Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 221/МА2019/0247

 

2019 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 221/МА2019/0247

Улаанбаатар хот

Д.М-ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Халиунбаяр, Ц.Сайхантуяа нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч М.Э, Д.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ж, түүний өмгөөлөгч Ц.Ж нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 128/ШШ2019/0077 дугаар шийдвэртэй, Д.М-ын нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын даргад холбогдох захиргааны хэргийг хариуцагч болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлоор шүүгч Ц.Сайхантуяагийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 128/ШШ2019/0077 дугаар шийдвэрээр: “Төрийн албаны тухай хууль /2002 он/-ийн 17 дугаар зүйлийн 17.1.1, 23 дугаар зүйлийн 23.3.1, 23.5-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.М-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн Б/112 дугаар тушаалыг хүчингүй болгож, ажил, албан тушаалд эгүүлэн томилуулах тухай нэхэмжлэгчийн хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа Ашигт малтмал, газрын тосны газрын даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгч Д.М-ыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын ажил, албан тушаалд эгүүлэн томилохыг хариуцагчид даалгаж,

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож” шийдвэрлэжээ.

Хариуцагч давж заалдах гомдолдоо: “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.3-т заасныг тус тус зөрчиж 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдөр буюу 32 өдрийн дараа шүүхийн шийдвэрийг гаргасан. Хариуцагчийн нэмэлт бичгийн тайлбарыг шийдвэрийн тодорхойлох хэсэгт огт тусгаагүй зөрчил гаргажээ.

Хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаан дээр “...нэгэнт өвчний учир биеийн эрүүл мэндийн байдлын улмаас 1 жилээс дээш хугацаагаар албан ажлаа хийхгүйгээр эмчлүүлж, сувилуулах шаардлагатай болсон нөөцөд байгаа албан хаагч буцаж ажилдаа орох тохиолдолд 1 жилээс доошгүй хугацааны дараа холбогдох хүсэлт гаргах ёстой гэсэн хуулийн зохицуулалттай” гэж тайлбарласан нь, “Төрийн албаны тухай хуульд нийцэхгүй байна” гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Шүүх Төрийн албаны тухай хуулийг буруу тайлбарлаж нэхэмжлэгчид ашигтай байдлаар шийдвэрлэсэн. Мөн нэхэмжлэгчийг нөөцөд байгаа гэж дүгнэсэн атлаа тогтоох хэсэгт нөөцөд байгаа албан хаагчийг томилохыг хариуцагчид даалгаж буй нь хууль болон журмыг үгүйсгэсэн. Мөн төрийн албан хаагч 1 жилээс доош хугацаагаар түр чөлөөлөгдсөн бол ажил албан тушаалыг хэвээр хадгална гэж хуулийг мушгин гуйвуулж дүгнэсэн. Өөрийнх нь өргөдлийн дагуу түр чөлөөлсөн б/191 дүгээр тушаалын үндэслэлд Төрийн албаны тухай хуулийн 23.3.1-д заасныг баримталсан атал шүүх Д.М нь 1 жилээс доош буюу 6 сар 18 хоногийн хугацаанд түр чөлөөлөгдсөн болох нь тогтоогдсон гэж хэт өрөөсгөл дүгнэлт удаа дараа хийжээ.

Төрийн албаны тухай хууль /2002 он/-ийн 23 дугаар зүйлийн 23.3.1-д заасны дагуу 1 жилээс дээш гэж өөрөө тодорхой бичиж чөлөө хүссэн, уг чөлөөний хугацаа дуусаагүй, ажилд томилох бодит боломжгүй байсан. Хариуцагч нэхэмжлэгчийн чөлөөний хугацаа дуусахад ажил албан тушаалаар хангах боломжийг үгүйсгээгүй бөгөөд ажилд буцаан авахгүй гэж маргаагүй тул хууль бус эс үйлдэхүй хариуцагчид байхгүй болно.

Улсын Их Хурлын 2003 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн “Журам батлах тухай” 13 дугаар тогтоолын “Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ын 14-т заасны дагуу Кадастрын хэлтсийн даргын албан тушаалд тус хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Д-ийг, Өргөдөл, зураг зүйн бүртгэл хариуцсан ахлах мэргэжилтэн Д.Одончимэг нарыг нэр дэвшүүлэн өрсөлдүүлж, дүгнэлт гаргуулахаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны салбар зөвлөлийн даргад 2018 оны 1/3295 дугаар албан бичгээр уламжилж холбогдох баримтуудыг хүргүүлсэн. Иймд 13 дугаар тогтоолын холбогдох заалтад нийцээгүй гэсэн нь үндэслэлгүй байна.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 128/ШШ2019/0077 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ж давж заалдах гомдолдоо: “...Д.М-ын өөрийнх нь гаргасан өргөдлийг үндэслэн төрийн албанаас түр чөлөөлсөн, Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн б/191 дүгээр тушаалтай нэхэмжлэгч өнөөдрийг хүртэлх хугацаанд огт маргаагүй, уг тушаал хүчин төгөлдөр байгаа бөгөөд шүүх уг үйл баримтын талаар огт дүгнэлт хийгээгүй болно. Нэхэмжлэгч нь 1 жилээс дээш хугацаагаар чөлөөлөгдсөн тул хариуцагч нь түүний ажил албан тушаалыг Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу хэвээр хадгалах үүрэг хүлээхгүй юм.

Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2018 оны б/112 дугаар тушаалын улмаас нэхэмжлэгчийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж, зөрчигдсөн нь тодорхойгүй, уг тушаалаар нэхэмжлэгч Д.М-т ямар нэгэн байдлаар эрх олгож, үүрэг үүсгэсэн зохицуулалтгүй, зөвхөн гуравдагч этгээдэд чиглэж гарсан захиргааны акт байх тул уг тушаалтай холбогдуулан нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд гэж үзэх боломжгүй байна. Засгийн газрын 2011 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 62 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн жинхэнэ албан үүргийг түр орлон гүйцэтгэх журам”-ын 3.3-т заасны дагуу төрийн албанд сул орон тоо бий болсон. Улмаар сул орон тоо бий болсонтой холбогдуулан Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны дэргэдэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 18/15 дугаар тогтоол, Авлигатай тэмцэх газрын 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 05/7642 дугаар албан бичиг зэргийг үндэслэн гуравдагч этгээд Д.Д-ийг Кадастрын хэлтсийн даргын албан тушаалд Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн б/12 дугаар тушаалаар томилсон. Нэхэмжлэгчээс сонгон шалгаруулалттай холбогдуулан маргаагүй бөгөөд шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрч шийдвэр гарган Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг зөрчсөн гэж үзэхээр байна.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 128/ШШ2019/0077 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэв.

ХЯНАВАЛ:

Шүүх бүрэлдэхүүн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т заасны дагуу хариуцагч болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад хүчингүй болгож шийдвэрлэв.

Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн б/178 дугаар тушаалаар[1] тус газрын Кадастрын хэлтсийн даргаар Д.М-ыг томилж, улмаар мөн даргын 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн б/191 дүгээр тушаалаар[2] нэхэмжлэгчийг эрүүл мэндийн улмаас удаан хугацаанд эмчлүүлж, сувилуулах шаардлагатай гэх үндэслэлээр төрийн албанаас түр чөлөөлж, нөөцөд байгаад тооцохоор шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч нь 2018 оны 7 дугаар сарын 10-ны өдөр хариуцагчид “...чөлөөлөгдсөнөөс хойших хугацаанд миний бие эмнэлэгт хэвтэж эмчилгээ, сувилгаа сайн хийлгэсний үр дүнд биеийн эрүүл мэндийн байдал сайжирч албан ажлаа үргэлжлүүлэн хийх боломжтой болсон. ...хүсэлтийг хангаж Кадастрын хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн томилж өгнө үү” гэж ажилдаа буцаж орох тухай хүсэлт[3] гаргасан бөгөөд уг хүсэлтийг хариуцагч шийдвэрлэхгүй эс үйлдэхүй гаргасан гэж үзэн Д.М нь шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

 “...Ажил албан тушаалд эгүүлэн томилох тухай хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа Ашигт малтмал, газрын тосны газрын даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, иргэн Д.М-ыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын ажил албан тушаалд эгүүлэн томилохыг Ашигт малтмал, газрын тосны газрын даргад даалгуулах” тухай нэхэмжлэлийн хувьд:

Анхан шатны шүүх “Д.М-ыг төрийн жинхэнэ албан хаагч бөгөөд Төрийн албаны тухай хууль /2002 он/-ийн 23 дугаар зүйлийн 23.3.1-д зааснаар түр чөлөөлөгдсөн, тухайн үеэс мөн хуулийн 23.5-д зааснаар төрийн албаны нөөцөд байгаа, 6 сар 18 хоногийн дараа хүсэлт гаргасан” талаар дүгнэсэн боловч холбогдох хуулийн зүйл, заалтыг буруу тайлбарлан хэрэглэж, Д.М-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг зөрчихөд хүрчээ.

Тодруулбал, биеийн эрүүл мэндийн байдлын улмаас 1 жилээс дээш хугацаагаар албан ажлаа хийхгүйгээр эмчлүүлэх, сувилуулах шаардлагатай болсон нь төрийн жинхэнэ албан хаагчийг захиргааны санаачлагаар төрийн албанаас түр чөлөөлөх үндэслэл болох, ийнхүү түр чөлөөлөгдсөнөөр түүнийг төрийн албан хаагчийн нөөцөд байгаад тооцохыг Төрийн албаны тухай хууль /2002 он/-ийн 23 дугаар зүйлийн 23.1, 23.1.1, 23.5 дахь хэсгүүдээр зохицуулсан байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл нэхэмжлэгч нь ажлаас түр чөлөөлсөн тушаал гарснаас хойш 6 сар гаруй хугацааны дараа ажилдаа эргэж орох хүсэлт гаргасан нь дээрх хуульд “...ажлаас түр чөлөөлөхөд эрүүл мэндийн байдлын улмаас бол “1 жилээс дээш хугацаагаар...” гэж заасантай нийцэхгүй төдийгүй хариуцагчийг нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийг хүлээн авч, түүнийг тус газрын Кадастрын хэлтсийн даргын албан тушаалд томилохгүй хууль бус үйл ажиллагаа явуулсан гэж буруутгах үндэслэлгүй юм.

Түүнчлэн, Төрийн албаны зөвлөлийн 2009 оны 99 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан “Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэх журам”-ын 2.2-т “Нөөцийн сан нь төрийн жинхэнэ албан хаагчийн нөөц гэсэн дэд бүтэцтэй байх бөгөөд энэ нь дор дурдсан бүрэлдэхүүн хэсэгтэй байна”, 2.2.1-д “Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5-д заасны дагуу хуульд өөрөөр заагаагүй бол ... мөн зүйлийн 23.3-т заасан үндэслэлээр захиргааны санаачилгаар түр чөлөөлөгдсөн төрийн жинхэнэ албан хаагчийн нөөц”, 4.2 дахь хэсэгт “Энэхүү журмын ... 2.2.1, ...т заасан төрийн жинхэнэ албан хаагчийн нөөцийн бүртгэл хүчин төгөлдөр байх хугацааг төрийн жинхэнэ албан тушаалд томилогдох хүртэл хязгаарлахгүй” гэж зааснаас үзвэл Д.М-ыг одоог хүртэл нөөцийн бүртгэлд хэвээр байгаа гэж тооцохоор байна.

Төрийн албаны тухай хууль /2002 он/-ийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.4-д заасан зохицуулалт хэрэгжүүлээгүй байхад Төрийн жинхэнэ албан хаагчийн нөөцөд байгаа Д.М-ыг шууд шүүхээс маргаж буй албан тушаалд томилохыг хариуцагчид даалгаж шийдвэрлэх боломжгүй.

Анхан шатны шүүх “...тухайн албан тушаалын сул орон тоонд эргэн орж ажиллах хүсэлтийг нэхэмжлэгч гаргасаар байхад хариуцагчаас Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-д зааснаар уг хүсэлтийг хуульд заасан хугацаанд шийдвэрлэх үүргээ биелүүлээгүй, шийдвэрлэхгүй орхисон нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн...” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байх бөгөөд хариуцагчийн давж заалдах гомдолдоо “...нэхэмжлэгчийг нөөцөд байгаа гэж дүгнэсэн атлаа тогтоох хэсэгт нөөцөд байгаа албан хаагчийг томилохыг хариуцагчид даалгаж буй нь хууль болон журмыг үгүйсгэсэн” гэж дурдсаныг хүлээн авахаар байна.

Харин хариуцагч давж заалдах гомдолдоо “Хариуцагч нэхэмжлэгчийн чөлөөний хугацаа дуусахад ажил албан тушаалаар хангах боломжийг үгүйсгээгүй” гэж тодорхой дурдсан бөгөөд нэхэмжлэгч нь Төрийн албаны тухай хууль /2017 он/-ын 27 дугаар зүйлийн 27.1-д заасан журмын дагуу төрийн жинхэнэ албан тушаалд томилогдоход энэхүү шүүхийн магадлал нь саад болохгүйг дурдах нь зүйтэй.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа “Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн Б/112 дугаар тушаалыг хүчингүй болгуулах” гэж нэмэгдүүлсэн байна.

Ашигт малтмал, газрын тосны газрын дарга 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн Б/112 дугаар тушаалаар[4] Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5, 8.4, Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 28 дугаар зүйлийн 28.2.2, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.3, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны дэргэдэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 18/15 дугаар тогтоол, Авлигатай тэмцэх газрын 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 05/7642 дугаар албан бичгийг тус тус үндэслэн гуравдагч этгээд З.Д-ийг тус газрын Кадастрын хэлтсийн даргын албан тушаалд томилжээ.

Нэхэмжлэгч төрийн албанаас түр чөлөөлсөн б/191 дүгээр тушаалтай маргаагүй бөгөөд тэрээр ажлаас түр чөлөөлсөн хугацаанд /1 жилээс дээш/ сул орон тоо гарсан албан тушаалд гуравдагч этгээдийг томилсон маргаан бүхий дээрх тушаалыг хүчингүй болгуулахаар маргаж буй нь үндэслэлгүй төдийгүй тухайн актын улмаас түүний эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн гэж үзэхгүй юм.

Анхан шатны шүүх “...Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны дэргэдэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 18/15 дугаар тогтоолоор Улсын Их Хурлын 2003 оны 13 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ын 14-ийн а-д заасныг баримталсан гэх боловч түүнийг зөрчсөн, ...сорилын урьдчилсан шалгалтад тэнцээгүй хэрнээ хожим дахин шалгалт өгч тэнцсэн болох...” гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байх бөгөөд хариуцагч болон гуравдагч этгээд нарын гаргасан “хэргийн оролцогч нарын маргаагүй асуудлаар дүгнэлт хийсэн” гэх давж заалдах гомдлыг хүлээн авахаар байна. 

Иймд нэгэнт өөрийн гаргасан хүсэлтийн дагуу төрийн жинхэнэ албанаас түр чөлөөлөгдөж, нөөцөд байгаа төрийн албан хаагч өмнө эрхэлж байсан ажил албан тушаалдаа шууд томилогдох давуу эрх эдлэхийг хуулиар олгоогүй, зохицуулаагүй байхад Ашигт малтмал, газрын тосны газрын даргыг хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ хэрэгжүүлээгүй, нэхэмжлэгчийг томилоогүй эс үйлдэхүй гаргасан, албан тушаалыг хэвээр хадгалаагүй гэж үзэх үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Д.М-ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон хариуцагч болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.1 дэх хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 128/ШШ2019/0077 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Төрийн албаны тухай хууль /2002 он/-ийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.4, 23 дугаар зүйлийн 23.3.1, 23.5-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.М-ын Ашигт малтмал, газрын тосны газрын даргад холбогдуулан гаргасан “ажил, албан тушаалд эгүүлэн томилуулах тухай нэхэмжлэгчийн хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа Ашигт малтмал, газрын тосны газрын даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгч Д.М-ыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын ажил, албан тушаалд эгүүлэн томилохыг хариуцагчид даалгуулах, Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн Б/112 дугаар тушаалыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангасугай.
  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 48.2, 50 дугаар зүйлийн 50.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, гуравдагч этгээд давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг түүнд буцаан олгож, хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                       Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                            Э.ХАЛИУНБАЯР

ШҮҮГЧ                                                                            Ц.САЙХАНТУЯА

 

 


[1] Хавтаст хэрэг 1-8 хуудас

[2] Хавтаст хэрэг 1-7 хуудас

[3] Хавтаст хэрэг 1-9 хуудас

[4][4] Хавтаст хэрэг 1-55 хуудас