх ... хуралдааны дарааллыг тогтоогоогүй, мөн зохигчийн эвлэрэх эрх болон хариуцагч талын өмгөөлүүлэх, мэтгэлцэх эрхийг эдлүүлээгүй гэх агуулгыг заажээ.
7.а.Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлд 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, зохигчдод хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх, үүргийг танилцуулан, хэргийг 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдөр шийдвэрлэсэн байна. /хх-ийн 14, 17-р тал/. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт Хуулиар өөр хугацаа тогтоогоогүй бол хэрэг үүсгэсэн өдрөөс хойш 60 хоногийн ... дотор хэргийг шийдвэрлэнэ гэж заасан.
7.б.Зохигч дээрх хуульд заасан хугацаанд эрх, үүргээ хэрэгжүүлэх учиртай бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжилсэн 80 гаруй хоногийн хугацаанд хариуцагч талын өмгөөлүүлэх, хэргийн материалтай танилцах, нотлох баримт бүрдүүлэх эрхийг хангаж шүүх хуралдаан удаа дараа хойшилсон үйл баримт тогтоогдсон буюу анхан шатны шүүх хариуцагчийн хуулиар олгогдсон эрхийг хангалттай эдлүүлсэн гэж үзэхээр байна.
7.в.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдааны тэмдэглэл нь нотолгоооны хэрэгсэлд хамаардаг. 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлээс үзвэл шүүх зохигчоос эвлэрэх санал, хүсэлтийг асуусан байна. Мөн хариуцагч Ж-нгийн тайлбар дээрх тэмдэглэлд дэлгэрэнгүй байдлаар тусгагдсан байх бөгөөд талууд маргааны зүйлийн талаар мэтгэлцэж, хариуцагчийн өмгөөлөгч эрх зүйн дүгнэлтээ тайлбарласан болох нь шүүх хуралдааны тэмдэглэлээр тогтоогдож байх тул энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах боломжгүй.
8.Хариуцагч Ж-нгийн хувьд өөр этгээдэд мөнгөн хөрөнгө шилжүүлсэнтэй холбоотойгоор хохирсон гэж үзвэл зохих этгээдэд холбогдуулан шаардлага гаргах эрхийг энэ шийдвэр хөндөөгүй болно.
Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 102/ШШ2023/00881 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 837,000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН
ШҮҮГЧИД Д.БЯМБАСҮРЭН
Г.ДАВААДОРЖ