Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 2019/ШЦТ/30

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Нямсүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Энхтүвшин,

Улсын яллагч Г.Сэндэнсүрэн,

Шүүгдэгч Г.Б нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялын саналтай ирүүлсэн Г.Б-т холбогдох эрүүгийн 1838007720012 дугаартай хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Г.Б.

Шүүгдэгч Г.Б нь 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багт байрлах Нэгдсэн эмнэлгийн хажуу талын гол дээр иргэн Д.А-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Г.Б нь 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багт байрлах Нэгдсэн эмнэлгийн хажуу талын гол дээр иргэн Д.А-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

   Шүүгдэгч Г.Б-н мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ‘...Тухайн үед би найзуудынхаа хэлсэн үгнээс болж А-г цохиж зодсон нь үнэн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна’ гэх мэдүүлэг,

          Хохирогч Д.А-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би чамайг явуулахгүй, чи олон түмний нүдэн дээр надаас сөгдөж уучлалт гуй гэж хэлээд намайг алгадаад унасан. ...голын захад очиход Б-н дөрвөн найз охин намайг тойрч зогсчихоод Б миний хөл рүү өшиглөж гараараа нүүр рүү цохиж, нуруу руу өвдгөөрөө өвдөглөж зодсон. ...Газарт суугаад байж байхад Б миний нүд рүү хөлөөрөө өшиглөсөн”  гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 дүгээр хуудас/,

Гэрч Л.Н-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...тэгээд гол дээр Ж, Б тэр залуу гурав байсан. Тэгээд очсон чинь Б, Ж хоёр үснээс нь зулгаагаад цохиж байсан”  гэх мэдүүлэг /хх-ийн 25-26 дугаар хуудас/,

Гэрч Х.Х-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...гол дээр А, Б, Ж нар ирчихсэн байсан. ...би тэгээд тэр ахаас та юу хийчихсэн юм бэ гэж асуухад дуугарахгүй байсан. Тэгээд Б шууд л цохиод зодоод байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31 дүгээр хуудас/,

Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Б.Цолмонгийн 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 500 дугаартай:

1. Д.А-н биед тархи доргилт, баруун дээд зовхи, цээжний баруун дээд хэсэг, баруун гуяны баруун дээд хэсэг, доод хэсэг, баруун шилбэний гадна дунд хэсэгт зулгаралт, нурууны гол дээд хэсэгт цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд үүсгэгдсэн байна.

3. Д.А-н биед үүссэн гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй’ гэх дүгнэлт /хх-ийн 48 дугаар хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.

Эрүүгийн 1838007720012 дугаар хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны байна гэж шүүх үнэллээ.

Шүүгдэгч Г.Б нь урьд ял шийтгэлгүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 80 дугаар хуудас/-аар тогтоогдож байна.

Хохирогч Д.А, шүүгдэгч Г.Б нар нь сайн дураараа эвлэрч 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр эвлэрлийн гэрээ байгуулж, талууд харилцан тохиролцож цаашид гомдол саналгүй гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Эрүүгийн 1838007720012 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.                                                                                                                                                        

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

      1. Шүүгдэгч Г.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

      2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-г 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

      3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Г.Б нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.

      4. Эрүүгийн 1838007720012 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.      

      5. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

      6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Н.НЯМСҮРЭН