Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 108

 

 

 

 

 

 

 

 

    2019         01          31                                      108

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж,

 

нарийн бичгийн дарга: Б.Мөнхтулга,

улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Батсайхан,

шүүгдэгч: Б.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Эд холбогдох эрүүгийн 1705 0178 31255 тоот дугаартай хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, 1990 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт оршин суух,

Хан-Уул дүүргийн шүүхийн 2008 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 203 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйлийн 155.1-д зааснаар 3 сарын баривчлах ялаар,

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 1076 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2, 261 дүгээр зүйлийн 261.2-д зааснаар 6 жил 01 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгчийн 324 дугаартай захирамжаар эдлээгүй үлдсэн хорих ялаас чөлөөлсөн, регистрийн дугаар Э.

             Шүүгдэгч Б.Э нь 2017 оны 11 дүгээр сард Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Гт “...Бүгд Найрамдах Солонгос улсын виз гаргаж өгнө, хар дарагдсаныг устгаж өгнө” гэж бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж нийт 780 000 төгрөгийг дансаар болон бэлнээр,

              Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2017 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хооронд иргэн З.Вийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон удаа дараагийн үйлдлээр дансаар болон бэлнээр нийт 3 040 000 төгрөгийг залилан авсан гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд дурдсанаар)

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-Б.Э мэдүүлэхдээ:

Хохирогч Гтой 2017 оны 11 дүгээр сард танилцсан. Гоос нийтдээ 780 000 төгрөг авсан. Тухайн үед хорихоос гарч ирээд удаагүй байсан тул ээж дээрээ очих гэхээр унааны зардал хэрэгтэй байсан юм. Тэгээд худал хэлж мөнгө авсан. Авсан мөнгөө өөрийн биеэр, барилгын шилэн фасадын ажил хийж байгаад төлж барагдуулсан.

Хохирогч Вийн хувьд түүний нөхөр болох Саруултай би найз байсан юм. Манай найз, эхнэртэйгээ интернет кафе ажиллуулдаг байсан тул би найзуудтайгаа очиж, цай уухдаа эхнэртэй нь танилцаж, 2017 оны 01 дүгээр сараас хойш таньдаг болсон. Хохирогч Вээс мөнгө авахдаа “Тоёото приус-20 маркийн авто машины крыло, гуперыг засуулна, мөнгө хэрэгтэй” гэж авсан. Энэ авсан 3 040 000 төгрөгөөс 700 000 төгрөгийг нь машин янзлуулахад зарцуулаад, үлдсэн мөнгийг нь найзууддаа сайн хүн болж харагдах гээд үрсэн. Би энэ зун найзтайгаа хамт ажил хийж. Авсан цалингаараа Вийн хохирлыг төлж барагдуулсан. Өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, гэмшиж байна. Надад өөр ямар нэгэн үйлдсэн гэмт хэрэг байхгүй. Прокурорын оногдуулж байгаа ялыг хүлээн зөвшөөрч байна гэв.

 

Мөрдөн байцаалтад хохирогч-Г мэдүүлэхдээ:

2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 20 цагийн орчим өөрийн эзэмшлийн Т.Приус 20 маркийн, 64-75 УНИ улсын дугаартай автомашинаараа халтуур хийж байгаад Хан-Уул дүүргийн ар талын зам дээрээс нэг залууг аваад Драгон ороод тухайн залуу Өвөрхангай чиглэлийн автобуснаас хайрцагтай мах аваад Зайсан руу явсан. Бид хоёр ярилцахдаа “дүү нь Солонгос улсын элчинд ажилладаг, виз хэрэгтэй бол хэлээрэй” гээд бид хоёр бие биедээ утасны дугаараа өгсөн. Тэгээд Зайсангийн удирдлагын академийн урд байрлах орон сууцны урд ирээд тэр залуу буусан. Тэгээд маргааш өглөө нь над руу залгаад “таны визний хар дарагдсаныг арилгуулаад өгье, над руу 45 000 төгрөг шилжүүлээд өг” гэхээр нь 5001653191 дугаарын данс руу 44 000 төгрөгийг шилжүүлсэний дараа залгаад “таны визний хар дарагдсаныг устгуулчихлаа” гэж хэлсэн. Тэгээд удалгүй залгаад “дүү нь нийгмийн даатгалыг чинь зохицуулаад өгье, дэвтрээ аваад хүрээд ир” гэхээр нь дэвтрээ аваачиж өгсөн. Тэгээд хэд хоногийн дараа залгаад “визийг чинь хөөцөлдөж байна” гэж хэлээд 140 000 төгрөг шилжүүлчих гэсэн. Ингэж визийг чинь зохицуулж байна, тийм мөнгө шилжүүлчих гэсээр нийт 780 000 төгрөгийг өгсөн. Тэгээд сүүлдээ утсаа авахаа болиод холбогдохоо байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан юм. Тэр залуу надад 95010736 гэсэн дугаар өгсөн. Өөрийгөө Э гэдэг, Солонгос улсын элчинд ажилладаг гэсэн. Би мөнгө өгөхөөсөө өмнө Солонгосын элчин дээр очоод Э байна уу, дуудаад өг гэхэд харуул нь “өө Төвшөө юу, одоо ажилтай байна, ер нь байгаа” гэхээр нь би итгэчихсэн юм. Өөрийгөө Өвөрхангай аймгийнх гэж байсан. Анх таксинд суухдаа Өвөрхангайн автобуснаас мах тосож авч байсан юм. Би гэрийг нь мэдэхгүй, очсон байрыг нь л мэднэ. Би гомдолтой байна, хууль бус юм хийлгэсэн нь миний буруу, би ярианд нь итгэчихсэн. Найзынхаа 5009642364 дансанд 140 000 төгрөг хийлгэж авсан. Найзынх нь нэр Чинзориг гэсэн. Чинзоригийн данс байгаа, энэ рүү шилжүүлчих гээд өөрөө надад хэлсэн.

Миний бие Г нь хохирлын мөнгө болох 780 000 төгрөгийг бүрэн хүлээн авлаа. Цаашид ямар нэгэн гомдол саналгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй гэжээ. (хэргийн 10, 52, 54 дүгээр хуудас)

 

Мөрдөн байцаалтад хохирогч-З.В мэдүүлэхдээ:

Би анх Бат-Өлзийгийн комьпютер тоглоомын газар болох Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг газар 2017 оны 11 дүгээр сараас эхлэн ажиллаж эхэлсэн юм. Намайг ажиллаж байх хугацаанд Э гээд залуу байнга орж ирж тоглодог учраас бие биенээ таньдаг болсон.

2017 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Э утсаар яриад ветнам засварын газраас машинаа авах гэсэн чинь мөнгө дутчихлаа 170 000 төгрөг түр зээлээч гэхээр нь би хурдан өгөөрэй гэж хэлээд Эгийн 5001653191 дугаарын данс руу 5022466356 дугаарын данснаас 2017 оны 12 дугаар сарын 16-ны өдөр шилжүүлсэн.

Маргааш нь дахиад мөнгөний хэрэг болоод байна гээд гуйгаад байхаар нь 2017 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 115 000 төгрөг хэрэгтэй байна гэхээр нь би данс руу нь шилжүүлж өгсөн. Ингээд маргааш нь Э рүү мөнгөө нэхэж залгасан чинь машин зарагдаагүй байна, удаахгүй мөнгөө өгнө гэж хэлсэн.

Үүний дараа 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр манай эгч тооцоо шахсан чинь 120 000 төгрөг дутаад байна, над руу яаралтай шилжүүлээд өгөөч удаахгүй мөнгийг эргүүлээд өгнө гэхээр нь Эгийн Хаан банкны данс руу 120 000 төгрөг шилжүүлсэн. Энэ мөнгөө нэхэхээр удахгүй мөнгө орж ирэхээр өгнө гэж хэлсэн.

2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр баяр болох гээд байна, мөнгөний хэрэг болоод байна гэхээр нь 60 000 төгрөг шилжүүлсэн.

Мөн үүнээс гадна 2017 оны 12 дугаар сарын эхээр байх. Надад хямдхан I Phone 6 гар утас олж өгнө гэж хэлээд 200 000 төгрөг бэлнээр авсан. Энэ мөнгийг өгөхдөө ямар нэгэн баримт үйлдээгүй. Э надад хэлэхдээ эгч нь урдаас утас өгч явуулна гэж хэлж байсан.

2018 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр залгаад Дарханы хүнд машин зарсан чинь мөнгийг нь өгөхгүй байна. Би араас нь очиж мөнгөө авах гэж байна. Бензиний мөнгө шилжүүлээд өгөөч гэхээр нь 85 000 төгрөг шилжүүлсэн. Дархан явна гэсэн оройдоо над руу залгаад манай эгч чам руу залгахаар нь найз охин гэж хэлээрэй гэсэн. Ингээд нэг эмэгтэй над руу залгаад Эгийн эгч нь байна. Чамаас манай дүү мөнгө зээлсэн гэсэн. Чи харин сургалтын төлбөр төлөх гээд мөнгөө нэхсэн юм уу гэхээр нь мөнгө зээлсэн, сургалтын төлбөр нэхэгдээд байна гэсэн. Одоо би дүүтэйгээ Дархан явж байна. Хүнээс машин зарсан мөнгөө авчихаад эргүүлээд өгнө гэж хэлсэн.

2018 оны 01 дүгээр сарын 08-ны орой Дархан явж байгаад замдаа Сэлэнгэ аймгийн Хөтөл суманд цагдаад баригдчихлаа, жолооны үнэмлэх байхгүй учраас хоригдох гээд байна. Хахуульд өгөх хэрэгтэй 300 000 төгрөг хэрэгтэй гэхээр нь мөн шилжүүлсэн.

2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн өглөө эгч нь дахиж залгаад 500 000 төгрөг нэмж өгөх хэрэгтэй болчихлоо. Эгчдээ зээлчих гэж хэлэхээр нь Эд итгээд энэ мөнгийг шилжүүлсэн. Энэ өдрийнхөө орой цагдаа нараа хоолонд оруулаад буцах бензиний мөнгө хэрэгтэй байна гэхээр нь дахиад 300 000 төгрөг шилжүүлсэн.

2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр над руу Э залгаад яаралтай мөнгөний хэрэг гараад байна гэхээр нь 70 000 төгрөг шилжүүлсэн.

2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр унаж явсан машинаа барьцаанд тавих гэсэн чинь Нэмэгдсэн өртөгийн албан татварын мөнгө 200 000 төгрөг хэрэг болоод байна гэхээр нь Эгийн данс руу нь шилжүүлсэн. Энэ мөнгийг өгөх юм бол чиний данс руу буцаад орчихно гэж байсан. Мөн энэ өдрөө дахиж залгаад чамаас зээлсэн мөнгө дутчихлаа 70 000 төгрөг хэрэгтэй байна гэхээр нь мөнгийг дахиад шилжүүлсэн.

2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Э над руу залгаад хөдөө явах гэсэн чинь мөнгөний хэрэг гараад байна гэхээр нь 50 000 төгрөг шилжүүлсэн. Энэ мөнгийг хөдөө явж ирчихээд өгнө гээд байсан.

Мөн Э нь 2017 оны 11 дүгээр сараас 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хооронд надаас бэлнээр 800 000 төгрөг цувуулаад авсан. Энэ мөнгийг өгөхдөө ямар нэгэн баримт үйлдээгүй. Тухайн үед Э нь Да хүрээ зах дээр машин зарж борлуулдаг, машин янзлуулахаар ветнам засвар өгнө гэж хэлээд авдаг байсан. Эгийн ах нь Япон улсаас машин оруулж ирдэг, ахынхаа оруулж ирсэн машиныг Монголд зарж борлуулдаг гэж хэлдэг байсан. Энэ байдлаар машины засвар үйлчилгээнд хэрэгтэй байна гэж хэлээд дансаар болон бэлнээр 3 040 000 төгрөг шилжүүлэн авсан. Би одоо Э гэх хүнээс 3 040 000 төгрөгөө нэхэмжилж байна.

...миний бие хохирол төлбөрөө  бүрэн барагдуулж авсан тул гомдол саналгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ. (хэргийн 87-89, 172 дугаар хуудас)

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд:

Хан-Уул дүүргийн шүүхийн 2008 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 203 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйлийн 155.1-д зааснаар 3 сарын баривчлах ялаар,

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 1076 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2, 261 дүгээр зүйлийн 261.2-д зааснаар 6 жил 01 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгчийн 324 дугаартай захирамжаар эдлээгүй үлдсэн хорих ялаас чөлөөлсөн гэжээ. (хэргийн 24 дүгээр хуудас)

   

ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

 

Шүүгдэгч Б.Э нь 2017 оны 11 дүгээр сард Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Гт “...Бүгд Найрамдах Солонгос улсын виз гаргаж өгнө, хар дарагдсаныг устгаж өгнө” гэж хуурч, 780 000 төгрөгийг дансаар болон бэлнээр,  

мөн Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2017 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хооронд хохирогч З.Вийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон удаа дараагийн үйлдлээр дансаар болон бэлнээр нийт 3 040 000 төгрөгийг авч, залилах гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Г, З.В нарын мэдүүлэг, депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг нотлох баримтаар нотлогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.

 

Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотлосон, мөрдөн байцаалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй болно.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Эгийн гэмт  үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй тул шүүгдэгчийг бусдыг хуурч, залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй. 

 

Хохирогч Г нь “хохирлын мөнгө болох 780 000 төгрөгийг бүрэн хүлээн авлаа. Цаашид ямар нэгэн гомдол саналгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй” гэж,

Хохирогч З.В нь “...миний бие хохирол төлбөрөө  бүрэн барагдуулж авсан тул гомдол саналгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэж мэдүүлж байх тул шүүгдэгчийг хохирогч нарт төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, прокурорын сонсгосон ял болон түүнийг 350 цаг нийтэд тустай ажил хийлгэх эрүүгийн хариуцлагын саналыг сайн дураар зөвшөөрч байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, Б.Э өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд оролцсон болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Эг бусдыг хуурч, залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Эг 350 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар Б.Э нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

                                             

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Л.ОЮУН