Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 341

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Соёлмаа даргалж тус шүүхийн шүүх хурлын танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын 3 дугаар Тийрэг 3 дугаар хэсэг дэнж 2 гудамж 20 тоотод оршин суух цахим үнэмлэхний хаягтай, одоо мөн сумын 2 дугаар баг 5 дугаар хэсэг 19 тоотод оршин суух, 29 настай, эмэгтэй, одоо эрхэлсэн тодорхой ажилгүй Магадлах овогт Баасанхүүгийн Сэлэнгийн /МХ-86100706/ нэхэмжлэлтэй 

Хариуцагч:  Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын 3 дугаар баг Тийрэг 3 дугаар хэсэг дэнж 2 гудамж 20 тоотод оршин суух, 28 настай, эрэгтэй одоо эрхэлсэн тодорхой ажилгүй Жарантай овогт Батсүхийн Сайнтөрд /МХ-88022912/ холбогдох

  “Гэрлэлт цуцалж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай“ иргэний хэргийг хянан хэлэлцэв.  

Шүүх хуралдаанд; Нэхэмжлэгч Б.Сэлэнгэ, хариуцагч Б.Сайнтөр, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Энхтайван нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Сэлэнгэ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Би 2007 онд Б.Сайнтөртэй танилцаад 2008 оны 10 сарын 29-ний өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн.  Хамтран амьдарч байх хугацаанд 2009 оны 06 дугаар сарын 22-ны өдөр хүү С.Бямбадорж, 2013 оны 08 дугаар сарын 06-ны өдөр охин С.Амин-Эрдэнэ нар төрсөн. Бид хоёр зан харьцааны хувьд таарч тохирохгүйн улмаас 2015 оны 7 сараас  тус тусдаа амьдрах болсон. Бид хоёрын салах болсон шалтгаан нь гэвэл хариуцагч өөрөө “сална” гэж хэлсэн. Энэ хүн  гэр бүлдээ анхаарал халамж тавихаа больсон, гэртээ ирж хонохоо байсан.  Бид хоёр хэсэг хугацаанд Сэлэнгэд амьдарч байсан. Тэр үед том хүү С.Бямбадорж маань нэгдүгээр ангид орж байсан учир би хүүхдээ аваад аавынхаа гэрт очсон. Би эвлэрэх санаатай Сэлэнгэд байнга ирдэг байсан. Өвөл байсан болохоор гэр цоожтой “ажилтай байна, завгүй байна” гээд ирдэггүй байсан. Утсаар ярихаар утсаа авахгүй “усанд орж байна, айлд байна, ажилтай байсан юм, машин цасанд суучихсан байсан” гэх мэт байдлаар утсаа ерөөсөө авдаггүй байсан. “Хоёулаа тухтай суугаад ярилцъя, хоёр хүүхдээ бод л доо” гэж би араас нь нэлээн явсан. Эвлэрүүлэн зуучлалаар хоёр удаа орсон. Анх удаа ороход нөхөр Б.Сайнтөр надад “хоёр хүүхдээ өнчрүүлье гэсэн бодол байхгүй, хэсэг хугацаанд тусдаа байя гэж бодсон юм” гэсэн тайлбар тавихад нь би эвлэрснээр гаргасан. Эвлэрснээс хойш сураг тасраад алга болсон.

 Хүүхдийнх нь бие өвдөөд байхад огт тоодоггүй, утсаар ч ярьдаггүй байсан. Тусдаа амьдраад жил гаруй болж байгаа болохоор хүүхдүүд ч гэсэн ааваасаа хөндий болсон. Бид хоёр цаашид хамт амьдрах ямар ч боломжгүй болсон. Би “хүүхэд, гэр орноо бод” гэхэд ерөөсөө  анхаардаггүй байсан. Өөрөө гэр орноо зараад машин авч унасан. Гэрээ зарчихсан болохоор одоо надад орох орон байхгүй аавындаа амьдарч байна. Энэ хүнийг хотод хувиараа ажил хийж байгаа гэж сонссон. Ямар ажил хийж байгаа, хаана амьдарч байгааг нь мэдэх юм алга. Хоёр хүүхэд минь надаас огт холдож үзээгүй, надаас өөр хүнтэй хамт байж чадахгүй. Аав нь анхаарал тавихгүй болохоор хүүхдүүд нь хүртэл хөндийрч эхэлсэн. Хүүхдээ хөтлөөд тоглоомын талбай ч орж, хүүхдийнхээ хувцсыг ч угааж үзээгүй тийм ч учраас энэ хүнд салахад амар байгаа байх гэж бодож байна.

Хүүхдүүд маань хөхнөөс гарах үедээ л надаас жаахан хол байсан. Тэрнээс биш бусдаар миний дэргэдээс холдож үзээгүй. Манай хоёр хүүхэд аавынхаа асрамжинд байж чадахгүй. Хүүхэд маань нэгдүгээр ангид орсон учраас би дагаад одоохондоо ажил хийж чадахгүй байна. Манай суманд ажлын байр маш ховор байдаг, хот бараадаж байж л ажилд орно.  Манай суманд цэцэрлэг баригдвал туслах багшаар орох гээд өргөдлөө өгчихсөн байгаа. Тэр ажил бүтвэл би хоёр хүүхэдтэйгээ ойрхон сумандаа амьдарна. Хэрэв тэр ажил бүтэхээргүй бол би хоёр хүүхдээ аваад хот руу орж ажил хийх төлөвлөгөөтэй байгаа. Энэ хүн эцэг хүний талаасаа их хариуцлага муутай, салсан ч гэсэн яаж байна гээд ярьдаг байсан бол арай өөр байх байсан. Эхлээд салахад охин маань “аав хаачсан юм” гэж асуудаг байсан. Хүү маань арай том болохоор юмны учир ойлгохтой болсон. Энэ хүн хоёр хүүхдийн минь эцэг болохоор хариуцлага хүлээх ёстой гэж бодож байна. Нэг хүүхэдтэй байсан бол би арай хүлээцтэй хандаж болох л байсан байх. Хоёрын хоёр хүүхэдтэй болохоор энэ хүнийг удаан хүлээж чадсангүй. Жил гаруй хүлээсэн. Би хүүхдээ бөөцийлсөөр байгаад өвчинд амархан өртдөг болсон. Тийм болохоор аав нь хүүхдүүдээ аваад явж чадахгүй. 

Хүүхдүүд маань хадам аав, ээжээс хөндий өссөн. Манай аав ээжийн хажууд багаасаа байсан болоод ч тэрүү их элэгтэй байдаг. Би 10 гаруй хоногийн өмнө Сэлэнгэ аймгийн эмнэлэгт хүүхдээ аваад хэвтэхэд эргэлтээр нэг ч удаа ирээгүй. Олон хоног тариа хийлгэсэн өвчтэй хүүхэдтэй ирэхэд нэг ч гэсэн удаа хар шөл хийгээд өгөх сэтгэл байгаагүй. Зөвхөн өөрийгөө бодож, хамгийн түрүүнд өөрийгөө тавьж, өөрийнхөө жаргалын төлөө явдаг. Хүүхдээ бодсон бол бид хоёр өнөөдөр ингэж танихгүй хүмүүс шиг явахгүй байсан. Ямар ч эргэлтгүй 10 гаруй хоног хэвтээд хүүхэд маань өчнөөн тариа хийлгээд хүнд болчихоод байхад надад ямар ч туслалцаа үзүүлээгүй. Аав ээжийн өгсөн 100 000 /нэг зуун мянган төгрөг / төгрөгөөр л гаднаас хоол хүнс авч эмчилгээг нь бүрэн хийлгэж гарсан. Би тав, зургаан жил гэртээ сууж хүүхдүүдээ өсгөсөн. Намайг залуу хүнийх нь хувьд дэмждэггүй ажил төрөл хийх гэхээр “чи гэртээ л бай” гэж хэлдэг байсан. Аав ээжийндээ цагаан сараар ганц, хоёр хоног хонох гэхээр хонуулдаггүй. Бүх зүйлийг дандаа өөрийнхөөрөө шийддэг байсан. Миний юу бодох  энэ хүнд ерөөсөө хамаа байхгүй. Энэ үйлдлээс нь болоод бага зэрэг  хэрүүл болоход надад хоёр гурван удаа гар хүрж байсан. Хэдий тийм үйлдлүүд гаргасан ч гэсэн би өдийг хүртэл тэвчээд явж байхад энэ хүн өөрөө “сална” гэж хэлсэн. Хоёр хүүхдийнхээ араас явж байгаа миний сэтгэлийг огт бодоогүй. Шүүхэд нэхэмжлэл гаргахаасаа өмнө хүрээд ирэх болов уу? гэж нэлээн харсан. Энэ хүн хотод байр түрээсэлж байгаа гэхээр нь “чи хотод байртай болсон юм бол би очиж ажил хиймээр байна, хүүхэд маань ч үсэг үзээд дуусчихлаа”  гэхэд “би байрны түрээсээ төлөөгүй” гэж хэлсэн. Гэтэл хөндлөнгийн найз нөхөд нь байнга очдог юм байна лээ. Намайг тэр хүмүүсээс долоон дор үзэж зургаа долоон жил амьдарсан амьдралаа юман чинээ тоогоогүй. Одоо бид хоёр хамт амьдрах ямар ч боломжгүй тус тусдаа амьдралтай болсон. Хоёр хүүхэддээ анхаарал тавьж, аваад явах чадал энэ хүнд байхгүй. Иймд бидний гэрлэлтийг цуцалж, хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэх. 

  Хариуцагч Б.Сайнтөр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Зарим нэг зүйл дээр арай хэтрүүлэн  ярьж байна. Би энэ хүнийг зургаа долоон жил харсан. Суугаад 2 жил болсоны дараа байнга л салах тухай ярьдаг болсон. Би өөрөө салъя гэж яриагүй. Энэ хүн өөрөө л шүүхэд сална гэсэн нэхэмжлэл гаргасан байсан. Эвлэрүүлэн зуучлалаар 2 удаа ороод сүүлийнх дээр нь эвлэрээд гарсан. Баяр ёслолын үе болохоор хүүхдээ аваад явчихдаг. Би Сэлэнгэ аймгийн “Шугам сүлжээнд” жолооч ажилтай байсан. 2014 оны 05 дугаар сарын 01-ний өдөр ороод 2016 оны 02-р сарын 03-нд ажлаасаа гарсан. Хотод очоод хувиараа ажил хийж байсан. Одоогоор хийсэн ажилгүй байгаа. Миний зүгээс гэрлэлтээ цуцлуулахад татгалзах зүйлгүй, хүүхдийн тэтгэлэг төлнө гэх.

 

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж ҮНДЭСЛЭХ нь :

 

Б.Сэлэнгийн нэхэмжлэлтэй Б.Сайнтөрд холбогдох “Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай“ нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Зохигчид нь 2007 онд танилцан гэр бүл болж хамтран амьдарч гэрлэлтээ  2008 оны 10 дугаар сарын 29-ний өдөр бүртгүүлж, 2009 оны 06 дугаар сарын 22-ны өдөр хүү С.Бямбадорж, 2013 оны 08 дугаар сарын 06-ны өдөр охин С.Амин-Эрдэнэ нар төрсөн болох нь 2008 оны 10 дугаар сарын 29-ний өдөр бүртгэсэн №0063321-39 дугаартай “Гэрлэлтийн гэрчилгээ”, хүү С.Бямбадоржийг 2009 оны 06 дугаар сарын 22-ны өдөр төрснийг 2009 оны 06 дугаар сарын 29-ний өдөр №0264679-Г-68 дугаарт, охин С.Амин-Эрдэнийг 2013 оны 08 дугаар сарын 06-нд төрснийг 2013 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр №0000975347-дугаарт тус тус бүртгэсэн “Төрсний гэрчилгээ”-ний хуулбарууд  зэргээр  нотлогдож байгаа болно.   

Зохигчдын хооронд эд хөрөнгийн маргаангүй бөгөөд зохигчид нь 2015 оны 07 дугаар сараас эхлэн тус тусдаа 1 жил гаруй амьдарч, цаашид хамтран амьдрах боломжгүй болсон нь нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан ”... Одоо бид хоёр хамт амьдрах ямар ч боломжгүй тус тусдаа амьдралтай болсон. Хоёр хүүхэддээ анхаарал тавьж, аваад явах чадал энэ хүнд байхгүй. Иймд бидний гэрлэлтйиг цуцалж, хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү” гэх, хариуцагчийн шүүх хуралдаанд гаргасан “...Миний зүгээс гэрлэлтээ цуцлуулахад татгалзах зүйлгүй, хүүхдийн тэтгэлэг төлнө” гэх мэдүүлгүүдээр нотлогдож байна  гэж үзэж байх тул  гэрлэлтийг цуцлах  үндэслэл болно. 

Иймд зохигчдын гэрлэлтийг цуцалж, 2009 оны 06 дугаар сарын 22-ны өдөр төрсөн хүү С.Бямбадорж, 2013 оны 08 дугаар сарын 06-ны өдөр төрсөн охин С.Амин-Эрдэнэ нарыг эх Б.Сэлэнгийн  асрамжинд үлдээж,  Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д зааснаар 2009 оны 06 дугаар сарын 22-ны өдөр төрсөн хүү С.Бямбадорж, 2013 оны 08 дугаар сарын 06-ны өдөр төрсөн охин С.Амин-Эрдэнэ нарыг 11 нас хүртэл нь тухайн орон нтуагт тогтоогдсон амьжиргааны түвшингийн 50 хувиар, 40.1.2-д  зааснаар хүү С.Бямбадорж, охин С.Амин-Эрдэнэ нарыг 11-16 нас (суралцаж байгаа бол 18 нас)-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Б.Сайнтөрөөр тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Зохигчид нь Сэлэнгэ аймаг дахь Иргэний хэргийн эвлэрүүлэн зуучлах хэсгээр орж 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон байна.  

Энэ нэхэмжлэлийн үнийн дүн нь Б.Сайнтөрөөс хүү С.Бямбадорж, охин С.Амин-Эрдэнэ нарт төлөх тэтгэлэгийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тодорхойлогдох тул (/164.300:2х2х12=1.971.600төгрөг) улсын тэмдэгтийн хураамжинд 46.495 төгрөг гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулах нь зүйтэй. 

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн115 дугаа зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасны удирдлага болгох ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.3-т зааснаар Б.Сайнтөр, Б.Сэлэнгэ нарын гэрлэлтийг цуцалсугай.

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2009 оны 06 дугаар сарын 22-ны өдөр төрсөн хүү С.Бямбадорж, 2013 оны 08 дугаар сарын 06-ны өдөр төрсөн охин С.Амин-Эрдэнэ нарыг  эх Б.Сэлэнгийн асрамжинд үлдээсүгэй. 

3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д зааснаар 2009 оны 06 дугаар сарын 22-ны өдөр төрсөн хүү С.Бямбадорж, 2013 оны 08 дугаар сарын 06-ны өдөр төрсөн охин С.Амин-Эрдэнэ нарыг 11 нас хүртэл нь орон нутагт тогтоогдсон амьжиргааны түвшингийн 50 хувиар, 40.1.2-т зааснаар хүү С.Бямбадорж, охин С.Амин-Эрдэнэ нарыг 11-16 нас (суралцаж байгаа бол 18 нас)-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Б.Сайнтөрөөр тэжээн тэтгүүлсүгэй.

4. Зохигчдын хооронд эд хөрөнгийн маргаангүй болорхыг дурьдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөг,  орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай. 

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар Б.Сайнтөрөөс 46.495 төгрөг гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулсугай.

7.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-т зааснаар зохигчдын гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслах Д.Ариунтуяад даалгасугай. 

8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц  хүчинтэй болохыг дурьдсугай.

9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн  119.4-д зааснаар  шүүх  хуралдаанд  оролцсон тал  энэ  хуулийн 119.3-т заасан   хугацаа  өнгөрснөөс  хойш 14  хоногийн  дотор  шүүхэд  хүрэлцэн ирж шийдвэрийг  өөрөө  гардан  авахыг анхааруулсугай.

10.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурьдсугай. 

11.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл, 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах  шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Л.СОЁЛМАА