Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ламжавын Соёлмаа |
Хэргийн индекс | 148/2016/00263/И |
Дугаар | 337 |
Огноо | 2016-06-15 |
Маргааны төрөл | Хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцох, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 06 сарын 15 өдөр
Дугаар 337
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Соёлмаа даргалж, тус шүүхийн шүүх хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч буюу хүсэлт гаргагч: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо 13 дугаар хороолол 24 байр 1-16 тоотод оршин суух, одоо хувиараа хөдөлмөр эрхэлдэг, 38 настай, эрэгтэй Бэсүд овогт Ганбаатарын Энхбаатарын /МО-78022118/ нэхэмжлэлтэй
Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Шаамар сумын 1 дүгээр баг Дэлгэрхаан 7 дугаар хэсэг таван толгойн гудамж 1-10 тоотод оршин суух, одоо өндөр насны тэтгэвэрт, 64 настай, эрэгтэй Бэсүд овогт Тулгатын Ганбаатарт /МО-52022711/ холбогдох
“ Үрчлэлтийг хүчингүйд тооцуулах тухай “ иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Энхбаатар, хариуцагч Т.Ганбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Шинэбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч буюу хүсэлт гаргагч: Г.Энхбаатар шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа :
Миний охин Г.Энхцацрал нь 2001 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр төрсөн. Миний бие нь 2003 онд Солонгос Улсад ажил хийхээр явсан. Тухайн үед эхнэрийн бие тааруухан хагалгаанд орсон, охин маань бага, өвчин их эргүүлээд салахгүй байсан учраас манай гэр бүлийн хүн, аав, ээж бид ярилцаж байгаад охиноо өөрийн аав, ээждээ үрчлүүлсэн юм. Би Солонгос Улсаас ирж 2009 оноос охин маань бид хоёр дээр ирж хамт амьдарч байгаа. Одоо Нийслэлийн 40 дүгээр сургуулийн 8 дугаар анги төгссөн. Ирэх жил 9 дүгээр анги төгсөнө. Бичиг баримтын зөрчилтэй бочихоод байна. Иймд миний охин Г.Энхцацралыг аав Т.Ганбаатар, ээж Б.Энхчимэг нарт 2005 оны 03 дугаар сарын 16-ны өдөр үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүй болгон, бидний асрамжинд шилжүүлж өгнө үү гэх.
Хариуцагч: Т.Ганбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний хүү Г.Энхбаатар нь эхнэртэйгээ хамт манайд амьдардаг байсан. Миний ач охин Э.Энхцацрал 2001 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр төрсөн. 2003 онд манай хүү Солонгос Улсад ажиллахаар явж, тухайн үед манай бэрийн бие тааруухан хагалгаанд орж, ач охин маань өвчин ээрээд салахгүй болохоор нь бид нар ярилцаж байгаад ач охиноо эхнэр бид хоёр үрчилж авсан. Шаамар суманд нэгдүгээр ангид ороход нь өөрийнх нь эцгээр овоглон сургуульд оруулсан. Манай хүү Г.Энхбаатар 2009 онд Солонгос Улсаас ирж охиноо аваад явсан. Түүнээс хойш ач охин Г.Энхцацрал маань аав, ээж 3 дүүгийн хамт Улаанбаатар хотод амьдарч тэндээ сургуульд сурч байгаа. Одоо дунд сургууль төгсөх болж байгаа учраас бичиг баримтын зөрчил гарч байна. Иймд ач охиноо аав, ээжид нь буцаан өгч, үрчлэлтийг хүчингүй болгоход бидний зүгээс татгалзах зүйл байхгүй гэх.
Шүүх хуралдаанд уншин сонсгосон насанд хүрээгүй гэрч Г.Энхцацралын шүүхэд өгсөн мэдүүлгээс:
Үрчлүүлсэн талаараа мэдэж байгаа. Би 1 дүгээр анги хүртлээ өвөө, эмээ дээрээ Сэлэнгэ аймгийн Шаамар суманд хамт амьдарч байсан. 1 дүгээр ангид орох жил аав маань гадаадаас ирээд би аав, ээжтэйгээ хотод амьдрах болсон. Сургуулийнхаа хувийн хэргийг анх нээлгэхдээ Г.Энхбаатар гээд ааваараа овоглоод нээлгэсэн, бусад баримт бичиг маань Т.Ганбаатар гээд өвөөгөөр овоглосон байгаа...Би цаашид аав, ээж, дүү нартайгаа хамт амьдрах...ааваараа овоглох хүсэлтэй байна гэжээ.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч буюу хүсэлт гаргагч Г.Энхбаатар нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...миний охин Г.Энхцацралыг аав Т.Ганбаатар, ээж Б.Энхчимэг нарт 2005 оны 03 дугаар сарын 16-ны өдөр үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүй болгон, бидний асрамжинд шилжүүлж өгнө үү” гэсэн хүсэлтийг шүүх ханган шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Г.Энхбаатарын охин Г.Энхцацрал нь 2001 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр төрсөн байна. Г.Энхбаатар нь өөрийн эцэг Т.Ганбаатар, эх Б.Энхчимэг нарт өөрийн охин Г.Энхцацралыг үрчлүүлсэн болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:
Хариуцагч Т.Ганбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2003 онд манай хүү Солонгос Улсад ажиллахаар явж, тухайн үед манай бэрийн бие тааруухан хагалгаанд орж, ач охин маань өвчин ээрээд салахгүй болохоор нь бид нар ярилцаж байгаад ач охиноо эхнэр бид хоёр үрчилж авсан...нэгдүгээр ангид ороход нь өөрийн нь эцгээр овоглон сургуульд оруулсан. Манай хүү Г.Энхбаатар 2009 онд Солонгос Улсаас ирж охиноо аваад явсан. Түүнээс хойш ач охин Г.Энхцацрал маань аав, ээж 3 дүүгийн хамт Улаанбаатар хотод амьдарч тэндээ сургуульд сурч байгаа. Одоо дунд сургууль төгсөх болж байгаа учраас бичиг баримтын зөрчил гарч байна. Иймд ач охиноо аав, ээжид нь буцаан өгч, үрчлэлтийг хүчингүй болгоход бидний зүгээс татгалзах зүйл байхгүй” гэх, шүүхэд насанд хүрээгүй гэрч Г.Энхцацрал мэдүүлэхдээ: “...Би 1 дүгээр анги хүртлээ өвөө, эмээ дээрээ Сэлэнгэ аймгийн Шаамар суманд хамт амьдарч байсан. 1 дүгээр ангид орох жил аав маань гадаадаас ирээд би аав, ээжтэйгээ хотод амьдрах болсон...Би цаашид аав, ээж, дүү нартайгаа хамт амьдрах...ааваараа овоглох хүсэлтэй байна” гэх, Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Засаг даргын 2005 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 55 дугаартай “Хүүхэд үрчлүүлэх тухай” захирамж, Г.Энхцацралын 2005 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн №07/469 дугаартай үрчлэлтийн гэрчилгээ, 2005 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн №0135223 дугаартай Т.Ганбаатараар овоглосон төрсний гэрчилгээний хуулбарууд, Улсын Бүртгэлийн Ерөнхий газрын Улсын бүртгэлийн хэлтсийн 2016 оны 06 дугаар сарын 02-ний өдрийн 46/003151 дугаартай “Үрчилсний бүртгэлийн лавлагаа”, гэрч Б.Энхчимэг,Н.Дугармаа нарын шүүхэд Г.Энхцацралыг үрчлүүлсэн талаарх гаргасан тодорхойлолт болон шүүхэд өгсөн мэдүүлэг зэргээр нотлогдож байна.
Иймд Т.Ганбаатар, Б.Энхчимэг нарт 2001 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр төрсөн Г.Энхцацралыг 2005 оны 03 дугаар 16-ны өдөр үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүйд тооцож, эцэг Г.Энхбаатар, эх Д.Гантуяа нарын асрамжинд шилжүүлэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.6-д зааснаар 2001 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр төрсөн Ганбаатарын Энхцацралыг 2005 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Тулгатын Ганбаатар, Батмөнхийн Энхчимэг нарт үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүйд тооцсугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.7-д зааснаар 2001 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр төрсөн Г.Энхцацралыг эцэг Г.Энхбаатар, эх Д.Гантуяа нарын асрамжинд шилжүүлсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод үлдээсүгэй.
4.Иргэний бүртгэлийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.9-д зааснаар Г.Энхцацралын үрчлэлтийг хүчингүйд тооцсон тухай бүртгэлд өөрчлөлт оруулахыг Сэлэнгэ аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтэст даалгасугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурьдсугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-д зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг анхааруулсугай.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурьдсугай.
8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл, шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.СОЁЛМАА