Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 2019/ШЦТ/29

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Нямсүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Энхтүвшин,

Улсын яллагч Д.Оюунбилэг,

Шүүгдэгч Д.Б нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялын саналтай ирүүлсэн Д.Б-д холбогдох эрүүгийн 1838001880029 дугаартай хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Д.Б.

Шүүгдэгч Д.Б нь 2018 оны 02 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө согтуугаар иргэн Д.Д-тай маргалдан улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Д.Б нь 2018 оны 02 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө согтуугаар иргэн Д.Д-тай маргалдан улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

          Хохирогч Д.Д-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “Би 2018 оны 02 дугаар сарын 25-ны шөнө 00 цагийн үед Улаан-Уул сумын сум дундын хүн эмнэлэгт хамт ажилладаг жолооч О, галч Ц бид гурав мэс заслын эмчээр ажиллаж байсан Д эмчийнд золгуут хийхээр очсон. …Б та нар яасан их хүнээс зугтаж явдаг юм бэ гэхээр нь би бид танд буруу зүйл хэлээгүй биз дээ, Д эмчтэй золго л гэж хэлээ биз дээ гэж хэлсэн. Ингэж хэлэхэд Б “та нар шиг юмнууд надад заах болоогүй, чи яасан шазруун юм бэ” гээд намайг барьж аваад хоолой боогоод газар унагаагаад нүүр нүд рүү гараараа базаж, нүд рүү хуруугаа хийхээр нь та нүд сохолчихлоо шүү дээ болиоч гэж хашгирахад болихгүй нүүрийг гараараа базаад нөгөө гараараа хоолойн дээрээс базсан. Энэ үед миний ухаан балартаад цаашид юу болсныг мэдэхгүй болсон”  гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 дугаар хуудас/,

Гэрч Ө.О-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “2018 оны 02 дугаар сарын 25, 26-ны орчимд юм. Тэр өдөр би орой 22 цагийн орчимд Ц, Д-н хамт ахмад эмч Д-нд золгохоор очсон. ...Тэгэхэд Д Б-д Д эмч, Д эгч хоёрт золгооч гэхэд Б золгох үгүйгээ чам шиг юмаар заалгахгүй гээд Б, Д хоёр хоорондоо маргаж эхэлсэн. ...Б бид нарын араас ирчихсэн Д-г газарт унагаасан дээр нь мордчихсон сэгсчиж газар мөргүүлж байсан. ...Би очоод боль хүн аллаа гээд татаж салгах гэхэд салж өгөхгүй зууралдаад ноцолдоод байсан. Тэгээд би Б-н хоёр мөрөн дээрээс гараараа барьж байгаад хойш нь хүчтэй татаж тэр хоёрыг салгасан. Д ухаангүй газар хэвтэж байсан. Тэгэхэд нь би “чи хүн алчихлаа” гэж хэлсэн. Тэгэхэд Б “наадах чинь баашилж байгаа юм” гээд байсан. ...Д-н нүднээс цус шиг улаан шүүс гараад байсан. ...Б их согтуу явсан”  гэх мэдүүлэг /хх-ийн 23-24 дүгээр хуудас/,

Гэрч Э.Б-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...О, Д хоёр халамцуу орж ирсэн. Орж ирээд Д нь хүнд зодуулсан гээд нэг нүднээс нь цустай шүүс гарсан, нэлээд зовиурласан, хүзүүний арьс нь улаан цоохор болж өмөрч урагдсан байдалтай орж ирсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Б.Даваасүрэнгийн 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 159 дугаартай:

1. Д.Д-н биед тархи доргилт, тархи няцрал, зүүн нүдний алимны цус харвалт, зүүн нүдний алимны салстын язрал, зүүн дээд, доод зовхинд цус хуралт, баруун хацар, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрхи гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэх нэмэлт дүгнэлт /хх-ийн 38 дугаар хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.

Эрүүгийн 1838001880029 дугаар хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны байна гэж шүүх үнэллээ.

Шүүгдэгч Д.Б урьд ял шийтгэлгүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 50 дугаар хуудас/-аар тогтоогдож байна.

Хохирогч Д.Д, шүүгдэгч Д.Б нар нь сайн дураараа эвлэрч 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр эвлэрлийн гэрээ байгуулж, талууд харилцан тохиролцож цаашид гомдол саналгүй гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Эрүүгийн 1838001880029 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.                                                                                                                                                        

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

      1. Шүүгдэгч Д.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

      2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-г 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

      3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Д.Б торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.

      4. Эрүүгийн 1838001880029 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.      

      5. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

      6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Н.НЯМСҮРЭН