Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 001/ХТ2017/00713

 

“Арбаяншанд” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 102/ШШ2016/06122 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 557 дугаар магадлалтай,

“Арбаяншанд” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Б.Содномд холбогдох,

Нэмэгдсэн өртгийн албан татварт төлсөн 2.636.363 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч Б.Содномын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Дэлгэрмаа, хариуцагчийн  өмгөөлөгч Д.Хэрлэнчимэг, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч “Арбаяншанд” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: тус компани 2013 оны 6 сарын 30-нд Б.Содномоос 26.363.636 төгрөгийн барилгын материал худалдаж авахдаа нэмэгдсэн өртгийн татварыг хамт төлж, нийт 29.000.000 төгрөг шилжүүлсэн.  Тухайн үед Б.Содном нь  манайд  материал зарахдаа “Аврасиа” ХХК-ний  НӨАТ-ын падаан бичиж өгсөн бөгөөд өөрийгөө Содгэрэл гэж танилцуулж байсан. Гэтэл Б.Содном нь манай худалдан авсан бараанд ногдох нэмэгдсэн өртгийн албан татвар болох 2.636.363 төгрөгийг улсын төсөвт төлөөгүй бөгөөд түүний бичсэн “Аврасиа” ХХК-ийн НӨАТ-ийн падаан хуурамч бичилт хийж тараасан аж ахуйн нэгжийн жагсаалтад орж, Татварын ерөнхий газраас зарлагдсан болно. Манай компани уг НӨАТ-ыг “Аврасиа” ХХК-иас нэхэмжилж, Содгэрэлийг эрэн сурвалжлуулахад тэрээр Тахарын ерөнхий газрын мөрдөн байцаагчид энэ асуудлыг өөрөө хариуцна, “Аврасиа” ХХК хамаагүй гэж мэдүүлэг өгсөн байна.

Татварын байгууллага дээрх асуудлыг шалгаад манай компанид акт бичиж уг НӨАТ-ыг төлүүлсэн тул уг татварт төлсөн 2.636.363 төгрөгийг  Б.Содномоос гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Содном шүүхэд гаргасан тайлбартаа: Би тоосгоны үйлдвэр болон хувь хүмүүсээс тоосго худалдан авч, барилгын компаниудад нийлүүлдэг ажил хийдэг. Ингэхдээ “Арбаяншанд” ХХК-нд тоосго нийлүүлж байсан. Тоосгоны үнэнд НӨАТ-ыг нэмж өгсөн зүйл байхгүй. Би НӨАТ төлөгч биш тул нэхэмжлээд байгаа 2.636.363 төгрөгийг төлөх үндэслэлгүй. “Авриасиа” ХХК-ийн НӨАТ-ын падаан дээр бичигдсэн мөнгийг надаас нэхэмжлээд байгааг ойлгохгүй байгаа тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 102/ШШ2016/06122 дугаар шийдвэрээр:Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан хариуцагч Б.Содномоос 2.636.363 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Арбаян шанд” ХХК-д олгож, нэхэмжлэгч “Арбаян шанд” ХХК нь хариуцагч “Аврасиа” ХХК-д холбогдох 2.636.363 төгрөг гаргуулах нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1,  57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 57132 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Содномоос улсын тэмдэгтийн хураамжид 57132 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 557 дугаар магадлалаар:Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 102/ШШ2016/06122 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1” гэснийг “Иргэний хуулийн 400 дүгээр зүйлийн 400.4” гэж өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 57150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагч Б.Содном хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016.12.20-ны өдрийн 102/ШШ2016/06122 дугаартай шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017.02.22-ны өдрийн 557 дугаар магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Хоёр шатны шүүх намайг “Аврасиа” ХХК-ийн өмнөөс НӨАТ-ыг төлөх ёстой, өөрийн татгалзлаа баримтаар нотлоогүй гэж шийдвэрлэснийг ойлгохгүй байна. “Арбаяншанд” ХХК-ийн төлсөн НӨАТ-ыг “Аврасиа” ХХК төлөх ёстой. Учир нь НӨАТ-ын баримт миний нэр дээр бус “Аврасиа” ХХК-ийн баримт. Хуулийн этгээдийн хүлээх хариуцлагыг иргэн хүн хүлээх үндэслэлгүй юм. Би  “Аврасиа” ХХК-нд НӨАТ-ын мөнгийг хүлээлгэн өгсөн тул НӨАТ-ын баримтаа надаар дамжуулан “Арбаян шанд” ХХК-нд өгсөн. НӨАТ-ын төлбөрийг “Аврасиа” ХХК-нд шилжүүлээгүй бол энэ хариуцлагыг би хүлээх нь зөв юм.Гэтэл миний бие НӨАТ-ын төлбөрийг “Аврасиа” ХХК-нд хүлээлгэн өгсөн тул НӨАТ-ын баримтыг “Арбаян шанд” ХХК-нд өгүүлсэн. Үүний нотолгоо бол НӨАТ-ын баримт юм.Би НӨАТ-ын падааныг хуурамчаар үйлдээд “Арбаян шанд” ХХК-нд авчирч өгсөн асуудал байхгүй. Тэр ч байтугай тоосго хүлээн авч мөнгө төлсөн баримт нь хүртэл “Аврасиа” ХХК-ийн тамга тэмдэгтэй байгаа. Ингээд “Аврасиа” ХХК-ийн НӨАТ-ыг төсөвт төлөх үүргээ гүйцэтгээгүйн хариуцлагыг  надаас гаргуулж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзэж байна.Би компанийн НӨАТ-ын баримт өгснөөрөө буруутаж төлбөр төлөх болж байгаа бол нэхэмжлэгч мөн хувь хүний бус компанийн НӨАТ-ын баримтыг хүлээн авсан тул хариуцлагыг ижил хүлээж, миний бие 50 хувийн төлбөрийг нь төлөхөөр шийдсэн бол хэлэх зүйл байхгүй.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан болон давж заалдах шатны шүүх  хэрэгт  авагдсан  баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан журмын дагуу үнэлж, нэхэмжлэлийг хангасан нь хуульд нийцсэн бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна. 

Нэхэмжлэгч “Арбаяншанд” ХХК нь хариуцагч Б.Содномоос 2.636.363 төгрөг нэхэмжлэхдээ шаардлагын үндэслэлээ “...тоосго худалдан авахдаа нэмэгдсэн өртгийн албан татварыг төлсөн боловч НӨАТ-ын падаан нь хуурамч байсан...”  гэж тодорхойлжээ. Хариуцагч нэхэмжлэлээс татгалзахдаа НӨАТ төлөгч биш гэж маргажээ.

Нэхэмжлэгч нь Б. Содномоос 2013 онд 26.363.636 төгрөгийн материал  худалдан авахдаа НӨАТ-т 2.636.363 төгрөгийн хамт нийт 29.000.000 төгрөг төлсөн ба  хариуцагчийн өгсөн “Аврасиа” ХХК-ийн 0013679569 дугаартай НӨАТ-ын падаан хуурамч байсан нь хэргийн баримтаар тогтоогджээ.

“Арбаяншанд” ХХК дээрх худалдан авалтыг НӨАТ-ын тайланд тусгасан боловч НӨАТ-ын падаан хуурамч байсан тул уг татварыг төлж барагдуулжээ. 

Анхан шатны шүүх  нэхэмжлэлийн агуулгыг гэм хор учруулснаас үүссэн үүрэг гэж тодорхойлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх зохицуулалтыг шийдвэрийн үндэслэл болгожээ. Давж заалдах шатны шүүх зохигчдын хооронд даалгаврын гэрээний харилцаа үүссэн гэж үзэж, шийдвэрт өөрчлөлт оруулахдаа даалгавар гүйцэтгэгч өгсөн даалгаврыг гүйцэтгэхээс татгалзсан тохиолдолд түүнийг гүйцэтгэхтэй холбогдуулан авсан зүйлийг гүйцэтгээгүй даалгаврын хэмжээгээр даалгавар өгөгчид буцаан өгөх үүргийг зохицуулсан Иргэний хуулийн 400 дугаар зүйлийн 400.4 дэх заалтыг баримталжээ.

Хоёр шатны шүүх зохигчдын хооронд үүссэн маргааны харилцааг зохицуулсан хуулийг сонгон хэрэглээгүй алдаа гаргажээ.

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1.-д зааснаар хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг  үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон бол бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэнд хөрөнгө шилжүүлсэн тал нь уг зүйлийг олж авсан талаас хөрөнгөө буцаан  шаардах эрхтэй.

Хариуцагч нь нэхэмжлэгчид тоосго худалдахдаа НӨАТ-ыг тооцон  авсан боловч уг татварыг эрх бүхий байгууллагад төлөөгүйгээс гадна  НӨАТ-ын падаан хуурамч байсан нь тогтоогдсон,  энэ тохиолдолд түүнийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзнэ.

Дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж, хариуцагчийн “...шийдвэр, магадлалыг хүчингүй болгуулах тухай” гомдлыг хангах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 557 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...400 дүгээр зүйлийн 400.4” гэснийг “...492 дугаар зүйлийн 492.1.1.” гэж өөрчилж, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч Б.Содномын гомдлыг хангахгүй орхисугай.

2.Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр төлсөн 57.150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ