Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 59

 

 

 

 

 

 

 

   2019          01          14                                      59

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж,

 

нарийн бичгийн дарга: Б.Баттулга, 

улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Дамбадаржаа,

шүүгдэгч: Х.Б, түүний өмгөөлөгч Ө.Учрал нарыг /2780/ оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн прокурорын газраас 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2141 дүгээр зүйлийн 2141.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн Бт холбогдох эрүүгийн 2017 2602 0735 дугаартай хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1981 оны 5 дугаар сарын 04-ний өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт оршин суух, ял шийтгэлгүй, Б.

 

Шүүгдэгч Х.Б нь 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдрөөс 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдөр хүртлэх хугацаанд “Байгаль орчин ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Эрүүл мэнд спортын сайдын 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А/356/396 дугаартай хамтарсан тушаалын 3 дугаар хавсралтаар батлагдсан “химийн хорт болон аюултай бодисын жагсаалт”-д багтсан химийн хорт болон аюултай бодис болох 113,12 гр цэвэр жинтэй зориулалтын бус саванд агуулагдсан химийн хорт болон аюултай бодис болох мөнгөн усыг зохих зөвшөөрөлгүйгээр хууль бусаар худалдан авч, хадгалан, тээвэрлэж,

мөн 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 42 дугаар байрны гадна интернет зарын дагуу бусдад худалдахыг завдаж, Химийн хорт болон аюултай бодисын тухай хууль тогтоомж зөрчсөн гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд дурдсанаар)

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-Х.Б мэдүүлэхдээ:

2017 оны цагаан сарын өмнөхөн фэйсбүүкээр дөш, оёдлын машинд  мөнгөн ус агуулагддаг тул эдгээрийг худалдан авна гэсэн зар байсан. Үүний дагуу би өөрт байсан дөшөө зарахаар Увс аймгаас хотод ирсэн. Тэгээд Баянгол дүүргийн Төмөр замын ойролцоо хэсэг хүмүүст дөшөө үзүүлж байтал үл таних өөрсдийгөө Орос улсаас ирсэн, Буриад хүмүүс гэж танилцуулсан 3 хүн “наад дөшнөөс чинь юм гарахгүй, харин бид нарт байгаа улаан мөнгөн усыг худалдаж аваад зарвал үнэ хүрнэ” гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэдгээр хүмүүстэй Нарантуул зах орж, хөгшин ааваас уламжилж ирсэн хуучны шүрэн толгойтой хөөргөө 2 300 000 төгрөгөөр зарж, уг зүйлийг худалдан авсан. Би хэрэг үйлдэх үедээ хувиараа такси үйлчилгээнд явдаг байсан бөгөөд тогтмол орлогогүй байсан. Би хөдөөнөөс ирэхдээ машинтай ирсэн тул худалдан авсан мөнгөн усыг машиныхаа урьд хэсэгт хийсэн. Тэгээд буцаад Увс аймаг яваад, эргээд дахин Улаанбаатар хотод ирсэн. Энэ үед нөгөө мөнгөн ус миний машинд байсан. Би  мөнгөн усыг яаж хадгалдаг, тээвэрлэдэг аюулгүй ажиллагааг нь мэдээгүй. Би машин дотроо 17-18 хоног хадгалсан. Тэгээд мөнгөн усыг зарах зорилгоор интернэт зар руу ортол, мөнгөн ус худалдаж авна гэсэн зар байхаар тэр хүнтэй утсаар ярьж, зарахаар тохирсон. Тэр хүн 3 дугаар хороолол, 10 дугаар хороолол хоёрын дунд уулзъя гэсэн тул мөнгөн усаа авч очоод үзүүлсэн. Гэтэл тэр хүн цагдаагийн ажилтан байсан. Миний худалдаж авч, хадгалж, тээвэрлэж, худалдахыг завдсан мөнгөн ус зохих зөвшөөрөл байхгүй. Тухайн үед миний хийсэн үйлдэл нь хууль зөрчсөн, гэмт хэрэг гэдэг талаар би огт ойлголтгүй байсан. Энэ хэрэгт холбогдсоноосоо хойш сайн ойлгож мэдлээ. Өөрт холбогдох хэргийн зүйлчлэлийг ойлгож, хүлээн зөвшөөрч байна. Надаас хурааж авсан мөнгөн усыг Онцгой байдлын газарт шилжүүлсэн. Би мөнгөн усыг мөнгө олох зорилгоор худалдан авч, худалдах гэж байсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

 

Мөрдөн байцаалтад хохирогч-М.Солонго мэдүүлэхдээ:

Байгаль орчинд хохирол учруулаагүй учраас миний хувьд ямар нэгэн гомдол санал болон цагдаагийн байгууллагаар шалгуулах зүйл байхгүй гэжээ. (хэргийн 24 дүгээр хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-А.О мэдүүлэхдээ:

Миний санаж байгаагаар 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдөр миний бие жижүүрийн мөрдөн байцаагчаар үүрэг гүйцэтгэж байсан юм. Тухайн өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт мөнгөн ус зарах гэж байгаа хүн байна гэх мэдээллийг эрүүгийн төлөөлөгч, цагдаагийн ахмад А.Х аваад надад хэлсэн бөгөөд тухайн өдрийн жижүүрийн үүрэг гүйцэтгэж байсан бүрэлдэхүүн болон ОБА хаагч нарын хамтаар Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 42 дугаар байрны гадна талд мөнгөн ус зарах гэж байгаа гэх Х.Б гэдэг хүнтэй уулзаад биед үзлэг хийхэд гадуур куртикнийх нь халаасанд гялгар ууттай жижигхэн саван дотор жижиг тунгалаг савтай, дээрээ хар саарал өнгийн тагаар бүрхсэн тугалаган лацтай дотороо ягаан өнгийн шингэн зүйл байсныг түр хураан авч Онцгой байдлын Нийслэлийн аврах 105 дугаар ангийн эрэн хайх, аврах бүлгийн дарга, ахлах дэслэгч Д.Шижирболдод хүлээлгэн өгч, Х.Боос мэдүүлэг авч материалыг жижүүрт хүлээлгэж өгсөн гэжээ. (хэргийн 27 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-А.Х мэдүүлэхдээ:

Би 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдөр ажил дээрээ байж байхад миний танил залуу над руу холбогдон гэмт хэргийн шинжтэй мэдээлэл байна гэж хэлээд уг хүний талаар надад мэдээлэл өгсөн. Ингээд би тэр өдрөө Х.Б гэх хүний утас болох 2 дугаар байсан, санахгүй байна. Жи мобайлын утас руу нь залгаад “мөнгөн ус сонирхож байгаа юм, хаана яаж үзэх вэ” гэж утсаар холбогдон Баянгол дүүргийн нутагт өөрийн ажлаас ойр газарт тус дүүргийн 18 дугаар хороонд байрлах далангийн хойно байрлалтай 42 дугаар байрны гадаа дуудаж, уулзаад цагдаагийн бүрэлдэхүүн дуудсан юм. Би тухайн үед утсаар холбогдоод “мөнгөн ус байгаа гэсэн үү, хэдэн төгрөгөөр яаж үнэлж байгаа юм бэ, хаана яаж уулзах вэ” гэж ярихад “уулзаж байгаад үнээ тохирьё” гэсэн болохоор Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт дуудсан юм. Ингээд дуудаад уулзахад “танихгүй хэдэн залуусаас уг мөнгөн усыг авсан, би өөртөө байсан дөшөөр сольсон” гэж ярьж байсан. Уг танихгүй хүмүүсээ буриад хүмүүс байсан гэж ярьж байсан. Миний танил залуу урд нь цагдаагийн эрүүгийн албанд ажиллаж байсан Нинжчомбо гэх нэртэй. Уг танил маань тухайн үед цагдаагийн байгууллагаас гарсан байсан. Одоо Солонгос улсад ажиллаж байгаа. Нинжчомбо хэлэхдээ Солонгос явах ажил хөөцөлдөж байхдаа интернетээс улаан мөнгөн ус зарна гэсэн зар харлаа, надад утасны дугаар болон холбогдох мэдээлэл нь байна. Чи шалгаад нэг хэрэг шийдвэрлэхгүй юу гэж хэлж байсан. Ингээд тус зарын дагуу ярьсан гэжээ. (хэргийн 66-67 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад шинжээч-П.Чимэдцэрэн мэдүүлэхдээ:

...Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 47 дугаар байрны гадна талд Х.Бийн авч явсан мөнгөн ус гэх тунгалаг зүйлд шинжилгээ хийхэд ягаан туяатай, мөнгөлөг өнгийн шингэн бодисыг физик химийн шинж чанар нягтыг үндэслэн мөнгөн ус гэх бодис болохыг тодорхойлсон байгаа. Тухайн мөнгөн ус нь мөнгөлөг саарал өнгийн бодис байсан. Савны дотор талын хананд ягаан өнгийн мөнгөн усанд уусахгүй материал байсан нь мөнгөн усны өнгийг ягаан өнгөтэй болгож харагдуулж байсан. Тухайн дээж хадгалж байсан сав нь хоёр давхар лацадсан бөглөөтэй байсан тул лацыг эвдэж онгойлгон уг шинжилгээг хийсэн. Иймд тухайн савыг эргүүлж ашиглах боломжгүй болсон тул өөр зориулалтын хэмжээтэй саванд хийж гамшиг судлалын хүрээлэнгийн химийн бодис хадгалах лабораторын өрөөнд хадгалж байгаа гэжээ. (хэргийн 30 дугаар хуудас)

 

2017 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн хүний биед үзлэг хийсэн тухай тэмдэглэлд:   

Хавтгайн Бийн гадуур куртикны халаасанд цагаан гялгар уут бүхий дотроо жижиг тунгалаг савтай, дээрээ хар саарал өнгийн таг мэт зүйлээр бүрхсэн доороо тугалган лацтай, дотроо ягаан өнгийн шингэн зүйлтэй байсныг түр хураан авахаар тогтов 165 гр гэжээ. (хэргийн 17 дугаар хуудас)

 

Гамшиг судлалын хүрээлэнгийн гамшгийн туршилт, шинжилгээний төвийн шинжээчийн 2017 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 9/113 тоот дүгнэлтэд:

1. Шинжлүүлэхээр хүргүүлсэн жижиг тунгалаг гадаргуутай сав нь 10 мл-ийн багтаамжтай эргэдэг бөглөө бүхий гадуураа хоёр давхар лацадсан бөглөөтэй, “RM” гэсэн тугалган лацтай сав байв. Энэхүү сав нь ямар эд зүйл хадгалах, савлах зориулалт бүхий сав болохыг тогтоох боломжгүй.  

2. Шинжилгээнд ирүүлсэн ягаан туяатай мөнгөлөг өнгийн шингэн бодисын физик, химийн шинж чанар, нягтыг үндэслэн мөнгө ус гэх бодис болохыг тодорхойллоо.

Хэргийн газраас хураан авсан гэх эрэгддэг бөглөө бүхий гадуураа хоёр давхар лацадсан бөглөөтэй, “RM” гэсэн тугалган лацтай шилэн саванд хийсэн бодисыг үйлдвэрийн аргаар савлагдсан эсэх, үйлдвэрийн савлагааны гадна талд үйлдвэрийн хаяг, шошго, химийн бодисын тэмдэг тэмдэглэгээ, мэдээлэл огт байхгүй. Мөн савны дотор хананд ягаан өнгийн мөнгөн усанд уусахгүй бодис байгаа нь мөнгөн усны өнгийг ягаан өнгийн бодис мэт харагдуулж байна.

3. Шинжилгээгээр тогтоосон мөнгөн ус гэх бодисыг хаана, ямар аргаар үйлдвэрлэсэн болохыг тогтоох боломжгүй. Олон улсад мөнгөн усыг хуулийн хүрээнд судалгаа шинжилгээ, техник технологи, уул уурхайн салбарт ашигладаг. Мөнгөн ус гэх бодис нь Монгол Улсын Засгийн газрын 2007 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 95 дугаар тогтоолоор “Монгол Улсад ашиглахыг хязгаарласан химийн хорт болон аюултай бодисын жагсаалт”-нд орсон.

Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А/356/396 дугаар хамтарсан тушаалын гурав дугаар хавсралт “Химийн хорт болон аюултай бодисын жагсаалт”-ын 658 дугаарт мөнгөн ус нь химийн хортой бодис буюу Н400, Н410 усан орчинд архаг, хурц хордолт үүсгэнэ, Н331 амьсгалын замаар хурц хордуулах шинж чанартай.

НҮБ-ын хөдөлмөр хамгаалал, эрүүл мэндийн газраас гаргасан зөвшөөрөгдөх дээд хэмжээ (ажлын 8 цагийн эсвэл долоо хоногийн дундаж) 0,1 мг/м3 мөнгөн ус, АНУ-ын хөдөлмөр хамгаалал, эрүүл мэндийн үндэсний хүрээлэнгээс гаргасан зөвшөөрөгдөх дээд хэмжээ 0,05 мг/м3 мөнгөн усны уур, мөн байгууллагын тодорхойлсноор амь нас, эрүүл мэндэд хор үзүүлэх тун 2 мг/м3 мөнгөн усны уур байна.

4. Шинжилгээгээр тогтоосон мөнгөн ус гэх бодисыг хадгалахдаа хүчлүүд, аммиак, хлор, ацетиленээс хол хадгалах ба зохих байгууллагаас өгсөн тусгай зөвшөөрлийн хуудас, түүнд дагалдах баримт бичгийн хамт, уг бодисын аюулгүй байдлын лавлах мэдээлэлд заасан зааврын дагуу зөвшөөрөгдсөн хэмжээгээр хадгалж, тээвэрлэнэ.

Буруу тээвэрлэлт хадгалалтын улмаас осол гарахад учрах хор уршиг, хохирлын цар хүрээг тухайн ослын шинж байдлаас хамааран тусгай аргачлал үнэлгээгээр тогтооно.

5. Шинжилгээнд ач холбогдол бүхий бусад зүйл илрээгүй болно гэжээ. (хэргийн 34-35 дугаар хуудас)

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд:

Х.Б ял шийтгэлгүй гэжээ. (хэргийн 64 дүгээр хуудас)

 

                                                ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

 

Шүүгдэгч Х.Б нь Химийн хорт болон аюултай бодисын тухай хууль зөрчиж, Засгийн газрын 2007 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 95 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтад заасан, Монгол Улсад ашиглахыг хязгаарласан химийн хорт болон аюултай бодис 113.12 гр цэвэр жинтэй мөнгөн усыг зохих зөвшөөрөлгүйгээр бусдаас худалдан авч, өөрийн машиндаа хадгалан, улмаар уг бодисыг Улаанбаатараас Увс аймаг руу, Увс аймгаас Улаанбаатар хот хүртэл тээвэрлэсэн,  

мөн 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 42 дугаар байрны гадна бусдад худалдахыг завдсан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч М.Солонго, гэрч А.О, А.Х, шинжээч П.Чимэдцэрэн нарын мэдүүлэг, 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн хүний биед үзлэг хийсэн тухай тэмдэглэл, Гамшиг судлалын хүрээлэнгийн гамшгийн туршилт, шинжилгээний төвийн шинжээчийн 2017 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 9/113 тоот дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.

 

            2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2141 дүгээр зүйлийн 2141.1-д “химийн хорт болон аюултай бодисыг зөвшөөрөлгүйгээр экспортлох, импортлох, хил дамжуулан тээвэрлэх, үйлдвэрлэх, хадгалах, худалдах, худалдан авах, тээвэрлэх, ашиглах болон бусдад дамжуулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ,

2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1-д “химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар улсын хилээр нэвтрүүлсэн, үйлдвэрлэсэн, хадгалсан, худалдсан, авсан, тээвэрлэсэн, бусдад дамжуулсан, зориулалтын бусаар ашигласан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж тус тус заажээ.

2015 оны Эрүүгийн хууль нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулж байх тул прокуророос Х.Бийн гэмт үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2141 дүгээр зүйлийн 2141.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь зөв байна.

Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотлосон, мөрдөн байцаалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй болно.

 

Иймд Х.Бийг химийн хорт болон аюултай бодисыг зохих зөвшөөрөлгүйгээр худалдан авсан, хадгалсан, тээвэрлэсэн гэмт хэрэг,

бусдад худалдахыг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

Шүүгдэгчийн 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдрөөс 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдөр хүртлэх хугацаанд Монгол Улсад ашиглахыг хязгаарласан химийн хорт болон аюултай бодисын жагсаалтад заасан мөнгөн усыг зохих зөвшөөрөлгүйгээр бусдаас худалдан авч, өөрийн машиндаа хадгалан, улмаар уг бодисыг Улаанбаатараас Увс аймаг руу, Увс аймгаас Улаанбаатар хот хүртэл тээвэрлэсэн гэмт хэрэгт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2141 дүгээр зүйлийн 2141.1-д заасан ял оногдуулсан тул түүний 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 42 дугаар байрны гадна бусдад худалдахыг завдсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан, уг зүйлээр давхар зүйлчлэн, ял оногдуулж, Эрүүгийн хуульд зааснаар ялыг нэгтгэх шаардлагагүй болно.

 

Хохирогч нь “Байгаль орчинд хохирол учруулаагүй учраас миний хувьд ямар нэгэн гомдол санал байхгүй” гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийг бусдад  төлөх төлбөргүй гэж үзэв. 

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, бусдад төлөх төлбөргүйг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Х.Бийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ зэргийг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, хянан харгалзахаар шийдвэрлэлээ.

Х.Б нь Химийн хорт болон аюултай бодисын тухай хууль зөрчиж, Монгол Улсад ашиглахыг хязгаарласан химийн хорт болон аюултай бодисын жагсаалтад орсон 113.12 гр цэвэр жинтэй мөнгөн усыг зохих зөвшөөрөлгүйгээр хууль бусаар бусдаас худалдан авсан уг бодисыг улсын орлого болгож, хэрэгцээний дагуу зохих байгууллагад шилжүүлэх үүргийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэлээ.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Х.Бийн биеэс хураагдсан 116.3 грамм цэвэр жинтэй мөнгөн ус нь Гамшиг судлалын үндэсний хүрээлэнд хадгалагдаж байгаа, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

           

1. Шүүгдэгч Бийг химийн хорт болон аюултай бодисыг зохих зөвшөөрөлгүйгээр худалдан авсан, хадгалсан, тээвэрлэсэн гэмт хэрэг,

бусдад худалдахыг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2141 дүгээр зүйлийн 2141.1-д зааснаар Х.Бийг 2 /хоёр/ жил хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. 2015 оны Шинэчилсэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Х.Бт оногдуулсан 2 /хоёр/ жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Х.Б цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

      5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 116.3 грамм цэвэр жинтэй мөнгөн усыг улсын орлого болгож, хэрэгцээний дагуу зохих байгууллагад шилжүүлэх үүргийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж,

          уг мөнгөн ус Гамшиг судлалын үндэсний хүрээлэнд хадгалагдаж байгааг дурдсугай.

 

      6. 2002 оны Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар Х.Бод оногдуулсан 2 жил хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоож, түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг Увс аймгийн цагдаагийн хэлтэст даалгасугай.

           

            7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.3, 61.5-д зааснаар тэнсэгдсэн ялтан хянан харгалзах хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдсэн, захиргааны шийтгэл хүлээсэн бол цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шүүх шийдвэрлэхийг дурдсугай.

 

            8. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т  зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,

улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Х.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Л.ОЮУН