Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2023/01028

 

Т-гийн нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШШ2023/00860 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Т-гийн хариуцагч Б-, М.Б-, Э.Т- нарт холбогдуулан гаргасан хариуцагч нарын хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх, олох байсан орлого 36,780,000 төгрөг гаргуулах тухай маргаантай хэргийг хариуцагч Б-, М.Б- нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.З, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Ч нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Т- нь Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, 5 дугаар хороолол, Сайн ноён хан, Намнансүрэнгийн гудамж, 37 дугаар байр, 02 тоот хаягт байрлах, 41,05 м.кв талбайтай орон сууцны хууль ёсны өмчлөгч юм. Б-ын ээж Ч.Б- нь тухайн орон сууцны өмчлөгч бус Д.Э- гэгчийг өмчлөгч гэж ойлгон түүнд 2013 онд тодорхой хэмжээний мөнгөн хөрөнгө өгч залилуулсан үйл баримт нь эрүүгийн хэргийн шүүхээр шийдэгдсэн. Ч.Б- нь өөрт учирсан гэм хорын хохирлоо буруутай этгээд болох Д.Э-аас гаргуулах эрхийг нь дээр дурдсан эрүүгийн хэргийн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр шийдвэрлэсэн байхад одоог хүртэл үндэслэлгүйгээр Т-гийн өмчлөлийн орон сууцыг өөрийн төрсөн хүү Б-д эзэмшүүлж, ашиглуулж байгаад гомдолтой байна. Орон сууцыг чөлөөлөх боломжит хугацааг хангалттай олгосон. Нэхэмжлэгч Т- нь урьд Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд эрхээ хамгаалуулахаар Ч.Б-г хариуцагчаар татаж нэхэмжлэл гаргасан боловч тус шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 181/ШШ2021/01416 дугаартай шийдвэрээр 2 тоот орон сууцыг Ч.Б- эзэмшээгүй, харин түүний хүү Б- гэр бүлийнхээ хамт амьдарч байгаа, Б- насанд хүрсэн, эрх зүйн бүрэн чадамжтай болох нь холбогдох баримтууд, зохигчийн тайлбараар тогтоогдсон гэж дүгнээд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон. Тус иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад орон сууцыг Б-аас гадна хэн эзэмшиж, ашиглаж, өмчлөгчийн эрхийг хязгаарлаж байгаа талаар мэдэх зорилгоор нэхэмжлэгч талаас тухайн орон сууцны ашиглалтыг хариуцдаг Булнайн-Ар ХХК болон сууц өмчлөгчдийн холбоонд тус тус хүсэлт гаргаж тодруулахад Н.Ядамхүү, Я.Б-, Э.Т- нар амьдарч байна гэсэн тодорхойлолт өгсөн. Хариуцагч нар нь дээрх орон сууцыг аливаа хууль болон гэрээ эсхүл өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр өнөөдрийг хүртэл өөр хоорондоо шилжүүлэн эзэмшиж, ашиглаж үндэслэлгүйгээр хөрөнгөжиж байгаа тул тэдний хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж, 2019 оны 06 сараас 2022 оны 12 сарыг дуусталх хугацаанд өмчлөгчийн олох ёстой байсан орлого нийт 36,630,000 төгрөг, эрх бүхий этгээдээр үнэлгээ хийлгэсэн ажлын хөлс 150,000 төгрөг, нийт 36,780,000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагч нарын тайлбар, татгалзлын агуулга: Хариуцагч Б-ын ээж Ч.Б- нь маргаан бүхий орон сууцыг Д.Э-аас 53,132,000 төгрөгөөр худалдан авсан байдаг. Гэтэл тус орон сууцыг Д.Э- нь зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж Б-ын ээж Ч.Б-г залилсан болохыг 2019 онд мэдсэн. Маргаан бүхий орон сууцыг бусдад залилуулсныг мэдсэн үеэс буюу 2019 оны сүүлээр Б- нь нүүж түүний ээж Ч.Б- нь тус орон сууцанд амьдарсан. Түүнээс хойш 2022 оны эхээр хариуцагчийн ээж болох Ч.Б-гийн биеийн байдал муудаж ганцаараа амьдрах боломжгүй болж тус орон сууцнаас нүүсэн. Маргаан бүхий орон сууцнаас хариуцагч Б-ын ээж Ч.Б- нүүснээс хойш хариуцагч Б- нь тус орон сууцанд 2022 оны 03 сарын үед өөрийн дүү нар болох Э.Т-, М.Б- нарыг амьдар хэмээн гуйсан. Тус орон сууцын аюулгүй байдал, ус алдах зэргээс урьдчилан сэргийлгэх, өмчлөгч нар байрыг шаардаж ирвэл хүнтэй байх шаардлагатай зэргийг харгалзан үзэж Э.Т-, Я.Б- нарыг амьдруулахаар гуйсан байдаг. Учир нь тус орон сууцанд хүнгүй үед ус алдах, гал газар зэргээр бусдад гэм хор учруулбал түүний хариуцлагыг Ч.Б- хүлээх учир хүнтэй байх нь зөв хэмээн үзсэн. Түүнээс хариуцагч Б- нь маргаан бүхий орон сууцыг бусдад дамжуулан түрээслэж ашиг олсон зэргээр үндэслэлгүй хөрөнгөжсөн зүйл байхгүй гэжээ.

 

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хууль 106 дугаар зүйлийн 106.1, 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ө.Т-гийн өмчлөлийн Сүхбаатар дүүрэг, 4 дүгээр хороо, 5 дугаар хороолол, Сайн ноён хан Намнансүрэнгийн гудамж 37 дугаар байрны 2 тоот хаягт байршилтай 41.05 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч Б-, Я.Б-, Э.Т- нарын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж, хариуцагч нараас 36,780,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 412,050 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч нараас 412,050 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэжээ.

4.Хариуцагч Б-, М.Б- нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн шаардлагад нийцээгүй тул давж заалдах журмаар гомдол гаргаж байна. Хариуцагч нарт шүүхийн мэдэгдэх хуудсыг хүргүүлэх гэтэл маргаан бүхий орон сууцанд амьдардаггүй, эзэмшдэггүй болох нь Сүхбаатар дүүргийн 4 дугээр хорооны Засаг даргын тодорхойлолт, Сонгинохайрхан дүүргийн 21-р хорооны Засаг дарга, Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолтоор тус тус тогтоогддог. Хариуцагч Б- 2021 оны 08 дугаар сараас өнөөдрийг хүртэл хугацаанд Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороонд амьдарч буй талаар тус хорооны Засаг даргын тодорхойлолтыг ирүүлсэн байдаг. Харин Я. Б-, Я. Т- нар Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороонд амьдардаг талаар тус хорооны Засаг даргын тодорхойлолтыг хариуцагч нар тус тус шүүхэд өгчээ. Статистикийн тухай хуулийн 21 дүгээр зүйл Баг, хорооны Засаг дарга энэ хуулийн 18 дугаар зүйлд заасан нийтлэг бүрэн эрхээс гадна дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ гээд 21.1-д хүн ам, өрхийн бүртгэл хөдлөх гэж хуульчилсан. Монгол улсын засаг Захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 61 дүгээр зүйлд хорооны Засаг даргын бүрэн эрх гээд 61.1.14 хууль тогтоомжид заасны дагуу иргэний бүртгэл, мэдээллийн ажлыг зохион байгуулах, цэргийн бүртгэлийг зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх гэж хуульчилсан. Дээрх хуулийн зохицуулалтаас үзвэл хорооны Засаг дарга нь тухайн хорооны иргэний бүртгэл, хүн ам, өрхийн бүртгэлийг хөтөлдөг байна. Иймд хариуцагч нар нь маргаан бүхий орон сууцыг эзэмшиж, ашигладаггүй байх тул 2019 оны 06 сараас 2022 оны 12 дугаар сар хүртэл үндэслэлгүйгээр хөрөнгөжсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

4.а.Харин хариуцагч М.Б-ын хувьд нөхөр Э.Т-гийн хамт тус орон сууцанд 2022 оны 04 сараас 2022 оны 07 сарыг дуустал амьдарсан талаар шүүхэд хариу тайлбараа хүргүүлдэг. Гэтэл бодит байдал дээр 3 сар гаран тус орон сууцыг ашиглаад 36,780,000 төгрөгийн төлбөрт орсон нь бодит байдалтай нийцэхгүй байна. Нэхэмжлэгч нь хэн алинаас хэдэн төгрөгийг хэрхэн яаж шаардаж буй нь тодорхой бус байхад хариуцагч нараас 36,780,000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

5.Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан. Хариуцагч нар тухайн байрыг 2013 оноос хойш эзэмшиж, ашиглаж байгаа. Б-, Я.Б- нарын ээж залилангийн хэргийн хохирогч болсон гэдэг. Бид 2013-2019 оны хооронд амьдарсан хугацааны төлбөрийг нэхэмжлээгүй. Эрүүгийн хэргийн шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоол гарснаас хойшхи хугацаанд байраа чөлөөлж өгөхгүй янз бүрийн шалтгаан хэлж, нэг нэгээрээ ээлжлэн оршин суусан. Эхлээд ээж нь маргаан бүхий байранд амьдарч байсан тул ээжид нь холбогдуулж нэхэмжлэл гаргасан. Гэтэл нэхэмжлэл гаргангуут тухайн байранд хүү нь амьдарч байгаа болох нь тогтоогдсон. Хүүд нь холбогдуулж, нэхэмжлэл гаргасан боловч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрдөг. Учир нь ээж, аав хоёр нь нас барсан. Тухайн цаг хугацаанд ээж, аав амьдарч байсан гэдэг үндэслэлээр нэхэмжлэлийг эс зөвшөөрдөг. Байрыг чинь чөлөөлж өгнө. Гэхдээ мөнгө төлөхгүй гэж илт үндэслэлгүй болзол тавьдаг учраас нэхэмжлэгч шүүхэд хандсан. Хэрэгт цугларсан нотлох баримтаар тухайн байр нь хариуцагч нарын хууль бус эзэмшилд байдаг нь тогтоогддог. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг үнэн зөв дүгнэсэн гэжээ.

ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад хариуцагч Б-, М.Б- нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

2.Нэхэмжлэгч Т- нь хариуцагч Б-, М.Б-, Э.Т- нарт холбогдуулан хариуцагч нарын хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх, олох байсан орлого 36,630,000 төгрөг, шинжээчийн ажлын хөлс 150,000 төгрөг, нийт 36,780,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсний зарим хэсгийг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

3.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй байгааг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой гэж үзлээ.

4.Нэхэмжлэгч Т- нь Сүхбаатар дүүрэг, 4 дүгээр хороо, 5 дугаар хороолол, Сайн ноён хан, Намнансүрэнгийн гудамж, 37 дугаар байр, 2 тоот, 41,05 м.кв талбай бүхий орон сууцны өмчлөгчөөр 2013 оны 10 дугаар сарын 28-ны өдөр улсын бүртгэлд бүртгэгдсэн байна. /хх-ийн 18-р тал/

4.а.Маргаан бүхий орон сууцыг нэхэмжлэгч тал 2013 онд иргэн Д.Э-д хөлслүүлсэн боловч Д.Э- нь тус орон сууцыг өөрийн өмч мэтээр бусдад ойлгуулж, Ч.Б- /Б-ын ээж / - д 53,132,000 төгрөгөөр худалдсан үйл баримтын талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

4.б.Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 597 дугаар шийтгэх тогтоолоор Д.Э-ыг зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, 576,282,000 төгрөгийг залилан бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 8 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж ... шийдвэрлэсэн байна. /хх-ийн 19-24-р тал/

4.в.Хариуцагч нар нь маргаан бүхий орон сууцыг бодитоор эзэмшиж байх боловч тэдний эзэмшлийг хууль ёсны гэж үзэх боломжгүй. Учир нь нэхэмжлэгч Т-гийн өмчлөх эрх Иргэний хуулийн 183 дугаар зүйлд зааснаар улсын бүртгэлээр баталгаажсан байх тул нэхэмжлэгч нь мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй. Иймд 2 тоот орон сууцыг хариуцагч нарын хууль бус эзэмшлээс чөлөөлж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй.

5.Олох байсан орлого болон шинжээчийн ажлын хөлсөнд нийт 36,780,000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд нэхэмжлэгч нь уг шаардлагын үндэслэлээ хариуцагч нар нь орон сууцыг хууль бусаар эзэмшсэн тул шийтгэх тогтоол гарсан 2019 оны 06 сараас 2022 оны 12 сар хүртэлх хугацаанд олох байсан орлого буюу түрээсийн төлбөрийг гаргуулна гэсэн агуулгаар тодорхойлсныг хариуцагч нар эс зөвшөөрч тус орон сууцанд Б- амьдарч байгаад нүүсэн, М.Б-, Э.Т- нарын хувьд 2022 оны 03 сараас 06 сар хүртэлх хугацаанд амьдарсан гэж тайлбарлажээ. /хх-ийн 121, 125-р тал/

5.а.Нэхэмжлэгч Т- нь Ч.Б-д холбогдуулан маргаан бүхий 2 тоот орон сууцыг түүний хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, орон сууцыг хууль бусаар эзэмшиж, ашигласан хугацааны төлбөрт 11,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргаж, тус шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 1416 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. /хх-ийн 35-39-р тал/

5.б.Дээрх шийдвэрт Ч.Б- нь ... 2 тоот орон сууцанд амьдардаггүй, харин түүний хүү Б- гэр бүлийнхээ хамт амьдарч байгаа нь тогтоогдож байна. гэж дүгнэжээ. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсгийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

Тодруулбал, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон ... үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй. гэж заасан.

5.в.Хуулийн дээрх зохицуулалт нь өмнө хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон этгээдийн хувьд өөр хэрэгт хэргийн оролцогчоор орж байгаа тохиолдолд хамаарах агуулгатай байна. Өөрөөр хэлбэл, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоогүй этгээдийн хувьд хүчин төгөлдөр шийдвэрээр нотлогдсон үйл баримтын талаар өөр хэрэгт маргах эрх нь нээлттэй ба шүүх тухайн хэрэгт цугларсан баримтын хүрээнд шийдвэрээ гаргах учиртай.

5.г.Түүнчлэн, Т-гийн нэхэмжлэлтэй Ч.Б-д холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 1416 дугаар шийдвэрт маргаан бүхий орон сууцыг хариуцагч Б- чухам ямар хугацаанд эзэмшсэн талаарх цаг хугацааг тодорхой заагаагүй байхад анхан шатны шүүх 2019 оны 06 сараас 2022 оны 12 сар хүртэлх хугацаанд эзэмшсэн мэтээр дүгнэсэн нь үндэслэлгүй болжээ.

5.д.Хариуцагч Б-ын хувьд маргаан бүхий орон сууцыг ямар хугацаанд эзэмшсэн талаар тодорхой тайлбар гаргаагүй, харин хариуцагч М.Б-, Э.Т- нарын хувьд 2022 оны 03 сараас 06 сар хүртэл эзэмшсэн гэж тайлбарлаж байх боловч хэрэгт авагдсан баримтаар дараах нөхцөл байдал тогтоогдлоо.

Үүнд: Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны Засаг даргын 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 66 тоот албан бичигт тус хорооны UB TOWN хотхоны 37-2 тоотод Б- амьдардаг гэж, /хх-ийн 42-р тал/, Булнайн-Ар ХХК-ийн 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 01/126 тоот албан бичигт ... гэрээ байгуулахаар уулзахад 2 тоот орон сууцны гэрээг Я.Б-, Э.Т- нар бөглөж өгсөн, дээрх оршин суугч нартай гэрээ байгуулах эсэхийг хянан шалгах ажиллагаа явагдаж байна. /хх-ийн 52-р тал/, 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 01/01 тоот албан бичигт ... өнөөдрийн байдлаар 2 тоот орон сууцанд Я.Б-, Э.Т- нар оршин сууж байна гэж тус тус тодорхойлжээ. /хх-ийн 113-р тал/

5.е.Дээрхээс дүгнэвэл хариуцагч Б-, М.Б-, Э.Т- нар нь 2022 оны 03 сараас 2022 оны 12 сар хүртэлх хугацаанд маргаан бүхий 2 тоот орон сууцыг эзэмшсэн гэж үзэх үндэслэлтэй. Энэ хугацааны төлбөрийг шинжээчийн дүгнэлтийг үндэслэн тооцвол нийт 10,100,000 төгрөг болж байх тул шинжээчийн ажлын хөлс 150,000 төгрөг, нийт 10,250,000 төгрөгийг хариуцагч Б-, М.Б-, Э.Т- нараас гаргуулж, нэхэмжлэгч Т-д олгож, нэхэмжлэлээс үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв. /хх-ийн 89-110-р тал/

5.ё.Хариуцагч талаас татгалзлаа нотлохоор гаргасан хорооны Засаг даргын тодорхойлолтууд нь маргаан бүхий орон сууцыг хариуцагч нар тодорхой хугацаанд эзэмшсэн үйл баримтыг үгүйсгэж чадаагүй буюу энэ нь хариуцагч нарын татгалзалд шууд хамааралтай баримтууд биш байна.

6.Түүнчлэн, хариуцагч нар нь маргаан бүхий орон сууцыг хууль ёсоор буюу гэрээгээр эсхүл хуульд заасны дагуу эзэмших эрхтэй болохыг нотолсон баримт хэрэгт авагдаагүй бөгөөд тэдгээр нь бусдын эд хөрөнгийг үндэслэлгүйгээр, үнэ төлбөргүй ашиглах эрхгүй юм. Иймд олох байсан орлого 36,780,000 төгрөгийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулах агуулгаар гаргасан хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах боломжгүй.

Анхан шатны шүүхийн шийдвэрт хариуцагч М.Б-ын овгийг Я гэж буруу бичсэнийг мөн залруулах шаардлагатай.

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч Б-, М.Б- нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШШ2023/00860 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын Я.Б- гэснийг М.Б- гэж, хариуцагч нараас гэснийг хариуцагч Б-, М.Б-, Э.Т- нараас гэж, 36,780,000 гэснийг 10,250,000 гэж, олгосугай. гэснийг олгож, нэхэмжлэлээс 26,530,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж,

2 дахь заалтын 56.1 гэснийг 56.2 гэж, хариуцагч нараас 412,050 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай. гэснийг хариуцагч Б-, М.Б-, Э.Т- нараас 249,150 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Т-д олгосугай. гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б-аас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 341,850 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА

ШҮҮГЧИД Д.БЯМБАСҮРЭН

Г.ДАВААДОРЖ