Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 000009

 

Д.Баялагт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

                                                                       Хэргийн индекс 142/2016/0192/Э

 

 

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий  шүүгч  З.Хосбаяр даргалж, шүүгч С.Цэцэгмаа, Ц.Туяа нарын бүрэлдэхүүнтэй

 

Шүүх хуралдаанд:  

 

           Прокурор                                           Т.Ганзориг

            Шүүгдэгч                                           Д.Баялаг

            Шүүгдэгчийн өмгөөлөгч                Д.Оюунчимэг

            Нарийн бичгийн дарга                   Б.Ганчимэг нарыг оролцуулан

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 413 дугаар захирамжтай Д.Баялагт холбогдох, 201614000396 дугаартай, эрүүгийн хэргийг улсын яллагчийн эсэргүүцлийг үндэслэн 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1987-06-08-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст жолооч цагдаа ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг 26 дугаар хороо 4-18-228 тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, ФМ87060810 регистрийн дугаартай, Хонгор овогт Даншигбизъяагийн Баялаг.

 

Шүүгдэгч Д.Баялаг нь 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сумын Дэнж багийн нутагт Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны гадаа М.Болор-Эрдэнэтэй маргалдаж улмаар М.Болор-Эрдэнийн эзэмшлийн 99-09 ОРО улсын дугаартай “Форд Экспедишн” маркийн суудлын автомашины зүүн урд талын толийг гараараа цохиж хугалсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 413 дугаар захирамжаар:

 

Д.Баялагт холбогдох 201614000396 дугаар эрүүгийн хэргийг Орхон аймгийн прокуророор дамжуулан нэмэлт мөрдөн байцаалтанд буцааж,

 

Шүүгдэгч Д.Баялагт авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан камерын бичлэг бүхий сиди-1 ширхэгийг хэргийн хамт хүргүүлж,

 

Прокурор уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 5 хоногт багтаан эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдаж шийдвэрлэжээ.

 

Улсын яллагч эсэргүүцэлдээ:

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 413 дугаартай захирамжаар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 230 дугаар зүйлийн 230.1.2 дахь хэсэгт зааснаар мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн гүйцэт хийгдээгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. “Найдвар Од аудит” ХХК-ний шинжээч 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 169 дугаартай дүгнэлтэнд үндэслэлээ зах зээлийн үнэлгээ тогтоолгох нарийн мэргэжлийн шинжээч шаардлагатай гэж үндэслэн “Форд Экспедишн” авто машины толийг “Вагнер ази Автомотив” ХХК-ийн захиалгатай харьцуулан 560.000 төгрөгөөр үнэлж дүгнэлт гаргасан. Мөн тээврийн хэрэгсэлд үзлэг хийж хохирлын шинж чанарыг тогтоосон байна.

 

Шинжээчийн дүгнэлт дурьдсан үнэлгээ нь хавтаст хэргийн 24 дүгээр хуудсанд авагдсан “Вагнер ази Автомотив” ХХК-ийн захиалгын нийт үнэ нь 599.016 төгрөгний үнэтэй байхад анхан шатны шүүх нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэлгүй нэг талыг баримтлан шийдвэрлэсэн. “Вагнер ази” ХХК-ийн захиалгын үнээр тогтоосон гэж үндэслэлгүй дүгнэлт хийсэн.

 

Анхан шатны шүүхийн хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцаасан захирамж нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангаагүй Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.3 “Шүүхэд гаргасан нотлох баримтыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэсний үндсэн дээр гаргасан тогтоолыг үндэслэлтэй гэж үзнэ” гэснийг зөрчсөн байна.

 

Иймд Д.Баялагт холбогдох эрүүгийн 201614000396 дугаартай хэргийг Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 413 дугаар захирамжийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2 дахь хэсэгт зааснаар хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцаалгахаар мөн хуулийн 230 дугаар зүйлийн 230.2-т заасныг удирдлага болгон улсын яллагчийн эсэргүүцэл бичив гэжээ.

 

           Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Т.Ганзориг дүгнэлтдээ:

 

            Эсэргүүцлээ дэмжиж байна..., захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх саналтай гэв.

 

                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Орхон аймгийн Прокурорын газраас Хонгор овогт Даншигбизъяагийн Баялагийг 2016 оны 08 дугаар сарын 01-ний иргэн М.Болор-Эрдэнэтэй маргалдаж улмаар түүний эзэмшлийн 99-09 ОРО улсын дугаартай, “Форд Экспедишн” маркийн автомашины зүүн урд талын толийг гараараа цохиж хугалсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1.д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

 

Анхан шатны шүүх хэргийг хэлэлцээд ...мөрдөн байцаалтын шатанд  гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирлын хэмжээг тогтоогоогүй бөгөөд үүнийг шүүхийн  хэлэлцүүлгийн шатанд  нөхөн гүйцэтгэх боломжгүй... гэж үзээд хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр мөрдөн байцаалтанд буцаасан нь хуулийн үндэслэлтэй байна.

 

Учир нь хэрэгт авагдсан нотлох баримтаас үзвэл :

 

Мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар заавал нотолбол зохих  асуудлын  нэг болох эд зүйлийн үнэлгээг тогтоох журмыг зөрчжээ. Үүнд :

 

- Д.Баялагийг ...бусдын эд хөрөнгийг /машины толийг/  санаатай “устгасан”... гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн боловч хэрэгт нотлох баримтаар авагдсан гэрэл зургийн үзүүлэлтээс үзвэл толь нь байгаа учраас бусдын эд хөрөнгийг “гэмтээсэн” шинжтэй байна.  / х.хийн 22., 63-р хуудас/

 

- Мөн толийг хугалсан бол толийг хэрэгт эд мөрийн баримтаар хурааж  шүүхэд хэргийн хамт ирүүлээгүй,

 

- Дээрх машин  2001 онд үйлдвэрлэгдсэн гэснээс үзвэл  тольны элэгдэл, хорогдол бусад шинж чанарыг тогтоосны эцэст үнэлэх байтал энэ талаар ямар ч баримт байхгүй,

 

- шинжээч томилсон шинжилгээ хийлгэх тухай 2016-08-03-ны өдрийн тогтоолд  шинжээч “...толь зэрэг эд зүйлийн үнэлгээг гаргаж ирүүлнэ үү...” гэсэн   асуулт байхад гадаад улсаас, валютаар, захиалгаар авч ирдэг компанийн үнэлгээг баримталжээ./ х.хийн 25,26-р хуудас/

 

Энэ нь гэмт хэргийн улмаас гэмтсэн, эвдэрсэн эд зүйлийг түүний шинж байдалд үндэслэсэн, тус улсад зарагдах  үнээр үнэлсэн, бодит үнэлгээ  гэж үзэх боломжгүй бөгөөд өөрөөр хэлбэл гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг зөв тогтоосон гэж үзэх боломжгүй байна.  

 

Иймд анхан шатны шүүх хэргийн талаар бодит дүгнэлт хийж  хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр мөрдөн байцаалтанд буцаасан нь үндэслэлтэй байх тул хэвээр үлдээж,улсын яллагчийн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1.,325 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 413 дугаар захирамжийг  хэвээр үлдээж, улсын яллагчийн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

         2. Магадлалд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүй болохыг дурьдсугай.