Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2023/01100

 

С- ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг, даргалж, шүүгч Д.Золзаяа, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 183/ШШ2023/00922 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч С- ХХК-ийн хариуцагч М- ХХК-д холбогдуулан гаргасан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 103,395,200 төгрөг гаргуулах тухай маргаантай хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч А.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Минжээ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: С- ХХК нь хариуцагч М- ХХК-тай 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдөр замын ажил гүйцэтгэх гэрээг байгуулан хамтран ажилласан. Тус ажлыг 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр авто замын ажил хүлээлцэх акт үйлдэж, нэхэмжлэгч тал гэрээт ажлыг 100 хувийн гүйцэтгэлтэйгээр дуусгасан. 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн талуудын тооцоо нийлсэн актаар хариуцагч М- ХХК-аас 103,395,200 төгрөгийн ажлын гүйцэтгэлийн авлагатай болсон. Гэрээний дагуу ажлыг хүлээлгэн өгч, талууд тооцоо нийлж баталгаажуулсан атал хариуцагч компанийн зүгээс төлбөрийг төлнө гэдгээ илэрхийлдэг боловч ямар ч арга хэмжээ авахгүй өнөөдрийг хүрсэн. Иймд М- ХХК-аас 103,395,200 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2.Хариуцагч тал анхан шатны шүүхэд тайлбар гаргаагүй байна.

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт хариуцагч М- ХХК-аас 103,395,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С- ХХК-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 674,926 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагч М- ХХК-аас 674,926 төгрөг гаргуулан С- ХХК-д олгуулахаар шийдвэрлэжээ.

4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Миний бие тус хэрэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцохоор 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдөр буюу шүүх хурал болдог өдөр итгэмжлэл авсан. Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч ийнхүү давж заалдах гомдол гаргаж байна. Анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гаргасан мөн хэргийн талаар зөв үнэлэлт дүгнэлт өгөөгүй гэж үзэж байна. Учир нь хэрэгт урьд оролцож байсан төлөөлөгч ажлаас чөлөөлөгдсөн тул цаашид уг хэрэгт миний бие оролцохоор болж шүүх хуралдаан болох өдөр итгэмжлэл авсан. Би уг хэргийн талаар мэдэхгүй тул хэргийн материалтай танилцахаар хүсэлт гаргасан. Гэвч шүүхээс уг хүсэлтийг хүлээн авалгүй 30 минутад танилц хэмээн 30 минут завсарлаад шүүх хурлыг үргэлжлүүлсэн. Энэ хугацаанд би бүрэн танилцаж амжаагүй. Мөн хэрэгт оролцохоор болсон өмгөөлөгч эрүүл мэндийн шалтгааны улмаас цаашид оролцох боломжүй болсон тул өөр өмгөөлөгч авах болсон тухай хэлж мөн хүсэлтээ гаргасан ч хүлээн аваагүй. Өмгөөлөгчийн акт хэрэгт байгаа болно. Дээрх үндэслэлээр шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хариуцагчийн эрхийг ноцтой зөрчсөн билээ.

4.а.Ажил гүйцэтгэх гэрээний 3.1.4-т Авто замын барилгын ажлыг улсын комисс хүлээн авч, төсөл эзэмшигчээс гүйцэтгэлийн төлбөр орж ирсэн өдөр гэрээний үлдэгдэл 10 хувийн төлбөрийг гүйцэтгэж төлөхөөр заасан. Хариуцагчийн зүгээс төсөл эзэмшигчээс төлбөр орж ирээгүй талаарх нотлох баримт болох дансны хуулгыг гарган өгсөн. Мөн төсөл эзэмшигчээс мөнгө орж ирээгүй талаар ирүүлсэн и-мэйлд үзлэг хийлгэх хүсэлтийг гаргаж байсан боловч мөн хангаагүй. Анхан шатны шүүх энэ мэт нотлох баримтуудыг үнэлээгүй, хэрэгт ач холбогдолтой хүсэлтийг мөн хангаагүй. Мөн гэрээний 2.1-т Ажил гүйцэтгэх хугацаа: хуанлийн 45 хоног гэж заасан байдаг. Гэвч гүйцэтгэгч ажил гүйцэтгэх хугацаанаас 108 хоногоор хэтэрсэн бөгөөд биет байдлын доголдолтой чанарын шаардлага хангахгүйгээр ажлыг гүйцэтгэсэн. Манай байгууллагын зүгээс уг доголдол болон гэрээний хугацааг хэтэрсэн асуудлаар удаа дараа утсаар мэдэгдэж, мөн засварлаагүйн улмаас 2022 04 дүгээр сарын 22-ны өдрийн 142/22 тоот албан бичгээр мэдэгдэж байсан. Иймээс гэрээний 6.1-т зааснаар нийт гэрээний үнийн дүнгийн 20%-ийн торгууль буюу 118,000,000 төгрөг мөн нийт 108 хоног хойшлуулсан төлбөр зэргийг гаргуулах хүсэлтэй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

5.Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн төлөөлөгчийн тайлбарын агуулга: Хариуцагч талаас шүүх хуралдааныг 6 удаа хойшлуулсан. Мөн хариуцагч хуульд заасан 14 хоногийн хугацаанд хариу тайлбар ирүүлээгүй. Нэхэмжлэгч тал ажлаа хийж гүйцэтгэн, акт үйлдэн хүлээлгэн өгсөн гэжээ.

ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад түүний гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

2.Нэхэмжлэгч С- ХХК нь хариуцагч М- ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 103,395,200 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

4.Зохигчид 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдөр замын ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч С- ХХК нь Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 10-р хороо, Буянт-Ухаа дахь, онцгой байдлын байгууллагад агаарын хөлөг байрлуулах ангар, дагалдах барилга байгууламжийг барих ажлыг гүйцэтгэхэд газар шорооны ажил болон асфальтбетон хучилтын ажлыг төсвийн дагуу, холбогдох хууль тогтоомж, дүрэм, журам нормд заасан бусад стандарт, нөхцөлүүдэд нийцүүлэн хуанлийн 45 хоногийн хугацаанд хийж гүйцэтгэх, хариуцагч М- ХХК нь ажлыг хүлээн авч хөлс төлөхөөр харилцан тохиролцсон болох нь талуудын тайлбар, замын ажил гүйцэтгэх гэрээ зэргээр тогтоогджээ. /хх-ийн 6-12-р тал/

4.а.Анхан шатны шүүх талуудын байгуулсан гэрээг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ гэж дүгнэсэн нь үндэслэлтэй. Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг.

4.б.Нэхэмжлэгч С- ХХК нь гэрээнд заасан ажлыг гүйцэтгэн, 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хариуцагч М- ХХК-д хүлээлгэн өгсөн болох нь авто замын ажил хүлээлцэх актаар тогтоогдсон байх тул нэхэмжлэгч нь дээрх хуульд зааснаар хариуцагч М- ХХК-аас гүйцэтгэсэн ажлын хөлсийг шаардах эрхтэй. /хх-ийн 13-р тал/

4.в.Гэрээний талууд тооцоо нийлж, 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн төлбөрийн үлдэгдлийг баталгаажуулахад хариуцагч М- ХХК нь нэхэмжлэгч С- ХХК-д 103,395,200 төгрөгийн өртэй гарсныг харилцан баталж, бичгийн баримт үйлджээ. /хх-ийн 14-р тал/

4.г.Хариуцагч Мета менемент ХХК нь дээрх төлбөрийг төлсөн гэх байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй. Иймд хариуцагч М- ХХК-аас 103,395,200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч С- ХХК-д олгуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасанд нийцсэн байна.

5.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо нэхэмжлэгч С- ХХК нь гэрээний хугацааг хэтрүүлсэн бөгөөд гүйцэтгэсэн ажил нь чанарын шаардлага хангаагүй, мөн хэргийн материалтай танилцах эрхийг эдлүүлээгүй буюу хариуцагчийн эрхийг ноцтой зөрчсөн гэжээ.

5.а.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар зохигч шаардлага, татгалзлын үндэслэлээ баримтаар нотлох үүрэгтэй. Хариуцагчийн хувьд гомдолд дурдсан үндэслэлийг баримтаар нотлоогүйгээс гадна хариуцагчийн татгалзал нь хэрэгт авагдсан автозамын ажил хүлээлцэх акт, тооцооны үлдэгдлийн баталгаа зэрэг баримтаар няцаагдсан гэж үзэх үндэслэлтэй.

5.б.Хариуцагчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчсөн гэх гомдлын тухайд анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлд 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдөр иргэний хэрэг үүсгэж, зохигчдод хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх, үүргийг танилцуулан, хэргийг 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдөр шийдвэрлэсэн байна. /хх-ийн 15-р тал/. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт Хуулиар өөр хугацаа тогтоогоогүй бол хэрэг үүсгэсэн өдрөөс хойш 60 хоногийн ... дотор хэргийг шийдвэрлэнэ гэж заасан.

5.в.Зохигч дээрх хуульд заасан хугацаанд эрх, үүргээ хэрэгжүүлэх учиртай бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжилсэн 7 сар гаруй хугацаанд хариуцагч талын өмгөөлүүлэх, хэргийн материалтай танилцах, шүүх хуралдаанд оролцох эрхийг хангаж шүүх хуралдаан удаа дараа хойшилсон үйл баримт тогтоогдсон, мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хэргийн материалтай танилцсан талаарх баримт хэргийн 97 дугаар талд авагдсан байна.

6.Иймд анхан шатны шүүх хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах боломжгүй.

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 183/ШШ2023/00922 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 675,000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АЛТАНЦЭЦЭГ

ШҮҮГЧИД Д.ЗОЛЗАЯА

Г.ДАВААДОРЖ