Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 242

 

СҮХБААТАР АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН

ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН

ШҮҮГЧИЙН ЗАХИРАМЖ

 

2016 оны 06-р сарын 30                  Дугаар 242                                      Баруун-Урт                    

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн        шүүгч Ц.Эрдэнэзуу би

Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 8 дугаар багт оршин суух, /РД: ЛМ78050108, утасны дугаар 99255713/, Хатгин овогт Тогтохын Баярмаагийн нэхэмжлэлтэй,      

Хариуцагч: Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын  4 дүгээр баг, Хулстайн голд нутаглах Сүхтогоогийн Саруул,

Хариуцагч: Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын  4 дүгээр баг, Хулстайн голд нутаглах Товуугийн Бат-Орших нарт холбогдох

“ Газрын гэрчилгээ болон 104 150 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2016 оны 05 дугаар сарын 09-ны өдөр хүлээн  авч танилцаад 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Хатгин овогт Тогтохын Баярмаа нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би Т.Бат-орших, С.Саруул нараас 5-р багийн харъяат Дөрвөлжийн 101 тоот хашааг газартай нь 2014.08.15-нд 5 000 000 төгрөгөөр тохиролцож худалдаж авсан боловч хашааны гэрчилгээг надад шилжүүлэн өгөөгүй. Гэрчилгээг шилжүүлэхээр үлдэгдэл 1 300 000 өгнө гэж бодож байтал С.Саруул нь ШШГА-нд өртэй гээд 2016.04.19-нд 1 300 000 төгрөгийг надаар төлүүлээд 7 хоногийн дотор гэрчилгээг шилжүүлнэ гэсэн боловч одоо 17 хонож байна. Иймээс газрын гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлж, улсын тэмдэгтийн хураамж 74 150 төгрөг, мөн аймаг руу ирж очсон 30 000 төгрөг бүгд 104 150 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. 

 

Хариуцагч С.Саруул, Т.Бат-Орших нар нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Саруул миний бие Т.Баярмаагийн гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Миний нөхөр Т.Бат-Орших бид 2 хашаа, газраа Т.Баярмаад худалдсан. Тухайн үед П.Ганборгилд өрөндөө газрын гэрчилгээгээ барьцаалсан учир Т.Баярмаад газрын гэрчилгээг нь өгч чадаагүй. Одоо П.Ганборгилд өрөө төлөхөөр тохиролцсон учир гэрчилгээг авч Т.Баярмаад өгнө. Газрын гэрчилгээ маань нөхөр Т.Бат-Орших, бага охин Б.Отгонбилэгийн нэр дээр бүртгэлтэй. Шилжүүлэхэд татгалзах зүйлгүй. Нэгэнт тохиролцоод Т.Баярмаагаа  5 000 000 төгрөг авсан билээ. Мөн нэхэмжлэлийн шаардлага улсын тэмдэгтийн хураамж 74 150 төгрөг, зардал 30 000 төгрөг, нийт       104 150 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Хариу тайлбар гаргасан Эрдэнэцагаан сумын 4 дүгээр баг Хулстайн голд нутаглах С.Саруул, Т.Бат-Орших гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т.Баярмаа нь хариуцагч С.Саруул, Т. Бат-Орших нараас газрын гэрчилгээ болон 104 150 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлага болох газрын гэрчилгээг нэр дээр нь шилжүүлэх болон 104 150 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрсөн ба хариуцагчийн энэхүү зөвшөөрсөн байдал нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1  дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Т.Баярмаагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 74 150 төгрөгний тал хувь болох 37 075 төгрөгийг улсын төсвийн орлогоос, үлдэх 37 075 төгрөгийг хариуцагч С.Саруул, Т.Бат-Орших нараас гаргуулж нэхэмжлэгч Т.Баярмаад олгохоор шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Хатгин овогт Тогтохын Баярмаагийн нэхэмжилсэн газрын гэрчилгээг нэр дээр нь шилжүүлэх болон 104 150 төгрөгийг хариуцагч Сүхтогоогийн Саруул, Товуугийн Бат-Орших нар төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Т.Баярмаагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 74 150 төгрөгний тал хувь болох 37 075 төгрөгийг улсын төсвийн орлогоос, үлдэх 37 075 төгрөгийг хариуцагч С.Саруул, Т.Бат-Орших нараас гаргуулж нэхэмжлэгч Т.Баярмаад олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                Ц.ЭРДЭНЭЗУУ