Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 27

 

Хариуцагчийн  зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Хэргийн индекс: 114/2016/0092/З

            Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Нарантуяа би нэхэмжлэгч Л.Баярмагнайгаас Дархан-Уул аймгийн Засаг даргад холбогдуулан “Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А/437, А/438 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай захирамжийн Л.Баярмагнайд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад  

ТОДОРХОЙЛОХ  нь:

Нэхэмжлэгч Л.Баярмагнай шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн А/175 тоот захирамжийн дагуу Дархан сумын 15 дугаар багийн Хүрээлэнгийн 6-13 тоотод гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар 700 м.кв газар эзэмшсэн. Мөн Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн А/246 тоот захирамжаар уг газраа өмчилсөн. Гэтэл Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас 12 дугаар сарын 09-ний өдөр дээрх газар эзэмшүүлсэн болон өмчилсөн газрыг хүчингүй болгосон тухай надад албан бичгээр мэдэгдсэн.

Энэхүү мэдэгдлийг миний бие хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн “Газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай” А/437 тоот захирамжийн иргэн Л.Баярмагнайд холбогдох хэсэг, мөн Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн “Газар өмчлөх эрхийг хүчингүй болгох тухай” А/438 тоот захирамжийн иргэн Л.Баярмагнайд холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Алтанчимэг Ц.Чулуунцэцэг, Д.Элдэвсайхан нараас 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Л.Баярмагнайн нэхэмжлэлтэй Дархан-Уул аймгийн Засаг даргад холбогдох  Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А/437, А/438 захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлд тайлбар гаргаж байх бөгөөд Аймгийн Засаг даргын А/437, А/438, А/440, А/441, А/442, А/443 дугаар захирамжуудыг хүчингүй болгож шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн шаардлагад дурдсан эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж байгаа этгээдэд Захиргааны ерөнхий хуулийн дагуу сонсгох, мэдэгдэх, хувийн хэрэг хөтлөх үйл ажиллагааг явуулаагүйгээр захиргааны шийдвэр гаргасан буруутай байх тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна. Дээрх алдаагаа засаж залруулан хуулийн дагуу дахин арга хэмжээг авч ажиллах тул хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:    

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Алтанчимэг, Ц.Чулуунцэцэг, Д.Элдэвсайхан  нар нь  нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг  бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн тайлбарыг 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр шүүхэд бичгээр ирүүлсэн байна.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1, 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй, бусдын эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч 3нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж,  хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2  дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

           1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Л.Баярмагнайгаас Дархан-Уул аймгийн Засаг даргад холбогдуулан “Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А/437, А/438 дугаар захирамжийн Л.Баярмагнайд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

           2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.6, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийн 50 хувь болох 35100 төгрөгийг улсын орлогоос, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 35100 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид  олгосугай.

 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх болохыг дурьдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                              Д.НАРАНТУЯА