Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 14

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхтулга даргалж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лханаасүрэн

Улсын яллагч Ц.Сайнхүү

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Энхзаяа

Хохирогч Д.Н, Д.Нд

Гэрч Ш.Г, Б.Ш, П.О

Шүүгдэгч Ц.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

 Говь-Алтай аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч прокурор Ц.Сайнхүүгийн Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч Ц.Б-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201507000099 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Т овогт Ц Б.

Шүүгдэгч Ц.Б-ы 2015 оны 05 дугаар сарын 18-19-нд шилжих шөнө Говь-Алтай аймгийн Т сумын Х багийн 00 тоотод  байрлах иргэн Д.Н-н өмчлөлийн монгол гэрийн цоожыг нь эвдлэн орж эмээлийн мөнгөн дараа 4 ширхэг, эмээлийн мөнгөн баавар 2 ширхэгийг хулгайлж хохирогч Д.Н-т 1.480.000 төгрөгийн, мөн хажуу гэр болох иргэн Д.Нд-н өмчлөлийн монгол гэрээс 200.000 төгрөг, мөнгөн аяга 1 ширхэг, 2 ширхэг монетон бөгж, тасарсан монетин гинж, зүрхэн хэлбэртэй кулоны хамт, тэмээний ноосон хөнжил зэргийг хулгайлж 890.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан үйлдлийг Говь-Алтай аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч прокурор Ц.Сайнхүү Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан “Хүн байнга амьдрах зориулалт бүхий орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах” гэмт хэрэгт хамааруулан зүйлчилж ирүүлжээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ц.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Хэрэг болдог өдөр би гэртээ байж байтал сумын Тамгын газрын ажилчид Улаан-Үдэ Эрхүүгийн чиглэлд аялаад ирсэн байсан. Тамгын газрын нярав Д нь намайг буудалд хүрээд ирээч гээд дуудсан. Намайг тэнд очиход аялалд явсан хүмүүс ирсэн байсан. Тэндээ архи, чихэр зэргийг задлаж аялалд явсан талаараа ярьж сууж байгаад үдээс хойш нь гарч Ц-д орсон. Тэнд  Тамгын газрын аялалд явсан хүмүүс байсан. Тэнд аяласан тухайгаа ярьж сууж байгаад Ба нь би согтсон байна. Танайд хононо гээд бид хоёр манайд хамт хоносон. Өглөө 9 цаг болоод Ба нь би ажилтай гээд гараад явсан. Өдөр нь хэсгийн төлөөлөгч хэдэн цагдаатай орж ирээд уулзах хэрэг байна гээд буудлын өрөөнд дагуулж очоод байцаалт, хурууны хээ зэргийг  авсан. Тэр үед нь цагдаа нар эхнэрийг байж байхад нь гэрт нэгжлэг хийсэн байсан. Үдээс хойш цагдаа нь намайг та явж бай дуудсан цагт цагдаа дээр бэлэн байгаарай гэж хэлээд явуулсан. Дараа нь ахмад А дуудаад таны хурууны хээ таараагүй хэргийг хэрэгсэхгүй болгосон гэж хэлсэн. Харин энэ намар ийм эмээлийн дараа /даруулга/ байна таны дараа юу? гэж асуухад нь тийм ээ манай хадам аавын дараа /даруулга/  байгаа юм. Мөнгөний хэрэг гарахаар нь Г багийн Засаг дарга О гэдэг залууд зарсан. Манай хадам аавын дараа /даруулга/ шүү. Би буцааж авна мөнгөний хэрэг гараад байна гээд өгсөн... 2015 оны намар хэдэн сар гэдгийг нь сайн санахгүй байна. Мал эмнэлгийн бичиг баримт тушаах гээд аймаг дээр ирсэн юм. Миний хавтсанд багтахгүй болохоор нь Г-ын цүнхийг нь гуйж авсан юм. Цүнхэнд байсан юмыг нь суллаж тавиад бичиг баримтаа тушаачихаад  орой хадмынд ирсэн. Орой нь цүнхэнд юмыг нь буцаагаад хийх гэж байтал эмээлийн дараа /даруулга/ гарч ирсэн. Тэгэхээр нь хадам ааваас та үүнийгээ надад өгөөч гэж гуйхад хадам аав чи хөдөө гадаа явдаг хүн байна ав гээд өгч байсан юм ... гэв.

Хохирогч Д.Н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Ааваас өвлөгдөж ирсэн эмээлийн дараа /даруулга/  байгаа. Гэрлэж тусдаа гарахад эмээл бэлдэж өгч байсан. Түүнээс хойш манай гэрт байж байгаад Сүхбаатар аймаг руу ажлаар явсан хойно гэрээс алга болсон байсан. Энэ намар нэг дараа олдлоо ирээд хараадах гэхээр нь ирж харахад миний дараа /даруулга/  мөн байсан ... Миний эмээл байнга ил байдаг байсан. 2015 оны 05 сарын 17-18-нд шилжих шөнө алга болсон. Би яг алга болох үед нь байхгүй байсан... Миний дараа нь 6 талтай, дундуураа дөрвөлжин дөрвөлжин нүхтэй. Хуучны эдлэл нь нэгнийгээ дуурайгаад байдаггүй юм... Ер нь ховор. Бааварын тухайд бол алдсанаасаа хойш бол бүүр их хардаг болсон.  Хийц хээ нь ер нь давтагдаад байдаггүй юм билээ ... Миний энэ дараа нь 6 талтай, цэцгэн хээтэй, цэцэг бүрийн үзүүр дээр жижиг  нүхтэй, хас тэмдэг байхгүй, хар мөнгөн  дараа байгаа ... гэв.

Хохирогч Д.Нд-н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2015 оны 05  сарын  18-19-нд энэ хэрэг үйлдэгдсэн. Би тухайн үед нь жижүүртэй байсан. Тэр шөнө эмнэлэг хүнгүй байсан вакцинд явсан хүмүүс шөнө 2 цагийн үед ирсэн.  Өглөө манай охин хичээлдээ 9 цагийн үед  явах гээд гараад удалгүй ээжээ манайд хулгай орсон байна гээд ирсэн. Би О-ийг дагуулаад цагдаад мэдэгдээд цагдаа ирсэн. Цагдаа ирээд зургийг нь аваад гэрээсээ юу алга болсноо бүртгэ гэхэд  хуучин цагийн хар тагштай мөнгөн аяга,  монетин гинж хоёр бөгж , бэлэн байсан 200.000 төгрөг, хөнжил зэрэг нь байхгүй байсан. Манай ах хөдөөнөөс эхнэртэйгээ хамт ирэх үед эмээлийн дарааг /даруулга/ нь огтлоод авчихсан байсан ... Шөнө Бс бид хоёр эмнэлгээс гараад явж байхад Б-н байшингийн булангаас хүн гараад ирэх шиг болсон. Харанхуй байсан болохоор сайн юм харагдахгүй байсан. Хүмүүс шивнэлдээд юм яриад байх шиг байсан. Намайг явах үед Б-н гэр нь харанхуй байсан. Манай эмнэлгийн ажилчид ирсний дараа бүх өрөө нь гэрэлтэй байсан. Тиймээс би сэжиглэж байна гэж хэлсэн гэв

Гэрч Ш.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Энэ 4 даруулга нь миний юм байгаа юм. 2000 оны эхээр намайг цэргээс ирэх үед аав эмээл засаж өгч байсан. Хөдөө байж байгаад сүүлдээ аймгийн төв орж ирээд эмээл хэрэглэхээ болсон. Сүүлдээ даруулгыг нь авч хадгалсан байсан.   2015 онд би тээвэр хийж явж байгаад нэг удаа гэртээ ирэхэд даруулга алга болчихсон байсан. Алга боллоо гэж хэл ам хийж яваагүй. Би  даруулга алга боллоо гэдэг тал дээр  гэртээ ярьж байгаад чимээгүй болсон. Энэ намар хот руу явсан байхад ийм асуудал болсон талаар надад мэдэгдэж цагдаагаас ирж байцаалт аваад гэрчийн мэдүүлэг авсан... Би бол гэртээ байхаас илүү байхгүй нь их байдаг. Би аавтайгаа байдаг. Намайг байхгүй хойгуур ах, эгч нар хүргэнийх ирж байдаг.  Б ааваас мөнгөний хэрэг гараад мөнгө байна уу? гэхэд аав мөнгө байхгүй. Энэ дарааг аваад мөнгө болгоод ав гээд өгсөн гэж ирээд  сая сонссон... Хээ угалзыг нь хараад л таньж байна. Миний эдэлж байсан зүйл болохоор нүдэнд тусаж байна... Би эмээлээсээ салгаж байгаагүй. Гагнаас гэх зүйл байхгүй. Түүнээс энд тэнд нь гэмтээсэн сэв зэрэг нь байхгүй... Өөрөөсөө цохисон хийцэд тийм  зүйл байгаа болохоос цоолоод гэмтээсэн зүйл бол байхгүй. Хараад нүдэнд баримжаагаар хараад л таньж байна... гэв

Гэрч П.О-ийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Энэ айлд хулгай орсон гэдгийг  мэдэж байгаа. Өөр мэдэх зүйл байхгүй ... 2 хүүхэд нь манайд хоносон  юм. Өглөө хүүхэд нь  хулгай орсон байна гэж хэлсэн гэв.

Гэрч Б.Ш-ийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Б нь манай хүргэн байгаа юм. Би 4 даруулгыг Г өгсөн юм. Гэтэл алга болчихсон хэзээ алга болсон талаар бол мэдэхгүй ... Б-д хэрэглэ гээд өгч байсан юм... миний дараа /даруулга/ дундаа хас тэмдэгтэй...” гэв

1.Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох

Шүүгдэгч Ц.Б-н 2015 оны 05 дугаар сарын 18-19-нд шилжих шөнө Говь-Алтай аймгийн Т сумын Х багийн 00 тоотод байрлах хохирогч  Д.Н-н өмчлөлийн монгол гэрээс эмээлийн мөнгөн дараа 4 ширхэг, эмээлийн мөнгөн баавар 2 ширхэгийг хулгайлж бусдад 1.480.000 төгрөгийн, мөн тоотод байрлах   хохирогч Д.Нд-н өмчлөлийн монгол гэрээс 200.000 төгрөг, мөнгөн аяга 1 ширхэг, 2 ширхэг монетон бөгж, тасарсан монетин гинжийг зүрхэн хэлбэртэй кулоны хамт, тэмээний ноосон хөнжил зэрэг эд зүйл хулгайлж 890.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан үйлдэл нь:

Хохирогч Д.Н-н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн “...Миний эмээл байнга ил байдаг байсан. 2015 оны 05 сарын 18-19-нд шилжих шөнө алга болсон. Би яг алга болох үед нь байхгүй байсан... Миний дараа нь 6 талтай, дундуураа дөрвөлжин дөрвөлжин нүхтэй. Хуучны эдлэл нь нэгнийгээ дуурайгаад байдаггүй юм...” гэсэн мэдүүлэг / шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

Хохирогч Д.Нд-н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн “...2015 оны 05  сарын  18-19-нд шилжих шөнө энэ хэрэг үйлдэгдсэн. Би тухайн үед нь жижүүртэй байсан. Тэр шөнө эмнэлэг хүнгүй байсан вакцинд явсан хүмүүс шөнө 2 цагийн үед ирсэн.  Өглөө манай охин хичээлдээ 9 цагийн үед  явах гээд гараад удалгүй ээжээ манайд хулгай орсон байна гээд ирсэн. Би О-ийг дагуулаад цагдаад мэдэгдээд цагдаа ирсэн. Цагдаа ирээд зургийг нь аваад гэрээсээ юу алга болсноо бүртгэ гэхэд  хуучин цагийн хар тагштай мөнгөн аяга,  монетин гинж, хоёр бөгж , бэлэн байсан 200000 төгрөг, хөнжил зэрэг нь байхгүй байсан. Манай ах хөдөөнөөс эхнэртэйгээ хамт ирэх үед эмээлийн дарааг нь огтлоод авчихсан байсан ... Шөнө Бс бид хоёр эмнэлгээс гараад явж байхад Б-н байшингийн булангаас хүн гараад ирэх шиг болсон. Харанхуй байсан болохоор сайн юм харагдахгүй байсан. Хүмүүс шивнэлдээд юм яриад байх шиг байсан. Намайг явах үед Б-н гэр нь харангуй байсан. Манай эмнэлгийн ажилчид ирсний дараа бүх өрөө нь гэрэлтэй байсан. Тиймээс би сэжиглэж байна гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг / шүүх хуралдааны тэмдэглэлээс/

Гэрч П.О-ийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн “...Энэ айлд хулгай орсон гэдгийг  мэдэж байгаа. Өөр мэдэх зүйл байхгүй ... 2 хүүхэд нь манайд хоносон  юм. Өглөө хүүхэд нь  хулгай орсон байна гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

Гэрч Б.А-ийн мөрдөн байцаалтад өгсөн “... гэртээ очиход амбаарын хаалганы цоож мушгигдсан амбаарын хаалга онгорхой цааш ороход гэрийн хаалга хагас онгойсон байдалтай байхаар нь гэрт яваад орсон чинь хамаг эд хогшил тавилга сав онгичоод хувцас хунарыг нь гаргаад шидсэн. Тэгээд би айгаад хулгай орсон байна гэж мэдээд ээжид очоод хэлээд ээж, О эгч болон хэсгийн төлөөлөгч Од ах нарын хамтаар гэр лүү явсан ба би араас нь 5 минутын дараа очиход Од ах үзлэг хийгээд ул мөр хайгаад байж байсан...” гэсэн мэдүүлэг /1-р ХХ41/

Иргэний нэхэмжлэгч Д.От-н мөрдөн байцаалтад гэрчээр өгсөн “... гэртээ байж байтал Тайшир сумын малын эмч Б гэх хүн ирээд монгол эмээлийн 4 ширхэг мөнгөн дараа /даруулга/ зармаар байна, та аваадахаач гэсэн. Би хэдэн төгрөгөөр зарах юм гэтэл 140.000 / нэг зуун дөчин мянга/ төгрөг гэсэн. Тэгээд би тэр үнэнд Б-аас тус 4 дарааг нь худалдаж авсан... Хуучин цагийн, 6 талтай цэцгэн хэлбэртэй, эдлэгдэж байсан, 3 ширхэг нь суран оосортой, зэс сэнжтэй байсан...” гэсэн мэдүүлэг /1-р ХХ170-171/,

Гэрч Ш.Г-ын мөрдөн байцаалтад өгсөн “...манай аавын 4 ширхэг мөнгөн дараа /даруулга/  байсан юм. Манай аав эмээлдээ хэрэглэж байгаад надад өгсөн юм... 2014-2015 оны үед цаг хугацааг нь нарийн сайн санахгүй байна. Манай эгчийнхийг айл болж тусдаа гарах намар л алга болчихсон юм. Хэн хаанаас авсныг нь мэдэхгүй. Тэгээд дахиж гарч ирээгүй... Манай аав ч гэсэн Б-д бэлэг болгож тухайн дараануудыг өгсөн зүйл байхгүй ээ. Б худлаа ярьж байгаа юм... Би Б-д тэр дараануудыг өгсөн зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /1-р ХХ206-207/

Гэрч Б.Ш-ийн мөрдөн байцаалтад дахин өгсөн “... эмээлийн мөнгөн дарааг би өөрийн хүү Г-д дамжуулж өвлүүлсэн, манай хүү гэрээсээ 2015 оны үед алга болсон гэсэн, дээрх дараануудыг би хүргэн Б-д бэлэглэсэн зүйл байхгүй... надад үзүүлж байгаа энэ 4 дараа минийхтэй төстэй юм, хэлбэр хийц нь ойролцоо юм. Гэхдээ энэ 4 дараа бол арай биш байна...” гэсэн мэдүүлэг /1-р ХХ239/

Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /1-р ХХ169/, таньж олуулах ажиллагаа явуулсан 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р ХХ176-178/, хөрөнгийн үнэлгээчин Р.Цанжидмаагийн 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн шинжээчийн дүгнэлт /1-р ХХ208/, хөрөнгийн үнэлгээчин Р.Цанжидмаагийн 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн шинжээчийн дүгнэлт /1-р ХХ227/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримт зэрэг хавтаст хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий яллах, өмгөөлөх талын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх дүгнэв.

2015 оны Эрүүгийн хууль /шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр үйлчилж эхэлснээс хойш шүүгдэгч Ц.Бд холбогдох хэрэг анхан шатны шүүхэд шилжин ирсэн бөгөөд шинэ Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “ үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэжээ.

 Буцаан хэрэглэгдэх шинжийг агуулж буй илүү хөнгөн хууль гэдэг ойлголтод гэмт хэргийн шинж чанарыг тодорхойлж буй диспозицийн багтаамж, ял шийтгэлийн төрөл, агуулгад орж буй өөрчлөлт төдийгүй хууль тогтоогчийн шийдвэрээр хүний эрх зүйн байдлыг ямарваа хэлбэрээр дээрдүүлж байгаа эрүүгийн хуулийн зохицуулалтад хамаарах бусад хэм хэмжээнүүд мөн адил багтдаг. 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан “орон байранд нэвтэрч хулгайлах” гэмт хэрэг 2015 оны Эрүүгийн хуулийн 17.1 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан “хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр авах” гэмт хэргийн үндсэн шинжид нийцэж байгаа бөгөөд шинэ хуулиар хоёроос найман жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар мөн 2002 оны эрүүгийн хуульд тухайн гэмт хэрэгт хоёроос таван жил хүртэл хугацаагаар хорих ял болон эд хөрөнгийг хураах буюу хураахгүйгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах ялаар шийтгэж болохоор тус тус хуульчилжээ.

Шүүгдэгч Ц.Б-н үйлдсэн гэмт хэрэгт хууль буцаан хэрэглэх шинж, үндэслэл байхгүй 2015 оны Эрүүгийн хуулиар ямар нэгэн байдлаар шүүгдэгчийн эрх зүйн байдал дээрдээгүй, уг гэмт хэрэгт оногдуулах хорих ялын дээд хэмжээ нэмэгдсэн, хүнд гэмт хэргийн ангилалд багтсан байх тул гэмт хэрэг үйлдэгдэх үед хүчин төгөлдөр үйлчилж байсан эрүүгийн хуулийг хэрэглэх зарчмыг баримтлан Говь-Алтай аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч прокурор Ц.Сайнхүүгийн 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201507000099 дугаартай хэргийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэг болгон өөрчилөн зүйлчиллээ.

Иймд шүүгдэгч Ц.Б-г 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан “орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүх хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар бүлэгт заасан үндэслэл журмын дагуу хийгдсэн, уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтуудыг хангалттай цуглуулж тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдохгүй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй гэсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрхээ эдэлж “...2015 оны намар хэдэн сар гэдгийг нь сайн санахгүй байна. Мал эмнэлгийн бичиг баримт тушаах гээд аймаг дээр ирсэн юм. Миний хавтсанд багтахгүй болохоор нь Г-ын цүнхийг нь гуйж авсан юм. Цүнхэнд байсан юмыг нь суллаж тавиад  бичиг баримтаа тушаачихаад орой хадмынд ирсэн. Оройн нь цүнхэнд нь юмыг нь буцаагаад хийх гэж байтал эмээлийн дараа /даруулга/ гарч ирсэн. Тэгэхээр нь хадам ааваас та үүнийгээ надад өгөөч гэж гуйхад хадам аав чи хөдөө гадаа явдаг хүн байна ав гээд өгч байсан юм... Би энэ хэргийг үйлдээгүй учир шүүхээс үнэн зөвөөр нь шийдэж өгөөч гэж хүсэж байна...” гэж мэдүүлж байгаа боловч эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 4 ширхэг дарааны хэлбэр хийц, онцлог шинжийн талаар мэдүүлсэн гэрч Б.Ш-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Хээ энэ адилхан. Хээн дээрээ хас тэмдэгтэй байсан...” гэсэн мэдүүлэг, гэрч Ш.Г-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...: Өөрөөсөө цохисон хийцэд тийм зүйл байгаа болохоос цоолоод гэмтээсэн зүйл бол байхгүй...” гэсэн мэдүүлэг, хохирогч Д.Н-н “...Миний дараа нь 6 талтай, дундуураа дөрвөлжин дөрвөлжин нүхтэй. Хуучны эдлэл нь нэгнийгээ дуурайгаад байдаггүй юм...Цэцэг болгоны үзүүр дээрээ жижиг шигтгээн цоорхой  байдаг...” гэсэн мэдүүлэг, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэргээр  шүүгдэгчийн мэдүүлэг нь няцаагдаж байна.

Гэрч Ш.Г, Б.Ш нар нь шүүгдэгч Ц.Б-тай төрөл садангийн харилцаа хамааралтай, ашиг сонирхлын зөрчилтэй байдлаар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгсөн, мөн тухайн эмээлийн дарааны /даруулга/ хувийн содон шинж тэмдгийг зөрүүтэй мэдүүлсэн зэргийг үндэслэн дээрх гэрч нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээр шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийг үгүйсгэх боломжгүй гэж шүүх үзсэн болно. Дээрх гэрчүүдэд өөрийн болон гэр бүлийн гишүүд эцэг эх, үр хүүхэд, төрөл садангийн хүний эсрэг мэдүүлэг өгөхөөс татгалзах эрхийг тайлбарлаж өгсний үндсэн уул эрхээсээ татгалзвал хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэгтэй болохыг анхааруулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийг сануулан шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг авч уг мэдүүлгийг мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгүүдтэй харьцуулах замаар шүүх үнэлсэн болно.   

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар яллах, өмгөөлөх талуудаас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргаагүй болно.

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх:

Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, гэмт хэргийн хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, шүүгдэгч Ц.Б-д 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, ялыг нээлтэй хорих байгууллагад эдлүүлэхээр мөн цагдан хоригдсон 5 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцохоор шийдвэрлэлээ 

Энэ гэмт хэрэг 2015 оны 05 дугаар сарын 18-19-нд шилжих шөнө үйлдэгдсэн тул Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан гаргасан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-д оногдуулсан 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаас бүхэлд нь өршөөн хэлтрүүлж ялаас чөлөөлөх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Ц.Б-д эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 Гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй тул шүүгдэгчид оногдуулсан ялыг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулах боломжгүй шүүгдэгчид оногдуулах ялыг биеэр эдлүүлж өгнө үү? гэсэн улсыг яллагчийн саналыг хүлээн авах боломжгүй байна.

Учир нь: 1. 2015 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9 дэх хэсэгт “Хэрэв сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч гэм буруугийн асуудлаар маргавал шүүх хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан ердийн журмаар хянан хэлэлцэж, гэм буруутай эсэхийг шийдвэрлэсний эцэст энэ хуулийг хэрэглэнэ” гэж заасныг баримтлан шүүх хуралдаанаар гэм буруу, ял шийтгэлийн асуудлыг эцэслэн шийдвэрлэсний үндсэн дээр оногдуулсан хорих ялаас өршөөн хэлтрүүлж ялаас чөлөөлсөн болохыг тэмдэглэх нь зүйтэй.

2. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлэх нь 2015 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгох зохицуулалтанд хамаарч байх тул шүүгдэгч Ц.Б-г хуулийн уг шаардлагыг хангасан байхыг шаардах хууль зүйн боломжгүй байна.

Шүүгдэгч Ц.Б-аас гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 600.000 төгрөг гаргуулж хохирогч Д.Н-т, 890.000 төгрөг гаргуулж хохирогч Д.Нд нарт хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эмээлийн 4 ширхэг дарааг/даруулга/ хохирогч Д.Н-т шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгохоор харин иргэний нэхэмжлэгч Д.О-ын нэхэмжилсэн 140.000 төгрөг нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй байх тул нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээхээр тус тус шийдвэрлэлээ.

Энэ хэрэгт шүүгдэгчийн хөрөнгийг битүүмжлээгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг дурдах зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Говь-Алтай аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч прокурор Ц.Сайнхүүгийн мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Б-д холбогдох 201507000099 дугаартай эрүүгийн хэргийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэг болгон өөрчлөн зүйлчилсүгэй.

2. Шүүгдэгч Т овогт Ц-ийн Б-г 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-г 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

4. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ц.Б-д оногдуулсан 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ц.Б-н цагдан хоригдсон 5 /тав/ хоногийг ял эдлэсэн хугацаанд оруулан тооцсугай.

6. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан гаргасан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ц.Б-д оногдуулсан 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаас өршөөн хэлтрүүлж, ялаас чөлөөлсүгэй.

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Б-д авсан барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Иргэний нэхэмжэгч Д.О-ын энэ хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, шүүгдэгч Ц.Б-аас 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Д.Н-т, 890.000 /найман зуун ерэн мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Д.Нд нарт тус тус олгосугай.

9. Энэ хэрэг эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эмээлийн 4 ширхэг дарааг/даруулга/ шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Д.Н-т буцаан олгож, шүүгдэгчийн хөрөнгийг битүүмжлээгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай Монгол Улсын хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар  шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

12. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Г.МӨНХТУЛГА