Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 74

 

 

 

 

 

 

 

 

    2019          01         17                                      74

                                                    

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж,

 

нарийн бичгийн дарга: Б.Баттулга, 

улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Дамбадаржаа,

хохирогч: Б.М,

шүүгдэгч: Б.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Гд холбогдох эрүүгийн 1805 0481 90958 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1964 оны 6 дугаар сарын 16-ны өдөр Архангай аймгийн Чулуут суманд төрсөн, 55 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт оршин суух,

Дархан-Уул аймгийн Сум дундын шүүхийн 2002 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 336 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 264 дүгээр зүйлийн 264.2-т зааснаар 2 жил, 1987 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 39 дүгээр зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн 127 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2000 оны Өршөөлийн тухай хуулийн хоёрдугаарт зааснаар Эрүүгийн хуулийн 264 дүгээр зүйлийн 264.2-т зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялаас өршөөн хэлтрүүлж, 1987 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 40 дүгээр зүйлд заасныг журамлан Эрүүгийн хуулийн 127 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жилийн хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Г.

 

Шүүгдэгч Б.Г нь 2018 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Имэкс” компанийн гадна иргэн Б.Мтэй маргалдаж, улмаар хүч хэрэглэн халдаж, толгойн тус газарт нь чулуугаар цохиж, биед нь баруун зулайн хуйханд шарх, зүүн зулай, хамрын баруун самсаа, дээд уруулын баруун хэсэгт зулгаралт бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулан, хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд дурдсанаар)

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-Б.Г мэдүүлэхдээ:

Би шинжээчийн дүгнэлтэнд дурдсан гэмтлийг хохирогчид учруулсан болохоо хүлээн зөвшөөрч байна. Би түүний толгой руу 1 удаа цохисон нь үнэн. Хохирлыг төлж барагдуулна гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч-Б.М мэдүүлэхдээ:

Би 2018 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр гадаа талбайд ажил хийж байтал Г ажил дээр согтуу ирсэн байсан. Мөн өмнө нь ажил дээр олон удаа архи ууж, зөрчил гаргаж байсан. Тэр эрүүл үедээ ч хүмүүстэй таарамжгүй харилцаатай байдаг тул согтуудаа хүмүүсийг ажил хийлгэхгүй байх гэж бодоод “чи архи уусан байна, гэртээ харьж амар” гэж хэлэхэд “чамайг ална” гээд газраас чулуу хайгаад байсан. Би түүний үйлдлийг зогсоохын тулд араас нь тэвэрсэн. Энэ үед Г над руу агсамнаж, нүд, ам руу хуруугаа хийж, газраас чулуу авч толгой руу цохиж, толгой хагалсан. Энэ үед манай эхнэр ирж салгасан. Би тухайн үед толгойдоо оёдол тавиулж, бариа хийлгэсэн. Одоо надад зовиур байхгүй байна. Хавтаст хэрэгт цугларсан баримтын хүрээнд 149 140 төгрөг нэхэмжилж байна гэв.

 

Мөрдөн байцаалтад гэрч-Ч.Баярмаа мэдүүлэхдээ:

2018 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр 12 цагийн үед нөхөр Б.Мийн хамт Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Нарны гүүрийн урд байрлах “Имекс” ХХК буюу ажил дээрээ ирсэн. Тэгээд манай гадна талбайг засах хүмүүс ирээд Энхтөртэй уулзаад зогсож байсан. Тэгэхэд Б.Г цаанаас согтуу ирэхээр нь “та согтуу байгаа юм байна шүү дээ, ажил дээрээ ирээгүй байсан юм уу” гэсэн. М “чи эрүүл дээрээ хүмүүстэй маргалдаад байдаг, согтуудаа хүнтэй таарахгүй, гэртээ харьж амар” гэхэд “битгий хуц, чи юу юм” гээд Мтэй хэрэлдээд байсан. Тэгэхэд М ойртоод “чи юу гээд байгаа юм” гэхэд Г газраас чулуу хайж, чулуу аваад М рүү дайрахаар нь би дундуур нь орж чулууг нь авах гэтэл миний дээгүүр Мийн толгой руу хэд хэдэн удаа цохиод авсан. Тэгэхэд Мийн толгойноос цус гараад хэсэг зууралдаж байгаад арай гэж салсан. Тэгээд би Гг яв, гэртээ харь гэхэд цаашаа алхаад явсан. Тэгэхэд зам дээр найз нь машинтайгаа зогсож байгаад суугаад хөдлөөд явсан. Г тухайн үед нилээн согтуу харагдсан. Амнаас нь архи үнэртэж байсан. Тухайн үед бид гурав л байсан. Зодоон эхлэхээс өмнө Энхтөр цаашаа алхаад явсан гэжээ. (хэргийн 10-11 дүгээр хуудас)

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 11348 тоот дүгнэлтэд:

1. Б.Мийн биед баруун зулайн хуйханд шарх, зүүн зулай, хамрын баруун самсаа, дээд уруулын баруун хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.  

2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөхгүй гэжээ. (хэргийн 16 дугаар хуудас)

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд:

Б.Г нь Дархан-Уул аймгийн Сум дундын шүүхийн 2002 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 336 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 264 дүгээр зүйлийн 264.2-т зааснаар 2 жил, 1987 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 39 дүгээр зүйлийг  журамлан Эрүүгийн хуулийн 127 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2000 оны Өршөөлийн тухай хуулийн хоёрдугаарт зааснаар Эрүүгийн хуулийн 264 дүгээр зүйлийн 264.2-т зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялаас өршөөн хэлтрүүлж, Эрүүгийн 1987 оны шинэчлэн найруулсан хуулийн ерөнхий ангийн 40 дүгээр зүйлд заасныг журамлан Эрүүгийн хуулийн 127 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жилийн хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан гэжээ. (хэргийн 48 дугаар хуудас)

 

                                                ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

 

Шүүгдэгч Б.Г нь 2018 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Имэкс” компанийн гадна талбайд хохирогч Б.Мтэй маргалдан улмаар толгойн тус газарт нь чулуугаар цохиж, биед нь баруун зулайн хуйханд шарх, зүүн зулай, хамрын баруун самсаа, дээд уруулын баруун хэсэгт зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Б.М, гэрч Ч.Баярмаа нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 11348 тоот дүгнэлт, гэрэл зураг зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.

 

Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотлосон, мөрдөн байцаалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй болно.

 

Иймд Б.Гг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

 

Хохирогч Б.Мийн эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирлыг эмчлэхэд 149 140 төгрөгийн эмчилгээний зардал гарсан нь нотлох баримтаар тогтоогдож байх ба шүүгдэгч 149 140 төгрөг төлөхөө илэрхийлж байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, Б.Г өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд оролцсон болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

           

1. Шүүгдэгч Гг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Гг 300 /гурван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Б.Г нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг анхааруулсугай.

 

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Б.Г цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар Б.Ггээс 149 140 төгрөг гаргуулж, хохирогч Б.Мт олгосугай.

 

6. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т  зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,

улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Гд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Л.ОЮУН