Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ламжавын Соёлмаа |
Хэргийн индекс | 148/2016/00252/И |
Дугаар | 333 |
Огноо | 2016-06-14 |
Маргааны төрөл | Хамтын амьдарлтай байсныг тогтоолгох, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 06 сарын 14 өдөр
Дугаар 333
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Соёлмаа даргалж, тус шүүхийн шүүх хурлын танхимд явуулсан шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Түшиг сумын 2 дугаар баг Ар нуга 6 дугаар хэсэг 202 тоотод оршин суух, 32 настай, эмэгтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй Алаг адуутан овогт Нозойгийн Долгорсүрэнгийн /ХЙ-84020801/ нэхэмжлэлтэй
“Хамтын амьдралтай байсан болохыг тогтоолгох” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Н.Долгорсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Шинэбаяр нар оролцов.
Нэхэмжлэгч: Н.Долгосүрэн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Би Хадбаатарын Багатүшигтэй 2008 онд гэр бүл болон хамтран амьдарч байгаад бидний дундаас 2009 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр хүү Б.Гаанжуур, 2011 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр охин Б.Мишээл, 2016 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүү Б.Гүнтөмөр нар төрсөн. Бид хоёр Улаанбаатар хотод түр оршин сууж байсан учраас гэрлэлтээ бүртгүүлж чадаагүй юм. Бид хоёр 8 жил гаруй хамтран амьдарсан. Нөхөр маань 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдөр зуурдаар нас барсан. Одоо хүүхдүүддээ тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгох гэхээр заавал хамтын амьдралтай байсныг тогтоолгох шаардлагатай гэсэн. Иймд миний нөхөр Х.Багатүшиг бид хоёрын хамтын амьдралтай байсан болохыг тогтоож өгнө үү.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н.Долгорсүрэн нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Нөхөр маань 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдөр зуурдаар нас барсан. Одоо хүүхдүүддээ тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгох гэхээр заавал хамтын амьдралтай байсныг тогтоолгох шаардлагатай гэсэн. Иймд миний нөхөр Х.Багатүшиг бид хоёрын хамтын амьдралтай байсан болохыг тогтоож өгнө үү” гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Н.Долгорсүрэн, Х.Багатүшиг нар нь 2008 оноос гэр бүл болон хамтран амьдарч байгаад Х.Багатүшиг нь 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдөр зуурдаар нас барсан болох нь нас барсны №0000185532 тоот гэрчилгээ, гэрч П.Алтанцэцэг, Ц.Бямба, Х.Алтанзаяа нарын шүүхэд гаргасан тодорхойлолт болон шүүхэд өгсөн мэдүүлэг болон бусад нотлох баримтаар нотлогдож байх тул Н.Долгорсүрэн, Х.Багатүшиг нарын хамтын амьдралтай байсан болохыг тогтоох нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д зааснаар Нозойгийн Долгорсүрэн, Хадбаатарын Багатүшиг нарын хамтын амьдралтай байсан болохыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурьдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-д зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг анхааруулсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурьдсугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120-р зүйлийн 120.2-д зааснаар зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл, шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.СОЁЛМАА