Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 71

 

 

 

 

 

 

 

 

       2019         01          16                                     71

 

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                  

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Оюун даргалж,

 

нарийн бичгийн дарга: Б.Ядмаа,

улсын яллагч: Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Оюун-Эрдэнэ,

шүүгдэгч: С.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

 

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Мд холбогдох эрүүгийн 1803 0095 10005 дугаартай, 1 хавтас хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1991 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Оросын холбооны улсын Свердловск хотод төрсөн, халх, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, М.

 

           Шүүгдэгч С.М нь 2018 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 14 цагийн үед Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр, 28 дугаар сургуулийн урд замд “Тоёота приус” маркийн, 83-14 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 19.4-д заасан “жолооч хорооллын доторх хөдөлгөөнөөс гарч зам руу орохдоо тэр замаар яваа хөдөлгөөнд оролцогчидод зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч 11 настай Т.Эг мөргөн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд дурдсанаар)

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-С.М мэдүүлэхдээ:

Би 2018 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 14 цагийн үед Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр, 28 дугаар сургуулийн урд замд “Тоёота приус” маркийн, 83-14 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан. Би туслах замаас төв зам руу орох уулзвар дээр явж байсан. Зам дагуу автомашинууд зогссон байсан болохоор үзэгдэх орчин хязгаарлагдмал байсан. Гэтэл хохирогч баруун талаас гэнэт гүйж гарч ирсэн. Бид хоёр ойр зайнд гэнэт тулсан тул зогсоох арга хэмжээ авч чадалгүй хохирогчийг мөргөсөн. Би 10-15 км/ц хурдтай явж байсан. Камерийн бичлэгт тодорхой харагдаж байгаа. Хохирогчийн биед учирсан гэмтлийг тодорхойлуулах шинжилгээнүүдийг хийлгэх, 10 хоног гэрээр ясны хугарлыг эмчлэхтэй холбоотой эмчилгээний зардалд би 480 000 төгрөг төлсөн. Хохирогчтой 7 хоногийн өмнө очиж уулзсан. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч, гэм буруугаа ойлгож байна. Хойшид замын хөдөлгөөний дүрмийг чанд сахиж явна гэв. 

Мөрдөн байцаалтад хохирогч-Т.Э мэдүүлэхдээ:

2018 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 14 цагийн орчимд 28 дугаар сургуулийн хажуу талын зааланд урлагийн үзлэгийн бэлтгэл тараад гэр рүүгээ харихаар 28 дугаар сургуулийн урд автобусны буудал руу явсан. Хартал автобус зүүн талаас ирж байгаа харагдахаар нь нэлээн яаруу алхсан. Тэгтэл автобус бүр ойртоод ирэхээр нь би яараад гүйсэн. Тэгээд туслах замаар зам хөндлөн гарахдаа зүүн тал руугаа хартал ойр орчимд автомашин харагдаагүй. Тэгээд гүйгээд зорчих хэсэг бараг дуусаж байхад зүүн талаас автомашин гарч ирээд зүүн тал руу мөргөхөд би баруун тал руу чигтээ унасан. Унахдаа би толгойгоо хагалчихаж магадгүй гэж бодоод баруун талынхаа гараар тулаад унасан. Тэгээд өндийгөөд хартал жолооч шар өнгөтэй утсаар 5 минут хиртэй яриад байгаа харагдсан. Нэг хартал нэг настай эгч “чи буугаад ир” гээд жолоочийг загнасан. Жолооч автомашин дотроо нилээн сууж байгаад, бууж ирсэн. “Зүгээр үү ахын дүү, ах нь чамайг гэр рүү чинь хүргээд өгөх үү” гэхээр нь сандраад уйлсан. Тэгээд автомашинд нь суухад миний биед ямар нэг зовиур байгаагүй. Тэгтэл манай ангийн хүүхэд багшид хэлсэн байсан. Багш цагдаад хэлсэн. Жолооч намайг гэр рүү хүргэж өгөх гэж явснаа ангийн багштай яриад гэмтлийн эмнэлэг рүү явсан. Эмч үзээд миний баруун гар бугуй хэсгээрээ хугарсан байна гэж хэлсэн. Аавыгаа ирэхээр гипсдүүл гэж хэлсэн гэжээ. (хэргийн 18 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад иргэний нэхэмжлэгч-Г.Т мэдүүлэхдээ:

2018 оны 11 дүгээр сарын 11-ний 15 цагийн орчимд над руу “цагдаагаас ярьж байна. Танай хүүхэд зам тээврийн осолд өртсөн байна. Жолооч нь гэмтлийн эмнэлэг рүү аваад явж байна гэнэ. Та өөрөө яаралтай гэмтлийн эмнэлэг дээр очоорой” гээд жолооч залуугийн дугаарыг өгсөн. Тэгээд би ажил дээрээсээ таксигаар гэмтлийн эмнэлэг дээр очиход манай охин айсан, уйлсан, шоконд орсон байдалтай байсан. Рентген зургийг нь авахуулсан байхаар нь эмч рүү ороход баруун гарын шуу яс хугарсан байна, гипсдүүл гэж хэлсэн. Эмчид үзүүлсэнийхээ дараа хүүхэд мөргүүлсэн газар дээр очиж хэргийн газрын үзлэг хийлгэсэн. Орой нь манай хүүхдийн баруун өвдөгний орчимд хөхөрсөн харагдсан. Манай төрсөн дүү Эг 11 цагийн орчимд урлагийн үзлэг давтана гэхээр нь сургууль дээр нь хүргэж өгсөн байсан. Би охиноосоо юу болсон  талаар асуухад урлагийн үзлэгээ давтаж дуусаад бичил хорооллоос доош уруудаад туслах замаар зам хөндлөн гарахдаа автомашинд шүргүүлсэн гэж хэлсэн. Ойр орчимд нь машин байхгүй байсан гэж хэлсэн. Жолооч ах шар өнгийн утсаар яриад явж байсан, тэгээд намайг анзаараагүй байх гэсэн. Жолоочоос эд материал болон эмчилгээний зардалд нийт 590 000 төгрөг нэхэмжилнэ. Үүнээс 190 000 төгрөгийг нь үзлэгээр авсан байгаа. Одоо 400 000 төгрөг нэхэмжилнэ гэжээ. (хэргийн 20 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-М.А мэдүүлэхдээ:

2018 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 14 цаг өнгөрч байхад ертөнцийн зүгээр зүүнээс баруун тийш явж байтал туслах замын уулзварт цайвар ногоон өнгийн “Т.Приус” маркийн, 83-14 УНЯ улсын дугаартай автомашин хүүхэд шүргэсэн бололтой 10 гаруй насны нэг охин элгээ тэврээд уйлсан, жолооч нь бололтой залуу хүүхдийг хөтлөөд автомашиндаа оруулсан. Хүүхэд алхахдаа бага зэрэг доголоод байсан. Тэгээд би мөргөсөн автомашины дугаарыг нь хараад өөрийнхөө 88019897 дугаараас 102-т дуудлага өгсөн. Би хүүхэд автомашинд мөргүүлж байхыг хараагүй. Хүүхэд мөргүүлж унасан газартай зурагт тэмдэглэсэн “Б” цэг таарч байна гэжээ. (хэргийн 21-22 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч- Б.Даштогтох мэдүүлэхдээ:

Би 2018 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр гарсан зам тээврийн осол, хэргийн талаар ангийнхаа охин Номуунаас сонссон. Би сургууль руугаа явж байхад Номуун над руу утсаар яриад “Э сургуулийн орчимд автомашинд мөргүүлчихлээ” гэж хэлсэн. Тэгээд би “та нар одоо хаана байна, надад харагдахгүй байна шүү дээ” гэхэд “жолоочтой хамт гэр рүү нь явж байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь ослын газарт хэмжилт хийнэ шүү дээ гэж хэлээд жолоочтой ярихад хүүхэд өөрөө гайгүй байна гэхээр нь би Этай ярихад уйлаад байсан. Тэгээд би өөрийнхөө утсаар 102-т буюу цагдаад дуудлага өгсөн гэжээ. (хавтаст хэргийн 23 дугаар хуудас)

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 13712 тоот дүгнэлтэд:

           1. Т.Эгийн биед баруун шуу ясны битүү хугарал, баруун өвдөгт зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

           2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр буюу зам тээврийн ослын үед үүсэх боломжтой.

           3. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

           4. Цаашид ерөнхий чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

            5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой гэжээ. (хавтаст хэргийн 32 дугаар хуудас)

 

Тээврийн цагдаагийн албаны шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 815 тоот дүгнэлтэд:

1. “Тоёота Приус” маркийн, 83-14 УНЯ улсын дугаартай автомашины жолооч С.М нь Замын хөдөлгөөний дүрмийн 19.4 “жолооч хорооллын доторх хөдөлгөөнөөс гарч зам руу орохдоо тэр замаар яваа хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

2. Явган зорчигч Т.Э нь Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрсөн гэх үндэслэлгүй байна.

3. Зам тээврийн осол гарахад замын тэмдэг, тэмдэглэгээ нөлөөлсөн гэх үндэслэлгүй бөгөөд хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зураг, схем зураг дээр замын бусад байгууламжийн эвдрэл гэмтэлгүй байна гэжээ. (хэргийн 44 дүгээр хуудас)

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд:

С.М нь ял шийтгэгдэж байгаагүй гэжээ. (хэргийн 63 дугаар хуудас)

 

ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

 

Шүүгдэгч С.М нь 2018 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 14 цагийн үед Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр, 28 дугаар сургуулийн урд замд “Тоёота приус” маркийн, 83-14 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 19.4-д заасан “жолооч хорооллын доторх хөдөлгөөнөөс гарч зам руу орохдоо тэр замаар яваа хөдөлгөөнд оролцогчидод зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас хохирогч явган зорчигч 11 настай Т.Эг мөргөж, эрүүл мэндэд нь баруун шуу ясны битүү хугарал, баруун өвдөгт зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцсэн шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, насанд хүрээгүй хохирогч Т.Э, иргэний нэхэмжлэгч Г.Т, гэрч М.А, Б.Даштогтох нарын мэдүүлэг, 2018 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, Тээврийн цагдаагийн албаны шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 815 тоот дүгнэлт, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 13712 тоот дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.

 

Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотлосон, мөрдөн байцаалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй болно.

 

Тээврийн прокурорын газраас С.Мын гэмт үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй тул шүүгдэгчийг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Хохирогч нь өөрт учирсан хөнгөн хохирлыг эмчлүүлэхтэй холбоотой нотлох баримт хэрэгт гаргаж өгөөгүй боловч С.М нь эмчилгээний зардалд  480 000 төгрөг төлсөн, цаашид нэхэмжлэх зүйлгүй гэж иргэний нэхэмжлэгч Г.Т мэдүүлсэн тул шүүгдэгчийг бусдад  төлөх төлбөргүй гэж үзэв. 

Насанд хүрээгүй хохирогч Т.Э нь энэ хэргийн улмаас учирсан хүндэвтэр гэмтлээ эмчлүүлэхэд цаашид эмчилгээний зардал гарвал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нотлох баримтаа бүрдүүлж, жич нэхэмжлэх эрхтэй. 

 

Шүүгдэгчид ял оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, учруулсан хор уршигийг нөхөн төлсөн, хохирогч гомдолгүй байгаа зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

 

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, прокурорын сонсгосон ял болон прокуророос түүнийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний 500 000 төгрөгөөр торгох эрүүгийн хариуцлагын саналыг сайн дураар зөвшөөрсөн болно.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, өөрийгөө өмгөөлж хуралдаанд оролцсон, хохирогч, иргэний нэхэмжлэгч шүүх хуралдаанд оролцохгүй гэснийг тус тус дурдав.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан си ди бичлэгийг хэрэгт хадгалах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Мыг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч С.Мыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний 500 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар С.М нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, С.М цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдсугай.

 

5. Хохирогч Т.Э нь энэ хэргийн улмаас учирсан гэмтлээ эмчлүүлэхэд цаашид гарсан эмчилгээний зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг си ди бичлэгийг хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

7. Шийтгэх тогтоол хуулийн хүчин Т болмогц С.Мын 1090163 дугаартай В ангиллын жолооны үнэмлэхийг түүнд буцаан олгохыг шүүгчийн туслахад даалгасугай.

 

           8. Шийтгэх тогтоол хүчин Т болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслах сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

           

            9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,

улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин Т болтол С.Мд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Л.ОЮУН